Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/00756

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр          Дугаар 101/ШШ2019/00756          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард-Аюушийн өргөн чөлөө гудамж, 2Д байрны 98 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэрэндашийн Э /РД:ХЖ62101569/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ гудамж, 19-451 тоот хаягт оршин суух, Хатгин овогт Мын Х /РД:ХЕ80051660/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 26 дугаар байрны 28 тоот хаягт оршин суух, Хатгин овогт Дагва-Осорын М /РД:ХЕ54080873/ нарт холбогдох,

 

17.820.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг /ШТ№0566/,

Хариуцагч О.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа,

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг /ШТ№0232/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.Бадамцэцэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э миний бие 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Х, Д.М нарт зээлийн гэрээг бичгээр байгуулан тэдэнд 11.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн ба зээлийн гэрээг нотариатаар батлуулсан.

Мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээний салшгүй хэсэг болгож үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж мөнгөнийхөө хүүд зээлдэгч Д.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ДХЖ гудамж 26-28 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд суухаар тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

11.000.000 төгрөгийн 1 сарын хүүг 440.000 төгрөг гэж тохиролцсон.

Гэрээний дагуу дээрх орон сууцанд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл буюу 8 сар суусан ба М.Х, Д.М нар байрыг чөлөөлөхийг хүссэн тул тэр байрнаас нь гарсан.

Байраа хүлээлцэх үед хариуцагч нар 11.000.000 төгрөгийг, үлдэх 4 сарын хүүгийн хамт өгнө гэж тохиролцсон. Хэдийгээр ингэж тохиролцсон боловч үндсэн зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учир мөнгөө шаардахад нэг удаа 1 сарын хүү гэж 350.000 төгрөг өгснөөс өөрөөр ямар ч мөнгө өгөөгүй болно.

Зээлийн гэрээний 2.6-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байсан.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.320.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу М.Хаас 8.910.000 төгрөг, Д.Маас 8.910.000 төгрөгийг тус тус  нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Ц.Эгийн нэхэмжлэлтэй бид танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 10 дугаар сард бидний өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо Далив хутагт Жамсранжавын гудамж 26 дугаар байр 28 тоот хаягт орон сууц хөлслөх гэрээ байгуулан суухаар тохиролцож гэрээ байгуулсан билээ.

Бидний тохиролцоонд уг орон сууцанд 2016.10.28-ны өдрөөс 2017.10.29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сууж түүнийхээ хариуд 11 сая төгрөгийг бидэнд өгөхөөр тохиролцсон юм аа.

Бид тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан өөр хүнтэй тохирсон байсан боловч Ц.Э 11 сая бэлэн өгсөн учир энэхүү тохиролцоонд хүрсэн юм. Тэгтэл Ц.Э нь 11 сая төгрөгийг авсан тухай баталгаа гаргахын тулд нотариатаар батлуул гэж шаардлага тавьсан учир бид нотариатын газарт очсон юм. Нотариат бэлэн мөнгө авч байгаа бол зээлийн гэрээ хий гэсний дагуу нотариатаас өгсөн зээлийн гэрээний маягтын дагуу бид гэрээ хийж тохиролцоогоо баталгаажуулсан юм. Бодит байдал дээр зээлийн гэрээ биш орон сууцаа хөлсөлсөн юм. Бидний орон сууц хөлслөх гэрээнд 11 сая төгрөг авахаар тохиролцож үлдсэн 11 сая төгрөгийг гэрээ дуусмагц буцааж өгнө гэж тохиролцсон юм. Би байраа сарын түрээсийн хөлс 450.000 төгрөг гэж үзвэл манай байранд Э нь 9 сар амьдарсан тул 4.050.000 төгрөгийг бид суутгаж авна. Ц.Эгийн дансанд бэлнээр 350.000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд үлдэгдэл 6.600.000 төгрөгийн буцааж өгөхөд татгалзах зүйлгүй болно.

Ц.Э нь бидэнтэй ярьж тохироогүй, бидний байрыг хууль бусаар эзэмшиж байгаа Д.Төрмөнх, Н.Батзаяа нарын шаардлагаар байрнаас гарч зээлийн гэрээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүү алданги төлөхөөс татгалзаж байна. Тухайн үед бид орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Зээлийн гэрээг Ц.Эгаас 11 сая төгрөг авсныг баталгаажуулахын тулд халхавч хийсэн гэж үзэж байна гэжээ.

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Алтанцэцэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 10 дугаар сард Д.М, М.Х нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо, Далив хутагт Жамсранжавын гудамж, 26 дугаар байр, 28 тоот хаягт орон сууц хөлслөх гэрээ байгуулан суухаар тохиролцож гэрээ байгуулсан билээ.

Бид тохиролцохдоо уг орон сууцанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сууж түүнийхээ хариуд 11.000.000 төгрөгийг бидэнд өгөхөөр тохиролцсон.

Бидэнд тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан бөгөөд өөр хүнтэй 1 жилийн 5.400.000 төгрөгөөр тохирсон байсан боловч Ц.Э 11.000.000 төгрөг бэлэн өгсөн учир энэхүү тохиролцоонд хүрсэн юм.

Тэгтэл Ц.Э нь 11.000.000 төгрөг хүлээн авсан тухай баталгаа гаргахын тулд нотариатаар батлуул гэж шаардлага тавьсан учир бид нотариатчид очсон юм. Бодит байдал дээр зээлийн гэрээ биш орон сууцаа хөлслүүлэх гэрээ хийхээр очсон. Орон сууц хөлслөх гэрээ дуусаагүй байхад Ц.Э нь бидэнтэй ярьж тохироогүй, бидний байрыг хууль бусаар эзэмшиж байгаа Д.Төрмөнх, Н.Батзаяа нарын шаардлагаар байрнаас гарч зээлийн гэрээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ц.Эгаас мөнгө зээлдэж авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн  орон сууцаа хөлслүүлж, ийнхүү хөлслүүлэхдээ 11.000.000 төгрөгийн 1 сарын хүү болох 440.000 төгрөгт байрандаа суулгахаар тохиролцсон юм. Тухайн үед 11.000.000 төгрөгийг урьдчилан 2 жилээр нь авч байна гэж ойлгосон.

Байрынхаа сарын түрээсийн хөлсийг 450.000 төгрөг гэж үзвэл манай байранд Ц.Э нь 9 сар амьдарсан тул 4.050.000 төгрөгийг бид суутгаж авах учиртай гэж үзээд байна.

Ц.Эгийн дансанд бэлнээр 350.000 төгрөгийг буцааж өгсөн.

Иймд орон сууц хөлслөх гэрээний дагуу 3 сарын хүү 1.320.000 төгрөг, барьцааны 11.000.000 төгрөг, нийт 12.320.000 төгрөгийн тал хувийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүрэг шаардсаныг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь үндсэн зээл 11.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.320.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөг гаргуулах шаардлагынхаа 8.910.000 төгрөгийг хариуцагч М.Хд, 8.910.000 төгрөгийг хариуцагч Д.Мд холбогдуулжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.320.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч нь мөн өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний дагуу барьцаа 11.000.000 төгрөг, хүү 1.320.000 төгрөг, нийт 12.320.000 төгрөгийг зөвшөөрч, алданги 5.500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талууд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Ц.Э нь 11.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, /2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай/ сарын 4 хувийн хүүтэйгээр М.Х, Д.М нарт зээлдүүлэх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгч нараар  төлүүлэхээр,

Мөн өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-ээр хөлслүүлэгч М.Х, Д.М нарын өмчлөлийн гэх Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ДХЖ гудамж 26-28 тоот хаягт байрлах, 1 өрөө, орон сууцыг 12 сарын хугацаатай, /2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл/ хөлслөгч Ц.Эгийн эзэмшилд шилжүүлэх,

Орон сууцны сарын төлбөр 440.000 төгрөг, нийт төлбөр 5.280.000 төгрөг байх ба төлбөр нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүү 440.000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.

 

/хх-ийн 4-5 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Э нь “Шуурхай зар” сонины 2016 оны 10 дугаар сарын 28-ны Баасан гарагийн №80-д нийтлэгдсэн :“Гал тогоо тусдаа наран талдаа цонхтой 1 өрөө байранд 12 сая төгрөг зээлүүлсэн хүнийг хүүнд нь суулгана. Утас :99899833” гэсэн зарын дагуу хариуцагч М.Х, Д.М нарын өмчлөлийн гэх Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ДХЖ гудамж 26-28 тоот хаягт байрлах, 1 өрөө, орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай хөлслөхөөр тохирч, уг  байр нь мөн өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх буюу 7 сарын хугацаанд Ц.Эгийн эзэмшил, ашиглалтад байсан нь тогтоогдож байна.

 

/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

Талууд 12 сарын хугацааны төлбөрийг тэдний хооронд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Эгаас мөн өдөр хариуцагч Д.Мын ХААН банкны 5031089330 тоот дансанд “зээл түрээс” утгаар шилжүүлсэн 11.000.000 төгрөгийн, хүүг 4 хувиар тооцож, нэг сарын 440.000 төгрөг, 12 сарын 5.280.000 төгрөг /440.000 төгрөгх12=5.280.000 төгрөг/ байхаар тохиролцсон байх ба зохигч энэ талаар маргаагүй.

/хх-ийн 6 дугаар тал/

 

Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч гагцхүү тэдний хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний талаар   маргаж байна.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Э нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ДХЖ гудамж 26-28 тоот хаягт байрлах, 1 өрөө, орон сууцыг 12 сарын хугацаатайгаар хөлсөлж, энэхүү хугацааны хөлсийг хариуцагч Д.М, М.Х нарт шилжүүлсэн 11.000.000 төгрөгийн 1 сарын хүү /4 хувиар тооцож/ болох 440.000 төгрөг байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хөлслүүлэгч буюу Д.М, М.Х нь өөрсдийн өмчлөлийн гэх орон сууцыг 12 сарын хугацаатайгаар хөлслөгч буюу Ц.Эгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч буюу Ц.Э нь 1 сарын хөлсөнд 440.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд 12 сарын хугацаатай байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хөлслүүлэгч талын буюу хариуцагч Д.М, М.Х нарын хүсэлтээр гэрээний хугацаа дуусгавар болохоос 4 сарын өмнө цуцлагдсан, ийнхүү хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан 1 сарын хүүд тооцож, 350.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эд хариуцагч нараас  шилжүүлэн өгчээ.

   

Нэхэмжлэгч Ц.Эгийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.320.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс хариуцагч нар нь алданги болох 5.500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй маргаж байх ба үлдэх 12.320.000 төгрөгийн талаар маргаагүй.

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээнд алданги тооцох талаар тусгагдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 5.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Маас 6.160.000 төгрөг, хариуцагч М.Хаас 6.160.000 төгрөг, нийт 12.320.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч М.Х нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэх байдлыг нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч М.Хы эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч М.Хаас 6.160.000 төгрөг, хариуцагч Д.Маас 6.160.000 төгрөг, нийт 12.320.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 106.035 төгрөг, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 106.035 төгрөг, нийт 212.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ