Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б морьт овогтой Дийн Мд холбогдох 2216000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан чулуутын ам гэх нэртэй газарт өөрийнх нь зорчиж явсан машинтай мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч болох И.Бтай маргалдаж улмаар толгойн тус газарт нь чулуугаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, дух дагзанд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан чулуутын ам гэх нэртэй газарт өөрийнх нь зорчиж явсан машинтай мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч болох И.Бтай маргалдаж улмаар толгойн тус газарт нь чулуугаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, дух дагзанд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.М гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Намайг Б ирж аваад бид хоёр И.Бнд очсон. Тэгээд бид хэд цуг нэг найзынхаа хүүхдийн даахинд очсон. Тэгэхэд И.Б эхнэр, хүүхдээ хүргэж өгчхөөд ирье гэж хэлээд Эийн машинаар гэрлүүгээ явсан. Би айлд байж байгаад гэртээ харих гэж явж байтал урд мөргөлдсөн байсан. Тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь дундуур орох гэтэл И.Б намайг цохисон. Тэгээд би чулуу авч И.Быг цохисон гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-7-р тал/,

 

          Хохирогч И.Бн мөрдөн байцаалтад өгсөн “..Би эхнэр 3-н хүүхдийн хамт өөрийн найз Эрийн хүүхдийн сэвлэг үргээх найран дээр очсон. Тэнд очоод М, Б бид 3 найран дээр хамт архи ууж байгаад би түрүүлээд эхнэр хүүхдээ аваад Эрхэмбилэгийн машинаар 21 цаг 30 минут хавьцаа гэр лүүгээ хөдөлсөн. Тэгээд эхнэр хүүхдээ гэртээ буулгаад буцаад Эийн машиныг хүргэж өгөх гээд найр луу буцаад явж байтал урдаас машин гарч ирээд мөргөлдсөн. Би буугаад хартал Батзаяатай мөргөлдсөн байсан. Тэгээд машинаас Б, М хоёр бууж ирээд бид 3 хоорондоо маргалдсан. Тэгээд би уурласандаа Бийн араас хөөгөөд байж байтал М намайг бариад авсан. Тэгэхээр нь Мыг хоёр гурав цохисон. Тэгээд Батзаяа руу хартал М миний араас чулуугаар ар дагзанд нэг удаа цохиод би эргээд хартал нүүр лүү ахиад чулуугаар цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэгээд Бийн эхнэр миний цусыг тогтоож байгаад би босоод Мын нүүр лүү нь 5, 6-н удаа цохисон. Тэгээд бид хоёрыг Б орж ирээд салгасан. Тэгээд машинаас буугаад шууд гэр лүүгээ алхаад явсан. Үлдсэн хүмүүсийг яасан талаар сайн мэдэхгүй байна би шууд гэр лүүгээ яваад орсон. Өглөө Б, Д, Б 3 манайд ирээд түргэн дуудаад намайг аваад явсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 38-39-р тал/,

 

          Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э найзынхаа хүүхдийнх нь сэвлэг үргээх найран дээр 16 цагийн үед очоод нэлээн оройхон 23 цагийн үед гэр лүүгээ харих гээд эхнэр хүүхдээ аваад бас М энхэр хүүхдээ аваад манай машинд суугаад хамт явж байсан тэгээд Цагаанчулуутын ам хавьцаа явж байхад урдаас нэг машины гэрэл гарч ирээд надад нэлээн хол харагдаад байх шиг санагдсан тэгсэн нэг мэдсэн мөргөлдчихсөн байсан ба би машинаас буугаад үзтэл Бтай мөргөлдсөн байсан тэгээд бид хоёр маргалдаад байж байтал Б намайг зодох гээд хөөсөн. Тэгэхээр нь би зугтаад доохон талд байсан ганга ороод суучихсан. Тэгээд байж байтал манай эхнэр М чи хүн алчихлаа гээд орилохоор нь яваад очтол Быг М чулуугаар цохисон байсан. Тэгээд Б уурлаад чи ямар овоо пизда вэ гээд Мыг машин дотор ороод суусан байхад араас нь ороод цохиод байсан тэгэхээр нь би Б тэр хоёрыг салгасан. Тэгээд Мөнхжаргал машинаас буугаад би гэр лүүгээ харилаа гээд алхаад яваад өгсөн. Тэгээд би араас нь 10 минут орчмын дараа Мыг хайхаар араас нь яваад олоогүй буцаад ирсэн. Тэгсэн Б бас гэр лүүгээ явлаа гээд алхаад яваад өгсөн. Тэгээд машинаар Быг бас хайгаад олоогүй тэгээд Д, Б бид 3 хүүхдүүдээ аваад Мыг гэртээ очсон болов уу гээд Мын руу явж байтал замд машин эвдэрсэн тэгээд би машин дээрээ үлдээд Д, Б хоёр хүүхдүүдээ аваад Мын гэр лүү явган алхаад явсан. Тэгээд удалгүй Б, Д хоёр мотоцикль унаж ирээд М гэртээ ирээгүй байна гэсэн. Бид гурав шууд Бын гэр лүү яваад очсон тэгтэл Б гэртээ ирсэн байсан. Тэгээд би явж эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирж үзээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд Д, Б, Бын эхнэр М бид хэд араас нь эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 47-49-р тал/,

 

          Гэрч Ү.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б эхлээд манай нөхөр Мыг 2 цохисон тэгээд би хүүхдээ газар тавиад дундуур нь ороод салгаад буцаж хүүхдээ тэврээд эргээд хартал манай хүн Быг чулуугаар цохисон байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 57-59-р тал/,

 

          Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд би хүүхдээ аваад Мн эхнэр Бтэй машинаас буугаад хартал Мыг гартаа чулуу атгасан байсныг харсан. Тэгээд би наад хүн чинь гартаа чулуу атгасан байна шүү гэж хэлэхийн хооронд М Быг чулуугаар цохисон. Тэгээд Б бид 2 урдуур нь орж салгаад Б Мын гарт байсан чулууг авч хаясан. Би Б дээр очтол толгой нь хагарсан байсан би цусыг нь тогтоох гээд байж байтал намайг түлхээд би зүгээр гээд гэр лүүгээ явлаа гээд явсан. Харин М би хүн чулуугаар цохисон гээд зам дагаад алхаад яваад өгсөн. Тэгээд Батзаяа түргэн дуудаад Быг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-64-р тал/,

 

          Хохирогч И.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай “...1.И.Бын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, дух, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 70-71-р тал/,

 

          Хохирогч И.Б нь хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн тухай 3396 дугаартай өвчний түүх / хх-ийн 25-26-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Д.М нь И.Бын толгойн тус газарт чулуугаар 2 удаа цохих үед И.Бын эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Мыг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан 2,800,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.М нь төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед шүүгдэгч болон хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч И.Бт хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б морьт овогт Дийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Мд мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА