Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0111//Э |
Дугаар | 2022/ШЦТ/112 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Өын Од холбогдох 2216001720150 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.О нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант 5-р багийн нутаг “Хадаасан” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ш.Эыг “хийморийн сан тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохих, мөргөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний алимны битүү гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.О нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант 5-р багийн нутаг “Хадаасан” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ш.Эыг “хийморийн сан тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохих, мөргөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний алимны битүү гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.О гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. “Би 2022 оны 08 дугаар сарын 19-нд Цагаан толгой гэх газраас хүн хүргэж орж ирээд буцах замдаа жоохон архи уусан байсан. Манай хүргэн Болдбаатар гэдэг айл асуух гэж ороод Этай таарсан. Лам хүн, зун 2 удаа сан тавиадах гэж гуйсан. Тэгээд очоогүй тэрнээс болоод ийм зүйл хийсэн буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ш.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутын орчимд байсан байх манай гэрт О гэдэг хүн архи уучихсан орж ирсэн. Тэгээд би Оыг ороод ирэхээр нь баяр хүргэе гээд гар бариад үнсэх гэсэн чинь О нь би чам шиг юмаар үнсүүлэхгүй гэж хэлээд нүүрэн тус газар гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед манай эхнэр Н нь гараад явчихсан би ганцаараа байсан юм. О нь гэрт хүн байхгүй үед намайг цохиж зодоод байсан ба манай эхнэр гэрээсээ гараад явахаар цохиж аваад байсан юм... О нь намайг хийморийн сан тавьж өгсөнгүй гэж зодсон юм. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байна. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй байна гэж эмч хэлсэн. Тэрнээс хойш миний даралт ихсээд байдаг болсон...Ө.О нь миний хохирлыг төлж барагдуулсан. Надад энэ хэрэгтэй холбоотойгоор гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 82-р тал/,
Гэрч Дуийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд манай хадам аавын гэрт нь О гэдэг хүн архи уучихсан ирсэн байсан. ...манай хадам аав Эын хацар болон хамарнаас нь цус гарчихсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би О гэдэг хүнд хандаад та яагаад хөгшин хүн зодоод байгаа юм бэ гэж асуухад би танай аавыг зодоогүй зүгээр ингээд татсан юм гэж хэлээд хадам аавыг татаж ирээд нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөсөн тэгсэн чинь манай хадам аав Эын хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага дуудчихаад эргээд хадам аавын гэрт орсон чинь О нь би одоо энд та нарыг ална бүгдийг дуудчих гэх мэтээр хэлээд гараад явчихсан юм...тэгээд манай хадам аав Эг эмнэлэгт үзүүлсний дараа эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтүүлэн 5 хоног эмчилгээ хийлгэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
Гэрч Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед нөхөр Э бид хоёр хөдөө гэртээ байхад Олонбулаг багийн О гэж залуу согтуу манайд ирсэн. Ингээд би ходоод өвдөөд байхаар нь бие засах гээд зөрөөд гарч явсан. Удалгүй бие засчихаад гэрт яваад ортол гол хойморт манай нөхрийн хамар болон нүүрний хэсгээс нь цус гарчихсан сандал дээр суучихсан хажууд нь О сууж байсан. ...би яагаад, юу болоод хүн зодоод унав гэтэл О дуугараагүй харин манай хүн чи яахаараа намайг зоддог юм бэ гэж Од хэлж байсан. Ингээд гэдэс гүйлгэхээр би буцаад гэрээс гарч бие засах гээд явсан. Удалгүй хүрээд иртэл манай бэр ирчихсэн цагдаа дуудчихсан гээд сууж байтал О манай гэрээс гараад машинд суугаад явчихсан...манай хөгшин Э зодуулсны улмаас 5 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 10р тал/,
Хохирогч Ш.Эын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 36-55-р тал/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаартай Ш.Эын биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний алимны битүү гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Оы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Ө.О нь Ш.Эн биед халдаж зодох үед Ш.Эын эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Ө.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Оны тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ш.Эт хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Өын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ө.Од мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА