Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг

Улсын яллагч:З.Энхжаргал

Шүүгдэгч Г.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Оюунбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031924  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1996  оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд сургуулийн татвар хяналтын 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг, чүрмэнзаан гудамж 02-09 тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Цэдэв овогт Ганбаатарын Оюунбаатар /рд:ЕМ96092912/,

 Шүүгдэгч Г.Оюунбаатар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 2 тоот байранд 1 өрөөг түрээслэж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Буянчимэгийн өрөөнд нэвтрэн орж монетон цагираг ээмэг 1 хос, монетон бөгж,  эрэгтэй хүний монетон бөгж, хар өнгийн өдөн куртик, цэцэгтэй монетон ээмэг /өрөөсөн/ зэргийг хулгайлж бусдад 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч Г.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу явахаар болоход зардал хэрэгтэй болсон тул өөрийн түрээслэдэг байрны эзэн Буянчимэг эгчийн ээмэг, бөгжийг авч ломбарданд тавьсан. Уг нь тэр зүйлсийг Буянчимэг эгчийг гэртээ ирэхээс нь өмнө авч өгнө гэж бодож байсан боловч Буянчимэг эгч ирэх талаараа мэдэгдэлгүй орой гэнэт ирсэн. Маргааш нь би ломбарднаас авч өгье гэж бодоод сургуулиасаа ирэхэд намайг цагдаад өгсөн. Тэгээд би ломбарднаас тэр зүйлсийг нь авч өгөн хохирлыг барагдуулсан. Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж, ухаарч байгаа тул биеэр ял эдлүүлэхгүй байж өгнө үү гэв..

 Хохирогч Б.Буянчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 2 дугаар тоотод амьдардаг юм. 2016 оны 09 дүгээр

сарын 02-ны өдөр Дорноговь аймаг руу гэр лүүгээ харьчихаад 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчим гэртээ ирсэн чинь Оюунбаатар манай өрөөнд орчихсон архи уугаад сууж байхаар нь тараагаад өрөө рүү нь оруулаад маргааш өглөө ирэхэд гэр орон цэвэрлэчихсэн байгаарай гэж хэлчихээд дүүгийнд очиж хоносон.  Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирсэн чинь цэвэрлээгүй байхаар нь юм бүртгэж үзсэн чинь гоо сайхны ширээний доод талд улаан кошлак дотор хийчихсэн байсан монетон цагираг ээмэг нэг хос, монетон бөгж нэг ширхэг, цэцэгтэй монетон өрөөсөн ээмэг 1 ширхэг, эрэгтэй бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн куртик зэрэг эд зүйлс хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өгчихөөд байж байхад Оюунбаатар хичээлээсээ дөнгөж ирээд байж байсан. Миний ээмэг бөгж хаана байна гэсэн чинь би ломбарданд тавьчихсан юмаа та битгий цагдаад дуудлага өгөөч гээд байсан. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Дараа нь куртикээ үзсэн чинь байсан. Бусад зүйлс нь байхгүй алга болчихсон байсан. Ямар ч байсан намайг ирэхэд миний эд зүйлсийг Оюунбаатар хулгайлаад ломбарданд тавьсан байсан. Оюунбаатараас гарцаагүй, хөл ургаад явчихаагүй бол байх ёстой газраа байх л ёстой. Миний эд зүйл намайг явахын өмнө үзэхэд байсан. Тэгээд эргээд ирсэн чинь байхгүй байсан. Г.Оюунбаатар, Дашням гэх 2 залуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж манай өрөөг түрээслэж байгаа юм. Оюунбаатар миний эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй. Манай өрөө тусдаа хаалгатай хаалгаа цоожилж чадаагүй байсан. Засвар хийгээд цоожийг нь хийж чадаагүй модон сандалаар даруулаад орхисон байсан юм. Сандлыг нь авчихсан байсан. Би 2016 оны 07 дугаар сард наадмын үеэр Мөнгөн завьяагаас цагираган ээмгийг 160.000 төгрөгөөр авсан 585 сорьцтой 3.2 грамм, эмэгтэй шигтгээтэй монетон бөгжийг нь 2014 онд Мөнгөн завьяагаас 250.000 төгрөгөөр авсан 585 сорьцтой 2.2 грамм, цэцэгтэй монетон ээмэг /өрөөсөн/, 100.000 сорьц  нь тодорхойгүй 1 грамм, цагираг эрэгтэй монетон бөгж 1 грамм 2 жилийн өмнө 80.000 төгрөгөөр авсан куртик нь олдсон гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Оюунбаатарын хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны 2 тоотод хажуу өрөө түрээслэж амьдардаг юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хичээлдээ явчихаад ирсэн чинь Оюунбаатар болон цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд Оюунбаатар бид 2 нэг өрөөнд, түрээслүүлж байгаа эгч Буянчимэг тусдаа өрөөнд байдаг. Би өрөөнд нь интернетийн скай медиаг нь шалгах гээд орсон юм. Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн газарт ирээд мэдсэн. Оюунбаатарыг хулгай хийсэн талаар нь мэдээгүй байсан. Оюунбаатар надад лав хөдөө гадаа явлаа гэж хэлээгүй. Би Буянчимэг эгчийн шүүгээнд ямар ямар эд зүйл байдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Надад Оюунбаатар хулгай хийх талаар хэлж байгаагүй гэх мэдүүлэг,

Яллагдагч Г.Оюунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 2 тоотод иргэн Б.Буянчимэг гэх хүний өрөөг нь түрээслэж амьдарч байгаа юм. Б.Буянчимэг эгч 2016 оны 9 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу гэрлүүгээ явчихсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу явах ажил гарсан учраас мөнгөний хэрэг гараад байхаар нь Б.Буянчимэг эгчийн өрөө рүү ороод шургуулганд байсан ээмэг нэг хос, бөгж нэг ширхэг байхаар нь авчихсан юм. Тэгээд авсан эд зүйлээ Теди худалдааны төвийн урд талд байдаг Начин заан ломбарданд 80.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан юм. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Буянчимэг эгч хөдөөнөөс ирээд маргааш нь ээмэг, бөгжөө алдсанаа мэдээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээмэг, бөгжийг нь ломбарднаас аваад өгчихсөн одоо ямар нэгэн хохирол байхгүй. Миний авсан зүйлс энэ 2 л байгаа. Би тухайн үед хэлж чадаагүй ирэхээс нь өмнө аваад өгчихнө гэж бодож байсан юм. Миний түрээслэж байсан өрөө Б.Буянчимэг эгчийн өрөөнөөс тусдаа надад Б.Буянчимэг эгчийн эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй гэх мэдүүлэг,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Оюунбаатар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 2 тоот байранд 1 өрөөг түрээслэж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Буянчимэгийн өрөөнд нэвтрэн орж монетон цагираг ээмэг 1 хос, монетон  бөгж, эрэгтэй хүний монетон бөгж, хар өнгийн өдөн куртик, цэцэгтэй монетон ээмэг /өрөөсөн/ зэргийг хулгайлж бусдад 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Оюунбаатарын …Би 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу явахаар болоход зардал хэрэгтэй болсон тул өөрийн түрээслэдэг байрны эзэн Буянчимэг эгчийн ээмэг, бөгжийг авч ломбарданд тавьсан. ..Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж, ухаарч байгаа гэх мэдүүлэг,

 Хохирогч Б.Буянчимэг …  Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирсэн чинь цэвэрлээгүй байхаар нь юм бүртгэж үзсэн чинь гоо сайхны ширээний доод талд улаан кошлак дотор хийчихсэн байсан монетон цагираг ээмэг нэг хос, монетон бөгж нэг ширхэг, цэцэгтэй монетон өрөөсөн ээмэг 1 ширхэг, эрэгтэй бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн куртик зэрэг эд зүйлс хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өгчихөөд байж байхад Оюунбаатар хичээлээсээ дөнгөж ирээд байж байсан. Миний ээмэг бөгж хаана байна гэсэн чинь би ломбарданд тавьчихсан юмаа та битгий цагдаад дуудлага өгөөч гээд байсан... Би 2016 оны 07 дугаар сард наадмын үеэр Мөнгөн завьяагаас цагираган ээмгийг 160.000 төгрөгөөр авсан 585 сорьцтой 3.2 грамм, эмэгтэй шигтгээтэй монетон бөгжийг нь 2014 онд Мөнгөн завьяагаас 250.000 төгрөгөөр авсан 585 сорьцтой 2.2 грамм, цэцэгтэй монетон ээмэг /өрөөсөн/, 100.000 сорьц  нь тодорхойгүй 1 грамм, цагираг эрэгтэй монетон бөгж 1 грамм 2 жилийн өмнө 80.000 төгрөгөөр авсан куртик нь олдсон гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дашнямын … Тэгээд Оюунбаатар бид 2 нэг өрөөнд, түрээслүүлж байгаа эгч Буянчимэг тусдаа өрөөнд байдаг. Би өрөөнд нь интернетийн скай медиаг нь шалгах гээд орсон юм. Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн газарт ирээд мэдсэн. Оюунбаатарыг хулгай хийсэн талаар нь мэдээгүй байсан. Оюунбаатар надад лав хөдөө гадаа явлаа гэж хэлээгүй. Би Буянчимэг эгчийн шүүгээнд ямар ямар эд зүйл байдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Надад Оюунбаатар хулгай хийх талаар хэлж байгаагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, оюутан зэрэг байдлыг нь харгалзан ял оноов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цэдэв овогт Ганбаатарын Оюунбаатар нь иргэн Б.Буянчимэгийн өрөөнд нэвтрэн орж монетон цагираг ээмэг 1 хос, монетон бөгж, эрэгтэй хүний монетон бөгж, хар өнгийн өдөн куртик, цэцэгтэй монетон ээмэг /өрөөсөн/ зэргийг хулгайлж бусдад 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН