| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0216/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/224 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Г-ийн Б холбогдох 2235001460241 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, ....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Г-ийн Б /РД:.........../,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт ..... УВХ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7- а, 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч О.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт 10- 20 УВХ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 10-18 дахь тал),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, холбогдогчийн жолооний биеийн байцаалт, хохирогчийн тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Хохирогч О.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Б бид хоёр Улаангом сумын нутаг бэби шоп дэлгүүрийн урд талын хашаанд хүний хувийн байшингийн барилгын ажил дээр хамт ажиллаж байсан ба би тухайн барилга дээр 10 гаруй хоног ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан харин Г.Б бол тэр барилга дээр ажиллаж байгаа, одоо ч гэсэн ажиллаж байгаа байх. Тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.Б намайг дуудсан бөгөөд би тэр барилга дээр очиж туслахаар ажилласан. Тэр өдөр барилгын ажил 20:00 цагийн орчимд зогсож тарсан бөгөөд Б бид хоёр ажлаа тарчихаад Бы ...... УВХ улсын дугаартай улаан өнгийн приус-20 машинтай тэдний гэрт очсон. Г.Б өөрийнхөө машинаа жолоодож явсан би хажуу талын суудалд нь сууж явсан. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад Өлзий бөөний төвөөр доош явж гэр хорооллын дунд байх хүнсний дэлгүүрт очиж Г.Б нь өөрийн өр гээд тухайн дэлгүүрийн худалдагчид 60.000 төгрөг өгсөн. Тэгчихээд бид хоёр Гивааны талбай дээр болсон шоун дээр очиж тоглолт үзсэн. Тэгээд 22:00 цагийн үед бид хоёр дөрвөн зам руу явж Хишигт бөөний төвийн гадна Г.Б өөрийн найз гэх хоёр залуутай таарсан, тэр хоёр залууг би танихгүй Б найзууд гэж байсан. Тэд нар Хишигт хүнсний дэлгүүрээс 0.750 литрийн 1 шил экс архи авсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд гурилын үйлдвэрийн дээд талд баригдсан тоглоомын талбайн хажууд очиж зогсож ширгэн дээр сууцгааж уг архийг Г.Б нөгөө хоёр залуутай хамт уусан, харин би уг архинаас уугаагүй. Тухайн үед би архи уухгүй байсан учир Б надад машиныхаа түлхүүрийг өгөөд “чи уухгүй байгаа юм чинь, машин барьчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн архийг хувааж ууж дуусаад тэндээс би машин жолоодож хөдөлж Гурилын үйлдвэрийн автобусны буудлын харалдаа байсан дэлгүүрт очиж Б найзынхаа хамтаар дэлгүүрлүү орж 0.750 литрийн 2 шил архи авч гарч ирсэн. Тэгээд бид нар буцаж нөгөө газартаа очиж уг архийг задалж уусан. Уг хоёр архинаас эхний архийг Б нөгөө 2 найзтайгаа хамт хувааж уусан, тэгээд хоёр дахь архи задлаад ууж эхэлж байхад би тухайн архинаас уусан бөгөөд 2-3 хундага орчим уугаад нөгөө архи дууссан. Бид нар архи уунгаа юм яриад суусаар байтал үүр цайж эхэлж байсан бөгөөд ойролцоогоор 04:00 цаг өнгөрч байхад уг архи дууссан. Архиа ууж дуусаад Б нөгөө хоёр найз нь буугаад гэрлүүгээ явсан бөгөөд Б бид хоёр тэндээс хөдлөх гэхэд Б надад “ би өөрөө машинаа барина” гээд машиныхаа жолооны хүрдний ард сууж машинаа жолоодсон, харин би жолоочийн эсрэг талын урд талын суудалд суусан. Бид хоёр тухайн газраасаа хөдлөөд М-мартын урд талын хар замаар дээрээсээ доошоо чиглэлд явж, тухайн уулзвараар хойшоо дөрвөн замын чиглэлд явсан. Тэгж байтал Б буцаж нөгөө айлруу явъя гэж хэлээд явж байгаад арын дөрвөн замаар дээшээ эргэсэн.Хар замаар дээшээ эргэхэд тухайн замын уулзвар хэсэгт замын хөрсийг хуулчихсан байсан учир Б машиныхаа жолоог зүүн гар талруугаа дарахад машин замаасаа гарч, шатахуун түгээх станцын цаад талын шороон даланг мөргөж дээш машинтайгаа шидэгдсэн, тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна, ухаан мэдрэл тэр зуурт сарнисан бөгөөд нэг мэдэхэд Б бид хоёр осолд орчихсон байсан ба цагдаа нар ирсэн, удалгүй араас нь эмч ирээд намайг аваад явсан юм. Тухайн .......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Б жолоодож явсан. Тухайн үед осол болох үед Г.Б машинаа өөрөө жолоодож явсан би хажуу талынх буюу жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй, хоёулахнаа явж байсан. Тухайн осол болох үед яг хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна, нэлээд хурдтай явж байсан ба Г.Б нь архи уугаад согтчихсан байсан учир машинаа жолоодож явахдаа хурд хэтрүүлээд яваад байсан, тэр үед нь би Б-д хурдаа хасалдаа гэж хэлэхэд миний үгийг сонссон уу, үгүй юу хариу юм хэлэхгүй давхиад байсан, тэгээд удалгүй осолд орсон. Тухайн үед Г.Б бид хоёр согтуу байсан учраас ямар нэгэн хамгаалах бүс зүүгээгүй байсан.Би уг ослын улмаас баруун талын эгэмний ясаа хадуулсан бөгөөд эм тарианы зардалд 400.000 төгрөг гарсан. Зардлын ямар нэгэн баримт бол байхгүй. Уг учирсан зардал болох 400.000 төгрөгийг би Г.Б-аас нэхэмжилсэн бөгөөд түүний ар гэрийн зүгээс надад уг мөнгийг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Надад гомдол санал хүсэл бйахгүй." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),
Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайх Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт дөрвөн замын дээд талд байх Элбэг өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд гэрээрээ манаач хийдэг мөн тус эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг юм. Өнөө өглөө буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 04 цаг 40 орчим минутын орчимд би гэртээ ганцаараа унтаж байтал гэнэт хашаан дотор түс тас гээд маш чанга дуу чимээ гарахаар нь би цочиж сэрээд эмнэлэгийг дайрчихлаа гэж бодоод сандарч гэрээс нүцгэн гүйж гарч ирэхэд манай эмнэлгийн зүүн талын хананд тэр чигтээ тоос шороо бужигнаад юм харагдахгүй байсан тэгээд би тийш ойртож хашаатай тулж харахад эмнэлгийн зүүн талын хананд хашаан дотор улаан хүрэн өнгийн приус-20 машин онхолдсон байдалтай хажууд байсан бөгөөд би үүдэн дээр гараад тухайн машинд ойртож очихгүй айгаад холдож зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн тэгж байтал машинаас нэг цагаан футболктой залуу гарч ирээд надад “би хаана байна, би хаана байна” гэж хэлэхээр нь би тэр залууг загинаад “ би яаж мэддэг юм” гэхэд тэр залуу машинаас гарч ирээд дөрвөн замыг чиглээд сандраад яваад өгсөн, тэгээд тэр залуу доошоо явж байгаад дахиж эргэж ирээд машин дээр ирээд машин руу орсон тэгээд тэр залуу машинаас дахин нэг цоохор футболктой залуутай хамт гарч ирсэн. Тэгчихээд нөгөө цагаан футболктой залуу доошоо шатахуун түгээх станц чиглээд яваад өгсөн харин машинаас сүүлд гарч ирсэн цоохор футболктой залуу саравчинд сууж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдчихээд эмнэлэгт мэдэгдсэн бөгөөд удалгүй эмнэлэгээс машин ирж сүүлд гарч ирсэн цоохор футболктой залууг аваад явсан удалгүй цагдаа нар ирж тухайн газарт үзлэг хийсэн юм. Би айгаад машинд ойртоогүй бөгөөд машиныг хэн жолоодож явсан гэдгийг нь мэдэхгүй. Машинаас хоёр хүн л гарч ирсэн тэр хоёр эрэгтэй хоёулахнаа явж байсан юм шиг байнлээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.”Г.Б “Найдвартай өрнийн хүлэг” авто курсийг 2017 онд суралцаж төгссөн. Жолооны курсад сурч буй хүмүүс анх бүртгүүлэхдээ эрүүл мэндийн хуудас бөглүүлж эмчийн үзлэгт тэнцэсэний дараа жолооны курсад бүртгүүлдэг. Г.Б хувьд тухайн үедээ эрүүл мэндийн хуудас нь асуудалгүй, ямар нэгэн өвчин эмгэггүй байсан учир манай курсад сурч төгссөн. Тэрнийг гаднаас нь хараад ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэж мэдэх боломжгүй. Эрүүл гэсэн эмчийн бичигтэй байсан учраас л манай авто сургуулийг төгсөж үнэмлэх авсан байгаа юм.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал),
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай барилга дээр ажиллаж байсан хүн Увс нуур явчихсан учир би өөрийн найз Ц-ыг дуудаж тухайн барилга дээр ажилуулсан. Тэгээд бид нар 20 цагийн үед барилгын ажлыг дуусгачихаад би өөрийнхөө 10-20 УВХ улсын дугаартай тоёота приус-20 загварын улаан өнгийн автомашиныг жолоодож хажуудаа Ц-тай хамт тухйан айлаас гарсан. Бид хоёр машинтай гадуур явж Гивааны талбай дээр очиж тоглолт үзээд талбайгаас явж байгаад оройн 22 цагийн үед би Улаангом сумын 4 дүгээр баг арын дөрвөн замд өөрийн найз Б-тай таарсан тухайн үед Б хажуудаа нэг найзтайгаа явсан. Ингээд бид нар уулзаад Хишигт дэлгүүр орж 0,75 литрийн цагаан экс гэх нэртэй нэг шил архи авсан. Бид нар тэндээсээ хөдлөөд үйлдвэрийн дээд талд шинээр баригдсан тоглоомын талбайн хажууд очиж зогссон. Тэгээд би машинаа Ц-т жолоо шилжүүлж өгчихөөд жолоочийн эсрэг урд суудалд суусан, харин Ц машины жолоочийн суудалд Б нэг найзтай хамт арын суудалд сууж тухайн архийг Б, түүний найз эрэгтэй бид гурав хамт уусан, харин Ц машин барих учраас уугаагүй. Тэр архийг ууж дуусаад Гурилын үйлдвэрийн тэнд автобусны буудлын харалдаа байсан хүнсний дэлгүүрээс Б-гийн найз 0,75 литрийн экс гэх архи, би 0,75 литрийн экс гэх нэртэй архи авсан ба нийт 2 шил архи авсан. Архиа аваад бид нар нөгөө газар аа очиж зогссон. Тэгээд уг 2 архийг түүний найз бид гурав ууцгаасан, тэгж байгаад сүүлийн буюу хоёр дахь архийг задалж уугаад дундаа буюу оройлцоогоор 7 хуруу хэртэй архи үлдсэн байхад Ц архинаас ууж эхэлсэн. Бид нар хоорондоо юм яриад суусаар байтал үүр цайж байхад ууж дуусчихаад манай найз Б, нөгөө найзтайгаа манай гэр ойрхон гээд алхаад явсан. Тэгээд би Ц-ыг архи уучихсан байсан учраас түүнийг машины жолоочийн суудлаас буулгачихаад би жолоочийн хүрдний ард суусан. Ц-ыг жолоочийн эсрэг талын урд суудалд суулгаад би машинаа өөрөө жолоодож тэндээсээ хөдлөөд хар замаар урагш явж И мартын уулзвараар дээш буюу дөрвөн зам руу эргэсэн. Тэгж явж байгаад буцаж Б-гийн гэрт очих гээд дөрвөн замаар дээш эргэхэд дээшээ эргэсэн уулзварт хар замын хөрсийг хуулсан хэсэг байхаар нь би жолоочийн хүрдээ зүүн талруугаа нэг эргүүлсэн тэгээд л юу болсон мэдэхгүй хэсэг зуур осол болоод өнгөрсөн бөгөөд хэрхэн юуг яаж мөргөж осол хийсэн талаар мэдэхгүй. Тэгээд би нэг мэдэхэд машинаасаа гарчихсан байсан ба миний ухаан гараад байсан бөгөөд ослын дараа машиныхаа гадна доош хараад сууж байсан тэгтэл би эмнэлэг дээр ирчихсэн, цагдаа нар ирээд миний согтуурлыг шалгасан юм. Би тухайн үед хэр зэрэг хурдтай явсанаа мэдэхгүй байна.Би тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан. Би Ц-ын хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Мөн би бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна.” (хавтаст хэргийн 117-118 дахь тал),гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,
Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”...” гэж тус тус заажээ.
1. Жолооч Г.Б согтуурлын зэргийг 2022 оны 6 дугаар сарын 26-ны 06 цаг 17 минутанд Драгер 7510 багажаар шалгахад 0.91%-ийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоожээ.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Г.Б-ыг согтуу байсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б нь жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/-аар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь тогтоогдож байна.
Хохирогч О.Ц-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 38-49 дэх тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №311 дугаартай “...Үзүүлэгч Г.Ц-ын биед баруун эгэм ясны далд хугарал, баруун хацар, зүүн мөрний үений эр дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 2022 оны 6 дугаар сарын 26-нд үүсчихсэн байсан талаар Увс нэгдсэн эмнэлгийн №8061 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Баруун эгэм ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно....” (хавтаст хэргийн 108-109 дэх тал)-ээр хохирогч О.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцосны улмаас мөн дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж зөрчиж зам тээврийн осол гаргасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэснийг зөрчсөн нь үүсэх үр дагавар буюу хохирол, хор уршгийг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэл болохоос бус осол гарах шалтгаан болохгүй юм.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч дээрх дүрмийг зөрчсөн эсэх, зөрчсөн бол уг энэ нь гэмт хэрэг мөн эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Гэтэл мөрдөгч “Жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгох”-оор шинжээч томилож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №22/218 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 180-181 дэх тал) гэх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа тул нотлох баримтаар үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйг дурдаж байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г.Б надад эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн ба надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж (хавтаст хэргийн 229 дэх тал)-аар мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1065 дугаартай “...Г.Б нь сэтгэцийн хувьд Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Г.Б дээрх эмгэг нь 2011 оны үеэс үүссэн байх боломжтой байна. Уг эмгэг нь үе шатаар ангилагддаггүй болно. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь бүрэн эмчлэгдэж эдгэрэх боломжгүй, харин эмчилгээний үр дүнд засрал сайжралын байдалтай байх боломжтой. Г.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 167-169 дэх тал)-аар авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дэх хэсгийн 3-т зааснаар “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд ....эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Г.Б-ыг хэрэг хариуцах чадвартай хүн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 212 дахь тал)–аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ш.Н-ийн өгсөн: “Г.Б зан байдлын хувьд цовоо сэргэлэн, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч хүнтэй зөв боловсон харилцдаг, ажилчидтайгаа эелдэг боловсон харилцдаг, бусдыг өөртөө татах чадвартай, ажилчид нь манай хадам дүүд сайн ханддаг, шударга, ажлын байран дээр архи согтууруулах угдааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал), Гэрч Ц.Ж-ийн өгсөн: “....Миний хүү Б нь их үг дуу цөөнтэй, бусадтай хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тухайн осол болсон өдөр анх удаагаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд их төлөв даруу, сагсан бөмбөг, 100 буудал даамыг сайн тоглодог байсан боловч 2021 оноос тоглохоо больсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 306 дугаартай “Үзүүлэгч Г.Б биед тархи доргилт, баруун хацар, баруун мөрөнд зулгаралт, баруун ташаанаас доош зүүн гуяанд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тогтоолд заагдсан хугацаанд үүссэн байх боломжтой талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №8060 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Уг гэмтлүүд осол болох үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 116-117 дахь тал)-ээр зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “....учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах талаар прокурортой тохиролцсоныг хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Б 1154562 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т заасан жолооч согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Б 1154562 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ