Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2021/0017/З |
Дугаар | 110/ШШ2021/0032 |
Огноо | 2021-04-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2021/0032
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “У” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” 08 дугаартай тогтоолыг (1), Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан гурван талт ““У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2021-02 дугаартай гэрээг (2) тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “У” НҮТББ-ын дарга А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С өмгөөлөгчид С.Нургайып, А.К, хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга М.А, Дэлүүн сумын Засаг дарга А.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид К.О, К.Ж, өмгөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У” НҮТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй “У” нөхөрлөл нь Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Агнуурын бүс нутгийг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоол, Дэлүүн сумын Хурлын Тэргүүлэгчдийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчийн хугацааг сунгах тухай” 28 дугаар тогтоолоор агнуурын бүс нутгийг шинэчлэн тогтоолгосон ба Дэлүүн сумын “У” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч “У” НҮТББ-тай 10 жилийн хугацаатайгаар “У” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгосны дагуу тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан.
Өнгөрсөн хугацаанд “У” нөхөрлөл нь гадаадын анчдаар ан агнуулснаас орох орлогоос нөхөрлөлүүдийг дэмжиж сүүлийн жилүүдэд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус “У” нөхөрлөл нь гурван талт гэрээгээр хүлээх үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан.
Гэтэл Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор “У” нөхөрлөлийн “У” бүс нутагт байгаль орчны менежментийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган, тус нөхөрлөл нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Агнуурын бүс нутгийг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоолын хоёрдугаар хэсэгт заасан “У” нөхөрлөлд хариуцуулсан хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчийн хугацааг сунгах тухай” 28 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай тогтоолын “У” НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож “У” нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой нөлөөлсөн хууль бус шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
Ямар нэгэн шалтгаан, гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байхад Хурлын дарга М.А нь цаана хувийн ашиг сонирхлын зөрчил агуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тус нөхөрлөлийн гэрээний хугацаа нь 10 жил буюу 2028 онд дуусгавар болох ёстой.
Иймд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай хүсэлтдээ:
Манай төрийн бус байгууллага нь “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагатай бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах гэрээг 10 жилийн хугацаагаар сунгуулан ажиллаж байсан билээ. Гэтэл Дэлүүн сумын Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нар нь манай НҮТББ-тай хариуцуулсан “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “М” ХХК-тай давхар хариуцуулахаар гурван талт гэрээ байгуулсан байна. Энэ нь хууль бус бөгөөд манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна.
Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “М” ХХК-уудын хороонд байгуулсан “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын хувьд “у” НҮТББ гэж гаргасан. Энэ байгууллага нь 2015 оноос эхлээд “У” ангийн бүс нутагт байгаль орчныг хамгаалах, ан амьтныг хамгаалах, ан амьтныг нөөцийг ашиглах чиглэлээр Дэлүүн сумын 3 дугаар баг “У” бүс нутагт оршин суудаг иргэн А, С, Б нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Энэ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд өөрсдийн оршин сууж байгаа газрын байгалийн ахуйн хөгжил, ан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулсан.
Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь соёл урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрхийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Тус төрийн бус байгууллага “У” ангийн бүс нутгийн ангийн хамгаалах, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж, төрийн бус байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн.
2017 онд ангийн менежментийн төлөвлөгөөг хийлгэж, уг төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, мөн “У” ангийн бүс нутгийн хил хязгаарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоолгож, үүнээс хойш “У” ангийн бүс нутагт тогтмол ан амьтныг хамгаалах агнуур зохион байгуулах чиглэлийн үйл ажиллагааг явуулж ирсэн. 2017-2019 онуудад агнуур зохион байгуулалттай холбоотой тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. 2020 онд короновирус өвчин улмаас үйл ажиллагаа явагдаагүй, нийтэд илэрхий байдал тогтоогдсон байгаа.
“У” бүс нутгийн дэглэм хилийн бүсийн дотор менежментийн төлөвлөгөөний дагуу сүрэг амьтдын нас, хүйсийн харьцаа, хэвийн өсөлтийг алдагдуулахгүйгээр агнах эрхтэй байгаа. Мөн Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2-д “амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргад уламжлах”, 21.5.3-д “агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх” гэж заасан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагааг явуулж ирсэн.
“У” НҮТББ нь хууль, гэрээ болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагчаар ажиллах үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон Засаг дарга А.А ашиг сонирхлоор ажиллуулж, гэрээ байгуулсан зэрэг зөрчил тогтоогдсон тул тухайн маргаан бүхий тогтоолыг гаргасан гэж хариуцагч тайлбарласан байна.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27, 28 дугаар тогтоолоор “У” агнуурын бүс нутагт хилийн цэсийг баталж, тус агнуурын бүс нутагт ангийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэгчээр “У” төрийн бус байгууллагад эрх олгож, 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг дарга зөвшөөрсөн байдаг. Ингээд “У” төрийн бус байгууллага нь 2018-2020 он хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн.
Хариуцагч “...тухайн байгууллага хууль, гэрээ болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчаар ажиллах үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага” гэж тайлбар гаргасан. “У” төрийн бус байгууллагыг ямар чиглэлээр байгуулсан тухай дээр дурдсан. Өнөөдөр 6 дах жилдээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Дэлүүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах “У” ангийн бүс нутагт ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тус аймгийн бүс нутгийн ан амьтныг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, ан амьтны нөөцийг ашиглах хүсэлт гаргасны дагуу 2016 оноос хойш “У” ангийн бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, 2018 онд гэрээ байгуулсан. Зохих ёсоор үүргээ биелүүлж ажиллаж байсан гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй.
“У” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулсан гуравдагч этгээд “М” ХХК нь тухайн агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдээр тогтоолгоогүй, ангийн менежментийн төлөвлөгөө хийлгээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ангийн менежментийн төлөвлөгөөг хэлэлцүүлээгүй. Дээрээс нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал компани тул Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “М” ХХК-тай “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийн гэрээ байгуулсныг хууль бус гэж үзэж байна.
Түүнчлэн, “У” бүс нутагт ангийн менежментийн хариуцагчаар гэрээ байгуулсан “У” төрийн бус байгууллагын гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр. Түүнийг цуцалсан эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад давхардуулан гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна.
Маргаан бүхий эрхийн актыг гаргахдаа 4 Тэргүүлэгч оролцсон. Хуралдааны тэмдэглэлийг харахад, “У” төрийн бус байгууллагын гэрээг цуцлах талаар санал гаргаагүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох үйл ажиллагаа явуулаагүй, гэнэтийн шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага тухайн “У” агнуурын бүсэд гэрээ ёсоор үүргээ зохих хэмжээнд биелүүлж байсан нь нотлогдож байгаа. Гэрээгээ зөрчсөн, гэрээг хангалтгүй биелүүлсэн талаар нотлох баримт байхгүй.
Маргаан бүхий тогтоолыг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А нь урьд нь Засаг даргаар ажиллаж байсан А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор улсын хэмжээнд онц байдал тогтоосон үед 4 хүний бүрэлдэхүүнтэй яаруу сандруу шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өөрөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй байгаа учраас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Тэргүүлэгчдийн маргаан бүхий 8 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор “М” ХХК-д “У” бүс нутагт байгаль орчны менежментийг хариуцуулж байгаа учраас урьд нь тус бүс нутгийг хариуцан ажиллаж байсан “У” НҮТББ-тай гаргаж байсан тогтоолуудын бүгдийг хүчингүй болгосон гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа. Гэхдээ бид нар үүнийг зөвшөөрөхгүй байгаа.
Нэгдүгээрт, хугацаатай хариуцуулсан өмнөх эрх бүхий байгууллагаас гарсан хууль ёсны шийдвэр, гурвалсан гэрээ хүчин төгөлдөр байсаар байхад хууль бусаар уг тогтоолуудыг хүчингүй болгосон. Хариуцагчаас энэхүү тогтоолын үндэслэлийг тайлбарлахдаа, сумын Засаг даргаар ажиллаж байсан А.А нь А.Хын төрсөн ах нь, тухайн үед төрийн бус байгууллагыг ажиллуулж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж гэрээг хүчингүй болгоё гэж тогтоол гаргасан гэж тайлбарлаж байна.
А.Хын хувьд “У” НҮТББ-тай ямар ч хамааралгүй, холбоогүй хүн байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Зөвхөн нэг удаа “Ти Жи Эл” ХХК-ийн аймаг дахь төлөөлөгчөөр нь тухайн үед ажиллаж, түүний нэрийн өмнөөс мөнгө төгрөг шилжүүлж, харилцан ажиллаж байсан талаар нотлох баримтыг үндэслэсэн байна. Гэхдээ энэ нь өөрөө үндэслэлгүй болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, А.Х өөрийнхөө нэрээр биш “Ти Жи Эл” зуучлагч компанийн нэрийн өмнөөс мөнгө тушаах гэж банкинд мөнгө өгсөн боловч “Ти Жи Эл” ХХК гэсэн нэрээр биш банкны ажилтан А.Х нэрээр төрийн санд мөнгө шилжүүлснээс болж үндэслэлгүй хардалт үүсэж, өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод “М” ХХК-д хариуцуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 10 жилээр хариуцуулсан шийдвэрийг гэнэт хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчиж байгаа. К.Ж өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, эсхүл тайлан өгөөгүй зөрчил гаргасан гэдэг зүйлүүд ярьж байгаа боловч маргаан бүхий акт гарах болсон шалтгаан нөхцөл дээр дүгнэлт хийж, тухайн захиргааны акт хуульд нийцсэн, нийцээгүй гэдэг байдлаар ярих ёстой.
“У” НҮТББ-ыг төлөөлж А гэдэг хүн нэхэмжлэл гаргаж, төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь шүүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа, дүрэм, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар дүгнэлт хийхэд, төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг нь тогтоогдсон.
“М” ХХК-тай гэрээ байгуулахын тулд “У” НҮТББ-тай байгуулсан гэрээ, тогтоол, шийдвэрийг хүчингүй болгосон, Тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр заалтад “У” бүс нутагт менежментийг хариуцсан ажиллахыг “М” ХХК-д хариуцуулсугай гэж шууд тогтоол гаргасан. Нэгэнт “М” ХХК-д хариуцуулж байгаа учраас урьд нь хариуцуулсан байгууллагын тогтоолуудыг хүчингүй болгосон юм шиг харагдаж байна.
Менежментийг хариуцуулах асуудал ямар тохиолдолд гарах ёстой вэ гэхээр гурвалсан гэрээ байгуулсан компани нь гурвалсан гэрээг цуцалсан, эзэнгүй болсон үед Хурал гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэх ёстой. Гэтэл гурвалсан гэрээгээ цуцлаагүй, гэрээний хугацаа дуусаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “У” бүс нутагт хариуцагч тогтоож байгаа нь хууль зөрчсөн явдал болсон.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.”ж”-д Хурлын бүрэн эрх байгаа. Хурлын Тэргүүлэгч бүс нутагт менежментийг хариуцуулан ажиллуулж болох эрхтэй болохоос нэгэнт хугацаа тогтоож, гурвалсан гэрээ байгуулан ажиллуулж байгаа тохиолдолд Хурал болон Тэргүүлэгчдээс цуцлах ямар нэгэн эрх зүйн орчин байхгүй.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл байхгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус тогтоол гаргасан болох нь харагдаж байна. “У” НҮТББ-ын гурвалсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Гурвалсан гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах, эсвэл гэрээний хугацаа дууссан нөхцөлд тодорхой судалгаа хийх ёстой. 2013 оны Засгийн газрын 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 6.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж байгууллагад гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй болохоос нэгэнт эрх олгосон, хугацаагаар гэрээ хийсэн байгууллага нь ажиллаж байх хугацаанд гэрээг цуцлах эрх Хурал болон Тэргүүлэгчдэд олгогдоогүй.
Мөн гурвалсан гэрээг цуцлаагүй гэж байгаа. Нэгэнт гурвалсан гэрээ хэвээрээ байхад Хурлаас дахин тухайн газарт менежментийг хариуцуулахаар гэрээ байгуулах эрх олгож байгаа нь хууль бус. Энэ нь харин ч эрх мэдлээ хэтрүүлсэн нөхцөл байдал болж байгаа. Нотлох баримтгүйгээр А.Х нь А.Аийн төрсөн дүү нь учраас тухайн 2018 онд хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэйгөөр гэрээ байгуулсан нь хууль бус гэж байгаа нь зөвхөн хардалтын шинжтэй, ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдсон. А.Х нь 2020 онд А.А Засаг даргаас чөлөөлөгдсөний дараа тухайн төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажилласан. Түүнээс өмнө ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаагүй.
Төрийн бус байгууллага нь ашгийн төлөөх компани биш учраас үйл ажиллагаанд менежментийг хариуцан ажиллаж байгаа нь үндэслэлгүй гэж ярьж байна. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С тайлбарласанчлан байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагыг иргэд хамтран байгуулж болно гэсэн дүрмийн дагуу өөрсдийн амьдарч байгаа байгаль орчин, ан амьтнаа хамгаалах зорилгоор тус “У” бүс нутагт амьдардаг иргэд төрийн бус байгууллага байгуулж, ан амьтныг хамгаалах зорилгын хүрээнд гурвалсан гэрээ хийж, хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж үзэж байна.
Хариуцагчаас менежментийг төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар батлуулахдаа төрийн зардлаар хийлгэсэн гэж ярьж байна. Сумын Засаг даргатай менежментийг хариуцсан компани нь хамтран ажилладаг журамтай. Нэгэнт хамтран ажиллаж байгаа учраас аливаа нэг асуудлаар тодорхой хэмжээний туслалцаа авах нөхцөл хууль журмаараа нээлттэй. Тэгээд ч ангийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийн 50 хувийг тухайн бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аль аль нь зарцуулах ёстой. Уг орж ирсэн орлогын хувь хэмжээгээр аль аль нь менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар батлуулан ажиллуулж байгаа явдлыг буруутгаж болохгүй.
Санхүүгийн болон бусад тайлан гаргаагүй гэдэг асуудлууд, 10 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа “У” НҮТББ-д холбоотой асуудлууд маргаан бүхий захиргааны акт гаргах болсон үндэслэлд ямар ч хамааралгүй учраас үүнд тайлбар хэлэх шаардлагагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Нэхэмжлэгчид 10 жилийн хугацаатай гэрээ байгуулах эрх олгосон Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгосон 8 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, “У” НҮТББ-тай байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээний хугацаа дуусаагүй байхад “М” ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.
Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоол хүчингүй болох учраас уг тогтоолыг үндэслэн байгуулсан гэрээ хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өөрийнхөө үйлчлүүлэгч “У” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбараа хэлье.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж хуульчилсан.
Энэхүү захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “У” НҮТББ-ын эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн бэ, үүнтэй холбогдуулан яагаад 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ гэдэгт хууль зүйн үндэслэлээ тайлбарлая.
Нэгдүгээрт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, “У” НҮТББ-ын Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот тогтоол, 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн 28 тоот тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолоор тус тус олгосон, “У” ангийн бүс нутагт ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр эрх олгосон тогтоолуудыг хүчингүй болгосон байдаг.
Энэхүү Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “У” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх асуудлыг хянан хэлэлцэх, захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд, манай байгууллагатай холбоотой сонсох ажиллагаа огт явуулаагүй болно.
Угтаа бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл” 27.3.2-д “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;” 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”-ийн талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох “У” НҮТББ-д сонсох ажиллагаа явуулах ёстой боловч энэ ажиллагааг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид огт явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэхээр товлосон байдаг. 1-д “М” ХХК-ийн ан агнуурын менежментийн хариуцагчаар ажиллах тухай хүсэлт, 2-д Жендерийн тухай хуулийн зарим зүйл заалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дотоод журамд оруулах тухай. Энэхүү хэлэлцэх хоёр асуудлын хүрээнд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон байдаг.
Харин хуралдааны явцад хуралдаан даргалагч М.А “...“У” НҮТББ нь хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 27 тоот тогтоол, мөн өдрийн 28 тоот тогтоол, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй гэсэн саналтай байна. Та бүхэн үүнтэй холбоотой санал хүсэлтээ хэлнэ үү” гэж санал гаргасан байдаг.
Гэтэл Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, хуралдаан даргалагч М.А “У” НҮТББ-д холбогдох тогтоолуудыг хүчингүй болгуулах санал гаргахдаа уг асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлээгүй нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. М.А, Тэргүүлэгчдийн хүчингүй болгуулахаар санал гаргасан 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26, 27, 28 тоот Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь нэхэмжлэгч “У” НҮТББ-д ямар ч хамааралгүй, холбогдолгүй тогтоолууд байна.
А Тэргүүлэгчийн хуралдаанд гаргасан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26, 27, 28 тоот тогтоолуудыг хүчингүй болгох саналтай холбогдуулан, хуралдаанд оролцсон Тэргүүлэгчид болох Б.А, ЖЕ, М.М нар дэмжсэн санал гаргаагүй, харин ч уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, холбогдох газруудаас санал авахаар Тэргүүлэгч бүр санал гаргасан байдаг.
Энэхүү Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар “У” НҮТББ-д холбогдох тогтоолуудыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээгүй.
Хоёрдугаарт, хуралдаанд хүчингүй болгохоор санал гаргасан М.А төлөөлөгчийн саналд дурдсан тогтоолууд нь “У” НҮТББ-д ямар ч хамааралгүй, хуралдаанд хэлэлцсэн тогтоол, хуралдаанаас гаргасан тогтоолын төсөл өөр хоорондоо ялгаатай, өөр өөр тогтоолууд бичигдсэн. М.А төлөөлөгчийн “У” НҮТББ-д холбогдох тогтоолуудыг хүчингүй болгох саналыг хуралдаанд оролцсон Тэргүүлэгч нар дэмжсэн санал гараагүй, харин ч уг асуудалтай холбоотой, тооцоо, судалгаа авах санал хүсэлт гаргасан зэрэг үйл баримтууд хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Р.А “...хуралдааны зар мэдэгдэх үед ангийн менежментийн асуудал болон жендерийн тухай хуулийн талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Түүнээс биш “У” ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хариуцагчийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар мэдэгдээгүй, хэлэлцэх асуудалтай холбоотой, тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийн талаар Тэргүүлэгчдэд гардуулаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх, 12.1-д” Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно мөн хуулийн 24 дүгээр зүйл, Хуралд асуудал оруулах эрх”, 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-д “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 25 дугаар зүйлд “Хурлын тогтоол”, 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасныг “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар тус тус зөрчсөн тул хуралдаанаас гарсан 08 тоот тогтоол хууль бус гэж үзэж байна.
Захиргааны шүүх өөрөө захиргааны байгууллагаас гарч байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан 08 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд тайлбар гаргамаар байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Аээс “...Хурлын Тэргүүлэгч Хурлын чөлөө цагт Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргаж болно. Ингэж шийдвэр гаргахдаа энэ асуудлыг мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Хуралд тайлагнасан уу” гэж асуусан.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдаанаар танилцуулаагүй гэдгээ хэлсэн. Энэ нь өөрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з” дэд заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з” дэд заалт нь “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг өөрийн бүрэн эрхэд хамруулан батлах эрх”-ийг олгосон заалт бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт уг хурлын бүрэн эрхийг хуралдааны чөлөө цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эдэлж болохоор заасан ба харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар хуралдааны чөлөө цагт гаргасан шийдвэрээ Хуралд дараа тайлагнахаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 08 дугаар шийдвэрийн талаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаагүй байгаа нь М.А нь хувийн ашиг сонирхлоор гаргасан хууль бус шийдвэрээ нуун дарагдуулж байгаа нь тодорхой байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах, хор уршгийг арилгах, байгаль орчныг засаж сайжруулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, иргэний хамгаалалтын алба, бүх шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран авч хэрэгжүүлнэ” гэж заасан.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 08 дугаар тогтоолд баримталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах заалт буюу байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах арга хэмжээний талаарх зохицуулалт нь байгалийн гамшиг буюу гэнэтийн аюул бүхий газарт Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлахтай холбоотой арга хэмжээний талаар зохицуулсан харилцаа байдаг.
Түүнээс биш өнөөдрийн “У” НҮТББ-ын ангийн бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цуцлахтай холбоотой харилцааг зохицуулсан хууль биш. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны газрын эрх хэмжээний хүрээнд байгалийн гамшиг бүхий газарт урьдчилаад ямар арга хэмжээ авах түүнтэй холбоотой Засаг дарга нар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү гэдэгтэй холбоотой заалт. Тухайн маргаан бүхий тогтоолд баримталсан заалт нь нэг өөр байгаа. Энэ хоёр заалтаас өөр хуулийн заалтыг тогтоолд баримтлаагүй байгаа.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”; 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”; 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан хуулийн шаардлага, үндэслэлд нийцээгүй байгаа нь Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 08 дугаар тогтоол хуульд заасан захиргааны актын хэлбэр, шаардлагыг хангаагүй. Ийм захиргааны актыг шүүхээс үндэслэлтэй байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
Түүнчлэн, тухайн маргаан бүхий актад “М” ХХК-д “У” бүс нутгийн ангийн менежментийг хариуцуулсугай гэж заасан байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ гэдэгт тайлбар хэлье. Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлд иргэн, нөхөрлөл, Төрийн бус байгууллагыг ан амьтан хамгаалах чиглэлээр менежментийн гэрээ байгуулах, амьтны нөөцийг хамгаалахад оролцуулахаар хуульд заасан. “М” ХХК-д ямар хууль зүйн заалтыг баримталж ангийн менежментийн хариуцагчаар сонгосон бэ гэж асуусан асуултад хариуцагч хариулаагүй.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай ан агнуурын бүс нутаг ангийн менежментийн гэрээ байгуулж байгаа нь Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл, хуулийн этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.1-д “хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших”, 21.3.2-д “агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөж ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж байна.
Иймээс дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөх хуулийн үндэслэл бүрдэж байгаа.
Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газар болон “М” ХХК-иудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт “У агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах” гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар товчхон тайлбар гаргая.
Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат, Дэлүүн сумын Засаг дарга А.Н нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолыг үндэслэн “М” ХХК-тай “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах” гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болох”-оор хуульчилсан.
Мөн хуулийн 22.3-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно”, 5.3-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.3.2-т “агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй гэж мөн хуулийн 23 дугаар зүйл, агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох”, 23.1-д “Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон энэ хуулийн 5.3.2-т заасан “ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна”, 23.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого хийнэ”, 27.1-д “Сумын Засаг дарга дараах болзол хангасан хуулийн этгээдтэй үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулна”, 27.1.1-д “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр”, 27.1.3-д “агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө...” гэж хуульчилсан.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар гурван талт гэрээг ангийн менежментийн хариуцагчаар байгуулахдаа гурван шаардлагыг хангасан бол гэрээ байгуул гэж байгаа.
Нэгдүгээрт, ангийн менежментийн төлөвлөгөө, тухайн төлөвлөгөөнд үндэслээд тогтоосон сум дүүргийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ан агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг тогтоож өгсөн шийдвэр гэсэн. Энэ нь тухайн ангийн бүс нутгийн хил хязгаарыг тогтоосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргасан байна.
Хоёрдугаарт, ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн ангийн менежментийн төлөвлөгөө байх ёстой.
Гуравдугаарт, ан агнуурын бүс нутагт ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч этгээд нь өөрөө тухайн орон нутгийн иргэн, нөхөрлөл, эсвэл төрийн бус байгууллага байхыг Амьтны тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолд маш тодорхой зааж өгсөн. Энэ 3 шаардлагыг хангаж байгаа ямар ч иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагатай ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно.
Гэтэл “М” ХХК-тай Дэлүүн сумын Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга гэрээ байгуулахдаа хуульд заасан эхний хоёр шаардлагыг хангаагүй. “М” ХХК ямар ч ангийн менежментийн төлөвлөгөө хийлгээгүй. Мөн хийлгэх ажлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоож өгөөгүй. Энэ хоёр нөхцөл байхгүй байхад зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолыг үндэслээд гэрээ байгуулж байгаа нь Амьтны тухай хуулийн холбогдох заалтуудыг маш ноцтой зөрчсөн байна. Ийм учраас захиргааны байгууллагын үйл ажиллагаа хүчингүй болох ёстой.
Түүнчлэн, мэтгэлцээний шатанд Засаг даргаас асуухад, “...“У” НҮТББ-ын гурван талт гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ гэрээ манай Тамгын газарт байхгүй учраас гэрээг хүчингүй болгож чадаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр уг гэрээ өнөөдрийн байдлаар хүчингүй болоогүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгоогүй. Энэ нь хуралдааны тэмдэглэлд маш тодорхой байгаа. Энэ нөхцөл байдалтай давхардуулан гэрээ байгуулж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа. Ийм учраас гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын гаргасан тайлбартай холбоотой тайлбар хэлье. Хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А тайлбарлахдаа “ анхнаасаа хууль болон журамд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагчаар үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллагад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон учраас Хурлын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “У” НҮТББ-ын гэрээг хүчингүй болгосон” гэсэн тайлбар гаргасан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2.”з” дэх хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, мөн 20 дугаар зүйлийн 20.1-д “... Тэргүүлэгчид Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ бүрэн эрхийг Тэргүүлэгчид нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “У” НҮТББ-д “У” ангийн бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрх олгосон. Энд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. Тэр тогтоол хууль ёсны байна уу, хууль ёсны биш байна уу гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.
Түүнчлэн, “У” НҮТББ өөрөө энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг” гэж заасан.
Хуульд заасан эрхийнхээ хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “У” ангийн бүс нутагт хамаарах 3 дугаар багт оршин суудаг Асхар, Бердимурат, Советхан нар өөрсдийн оршин буй газрын байгаль орчин ан амьтныг хамгаалах чиглэлээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж болно”, 4-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж, аргачлал боловсруулж холбогдох байгууллагад танилцуулж шийдвэр гаргуулах”,32 дугаар зүйлийн 2-д “Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагад эсхүл тухайн нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан этгээдэд шилжүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно” гэж зааж өгсөн.
Мөн Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах” гэж амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулиар зохицуулсан. Энэ хуулийн 21.3, 21.3.1, 21.3.2, 21.5.1 дэх заалтууд төрийн бус байгууллага, амьтныг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, мөн Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтаар өнөөдөр “У” ангийн бүс нутагт ан амьтныг хамгаалах, байгалийн нөөцийг хамгаалах эрхтэй.
Тийм учраас төрийн бус байгууллага энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.
“У” НҮТББ-ын хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэжээ. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар “У” ангийн бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч “У” НҮТББ-ын ангийн менежментийн гэрээний талаар асуудал хэлэлцүүлээгүй байж, “У” НҮТББ-ын гурван талт гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэсэн. Гурван талт гэрээний үүргээ биелүүлж байна уу, хангалттай байна уу, хангалтгүй байна уу гэдгээ гэрээний оролцогч сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар дүгнэх болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарах асуудал биш. Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд сумын Засаг даргыг ч оролцуулаагүй. “У” НҮТББ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх юм бол ямар хуульд заасан үүргээ хэрхэн, яаж зөрчсөн талаар тайлбар өгч чадахгүй байна. Нэгэнт Хурлаар хэлэлцэгдээгүй асуудлыг өнөөдөр авч хэлэлцэхгүй.
“У” НҮТББ ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнээгүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өгөөгүй, гэрээгээр жил болгоны 10-р сарын 10-ны дотор тайлангаа дүгнүүлж өгөөгүй гэсэн байдаг. “У” НҮТББ “У” бүс нутагт ан амьтныг хамгаалах, нөхөн үржүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн. 2017, 2018, 2019 онуудад “У” НҮТББ зөвхөн менежментийг хэрэгжүүлэгч этгээдийн хувьд агнуур зохион байгуулахдаа зуучлагч этгээдээр “М” ХХК, иргэн Б.Галбадрах, “Ти Жи Жи Эл” ХХК зэрэг хуулийн этгээд, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, агнуур зохион байгуулж байсан. “У” НҮТББ нь “У” ангийн бүс нутагт ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч гэрээний дагуу агнуур зохион байгуулахад, гурван талт гэрээний 3.8-д заасан ан агнах гэрээний биелэлтийн тайланг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх үүргийг зуучлагч компаниудаар хийлгүүлж байсан.
“У” НҮТББ ангийн менежментийн төлөвлөгөөг сумын хөрөнгөөр хийсэн, тус төрийн бус байгууллага нь өөрийн хөрөнгөөр ангийн менежментийн төлөвлөгөөг хийлгэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбарт холбогдуулан дараах тайлбар гаргаж байна.
Амьтны тухай хуулийн 5.7-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.7.1-д “харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх” гэж заасан. 33 дугаар зүйлд “амьтныг хамгаалах арга хэмжээний санхүүжилт” гэж байгаа. 33.1-д “Амьтныг хамгаалах арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг, олон улсын тусламж, хандивын хөрөнгөөс санхүүжүүлнэ”, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсэгт “ан амьтны нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг тухайн ангийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд зарцуулна” гэж заасан.
Энэ нь хууль тогтоомжуудаар олгосон эрх үүргийн хүрээнд тухайн сумын Засаг дарга “У” ангийн бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ холбоотой тодорхой хэмжээний зардлыг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулсан нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нь өөрөө хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа. Үүнийг заавал тухайн ангийн менежментийг хариуцагч өөрөө төлөх ёстой гэдэг хатуу хуульчилсан хууль тогтоомж байхгүй. Тийм учраас энэ хүрээнд сумын Засаг дарга өөрөө төрийн бус байгууллагыг санхүүжүүлэх чиглэлийн үүднээс, хуульд заасан эрхийн хүрээнд 2017 онд Дэлүүн сумын Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс хийлгэсэн байна.
Нэгэнт ангийн менежментийн төлөвлөгөөний хүсэлтээ гаргаад сумын Засаг даргын төсвөөс гаргуулж байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй учраас “У” НҮТББ үүргээ биелүүлээгүй гэсэн асуудал яригдахгүй.
“У” НҮТББ нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, дүрмийн зорилгоосоо өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэх тайлбарын тухай хэлэхэд, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй гэдэг чинь өөрөө тухайн байгууллага ашиг олохгүй гэсэн үг биш. Тухайн байгууллага төрийн бус байгууллагын санхүүжилт гэж Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно”, 1-т “гишүүний татвар, хандив, 2-т ”иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив”, 3-т “ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого”, 4-т “зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө” гэж заасан.
Энэ төрийн бус байгууллага өөрөө тухайн дүрэмд заасан үйл ажиллагааны явцад аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олж болно гэж Төрийн бус байгууллагын тухай хуулиар зөвшөөрсөн байгаа. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулахдаа агнуур зохион байгуулах явцад 2 угалз агнуулсан тохиолдолд 1 угалз тус бүр 8 сая төгрөг авдаг. Энэ 8 сая төгрөгийг бид агнуур зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулна гэсэн. Төрийн бус байгууллагад өөр мөнгө байхгүй.
Гуравдагч этгээдийн тайлбартай холбоотой хэлэхэд, нийт 110 бүсээс төрийн сангаас санхүүжилт авдаг, ангийн менежментийн төлөвлөгөөг төрийн хөрөнгөөр батлуулсан байна гэсэн. Орон нутгийн төсөв өөрөө ангийн менежментийн төлөвлөгөө батлуулж болдог гэдэг хуулийн зохицуулалтын талаар тайлбарлаж өгсөн. К.Ж Байгаль орчны сайд биш учраас 110 бүс төрийн санхүүжилт авахгүй гэдгийг яаж мэддэг юм вэ. Бид нар үнэн зөв нотлох баримтад үндэслэн тайлбар гаргах үүрэгтэй. 10 жилийн гэрээний загварыг дур мэдэн хийсэн гэж байгаа. Гэрээний загварыг бид нар явуулж байгаа юм биш. Хууль бус гэрээ гаргасан юм шиг яагаад тайлбар гаргаж байгаа вэ.
Ангийн менежментийн төлөвлөгөөнд тусгасан мөнгийг гэрээнд тусгасан болохоос Засгийн газраас тогтоосон үнийг дур мэдэн өөрчилж үйл ажиллагаа явуулж байгаа юм биш. Дээрээс нь А.А гэдэг хүнийг ямар их ярьж байна. Тэр хүн өнөөдрийн маргаанд ямар ч холбоогүй. А.А гэдэг хүн “У” НҮТББ-тай ямар нэгэн байдлаар шууд холбоотой байсан бол гэрчээр асуулгаж, холбогдох газарт гомдол гаргаад явах боломж байсан. Гурван талт гэрээг Байгаль орчны газар, сумын Засаг дарга хянаад явж байгаа. Шүүхэд аль аль нь үндэслэлтэй тайлбар гаргамаар байна.
“М” ХХК Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бизнесийн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Бид нар “У” бүс нутагт өөрсдийн хүнээ байлгаж, ан амьтныг хамгаалж, үйл ажиллагаагаа хийнэ гэвэл төлөвлөгөөгөө батлаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцүүлээд явах эрх нээлттэй байгаа. Энэ бүх үйл ажиллаагаа хуулийн дагуу явагдах ёстой.
Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоолоор ан агнуурын “У” бүс нутгийн зураглал, хилийн цэсийг хавсралтаар баталж, агнуурын бүс нутгийн менежментийг “У” нөхөрлөлд хариуцуулж, гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг дарга А.Ат зөвшөөрсөн, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор “У” ТББ-д зөвшөөрөл олгогдсон байна.
Гэвч хууль, гэрээ болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчаар ажиллах үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллагад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон, Засаг дарга А.А нь хувийн ашиг сонирхлоор ажиллуулж, гэрээ байгуулсан эрх олгосон зэрэг хууль зөрчсөн зөрчил тогтоогдсон тул Дэлүүн сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан.
“У” ТББ нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнээгүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өгөөгүй, гэрээгээр бол жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор тайлангаа дүгнүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Мөн тус Төрийн бус байгууллагаас төлөх ёстой ангийн төлбөрийг Засаг даргын төрсөн дүү А.Х төлсөн нь анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзсэн. Төрийн бус байгууллага нь зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах ёстой.
Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ...амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, үүнд 21.5.3-д агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх” гэж заасан.
“У” ТББ нь амьтны нөөцийг хамгаалах эсхүл ан агнуурын менежментийн хариуцагчаар ажиллах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаагүй байна. Төрийн бус байгууллага нь ан агнуурын менежментийг хариуцагчаар ажиллаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн.
2019 онд агнасан ангийн төлбөрийг агнасны дараа сарын 10-ны өдрийн дотор буюу 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх ёстой байтал хугацаа хэтрүүлж, 11 дүгээр сарын 05-ны өдөр төрийн санд тушаасан ба Засаг даргын дүү нь хувьдаа ашиглаж ирсэн байна. Үүний улмаас орон нутгийн орлогын давсан хэсгээс санхүүжүүлэх зарим төрлийн үйл ажиллагаа доголдолд орсон.
Агнуурын зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмын 1.3-д “тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамжсан агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу ан агнуурын менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Гэтэл сумын төсвийн хөрөнгөөр ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хийлгэж, өөрийн зардлаар хийлгэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох” журмын 6 дугаар зүйлийн 6.1-т “...энэхүү журмын 2.4-д заасан байгууллага нь хариуцаж байгаа агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна”, 6.2-т “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль, орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгнө” гэж тус тус заасны дагуу ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай дүгнүүлээгүй, тайлан өгөөгүй.
“У” ТББ нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, дүрмийн зорилгоосоо өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т “төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана”, үүнд “...дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан”, 20 дугаар зүйлийн 1-т “төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна”, 2-т” төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах иргэн аж ахуй нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийн төлөх зэргийг хориглоно”, 3-т “төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байгаа ба анхнаасаа агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагчаар ажиллах эрхгүй байсан. Мөн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, Засаг дарга А.а. А.Х ашиг олох хэрэгсэл болсон байна.
“У” нөхөрлөл гэх байгууллагын төлөөлөгчөөр Засаг дарга А.А төрсөн дүү А.Х оролцож байгаа нь тэд тус байгууллагыг ашиглаж, ашиг хүртдэг, хувийн ашиг сонирхлоо нууцлахын тулд А.Асхар гэх хүнийг ашиглаж байсныг нотолж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з” заалт, Төрийн бус байгууллагын тухай хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох” журмын 6.1, 6.2,.6.4 дэх заалтуудыг үндэслэл болгон Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан болно гэжээ.
Хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлыг зарлаж, “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын бүх материалтай танилцах явцад дараах зөрчлүүд байсан. Үүнд, “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад төлбөрийг Засаг даргын Тамгын газраас гаргуулсан нь хууль зөрчсөн. Тухайн хувийн компани нь ашиг олохын тулд өөрөө төлбөрөө төлж, ангаа агнах ёстой байтал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулна гэдэг нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзсэн.
2019 оны ан агнасны төлбөрийг Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд төвлөрүүлэхдээ хуулийг ноцтой зөрчиж, иргэн А.Хын хувийн данснаас манай төрийн сангийн дансанд хийсэн байсан. Үүнд маш том ашиг сонирхлын зөрчил явж байна. Ангийн отог сумын Засаг дарга, Байгаль орчны газар гэж гурвалсан гэрээ байгуулсан байгаа. Тэгэхээр гурвалсан гэрээний нэг талыг барьж байгаа А.А дарга төлөөлж гарын үсэг зурж байгаа нь өөртөө давуу байдал бий болгож, төрсөн дүүгийнх нь компанитай гэрээ хийж, улсаас өгдөг мөнгийг хувь хүний данснаас шилжүүлсэн байдаг.
Гурвалсан гэрээнд гарын үсэг зурж байгаа нэг талын А.А нь А.Хын төрсөн ах нь. Тийм учраас ашиг сонирхлын зөрчил үүсч байна гэж үзсэн. Нэгэнт ан агнасан бол ангийн төлбөрийг тухайн жилд багтаагаад хийсэн гэрээний дагуу Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд төлөх ёстой. Тухайн жилд “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хоёр угалз агнуулсан байдаг. Үүний төлбөр нь Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Тусгай төлбөртэйгөөр агнуулах амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг тогтоосон байдаг. Алтайн угалзыг 24000 доллароор тогтоож өгсөн байдаг.
Гэтэл “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь гэрээний 4.3 дугаар, төлбөр тооцоо гэсэн заалтад 20 000 доллароор үнэлж гэрээ хийсэн байна. Тэгэхээр нэг угалзнаас манай сум 4000 доллароор хохирч байна. Хоёр угалзнаас 8000 доллароор хохирсон асуудал гарсан. Тухайн жилд “У” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Монгол адвентур” ХХК хоёр угалз агнасан байдаг. “Монгол адвентур” ХХК 2 угалз агнаад 24000 доллароор үнэлж, 48000 долларыг тухайн үеийн ханшаар бодож дансанд байршуулсан. “М” ХХК нэг угалз агнаж, мөн адил 24000 доллароор үнэлж, төлбөрийг манай дансанд байршуулсан. “У” НҮТББ нь нийт төлбөрийн мэдээлэл явуулахад 48000 доллар төлөх ёстой байтал 40200 доллар төлөөд, манай сумыг 7800 доллароор хохироож байна.
Бид уг мөнгийг цаашдаа нэхэмжилж авах болно. Иймэрхүү 5-6 төрлийн зөрчил гаргасан учраас “У” НҮТББ-тай цаашид гэрээгээ үргэлжлүүлэн хийх, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр ажиллуулах явдал буруу гэж үзэж, хүчингүй болгосон гэв.
Хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А.Хад танилцуулж, Дэлүүн сумын Засаг дарга болон “М” компаниуд гарын үсэг зурж баталгаажуулсан.
“У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээг үзүүлж, танилцуулсан. Танилцуулахдаа танай төрийн бус байгууллагад олгосон менежмент хариуцагчийн эрхийг цуцалсан учраас танай гэрээ хүчингүй болж, шинээр “М” ХХК-ийг менежмент хариуцагчаар ажиллуулахаар болсон гэдгийг маш сайн тайлбарлаж өгсөн.
Тэгэхэд А.Х нь “...Дэлүүн сумын удирдлагуудтай уулзаж Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулаад ирье” гэж хэлээд явсан боловч “... хүчингүй болгуулж чадахгүй юм байна, шүүхээр маргаан үүсгээд явъя” гэж 10-аад хоногийн дараа орж ирсэн.
“У” ТББ-ын төлөөлөгч А.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлүүн сумын Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “М” ХХК-иуд хооронд байгуулсан “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээний талаар мэдсэн ба нэхэмжлэлд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн гэж худлаа бичсэн байна.
“У” НҮТББ нь Дэлүүн сумын Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “У” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн гэрээний 3.7, 3.8 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тайлан болон ан агнах гэрээний биелэлтийн тайланг зохих журмын дагуу гаргаж өгч, дүгнүүлээгүй ба 2019 оны тайланг тамга, тэмдэггүй ирүүлсэн болно.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “У” ТББ-ыг менежмент хариуцагчаар сонгосон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолуудын “У” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул “У” НҮТББ-тай байгуулсан гурван талт гэрээг цуцалж шинээр менежмент хариуцагчаар сонгогдсон “М” ХХК-тай гэрээ байгуулсан нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дэлүүн сумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа:
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг үндэслэн “М” компанитай №2021-02 дугаартай гурван талт гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. “У” НҮТББ-ын менежмент хариуцагчаар ажиллах эрхийг мөн өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
“М” ХХК-аас манай суманд “У” агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар хамтран ажиллах хүсэлтээ ирүүлснийг судалж үзэхэд 2018 онд манай сумаас ан агнуулж байсан. Тухайг үед ангийн төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлж тайлангаа гаргаж ирүүлсэн. Мөн манай суманд тодорхой хөрөнгө оруулалт хийж жил гаруй хугацаанд 2 иргэнийг цалинжуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн зэрэг нь хариуцлагатай ажиллаж байсны илрэл юм.
Түүнчлэн “М” ХХК-ийн зүгээс ангийн менежментийг хариуцах гэрээ байгуулах хүсэлтэд “... орон нутгийн болон улсын төсөвт өндөр ашиг үзүүлнэ, орон нутгийн менежментийг хэрэгжүүлэгч нөхөрлөлүүдээ 3 хүнийг тогтмол цалинжуулж, өрхийн амьжиргааг дэмжиж иргэдийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана, мөн шаардлагатай тоног төхөөрөмж эд зүйлээр тогтмол хангана ажиллана, орон нутгийн аливаа бүтээн байгуулалтад тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана, ан агнуурын бүсэд тогтмол судалдгаа явуулж, амьтдын үржлийн асуудалд анхаарч биотехникийн арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно” гэж санал болгосон байна.
Иймд “М” компани нь хуулийн, нийгмийн хариуцлагыг ухамсарлан ажиллана гэдэг нь илт байна. Сумын цаашдын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж иргэдийг ажилтай байлгах үүднээс энэ гэрээг байгуулсан юм.
Харин “У” НҮТББ-ын зүгээс гэрээтэй хугацаанд орон нутагт ямар ч хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.
“М” ХХК-тай шинээр гэрээ байгуулах үед урьд нь “У” НҮТББ-тай хийсэн гэрээний талаар сумын Засаг даргын Тамгын газраас болон Санхүүгийн албанаас тодруулж асуухад, ямар ч тайлан, гэрээ, баримт хугацаанд сум орон нутгийн хөгжлийн төлөө, ард иргэдийн амьжиргааны талаар амьтдын үржлийн асуудал биотехникийн арга хэмжээний талаар тодорхой ажил зохион байгуулагдаагүй, ажил хийгээгүй нь илт харагдаж байна.
“У” ТББ нь зөвхөн өөрийн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн гэж үзэж байна. “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээ байгуулсны дараа А.Х нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт очиж танилцсан байдаг. Үүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А.Хын төрсөн ах сумын Засаг дарга байсан А.А надад ирж гэрээг хүчингүй болгох талаар хүссэн. Би хуулийн дагуу гэрээ байгуулсан учраас хүчингүй болгох боломжгүй гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд гурван талт гэрээний талаар мэдсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:
Миний бие Дэлүүн сумын Засаг даргын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг үндэслэн “М” ХХК-тай №2021-02 дугаартай гурван талт гэрээ байгуулсан. “М” ХХК урьд манай Дэлүүн суманд ан агнуулж байсан туршлагатай компаниудын нэг. 2018 оноос эхлэн манай сумаас ан агнуулахдаа тухайн ангийн хураамжийг цаг тухайд нь төлж, манай сумын ажилгүй байсан 2-3 хүнийг ажилтай болгож байсан. Үүнийг үндэслээд 2020-2021 оны 1 жилийн хугацаанд гэрээ хийсэн.
Түүнчлэн, “М” ХХК-ийн зүгээс ангийн менежментийг хариуцах гэрээ байгуулах хүсэлтэд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой тусгасан. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой байгаа. “У” НҮТББ-ын хувьд сумын Засаг даргын Тамгын газарт ямар ч ирүүлсэн тайлан, гэрээ байхгүй учраас “М” ХХК-тай гэрээ хийсэн. “У” НҮТББ-ын зүгээс гэрээтэй хугацаанд орон нутагт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлсэн зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “М” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот тогтоолын хоёрдугаар хэсэгт заасан “У” нөхөрлөлд хариуцуулсан хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолын “У” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул “У” ТББ-ын менежментийн хариуцагчийн эрхийг хүчингүй болгосон.
“У” ТББ-ын менежмент хариуцагчийн эрхийг хүчингүй болгосон учраас “У” ТББ болон Дэлүүн сумын Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн байгаль орчны газрын хооронд байгуулагдсан “У” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ цуцлагдаж манай компанитай гэрээг шинээр байгуулсан
Энэ бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан ба 2017 он, 2018 он, 2019 онуудад ямар ч тайлан өгөөгүй, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнүүлээгүй нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох” журмын 6.2-т “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг сумын Засаг даргатай хамтран дүгнэж тайланг аймаг нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгнө” гэж тус тус заасны дагуу ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнүүлээгүй, тайлан өгөөгүй ба хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байгууллага байсан. Журмын 6.4-т “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасан ховор амьтан агнах, барих гэрээний биелэлтийн тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн.
Нэгэнт хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа “У” ТББ-ын менежмент хариуцагчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Манай компани нь “У” агнуурын бүс нутгаас ан агнуулах үйл ажиллагаанд зуучлагчаар ажиллах хугацаандаа тухайн орон нутгийн иргэд болох С.Жанибек, Ш.Адилмурат нарыг ажлын байраар хангаж, цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж байсан ба орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийж ирснийг нутгийн удирдлага, ард иргэд сайн мэдэж байгаа. Энэ талаар нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн болно.
“У” ТББ-ын дарга нь А.Х тайлбартаа “...манай төрийн бус байгууллагын гишүүд өөр өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлс төлбөрийг л авч ажиллаж ирсэн. Нэгэнт ажилчид нь бүгд ТББ-ын гишүүд байсан тул хөлс төлбөрийг тухай бүрт нь хувааж авч байсан тул манай байгууллага банканд харилцах данс эзэмшдэггүй, тэгээд ч төрийн бус байгууллагын гишүүд нь сумын төвөөс алслагдсан отог дээр оршин суудаг тул банкаар харилцах данс нь төвөгтэй байдаг тул орлогыг бэлнээр авдаг. Төрийн бус байгууллагын гишүүд нь авсан хөлснөөс нийгмийн даатгал төлөх эсхүл төлөхгүй байх нь өөрсдийнхөө сайн дурын асуудал учраас Төрийн бус байгууллагын зүгээс ямар нэгэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй юм” гэж тайлбарлажээ. Энэхүү тайлбар нь хууль бус төрийн бус байгууллагыг ашиг олох татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн үйлдлээ зөвшөөрсөн тайлбар байна.
Хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, ТББ-ыг ашиг олох хэрэгсэл болгосон нь бүх талаар тогтоогдсон ба төрийн бус байгууллагын 20 дугаар зүйлийн 1-т “төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна”, 2-т “Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах иргэн аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно”, 3-т “төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “У” ТББ-ын гэрээг цуцалж, манай компанитай гэрээ байгуулсан нь хууль тогтоож зөрчөөгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Монгол улс даяар угалзны нийтдээ 100-аад ангийн бүс байна. Монгол улсад байгаа 100-аад ангийн бүсээс төрийн мөнгийг ашиглаад менежмент төлөвлөгөөг батлуулсан нэг ч компани байхгүй. “У” НҮТББ бид нар 10 жилийн гэрээтэй гэж байна. Гэрээнд хамгийн чухал зүйл нь үнийн дүн. “У” НҮТББ-ын 10 жилийн гэрээний загвар нь одоо хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа, Байгаль орчны яаманд хэрэглэж байгаа гэрээний загвар биш. Өөрсдөө дур мэдэн гэрээний загвар бэлдсэн. Гэрээний төлбөр гэсэн хэсэгт 1 алтайн угалзыг 20 000 нэгж буюу 20 000 000 төгрөгөөр үнэлсэн байгаа.
Ангийн тухай Засгийн газраас гарсан жишиг үнэ байдаг. Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор тусгай төлбөртэйгөөр агнуулах амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээнд 1 угалзыг 24000 доллароор үнэлсэн байгаа. Засгийн газраас том шийдвэр гаргадаг Засаг дарга байхгүй. Засаг дарга өөрийнхөө дүүгийн бизнесийг дэмжээд Засгийн газраас тогтоосон хэмжээнээс бага дүнгээр гэрээ хийж өгч болохгүй. Тиймээс уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ан агнуурын компаниуд хоорондоо энэ асуудлыг ярихад бүгдээрээ гайхаж байна. Засаг дарга нь өөрийнхөө дүүд менежментийн төлөвлөгөөний мөнгийг гаргаад өгдөг. Хэрэв цаашид энэ гэрээний дагуу явах юм бол Дэлүүн сумаас агнасан ан болгоноос төсөвт орох мөнгөнөөс хохирох гэж байна.
Анх “У” НҮТББ-ын менежмент төлөвлөгөөг танилцуулж, тайлбарлаад яаманд батлуулсан хүн би өөрөө. Бид нар “У” НҮТББ-тай хамтран ажиллахаар тохирч, менежментийн төлөвлөгөөг нь файлаар авч хэвлээд, яаманд очиж тайлбарлаад, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараа хэлж, би өөрөө батлуулж авч байсан. Энэ менежментийн төлөвлөгөөний мөнгийг Дэлүүн сум гаргасан. Нэг ёсондоо уг менежментийн төлөвлөгөө буюу ангийн бүсийн хөрөнгийн эзэн нь Дэлүүн сум өөрөө болж байгаа.
Дараа нь 2019 онд ан хийх гээд очиход Асхар гуайд тамга нь байхгүй байсан. Асхар гэдэг хүн өөрөө сайн хүн. Гэхдээ А.А даргаас айгаад байдаг. Тэгээд бид нар 2019 онд ан хийх гэхэд, тамга нь Дэлүүн сумд байхгүй, А.А Улаанбаатар хот руу аваад явсан. Тэгээд манай менежерүүд А.Ат очиж тамга дараад өг гэхэд 2019 оны бүх ангийн гэрээнд өөрөө гарын үсэг зураад, тамга дараад өгчихсөн. Менежмент төлөвлөгөөний эзэн нь сум. Гэрээний хамгийн чухал заалт буюу ангийн жишиг үнэ тогтоосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн. Засаг дарга А.А Засаг даргаас буух хүртэл “У” НҮТББ-ын тамгыг хувьдаа авч, бид нар “У” НҮТББ-тай ямар нэгэн хамтарч үйл ажиллагаа хийх гэхээр тамгаа өгдөггүй байсан. Засаг даргаас буунгуут төрийн бус байгууллагыг дүүдээ өгч байгаа. А.Хын ах нь Дэлүүн сумын Засаг дарга байсан учраас ангийн менежментийн хариуцагч байх ёсгүй. Ангийн үйл ажиллагаа өөрөө маш том бизнес. Дандаа валютаар борлуулалт хийдэг. Энэ бүх орлого хаашаа явж байгаа вэ.
Манай ангийн үйл ажиллагаа хийдэг компаниуд зөвхөн НӨАТ-ын татвараас чөлөөлөгдсөн. Бусад бүх татвар, санхүүгийн тайлан, орлогын татвараа төлөх ёстой. Гэтэл “У” НҮТББ нь татвар төлөхгүй, санхүүгийн тайлан өгдөггүй. Байгаль орчны тайлан өг гэхээр короновирус гэж далимдуулна. 2020 онд короновирус гарснаас болж тайлан өгөөгүй гэж тайлбарлаж байна. Тайлан өгөхөд, короновирус хамаагүй. Ан агнаагүй байж болно. Гэхдээ танай үүрэг тэнд байгаа ангаа хулгайгаар агнахаас хамгаалах, бэлчээрээ хамгаалах, ангийн судалгаа хийх, дараа жил агнах ангийн тоог тогтоох ёстой.
Тэгэхэд, би зөвхөн ан хийж, ашиг олохдоо тайлан өгнө, бусад үед тайлан өгөхгүй гэж ёс зүйгүй байж болохгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр өөрөө зорилгодоо нийцсэн эсэхийг хянах ёстой. Хэлбэр төдий алдааны тухай ярьж байна. Захиргааны хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн үү, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдгийг шүүх шалгах үүрэгтэй. Гэтэл төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, хангалттай баримт байхгүй байхад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ талаар холбогдох тайлбар хүсэлтүүдээ шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Зарим баримтуудыг цуглуулаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хуулийн этгээд захиргааны байгууллагыг төлөөлөхтэй холбоотой зохицуулалт байгаа. 27.2-д “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэсэн.
Үүнд хууль, эрх зүйн акт үүсгэн байгуулах баримт бичиг гэж заасан. Үүнээс төрийн байгууллагын бүртгэлд байгаа хүн төлөөлнө, эсвэл гэрчилгээнд нэр нь бичигдсэн хүн төлөөлнө гэж заагаагүй. Төрийн бус байгууллагын тухай хуульд хэн төрийн бус байгууллагыг төлөөлөх тухай маш тодорхой зохицуулсан. Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь тус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлнө гэж заасан.
Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхийг гүйцэтгэх захиралд олгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дүрмээ уншиж танилцуулахдаа мөн өөрийнхөө тайлбараа гаргахдаа удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэл гаргаад явж байгаа гэж тайлбарласан. Үүсгэн байгуулах актаас үзэхэд, А.Асхар гэдэг хүн тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй гэдэг баримт байхгүй. Тэгэхээр 27.2-д заасан шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг шүүх анхнаасаа хянах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан.
Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаас үзэхэд, тэргүүнээр А.Асхар одоо хүртэл бүртгэлтэй, 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар Советханыг сонгосон шийдвэр байгаа. Энэ нь гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр шийдвэр. Үүнийг хүчингүй болгож, алдаатай байна гэж зассан шийдвэр байхгүй. Тэгэхээр А.Асхар гэдэг хүн тухайн байгууллагыг төлөөлөхгүй, төлөөлөх эрхтэй гэдгээ эргэлзээгүйгээр нотолсон баримт байхгүй. Уг нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан. Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэлд гаргаж байгаа тайлбарын хүрээнд А.А нэхэмжлэгч биш гэж үзэж байна. А.А нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын даргын албан тушаалаас чөлөөлж, А.Хыг нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын даргын албан тушаалд томилсон шийдвэр ирүүлсэн. Үүний дагуу А.Х төлөөлөх эрхтэй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Шүүх гагцхүү хуульд захирагдана. Хуульд удирдах зөвлөлийн дарга төлөөлнө гэж зохицуулсан.
А.Х удирдах зөвлөлийн даргаар томилогдсон ямар нэгэн шийдвэр байхгүй. Удирдах зөвлөлийн бусад гишүүд бид нар энэ хүнийг удирдах зөвлөлийн даргаар томилсон гэж олонхоор мэдүүлсэн зүйл байхгүй. Дээр нь бүртгэлийн байгууллагын бүртгэл өөрөө тухайн байгууллагын шийдвэрийн үнэн зөвийг хариуцахгүй. Бүртгэгдсэн этгээд энэ байгууллагыг төлөөлнө гэдэг хуулийн зохицуулалт байхгүй. А.Х энэ байгууллагын дарга гэж өөрийгөө тодорхойлоод явж байгаа, эрх зүйн байдал нь өөрөө хуульд байхгүй албан тушаал. Хуульд байхгүй учраас ямар нэгэн байдлаар эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
Тийм учраас гэрээг хүчингүй болгохтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гэрээний талаар мэдсэн, мөн А.Хын ах нь Засаг даргатай уулзсан гэх мэтчилэн тайлбарууд хэрэгт авагдсан. 01 дүгээр сарын 20-нд гэрээг мэдсэнээс хойш хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Энэ талаар Байгаль орчны газрын мэргэжилтний тайлбар хэрэгт авагдсан байна. Энэ талаар няцаасан тайлбараа нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй. Нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж, 03 дугар сарын 17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Төлөөлөх эрх болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн тухайд товч тайлбарлахад ийм байна.
Шүүх хамгийн түрүүнд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдгийг шалгах ёстой. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа энэ талаар шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээг цуцлах болсон бодит үндэслэл нь юу вэ, менежмент хариуцагчийн эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар хийлгээгүй, энэ чиглэлээр үйл ажиллаагаа явуулах эрхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, холбогдох тайлангаа гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэдэг тайлбаруудыг өгсөн. Нэхэмжлэгчээс захиргааны актын хэлбэр болон процессын зөрчилтэй холбоотой тайлбар гаргаж байгаа болохоос “...бид гэрээний үүргээ бүрэн биелүүлж байсан, гэтэл та нар үндэслэлгүйгээр цуцаллаа, бид нар ямар нэгэн зөрчил гаргаагүй” гэдэг тайлбарыг өнөөдрийн хүртэл өгөөгүй байна.
Хэрэгт Байгаль орчны газраас “У” НҮТББ-аас ирүүлсэн тайланг шүүхийн журмаар авсан. 2018 оны менежментийн төлөвлөгөөнд ямар нэгэн гарын үсэг байхгүй, хэн гэдэг этгээд гаргасан гэдэг нь тодорхой бус. Мөн “М” ХХК зуучлагч компаниар тайлан өгч байсан гэдэг мэдээлэл ирсэн. Үүнээс харахад, 2017 оноос хойш ямар нэгэн тайлан өгч, дүгнүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага дур зоргоор эрх бүхий байгууллагаас олгосон эрхийг буруугаар ашиглаж ирсэн гэдэг нь харагдаж байгаа. Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан өгөх үүрэг тусдаа, ан агнуурын гэрээний тайлан тус тусдаа зохицуулсан байгаа. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ховор амьтан агнах барих тусгай зөвшөөрөл олгох журмын 2.4-д менежмент хариуцагчийг тодорхойлсон. Менежмент хариуцагчийн эрх үүргийг 6 дугаар зүйлд тавигдах шалгуур үзүүлэлт гэж зохицуулсан. Журмын 6.1-д менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна. Боловсруулж батлуулах нь өөрөө Амьтны тухай хуульд зааснаар төсвөө өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэ талаар аудитын байгууллагын акт гарсан.
Амьтны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1-д заасныг зөрчиж сумын хөрөнгөөр хийгдсэн. Эрх бүхий байгууллага нь хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тогтоож өгсөн байгаа. Мөн журмын 6.4-д агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасан ховор амьтан агнах, барих гэрээний биелэлтийн тайланг аймаг нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 15-аас өмнө хүргүүлнэ гэж заасан. Энэ нь хэн нэгэнтэй хамтарч гэрээний биелэлтийг бичдэг зүйл биш. Үүнийг бие даан өөрөө өгөх үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэ журмыг зөрчсөн тохиолдолд яах ёстой гэдгийг журмын 8.3-д иргэн, хуулийн этгээд энэхүү журам болон агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн.
Өөрөөр хэлбэл, “У” НҮТББ-д олгогдсон эрхийг хүчингүй болгох үндэслэлийг журамд заасан. Тайлан өгөөгүй гэдэг нь хангалттай нотлогдсон. Өөрсдөө ч зөвшөөрч байгаа. Менежментийн төлөвлөгөөний дагуу ажил хийгээгүй, ямар ажил хэзээ хийж байсан гэдэг нь тодорхой бус, тайлангаа дүгнүүлээгүй байдалтай байгаа нь тогтоогдож байгаа. “у” НҮТББ-ын агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө дэх хариуцагчийн гэрээ гэдэг нь ан агнуурын гэрээнээс тусдаа гэрээ. Төлөвлөгөөний тайлан, гэрээний тайлан гэж тус тусдаа өгөх ёстой.
Гэрээний 3.7, 3.8-д менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сумын Засаг даргатай хамтран дүгнэж, байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүргүүлнэ гэсэн. Тайлангаа авчирч байж, Засаг дарга маань дүгнэх ажлаа хийнэ. Ямар ч тайлан өгөөгүй байж яаж дүгнүүлэх юм вэ. Өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж, төрийн байгууллагын буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй. Гэрээний дагуу үүргүүдээ биелүүлээгүй учраас тухайн гэрээг цуцлах үндэслэл Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хэм хэмжээний актаар тогтоож өгсөн байна. Энэ хүрээнд захиргааны байгууллага тухайн эрхийг цуцлах, байгуулагдсан гэрээг мөн цуцлах, өөр этгээдтэй гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан бол хүчингүй болгох”-оор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хэм хэмжээний актад хүчингүй болгох үндэслэлийг зааж өгсөн. Тайлангаа хүргүүлсэн, хүргүүлээгүй тохиолдолд хүчингүй болгоно гэдэг байдлаар дүгнэсэн. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хэрэгт хангалттай баримтууд авагдсан. Энэ талаар авагдсан баримтууд эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэж байна. Өөрсдөө ч менежментийн төлөвлөгөөний дагуу ямар ч ажил хийгээгүй, тайлангаа өгөөгүй, зардал ч байхгүй, тайлан ч байхгүй явж байгаа гэдэг нь хангалттай харагдсан. Шүүхээс хангалттай баримт нэхсэн, ямар ч баримт гаргаж өгч чадаагүй. А.К өмгөөлөгч Төрийн бус байгууллага Амьтны тухай хуульд заасан эрхийг эдэлнэ гэж тайлбарлаж байна. Талуудын маргаж байгаа хүрээнд шүүх шийдвэрээ гаргах байх.
Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлд амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын эрх, үүргийг заасан. Үүнд, менежмент хариуцагчаар ажиллах гэдэг бүрэн эрх байхгүй. 21.5.3-д “агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах” гэж байгаа. Ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх гэдэг бүрэн эрхтэй. Үүнээс менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэдэг бүрэн эрх хуулиар холбогдоогүй. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааны чиглэлтэй гэж өөрсдөө тайлбарлаж байгаа. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцах гэдэг үйл ажиллагаа тус тусдаа.
Байгаль орчны тухай хуульд байгаль орчин гэдгийг тодорхойлсон, 3 дугаар зүйлийн 1-д “байгаль орчин” гэдэг хүний амьдралын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Монгол улсын нутаг дэвсгэрийн чулуу мандал, усан мандал, агаар мандлын харилцан шүтэлцээд хүрээлэл хамаарна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 4-д “амьтан” гэдэгт Монгол улсын нутаг дэвсгэрт байнга болон түр нутагшсан шувуу болон бусад амьтныг хамааруулахаар зохицуулсан. Үүнээс байгаль орчин хамгаалах, амьтны нөөцийг хамгаалах гэдэг үйл ажиллагаа тус тусдаа. Байгаль орчин хамгаалах, амьтны нөөц хамгаалах гэдэг хуулиар тус тусдаа байдлаар зохицуулагдсан. Амьтны нөөцөөр хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд зөвхөн Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 -д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Төрийн бус байгууллага дуртай юмаа хийдэг зохицуулалт байхгүй. Зөвхөн дүрэм, зорилгын хүрээнд тодорхой үйл ажиллагааг явуулах нь ашгийн бус нийтийн сайн сайхны төлөө байна. “Улаанговь дэлүүн” НҮТББ-ын менежментийн эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа эрх нь өөрөө тухайн байгууллагын дүрэмд заагдаагүй үйл ажиллагаа буюу заагдаагүй эрх. Энэ эрхийг шүүх хамгаалах боломжгүй. Зөрчсөн тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгодог. Маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө амьтны нөөцийг хамгаалах гэдэг үйл ажиллагааны чиглэлтэй төрийн бус байгууллага байгаагүй. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулах Хурал хийхдээ байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг хамгаалах чиг үүрэгтэй үүсгэн байгуулагдсан.
Үүнд ямар нэгэн байдлаар амьтны нөөцийг хамгаална гэдэг үйл ажиллагааны чиглэл байхгүй. 2021 онд өөрсдөө үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн. Энэ өөрчилсөн нь тухайн үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан гэдгийг нотолж байгаа. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаагүй гэдэг байдлаар тайлбарласан. Өөрсдөө шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ бид нар гишүүдэд тохирсон ажлын дагуу цалин хөлс өгдөг гэдэг тайлбар ирүүлсэн. Мөнгө төгрөг, орлого олдог үйл ажиллагаа байхгүй. Үүнийг хуулиар хориглосон.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Энэ үйл ажиллагааг явуулсаар байгаа. Ашиг олоод өөрсдийн дансанд байршуулдаг. Түүнийг ямар нэгэн байдлаар тайлагнадаггүй. Ямар учиртай гэдэг нь мэдэгдэхгүй. Энэ байгууллагын хууль зөрчиж явж байгаа үйл ажиллагааг дэмжиж, хуулиас гадуур эдэлж байгаа эрхийн хамгаалах боломж байхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллагад тухайн чиглэлээр гэрээ байгуулаад эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Гэхдээ маргаан бүхий акт гарахаас өмнө тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл байхгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанууд явж байсан учраас хууль зөрчсөн явдлыг таслан зогсоож, эрх олгосон шийдвэрүүдээ хүчингүй болгосон. Менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой. Тэгж байж “М” ХХК-д эрх олгох ёстой байсан гэж ярьж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.
Яагаад гэвэл, менежмент хариуцагчаар сонгогдсон этгээд менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулдаг болохоос сонгогдохоос өмнө өөрөө зардал гаргаад менежментийн төлөвлөгөө боловсруулдаг хууль байхгүй. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмын 1.3-д “тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, эрхээ олж авсны дараа шийдэх үйл ажиллагаа. “М” ХХК-иас мэргэжлийн байгууллагатай хийсэн гэрээгээ гаргаж өгсөн. Ковидтой холбоотой хийгдэж амжаагүй байгаа. Гэхдээ үүнийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж явж байгаа. Менежментийн төлөвлөгөөг түрүүлж боловсруулаагүй байснаар тухайн байгууллагад эрх олгож болохгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр ажиллахаас өмнө батлуулсан байх гэдэг хуулийн шаардлага байхгүй. Журамд тухайн менежмент хариуцагч хийх үүрэгтэй. Менежмент хариуцагч гэж хэнийг ойлгох вэ гэхээр тухайн гэрээг байгуулсан этгээд гэж ойлгоно. Гэрээ байгуулсан этгээд эрхээ олж аваад хийнэ. Менежмент хариуцагчаар ажиллах хүсэлт гаргасан этгээд менежментийн төлөвлөгөө боловсруулсан байна гэж зохицуулаагүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэгч юу бүрдүүлэх ёстой вэ, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсны дараа ямар үүрэг хүлээдэг вэ гэдгийг хуульд зохицуулсантай ижилхэн менежмент хариуцагч болсны дараа менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, боловсруулах үүрэгтэй. Бусад хууль тогтоомжид байгаа ижилхэн зохицуулалтуудад харьцуулж тухайн зохицуулалтуудыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Анх өөрсдийгөө “нөхөрлөл” гэж нэрлээд явж байсан байгууллага маань сүүлд үндсэн зорилгоо зөрчиж явсан болов уу гэж дүгнэсэн. Байгаль орчны тухай хуулийн 50 дугаар зүйлд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэдэг зохицуулалт байгаа. Үүнд тухайн засаг захиргааны иргэд хоорондоо нийлээд нөхөрлөл байгуулсан зохицуулалт байна. Энэ маань өөрөө амьтны нөөцийг хамгаалах үйл ажиллагаанаас тусдаа нөхөрлөл гэж өөрсдийгөө нэрлээд, төрийн бус байгууллага гэж бас нэрлээд учраа олохгүй, юу хийх гээд байгаа нь тодорхой биш үйл ажиллагааны чиглэлээс гадуур үйл ажиллагаа явуулж байгаа.
Тэгэхээр энэ байгууллага нөхөрлөлийн хувьд эрх нь зөрчигдөж байгаа юу, төрийн бус байгууллагын хувьд эрх нь зөрчигдөж байгаа юу гэдгийг нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар тайлбарлахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Амьтны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу “М” ХХК 27.1- 27.3 хүртэлх заасан шаардлагуудыг хангахгүй гэдэг илт үндэслэлгүй тайлбар гаргаж байна. 27 дугаар зүйлд сумын Засаг дарга байх болзол хангасан хуулийн этгээдтэй үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах гэрээ байгуулна гэж байгаа.
Үйлдвэрлэлийн зориулалтаар амьтан агнах ямар ч гэрээ байгуулаагүй. 27.1-д заасан зохицуулалт үйлдвэрлэлийн зориулалтаар амьтан агнахдаа холбоотой зохицуулалт. Менежмент хариуцагчийн гэрээ, ан агнуурын гэрээ гэдгийг тус тусдаа байгуулдаг. Ан агнах зөвшөөрөл олгох журмын дагуу тухайн жилдээ Засгийн газраас тогтоосон тоо хэмжээний хүрээнд гэрээнүүдээ байгуулаад явдаг. Тийм учраас хуульд хамааралгүй зохицуулалтуудыг хамаатуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Эцэст нь дүгнэхэд, гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээ тайлбарласан. Гэрээг ямар учраас цуцлах ёстой, дараагийн этгээдэд гэрээ байгуулж байгаа гэдгийг тайлбарлахад, гэрээ байгуулах үндэслэл болсон акт нь хүчингүй болсон.Энэ тохиолдолд тухайн гэрээ цаашид хэрэгжих боломжгүй. Засаг дарга болон Байгаль орчны газраас тайлбар ирүүлэхдээ гэрээ цуцлагдсан гэдгийг тайлбарласан. Ингэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.
Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан боловч нарийвчилсан зохицуулалт байхгүй. Энэ тохиолдолд хэм хэмжээний актад гэрээ цуцлах үндэслэлүүдийг юу гэж заасан, мөн Иргэний хуульд заасан гэрээг цуцлахдаа холбоотой зохицуулалтуудыг хэрэглэнэ. Ер нь Иргэний хуулийн 225-д зааснаар гэрээний үүргээ зөрчсөн бол цуцлах, тухайн эрхийг хүчингүй болгох эрх байгаа. Аливаа гэрээнд цуцлах үндэслэл байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж миний эрх зөрчигдсөн гэж ярьж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй.
Нэгдүгээрт, тухайн захиргааны акт хууль зөрчсөн үү, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн үү гэдэгт дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Яагаад гэвэл, тухайн менежмент хариуцагчаар ажиллах эрхийг хүчингүй болгох үндэслэл аль хэдийн бүрдсэн. 2017 оноос хойш 4 жилд ямар ч менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, тайлан өгөөгүй. Ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 8.3-д энэ журмыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн байгууллагын ажиллах эрхийг хүчингүй болгоно гэж заасан.
Тэгэхээр менежмент хариуцагчид тавигдах шаардлагыг 6 дугаар зүйлд зааснаар зохицуулсан. 6-д заасан тайлан өгөх, менежментийн төлөвлөгөөгөө өөрийн зардлаар батлуулах үүргээ биелүүлээгүй учраас аль хэдийн үндэслэл нь бүрдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж энэ алдааг засаад явсныг буруутгах үндэслэл байхгүй. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д зааснаар хууль буюу хэм хэмжээний актад хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Энэ үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримт, хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актуудын үндэслэлийг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Байгаль орчны газар тухайн сумын Засаг даргын Тамгын газар өөрсдийн гаргаж өгсөн баримтууд, шүүхээс нотлох баримт шаардахаар ямар ч баримт гаргаж өгч чадахгүй байдал зэргээс дүгнэхэд, нэхэмжлэлийг хангах ямар ч үндэслэл байхгүй байна. Гол нь хэлбэрийн шаардлагад нийцүүлээд өөрсдийн нэхэмжлэлийг хангуулах гэж үзэж байна. Агуулга руу орохгүй байна, өөрсдөө бид үүргээ биелүүлж байсан, цаашид ажиллах эрхтэй гэх ба ямар ч нотлох баримт байхгүй байна. Хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн зүйл тогтоогдохгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд “У” НҮТББ-аас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” 08 дугаартай тогтоолыг (1), Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан гурван талт ““У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2021-02 дугаартай гэрээг (2) тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэж маргажээ.
Нэхэмжлэлтэй хамт ирүүлсэн нотлох баримт болох “У” НҮТББ-д 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн №000075419 дугаартай гэрчилгээнд[1] байгууллагын тэргүүн А.Асхар гэж тэмдэглэгдсэн, уг гэрчилгээнд тухайн төрийн бус байгууллагыг удирдах, төлөөлөх этгээдийн талаар өөр мэдээлэл тусгагдаагүй тул А.Асхараас олгосон итгэмжлэлийн[2] дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хаас гаргасан “У” НҮТББ-ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “У” НҮТББ-ын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолын[3] 2-т “У” НҮТББ-ын тэргүүнээр А.Асхарыг томилсугай гэж, 5-т Удирдах зөвлөлийн даргаар О.С сонгосугай гэж тусгасан, тухайн өдрийн хурлын тэмдэглэлд[4] тухайн байгууллагын гишүүн А.Б “... хяналтын зөвлөл болон удирдах зөвлөлийн даргаар А.А сонгох” саналыг гаргаж, О.Советхан дэмжсэн талаар тусгагдсан, улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын тэргүүнээр А.А гэж бүртгэгдсэн зэрэг зөрүүтэй мэдээллүүдийн зөрүүг арилгах зорилгоор шүүхээс А.А нэхэмжлэгчийн хувиар, О.Советханыг гэрчийн хувиар асууж дээрх асуудлуудыг тодруулахад, гэрч О.С нь “...тухайн хурлаар байгууллагын удирдах зөвлөлийн даргаар А.А сонгосон, миний бие удирдах зөвлөлийн даргаар болон тэргүүнээр сонгогдож байгаагүй, анчин бөгөөд газарчнаар ажиллаж байсан” гэж мэдүүлсэн[5], мөн уг төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй гэж өөр этгээдээс маргаагүй тул А.А итгэмжлэлээр А.Х нь анх тус шүүхэд “У” НҮТББ-ыг төлөөлж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн дүрмийг бүртгэж, тус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар А.Хийг томилсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд[6] нэмэлт өөрчлөлт болгон тэмдэглэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, ...” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудын дагуу төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн даргад Төрийн бус байгууллагын тухай хуулиар тухайн төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхийг олгосон, энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч “У” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга А.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр оролцсон, өөрөөр хэлбэл, анх энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн байдал нь өөрчлөгдөж, нэхэмжлэгчээр оролцсон нь хууль зөрчөөгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, байгаль орчны мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-аас боловсруулсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Улаанговь” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг болон агнуурын зохион байгуулалтын тайланг хэлэлцэн “Ангийн менежментийн төлөвлөгөө болон агнуурын зохин байгуулалтын тайлан батлах тухай” 26 дугаар тогтоолоор[7] баталж, “Улаанговь” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр “У” НҮТББ-ыг тогтоож, уг байгууллагатай гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Ат зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ.
Улмаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хурлын Тэргүүлэгчид нь хуралдаж хэлэлцээд, “У” бүс нутгийн зураглал, хилийн цэсийг шинэчлэн тогтоох, энэ бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр “У” НҮТББ-тай гэрээ байгуулан ажиллах шийдвэрийг “Агнуурын бүс нутгийг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоолоор, “Улаанговь бүс” нутгийн менежментийн хариуцагч “У” НҮТББ-ын 2018 онд агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тайланг хэлэлцээд, “Улаанговь” бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч “У” НҮТББ-тай 10 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулахыг Дэлүүн сумын Засаг даргад болон аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад зөвшөөрсөн асуудлыг 28 дугаар тогтоолоор тус тус баталсан нь хэрэгт авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоол[8] болон хуралдааны тэмдэглэлээр[9], Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н батлуулсан,“Авралын Эрэлд” ХХК-аар хийлгэсэн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөгөөр[10] тус тус тогтоогдож байна.
Хурлын бүрэн эрхийг хуульчилсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 18 дугаар зүйлийн 18.1.2 “ж”-д “бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах”, Тэргүүлэгчдийн Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих, агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно”, 22.4-т “агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно”, 22.6-д “энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т зааснаар “ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгох ба ан агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч гэж Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын Хоёрын 2.4-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд байхаар хуульчилжээ.
Амьтны тухай хуулийн 5.2.4-т заасны дагуу Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын Нэгийн 1.3-т зааснаар “тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, иргэн хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ” гэж, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т зааснаар “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агнуурын нөөц бүхий болон ангийн аж ахуйн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд тухайн ан агнуурын бүсийг менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн Хурлын байгууллагаас тогтоодог байх ба менежментийн хариуцагч нь тухайн ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх, уг төлөвлөгөөг сумын Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэгдсэн байх, улмаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталсан байх, ингэснээр менежментийн хариуцагч нь тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллахдаа ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авахаар байна.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “У” агнуурын бүс нутгийн хил заагийг шинэчлэн тогтоож, энэ агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцүүлэн баталж, менежментийн төлөвлөгөөний хариуцагчаар “У” НҮТББ-г тогтоож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уг төлөвлөгөөг батлуулж, сумын Заргад болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хариуцагч хуулийн этгээдтэй эхний ээлжид 1 жилийн, дараа нь 10 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон зэрэг дээрх шийдвэрүүд нь дээрх хууль, журмын холбогдох заалтуудтай нийцсэн байна.
Гэтэл хариуцагчаас дээрх шийдвэрүүдийг хууль зөрчсөн шийдвэрүүд гэж үзэн маргаан бүхий Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” тогтоолоор[11] хүчингүй болгож, “У” бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хариуцагчаар “М” ХХК-ийг тогтоож, уг компанитай менежментийг хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Нт үүрэг болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг үндэслэн Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, “М” ХХК-ын хооронд гурван талт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “У” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах №2021-02 дугаартай гэрээ”-г[12] байгуулжээ.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ хариуцагчаас “... “У” НҮТББ нь хууль, гэрээ, журамд заасан үүргээ биелүүлээгүй, ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний хариуцагчаар ажиллах эрхгүй этгээдээр хариуцуулсан нь хууль зөрчсөн, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан А.А нь хувийн ашиг сонирхлоор эрх олгуулж, гэрээ байгуулсан, мөн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнээгүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг өгөөгүй, ангийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн, үүний улмаас орон нутгийн давсан хэсгээс санхүүжүүлэх зарим үйл ажиллагааг явуулахад доголдол үүссэн, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хийлгэх зардлыг хуулийн этгээд өөрөө хариуцах үүргээ биелүүлээгүй, Засаг дарга А.Аийн төрсөн дүү А.Х төрийн бус байгууллагын төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус байгууллагыг ашиглаж, ашиг хүртэх, хувийн ашиг сонирхлоо нууцлахын тулд А.А гэх хүнийг ашиглаж байсан, 2019 онд 2 угалз агнасны төлбөрийг дутуу төлж, төсөвт хохирол учруулсан” гэж марган тайлбарласан нь дараах байдлаар хууль бус байна.
2.1. Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл, хуулийн этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.1-т “хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших;” Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.4-т “агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч гэж ... иргэн, хуулийн этгээдийг”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд иргэн болон хуулийн этгээдэд агнуурын нөөцийг хамгаалах, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний хариуцагчаар ажиллах, агнуурын бүс нутгийн агнуурын нөөцийг хуульд болон гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу тогтвортой ашиглах, эзэмших бүрэн эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгч “У” НҮТББ нь “Бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зэргээр үйлчилгээ үзүүлэх, мөн үйлчилгээний бусад ажиллагаа явуулах” зэрэг эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн, гэхдээ хариуцагчаас тайлбарласанчлан “...төрийн бус байгууллагын хувьд зөвхөн ан агнуурын нөөцийг хамгаалах Амьтны тухай хуулийн 21.5-т заасан эрхийг эдэлж,, үүргийг хүлээх ёстой” гэж үзэх боломжгүй, хуулийн дээрх заалтуудаар төрийн бус байгууллага нь хуулийн этгээдийн хувьд агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагчаар ажиллах эрхтэй байх тул “У” агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагчаар “У” НҮТББ-ыг тогтоосон шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
2.2. Хариуцагч талаас “... “У” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хийлгэсэн зардлыг хуулийн этгээд өөрөө хариуцах ёстой байтал сумын төсвөөр хийлгэсэн” гэж маргажээ.
Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын 1.3, “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 6.1 дэх заалтуудын агуулгаас үзэхэд агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг өөрөө хийлгэж, боловсруулж, батлуулсан байх агуулгатай байна.
“У” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага “Авралын эрэлд” ХХК нь боловсруулсан ба Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ан агнуурын зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн 12 120 000 /арван хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг 2016 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс санхүүжүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсгээр[13] тогтоогджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд захиргааны байгууллага буюу хариуцагч өөрөө өмнө нь уг зардлыг орон нутгийн орлогын давсан хэсгээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн үр дагаварт “У” НҮТББ холбон буруутгасныг зөв гэж үзэх боломжгүй, энэ асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн агнуурын бүс нутгийн хариуцагчаар ажиллах шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр, хэрэв хуулийн этгээд өөрөө төлөх ёстой гэж үзсэн нөхцөлд уг зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх замаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж дүгнэлээ.
2.3. Агнуурын бүс нутгийн хариуцагч байгууллага нь Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 2 хавсралтын 6.3-т “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгнө”, “У” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн гэрээний 3.7-д[14] “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнэж тайланг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэж өгөх” үүрэгтэй байхаар тусгажээ.
“У” НҮТББ-ын 2018 оны ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сумын Засаг даргатай хамтран хуралдаанаар хэлэлцэж, дүгнэсэн нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тогтоолоор болон тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл дэх сумын Засаг дарга А.Аийн “ ... өнгөрсөн жил гэрээ 100% биелэгдсэн” гэж дүгнэсэн хэсгээр, тухайн байгууллагын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2018 онд аймгийн зуучлагч байгууллага “М” ХХК, 2019 оны хэрэгжилтийн тайланг “У” НҮТББ тус тус хүргүүлсэн нь, 2020 онд Ковид өвчний улмаас үйл ажиллагаа явагдаагүй болох нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар албан бичгээр[15], “У” НҮТББ-ын тайлангаар[16] тус тус батлагдаж байгаа бөгөөд үүгээр “нэхэмжлэгч нь журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн хариуцагчийн үндэслэлүүд нь үгүйсгэгдэж байна.
2.4. Нэхэмжлэгч нь төрийн бус байгууллагын хувьд санхүүгийн тайланг сумын Хурлын байгууллагад тайлагнах үүргийг хүлээхгүй бөгөөд Хурлын байгууллагад нэхэмжлэгчээс санхүүгийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлсэн эсэхийг хянах, үүнийг үндэслэж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргах эрх хэмжээг хууль, тогтоомжоор олгоогүй, иймээс “ ... санхүүгийн тайланг хүргүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн үндэслэл буруу байна.
2.5. Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хариуцагчтай байгуулсан гэрээг Засаг даргаас цуцлах үндэслэлүүдийг Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөж ажиллах”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 8 дах хэсэгт “Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална”, 1/ “нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан”, 2/ “гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш зургаан сар байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй”, 3/ “бүх гишүүдийн хурлаар нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарсан” 4/ “энэ хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус зохицуулжээ.
Сум, дүүргийн Засаг дарга нь нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан тохиолдолд гэрээг цуцлах ба хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний хариуцагчийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах эрх хэмжээтэй гэж хуулийн дээрх заалттай адилтган үзэх ба харин ямар үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх шийдвэрийг гаргах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй ажээ.
Энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчийн гаргасан гэх зөрчлийг нь, буруутай үйл ажиллагааг нь шалган тогтоож, энэ зөрчлийн хэр хэмжээ, шинж чанар, гаргасан нөхцөл шалгаан зэргийг харгалзан үзэж, менежментийн төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажиллагааг зогсоох шийдвэр гаргахаар байна.
Хариуцагчаас тайлбарлаж буй “...нэхэмжлэгч байгууллагад сумын Засаг дарга А.А нь хувийн ашиг сонирхлоор “У” ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгчийг тогтоож, эрх олгуулсан, төрсөн дүү А.Х нь өөрийн хувийн данснаас ангийн төлбөрийг төлсөн, мөн ангийн орлогын төлбөрийг хугацаа хожимдуулж төлсний улмаас орон нутагт орох орлогоор хийгдэх ажлуудад доголдол үүссэн” гэх үндэслэлүүдэд хамаарах нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох, үүний улмаас “У” ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад гарсан сөрөг үр дагаврууд, цаашид уг хуулийн этгээдээр бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн нөхцөлүүд нь тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлд заасан “ Нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонсох” хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр шийдвэр гаргажээ.
Тодруулбал, хариуцагч Хурлын Тэргүүлэгчид нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэх хуулийн заалтуудыг зөрчиж, “У” НҮТББ-ын эрх ашгийг хөндөх шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, холбогдох нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр, нэхэмжлэгч талын төлөөллийг оролцуулахгүйгээр, тэдэнд тайлбар гаргах боломж олгохгүйгээр, сонсох ажиллагааг хийхгүйгээр зөвхөн гуравдагч этгээд “М” ХХК-ийн ан агнуурын менежментийг хариуцагчаар ажиллуулах хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хуульд заасан журмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол болон уг тогтоолыг үндэслэж гуравдагч этгээд “М” ХХК-ийн Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан гурван талт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Улаанговь” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах №2021-02 дугаартай гэрээ”-г тус тус хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч “У” НҮТББ-ын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг “... агнасан 2 угалзны үнийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор тогтоосон жишиг үнийн дагуу төлөөгүй, дутуу төлж орон нутгийн төсвийг 7800 доллароор хохироосон” гэж буруутган тайлбарласан, энэ үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг батлах үед хэлэлцэгдээгүй, маргаан бүхий актын үндэслэлд тусгагдаагүй, хэрэв нэхэмжлэгч 2 угалзны үнийг дутуу төлсөн нь тогтоогдвол эрх бүхий этгээд нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1, 21.3.2, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 8 дах хэсгийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24, 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” НҮТББ-ын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” 08 дугаартай тогтоолыг, мөн Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан гурван талт “У” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2021-02 дугаартай гэрээ”-г тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 4 дүгээр хуудас /1 хавтас/
[2] Хэргийн 12 дугаар хуудас /1 хавтас/
[3] Хэргийн 226 дугаар хуудас /1 хавтас/
[4] Хэргийн 227 дугаар хуудас /1 хавтас/
[5] Хэргийн 14-15 дугаар хуудас /2 хавтас/
[6] Хэргийн 40 дүгээр хуудас /1 хавтас/
[7] Хэргийн 105 дугаар хуудас /1 хавтас/
[8] Хэргийн 86, 87 дугаар хуудас / 1 хавтас/
[9] Хэргийн 82-85 дугаар хуудас /1 хавтас/
[10] Хэргийн 45-91 дүгээр хуудас /2 хавтас/
[11] Хэргийн 110 дугаар хуудас /1 хавтас/
[12] Хэргийн 129 дүгээр хуудас /1 хавтас/
[13] Хэргийн 109 дүгээр хуудас /1 хавтас/
[14] Хэргийн 9-11 дүгээр хуудас /1 хавтас/
[15] Хэргийн 60 дугаар хуудас /1 хавтас/
[16] Хэргийн 113-131 дүгээр хуудас /2 хавтас/