Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 008

 

 

 

“Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар  шийдвэртэй, “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /цаашид “ОНӨААТҮГ” гэх/-ын нэхэмжлэлтэй, С-д холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн төлөөлөгч У, хариуцагч М.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 сарын түрээсийн төлбөрт алдангийн хамт 2.990.000 төгрөг гаргуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “2014 онд орон нутгийн хөрөнгөөр /75 сая төгрөгөөр/ уг халуун усны газар баригдсан. Анх Н гэх хүн ажиллуулж байгаад хариуцагч М.С-д өгсөн бөгөөд “Х”ОНӨААТҮГ-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж одоо хүртэл ажиллуулж байгаа. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Аудитын газраас тус халуун усны газар 2210000 төгрөгийн авлагатай гэсэн акт гарсан. М.С энэ хугацаанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөөгүй. Би тухайн байгууллагын захирлаар 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон. Өмнөх дарга Ж, түүний менежер Д нар удаа дараа төлбөрийг төлөх талаар шаардаж байсан боловч энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй. Би 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр М.С-д “та өр төлбөрөө төлөөд, үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулж ажиллуулаарай” гэсэн шаардлага тавьсан боловч зөвшөөрөөгүй. Манай байгууллагаас байгуулагдсан комисс хүлээж авахаар очсон боловч хүлээлгэж өгөөгүй. Тийм учраас М.С-г тухайн байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 2600000 төгрөг болон гэрээнд зааснаар 20 сард ногдох 390000 төгрөгийн алдангийн хамт нийт 2290000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Тухайн халуун усны газрыг ажиллуулахад анх надтай хэн ч гэрээ байгуулж байгаагүй. Урьд нь тухайн байгууллагын захирлаар ажиллаж байсан Ж анх надад тухайн халуун усны газрыг хүлээлгэж өгөхдөө “та нараас ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй, одоохондоо гэрээ хийхгүй, та нар өөрсдийн зардлаар янзлаад босгоорой” гэж хэлсэн. Надад 2017 оны 5 дугаар сард нэг бичиг авч ирээд гарын үсэг зуруулсан боловч ямар бичиг байсныг би тухайн үед анзаараагүй. Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Би тухайн халуун усны газарт маш их зардал гаргасан бөгөөд хийсэн зүйлүүд дэвтэрт бичээстэй байгаа. Анх бид нар хүлээж авахад нэг ч бүтэн цонхгүй, тахианы оромж мэт болсон байсныг би Төрийн банкнаас зээл авч янзалж зассан. Би халуун усны газрын ус халаагч мөн шугамыг нь сольсон, даралттай насос авч тавьсан. Бохирын хоолойнууд нь чулуу чихэгдээд хагарсан байсан. Энэ бүгдийг Ж, Х дарга нар бүгд мэдэж байгаа. Мөн 3 машин үнс ачихад хүрзээр ачих боломжгүй байсан тул экскаватор хөлсөлж ачуулж байсан. Би тухайн халуун усны газрыг Н гэх хүнээс хүлээж авсны дараа “а” гэж нэрийг нь сольсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шеруши бахат овогт Мешелийн Сгаас түрээсийн төлбөрт 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х”ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2535000 /хоёр сая таван зуун гучин тав/ төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч С-г Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай нийтийн “А” халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х”ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. М.С нь тус үйлдвэрийн газрын захиргаатай амаар тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус халуун усны байрыг түр хугацаагаар ажиллуулахаар авсан. Тухайн үед уг халуун усны байр нь нохой, шувууны байр болсон, бүрэн тоногдсон салан задгай, өмнө ашиглаж байгаагүй эзэнгүй байр байсныг нөхөр Т болон өөрийн нэрээр арилжааны банкнуудаас их хэмжээний зээл авч ойролцоогоор 3,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллагаанд оруулсан. Энэ тухай шүүхэд гэрчээр асуугдсан иргэд тодорхой мэдүүлснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Халуун усны байрыг түрээслүүлэх талаар гэрээг бичгээр байгуулаагүй байсан ба 2017 оны 5 дугаар сард “Түрээсийн гэрээ” гэсэн бичиг баримтад гарын үсэг зуруулсан байна. Уг гэрээ нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Х”ОНӨААҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтын хяналт шалгалтын танилцуулга гэх бичиг баримтыг гаргахын тулд дүр эсгэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм.Уг халуун усны газар нь зарим өдөрт 5000 төгрөг, заримдаа орлогогүй ажилладаг. М.С би ямар ч орлогогүй газрыг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчилгээ үзүүлсний төлөө их хэмжээний төлбөр төлөх ёсгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар “Х”ОНӨААТҮГ ба иргэн М.С нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь халуун усны байр нь үл хөдлөх эд хөрөнгө ба түүний эзэмшигч нь “Х”ОНӨААТҮГ юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон хариуцагч С-аас түрээсийн төлбөрт 455000 төгрөгийг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримталсан атлаа уг заалтыг хэрэглэх болсон үндэслэлээ шийдвэрт тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах тухай хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулж шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан журмыг хэрэгжүүлээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.  

 

Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээ, зохигчийн тайлбар, гэрч Ж-ийн мэдүүлэг, нотариатчаас шүүхэд ирүүлсэн бүртгэлийн дэвтэр, түрээсийн гэрээний хуулбар зэргээс дүгнэвэл, “Х”ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, барилга, газрын хамт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар М.С-д түрээсэлсэн бөгөөд гэрээний талууд нэг сарын түрээсийн төлбөрийг 130.000 төгрөгөөр тохиролцож, сар бүрийн 28-ны өдөр байгууллагын дансаар төлөх, түрээслэгчээс төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулагдсан боловч түрээслэгч нь нийтийн халуун усны газрыг ашиглаж байгаа атлаа түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хэрэгт авагдсан дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн тул үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Талууд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулж байсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг алдангийн хамт шаардсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл уг халуун усны газрыг хариуцагч М.С нь ашиглаж, ажиллуулж байсан талаар зохигч маргаагүй хэдий ч энэ хугацаанд талууд уг халуун усны газрыг түрээслэх талаар гэрээний гол нөхцөлүүдийг /түрээсийн төлбөр, хугацаа гэх мэт/ харилцан тохиролцож байсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс дээрх хугацааны түрээсийн төлбөрийг алдангийн хамт шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар  2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг дээрх нөхцөлөөр байгуулсан нь тогтоогдсон тул түрээслүүлэгч нь мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6.-д зааснаар түрээслэгчээс хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр болон алдангийг тус тус шаардах эрхтэй. Анхан шатны шүүх түрээслэгчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сар 15 хоногоор тооцож, энэ хугацааны түрээсийн төлбөрт /130000*3+65000/ 455000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн байхад шүүхээс дээрх хугацаанд ноогдох түрээсийн төлбөрийн алдангийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй байна.           

Иймээс талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээслэгч сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар 28-ны өдөр байгууллагын дансанд тушаах байсан, үүрэг гүйцэтгэгчийн түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь зэргийг сар тутам тухайлан тооцож, хариуцагчаас түрээсийн төлбөрийн алдангид 93600 төгрөг гаргуулан, нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 548600 /455000+93600/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “халуун усны газраас М.С-г албадан нүүлгэх” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримталсан нь оновчгүй болжээ. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ба “Х”ОНӨААТҮГ-ын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаартай албан бичиг, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл, түрээслүүлэгчээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 294.3.-д заасан болон гэрээнд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд халуун усны газрыг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа түрээслэгчийг уг байрнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар мөн хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт “эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах” эрхийг, 106.3 дахь хэсэгт “өмчлөгчийн болон эзэмшигчийн шаардах эрхийг хэрэгжүүлснээс хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” талаар зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14300.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “455000 /дөрвөн зуун тавин таван мянга/” гэснийг “548600.00 /таван зуун дөчин найман мянга зургаан зуу/” гэж, “2535000 /хоёр сая таван зуун гучин таван/” гэснийг “2441400.00 /хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг” гэж, 3 дахь заалтын “14300 төгрөгийг” гэснийг “17108.00 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14300.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК