Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0676

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

 

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд О.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж;

 

Нэхэмжлэгч: Ц.Т,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцаг: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: О.Ц;

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/49* дугаартай захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 659 дугаар шийдвэр;

Давж заалдах шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ү нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0565/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ц.Т-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/49* дугаартай захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 659 дугаартай шийдвэрээр:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь хэсгийн

 

1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/49* дугаартай захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж,

 

2 дахь заалтаар Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 1* дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 19.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ын гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 1*-р хороо, Шарга морьт зуслангийн газар болох нэгж талбарын 3056/1401* /186443278698**/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрын хэмжээг өөрчлөн хассан, нэгж талбарын дугаарыг 186443278648** болгон өөрчилсөн, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээг анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж,

 

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/49* дугаартай захирамжийн О.Ц д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

 

 3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0659 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

3.1. Анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн засаг даргын миний үйлчлүүлэгчид эзэмших эрх олгосон захирамж нь алдаатай гарсан гэж үзэж үндэслэл хэсэгтээ миний үйлчлүүлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхээ баталгаажуулах, кадастрын зургийг баталгаажуулах үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж газрын нэгдсэн бүртгэлд өөрийн эзэмшиж авсан газраа бүртгүүлээгүй эс үйлдэхүй нь дүүргийн засаг даргын захирамжийг хууль бус алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Засаг дарга нь хууль тогтоомжид заасны дагуу газрын албанаас ирүүлсэн газрын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлд бүртгэгдэж, кадастрын зураг хийгдсэн газарт эзэмших эрх олгох хууль зүйн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ аваагүйн төлөө миний үйлчлүүлэгч хохирох учиргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хэсэгт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч Ц.Т-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/49* дугаар захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1* дүгээр хороо, Шарга морьт зуслангийн газар болох 186443278698** нэгж талбарын 3056/1401* дугаар бүхий 635 м.кв бүхий газрын мэдээллийг сэргээлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/49* дугаартай захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгах” гэж өөрчилжээ.

 

  1. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь Сүхбаатар дүүргийн 1* дүгээр хорооны Шарга морьт зуслангийн газрын хэмжээ, газрын байршлын кадастрын зураглалууд өөрчлөгдөн бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсчээ.

 

  1. Нэхэмжлэгч Ц.Т-ын газрын талаар;

 

4.1. Нэхэмжлэгч Ц.Т нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, Сүхбаатар дүүргийн 1* дүгээр хороо, Шарга морьтод зуслангийн газар эзэмших хүсэлт /газрын хэмжээ бичээгүй, 1хх-ийн 63-65/ гаргасныг тус албаны 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 106* дугаарт бүртгэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар 3056/1401* дугаар бүхий 186443278698** нэгж талбартай 635 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсон байна.

 

4.2. Дээрх газрыг анх 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 186443278698**  нэгж талбарын дугаартай 635 м.кв талбайгаар /1хх-ийн 9/ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байх боловч уг талбайн хэмжээ, кадастрын зураглал хэд хэдэн удаа өөрчлөгдсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

-2008-3-26 огноотой Ц.Т-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт нэгж талбарын дугааргүй, газрын хэмжээ 560,5 м.кв талбайтай /1хх-ийн 16,17/ гэж,

-2008-10-10 огноотой мөн нэгж талбарын дугааргүй, газрын хэмжээ 653.2, 634.9 м.кв /1хх-ийн 19, 20/ гэж,

-2008-12-15 огноотой 186443278698**  нэгж талбарын дугаартай, 635 м.кв /1хх-ийн 67/

-2011-05-30 огноотой 186443278698**  нэгж талбарын дугаартай, 635 м.кв талбайн хэмжээтэй /1хх-ийн 189/

-2020-10-07 огноотой 14620019** нэгж талбарын дугаартай, 361 м.кв талбай /1хх-ийн 23/-тай болж өөрчлөгдсөн байна.

Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/1322 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд:

-2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээлэлд ...талбайн хэмжээ өөрчлөгдөн 18644327869** дугаартай 634 м.кв талбайгаар эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн ...

-2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдээлэлд дээрх нэгж талбар дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөн 186443278648** дугаартай 361 м.кв талбайгаар Ц.Т-ын нэр дээр бүртгэгдсэн...

-2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдээлэлд 186443278648** дугаар нь нэгж талбарын 14620019** дугаар болж өөрчлөгдөн...иргэн Ц.Т-ын нэр дээр бүртгэгдсэн” /1хх-ийн 11-15/ байна.

 

  1. Гуравдагч этгээд О.Ц-ийн газрын талаар;

 

5.1. Маргаан бүхий газарт анх газар эзэмших эрх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаар захирамжаар 0,04 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлснээр иргэн В.Б-т үүсч, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэхдээ газрын хэмжээг 559 м.кв /400 м.кв+159 м.кв/ болгож нэмэгдүүлжээ.

 

5.2. Ингэхдээ иргэн В.Б-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан “...газар ашиглах гэрээний хугацаа дууссан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэсэн байна. /1хх-ийн 122/

 

5.3. Тухайлбал, дүүргийн засаг дарга газар эзэмшигч В.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын хэмжээг 159 м.кв-аар нэмэгдүүлж, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргасан болох нь тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

5.4. Үүний дараа В.Б-ын газар эзэмших эрхийг иргэн Ж.Б руу дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/267 дугаар захирамжаар шилжүүлсэн байх бөгөөд газар эзэмшигч Ж.Б нас барсан тул түүний эхнэр болох гуравдагч этгээд О.Ц-д 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/49* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.

 

5.5. Гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршил, нэгж талбарын дугаарыг газрын кадастрын мэдээллийн сан болон хэрэгт авагдсан кадастрын зургаас үзвэл:

-2007-07-03 огноотой В.Б-ын 186443278689** нэгж талбарын дугаартай, 559 м.кв газар /1хх-ийн 125/

-2019-05-24, 2019-06-28, 2019-07-10 огноотой Ж.Б-ийн 146200190* нэгж талбарын дугаартай, 559 м.кв газар /1хх-ийн 103, 104, 55/

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3/1917 дугаар албан бичигт

“...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэгж талбарын 1864432786891* дугаар бүхий 558 м.кв талбайтай газар эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн.

...2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын мэдээлэлд дээрх газрын талбайн хэмжээ өөрчлөгдөн 400 м.кв болж нэгж талбарын 1864432786691* дугаартай ...

...2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ...газрын талбайн хэмжээ өөрчлөгдөн 559 м.кв болж нэгж талбарын 1864432788391* дугаартай ...

...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ...1864432788391* дугаар нь нэгж талбарын 14620019** дугаар болж өөрчлөгдөн бүртгэгдсэн байна. /1хх-ийн 138-142/

 

6. Сүхбаатар дүүргийн Газар, зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Ц.Т-ын эзэмших эрхтэй 635 м.кв газрын хэмжээг эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэр, зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 361 м.кв болгон багасгаж, газрын байршил хэвээрээ боловч кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж бүртгэсэн үйлдэл нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 1* дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 29 дүгээр зүйлийн 29.10, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасныг зөрчсөн, мөн хариуцагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй буруутай болох нь тогтоогдож байна.

 

6.1. Анхан шатны шүүхээс “...гуравдагч этгээд О-ын Ц-д холбогдох хэсгийг “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын үүднээс хүчингүй болгох боломжгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн газрын маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх зарчмаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/49* дугаар захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

6.2. Нэгэнтээ маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, захиргааны шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

 

6.3. Зүй нь дүүргийн засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн эзэмшиж буй 400 м.кв газрын хэмжээг 159 м.кв-аар нэмэгдүүлж олгосноор мөн дүүргийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 635 м.кв газартай давхцаж буй эсэх, үүний улмаас талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

6.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” гэж заасны дагуу газрын хэмжээ, зааг, байршлыг тодорхой бичээгүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2009 оны 217 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 635 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрын хэмжээ болон газрын байршил нь кадастрын мэдээллийн санд удаа дараа өөрчлөлтөөр бүртгэсэн үйлдлүүд, мөн иргэн В.Б-оос газрын хэмжээ нэмэгдүүлэх агуулгагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан байхад 159 м.кв газрыг нэмж олгохоор шийдвэрлэсэн зэрэг хариуцагчийн шийдвэр болон үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.4-т заасантай нийцээгүй байна.

 

6.5. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...иргэн Ц.Т-д 2009 оны 217 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх явцад кадастрын зурагт өөрчлөлт оруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэх тайлбар /1хх-ийн 171 дэх талд/ болон хэрэгт авагдсан кадастрын мэдээллийн нэгдсэн санд газар эзэмшигч нарын газрын бүртгэл удаа дараа өөр өөрөөр бүртгэгдсэн байгаа зэрэг дээрх тогтоогдсон маргаан бүхий нөхцөл байдлуудыг захиргааны байгууллагаас дахин нягталж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий газрын байршлын кадастрын зураглалыг давхцуулсан байдлаар харьцуулан үзэх, газар эзэмшигч нарыг байлцуулан газар дээр нь очиж хэмжилт хийж, хашааны орц, гарцын асуудлыг хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхгүй байдлаар захиргааны акт гаргах ажиллагааг дахин явуулж, бодит нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн шийдвэр гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий акт болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл хийх ажиллагааг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6.6. Ингэхдээ хариуцагч нар нь анхан шатны шүүхийн “...хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хашааны орц, гарцын асуудлыг талуудын хэн алины эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байдлаар шийдвэрлэх үүрэгтэй...” гэснийг анхаарч, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-т заасан зарчмыг баримталбал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0659 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 1* дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 19.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/49* дугаартай захирамжийн О.Ц-д холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгчийн 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээж бүртгэх асуудлыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг “2” болгож “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” болгож “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

                                                                                 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                                                                          Т.ЭНХМАА