Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Хохирогч Т.Б

Шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Хийн Пт холбогдох 2216000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч Х.П нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тайшир сумын Алтангадас багийн нутагт “Гео Файл” ХХК-д хамт туслах ажилтнаар ажилладаг Т.Бтэй ажил үүргээ гүйцэтгэх явцдаа “олон юм ярьлаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Х.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Бид хоёр маргаан үүссэний дараа ажлаа хийгээд 2 хонож байхад хохирогч Д.Бийн ах найзуудтайгаа ирсэн. Тэгээд би гэртээ орох гэж байхад талхи минь наашаа хүрээд ир, яагаад хүүхэд зодож байгаа юм бэ? гэж согтуу залуучууд хэлсэн. Би гэрт орчхоод буцаад очиход манай дүүг одоо авч яваад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгэхэд нь авга ах, охин хоёр очиж хохирогч Д.Бийг авах гэтэл би ахтайгаа хамт явна гэж хэлээд аймагт ирж шууд шүүх эмнэлгийн гадаа очсон. Мөн манай охин хохирогчийг эмнэлгээр үзүүлж, бүх зардал хариуцлагыг тооцъё гэж хэлэхэд хохирогч Д.Б үгүй гэж хэлсэн. Учир нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй урчаас би үзүүлэхгүй гэж хэлээд шүүх эмнэлэг рүү орсон. Тийм учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан хүнийг буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэв.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Х.П нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тайшир сумын Алтангадас багийн нутагт “Гео Файл” ХХК-д хамт туслах ажилтнаар ажилладаг Т.Бтэй ажил үүргээ гүйцэтгэх явцдаа “олон юм ярьлаа” хэмээн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Х.П гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Би шүүгдэгчийг урдуур тойроод яв гэж хэлэхэд араар тойрч ирээд миний өмнөөс үглээд байсан. Тэгээд доошоо тонгойгоод хувцсаа тайлах гэж байхад ирж ирүү лүү нэг цохиж, хамар луу нөгөө гараараа нэг цохисон. Би тэгэхэд нь та яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд зүй бусаар намайг доромжилсон. Тэгээд манай инженер уурлаж бид хоёр машинд суусан. Би машинд суучхаад түрүүлж уучлалт гуйсан. Тэгэхэд Х.П намайг Говь-Алтайд очиж, чамайг гишгэх газаргүй болгож чадна шүү гэж хэлсэн. Би тэгэхэд нь дотроо миний эцэг шиг хүн гэж бодоод юм хэлээгүй. Дараа нь манай ах найзуудтайгаа надад алчуур хүргэж ирсэн. Тэгээд миний хамрыг харчихаад яасан юм бэ? гэж асуухад нь болсон зүйлийг хэлсэн. Тэгээд ах ямар даварчихсан юм бэ? гэж хэлээд Х.П ахыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд гэрт орчихоод ирэхэд нь та манай дүүгийн хамрыг яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд Х.П ах дараа нь манай ахыг хөгшин төгцөг минь хүрээд ир гэж дуудсан гэж худлаа хэлсэн. Мөн манай ахын найзууд бүгд эрүүл байсан. Тэгэхэд шүүгдэгч согтуу байсан гэж хэлсэн. Х.П ахын хүүхэд эмнэлгээр явж үзүүлье гэж хэлэхэд би эрүүл мэндийн даатгал төлдөггүй гэж хэлээгүй. Харин шийдвэрлэх ёстой газраар нь шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Учир нь Х.П ах чи явдаг газраар нь яв чи надаас юм авч чадахгүй гэж хэлсэн. Мөн би хоорондоо учраа ольё гэж хэлж байсан. Тэгэхэд чи надаас юм олж авахгүй гэж хэлсэн. Тийм учраас хэл амаараа ойлголцохгүй юм байна гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

   Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл Тайшир сумын Далан багийн нутагт геологийн хайгуулын үйл ажиллагаа явуулж “Гео файл” ХХК-д туслах ажилтнаар ажилласан юм. 2022 оны сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ажлын хүмүүстэйгээ газар доогуур цахилгаан оруулж соронзон үелзлээр хэмждэг шавар ваарнуудаа газарт зоогоод ил цахилгаан гүйдэггүй утсаа бариад ажлаа хийж байсан. Энэ үед би замын хажуу талд паараа зоогоод утсаа газраар дамжуулж байтал төв замаар хурдтай машин ирэхдээ цахилгааны утсан дээр гарахдаа газарт зоосон шавар паарыг утсаар нь татаад хагалчихсан юм. Ингээд фургон машинаас дахиж нэг паар авч ирээд хэмжилтээ хийж дууссан. Ингээд ажлаа дуусгаад утсаа хураагаад явж байгаад би П ахад одоо яанаа наад шавар ваар чинь 120 долларын үнэтэй гэсэн ш дээ гэж хэлтэл битгий далдаганаад байгаарай банди минь гээд хэл амаар доромжилсон. Ингээд намайг фургон машинд багаж тавьж байтал санамсаргүй байдлаар нүүрний хамар хэсэг рүү гараараа хоёр удаа цохиход нь та яаж байгаа юм бэ яагаад намайг цохиж байгаа юм бэ гэтэл Говь-Алтайд чамайг гишгэх газаргүй болгоноо гээд хэл амаар доромжилсон. Тэр үед хамар өвдөөд, толгой манарсан юм. Ингээд инженер Т юу болоод байгаа юм боль гэхээр нь П гуай болиод машиндаа суугаад кемп рүүгээ явсан юм. Ингээд би П ахад миний буруу байсан бол уучлаарай, та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэтэл амаа татаж яваарай гэж хэлээд тэгээд бид хоёр харьцаагүй юм. Ингээд 2022 оны 06 сарын 16-ны өдөр би ажлаа хүлээлгэж өгөөд аймагт ирээд би албан ёсоор цагдаад өргөдлөө өгсөн юм. Баруун гараараа эрүү орчим руу, зүүн гараараа хамар луу цохисон юм. Бид хоёр уг нь хайгуулын компанид ажиллах үеэсээ эхэлж бие биенээ таних болсон. Түүнээс өмнө нь Говь-Алтай аймагт огт тааралдаж байгаагүй. Би хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Тань шиг ийм эр хүн байхгүй шүү гэж л хэлсэн юм. Би муу хөгшин төгцөг минь гэж хэлээгүй. Би эмчилгээ хийлгээгүй, өөрөөр нь хамарны хугарлыг эдгээсэн. Би 2021 оны 12 дугаар сард Дархан хотод хүнд хамраа цохиулж мурийлгаад тухайн үед хамраа тэгшлүүлж байсан гэж ярьж байсан юм. Түүнээс сая 5 сард хүнд зодуулсан гэж огт яриагүй юм ...би хамарны эмчилгээний зардал болох 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р тал/,

 

Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Э инженер манай багийг ахлаад 5 хүн өглөө Тайшир сумын Далан багийн Алтангадас багийн нутагт алтны геологийн хайгуул буюу гео физикийн цахилгаан хайгуул хийж явсан. Ингээд үдээс хойш 17 цагийн үед Алтангадас нэртэй газрын хажуугаар явсан явж байсан шороон замаар ажилчид тарж 200-гаад метр хэмжээтэй цуварч ажлаа хийсэн. Ингээд 18 цаг өнгөрч байхад цахилгааныхаа утсыг хураагаад машиныхаа ар талын багаж руу хийсэн. Тэгэхэд Буяндэлгэр, П ах хоёр маргалдаж байгаа бололтой том дуугараад байхаар нь чагнасан чинь та ваар хагалчихлаа ш дээ гэж муудалцахаар нь хартал нүдний буланд П ах гараа саваад Бийн нүүр лүү цохих шиг болсон. Би тухайн үед юунаас болж хоорондоо муудалцсаныг нь үнэндээ мэдээгүй юм. Тэгтэл та намайг цохичихлоо ш дээ би хөгшин тантай зодолдохгүй та миний аав шиг хүн ш дээ гээд арагшаагаа ухрах үед Э хөөе юу болоод байнаа гэтэл хоёулаа дуугай болоод машин тэргэндээ багаж хэрэгслээ тавьж суугаад бид нар хөдөлсөн юм. Тэгээд машин суугаад явж байхдаа хоёулаа бие биедээ уучлал гуйгаад Б нь П ахыг та миний аав шиг хүн байна уучлаарай гэж хэлж байсан юм. Нэг удаа л гараа нүүрэн хэсэг рүү нь гараа явуулахыг хальт харсан. Түүнээс П ах хоёр удаа цохиогүй. Тухайн үед Бийн царайлуу харахад хамарных нь нэг талын хэсэг дээр бага зэрэг шалбарсан харагдсан. Түүнээс цус гараад хамар ам нь мурийсан зүйл огт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

 

Гэрч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Э инженер манай багийг ахлаад 5 хүн өглөө Тайшир сумын Далан багийн Алтангадас багийн нутагт алтны геологийн хайгуул буюу гео физикийн цахилгаан хайгуул хийж явсан. Ингээд үдээс хойш 17 цагийн үед Алтангадас нэртэй газрын хажуугаар явсан явж байсан шороон замаар ажилчид тарж 200-гаад метр хэмжээтэй цуварч ажлаа хийсэн. Ингээд 18 цаг өнгөрч байхад цахилгааныхаа утсыг хураагаад машиныхаа ар талын багаж руу хийсэн. Тэгэхэд Б, П ах хоёр маргалдаж байгаа бололтой том дуугараад байхаар нь чагнасан чинь та ваар хагалчихлаа ш дээ гэж муудалцахаар нь хартал нүдний буланд П ах гараа явуулаад Бийн нүүр лүү цохих шиг болсон. Би тухайн үед юунаас болж хоорондоо муудалцсаныг нь үнэндээ мэдээгүй юм. Тэгтэл та намайг цохичихлоо ш дээ би хөгшин тантай зодолдохгүй та миний аав шиг хүн ш дээ гээд арагшаагаа ухрах үед Э хөөе юу болоод байна гэтэл хоёулаа дуугай болоод машин тэргэндээ багаж хэрэгслээ тавьж суугаад бид нар хөдөлсөн юм.Тэгээд машин суугаад явж байхдаа хоёулаа бие биедээ уучлал гуйгаад Б нь П ахыг та миний аав шиг хүн байна уучлаарай гэж хэлж байсан юм. нэг удаа л гараа нүүрэн хэсэг рүү нь явуулахыг хальт харсан.түүнээс П ах хоёр удаа цохиогүй. Тухайн үед Бийн царай луу харахад хамрынх нь нэг талын хэсэг дээр бага зэрэг шалбарсан харагдсан. Түүнээс цус гараад хамар ам нь муруйсан зүйл огт байхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

 

          Гэрч Б.Эны мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би ахлаад манай багт надаас тус 4 хүн өглөө Тайшир сумын Далан багийн Алтангадас багийн нутагт алтны геологийн хайгуул буюу гео физикийн цахилгаан хайгуул хийж явсан. Ингээд үдээс хойш 17 цагийн үед Алтангадас нэртэй газрын хажуугаар явсан явж байсан шороон замаар ажилчид тарж 200-гаад метр хэмжээтэй цуварч ажлаа хийсэн. Шороон замын хажууд ажлаа хийж байтал нэг машин замаар хурдтай гарч ирэх үед зам дамнаж гарсан цахилгааны утсан дээр гаргахгүй гээд нэг нь очих үед утас татагдаж газарт булчихсан байсан цахилгаан дамжуулалтын ваар нь хагарчихсан юм. Ингээд дахиж фургон машинаас шинэ ваар авч ирж ажлаа дуусгаад 18 цаг өнгөрч байхад цахилгааныхаа утсыг хураагаад машиныхаа ар талын багаж руу хийсэн. Тэгэхэд Б, П ах хоёр маргалдаж байгаа бололтой том дуугараад байсан. Би тухайн үед юунаас болж хоорондоо муудалцсаныг нь мэдээгүй, ...зодолдохгүй та миний аав шиг хүн ш дээ гээд арагшаагаа ухрах үед би хөөе юу болоод байна гэтэл хоёулаа дугай болоод машин тэргэндээ багаж хэрэгслээ тавьж суугаад бид нар хөдөлсөн юм. Б та намайг цохичихлоо ш дээ гэж хэлээд арагш ухрах үед нь Бийн царай луу харахад хамарных нь нэг талын хэсэг дээр бага зэрэг шалбарсан харагдсан.түүнээс цус гараад хамар ам нь муруйсан зүйл огт байхгүй байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р тал/,

 

          Гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Түүнээс 2022 оны 02 сард Говь-алтай аймагт ирснээсээ хойш ерөөсөө хүнтэй маргалдаж муудалцаж зодолдоогүй байж байгаад сая 2022 оны 06 сарын 13-ны өдөр Тайшир сумын нутагт ажлаа хийж яваад П гэж хүнд зодуулаад хамар нь өвчтэй мурийлттай ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

            Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...хамар ясны хугарал нь 20-25 хоногийн дотор бүрэн эдгэж дуусна. Дээрхи гэмтэл нь 2022 оны 05 дугаар сард үүсээгүй, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай “...1. Т.Бийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26- 27-р тал/,

 

   Хохирогч Т.Бийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт/хх-ийн 58-75-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.П нь Т.Бийн нүүрэн тус газарт гараараа цохих үед Т.Бн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан заалтад нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.Пийг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Х.П нь “шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан хүнийг буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна” гэх боловч мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн  дүгнэлт гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан шинжээчид эрх үүрэг тайлбарлан хууль сануулж гарын үсэг зуруулж дүгнэлт гаргасан байдаг. Шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан байх бөгөөд дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэгэн хүсэлт мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Пнь хохирогч Т.Бийг цохиогүй гэж мэдүүлээгүй бөгөөд тухайн үед хажууд нь байсан гэрч нар  Т.Бийн нүүрлүү нь Х.П цохих шиг болсон дараа нь Т.Бийн хамар шалбарсан байсан талаар тодорхой мэдүүлжээ. Мөн хохирогчийн хамарт учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хамар ясны хугарал гэмтэл нь 20-25 хоногт бүрэн эдгэрдэг талаар шинжээч мэдүүлсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч Т.Б нь өөрт учирсан хохирол 2,000,000-3,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч хохиролтой холбоотой баримт мөрдөн байцаалтын шатанд болох шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Х.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Пийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Хийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Х.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Пт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.Пт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА