Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Бийн Д холбогдох 22160014600142 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны доод талын засмал дээр 65-62 УБД улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 дугаар зүйлд заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ”. а/уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж ирж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэснийг,

Мөн дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг эгнээгээр зорчиж явсан Б.Б-Эийнулсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөсний улмаас Б.Б-Эийнэрүүл мэндэд зүүн шилбэ ясны доод хэсгийн бяцарсан зөрүүтэй үе дайрсан хугарал, дух хамрын нуруу, дээд уруул, зүүн өвдөг, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны доод талын засмал дээр 65-62 УБД улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 дугаар зүйлд заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ”. а/уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж ирж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэснийг,

Мөн дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг эгнээгээр зорчиж явсан Б.Б-Эийнулсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөсний улмаас Б.Б-Эийнэрүүл мэндэд зүүн шилбэ ясны доод хэсгийн бяцарсан, зөрүүтэй, үе дайрсан хугарал, дух хамрын нуруу, дээд уруул, зүүн өвдөг, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д гэм буруутай болох нь:

 

          Хохирогч Б.Б-Эий  мөрдөн байцаалтад өгсөн “...Би Солонго хорооллын барилга дээр ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой ажлаа тараад өөрийн найз болох Шын хамт Мустанг маркийн мотоцикль жолоодоод Жаргалант баг 2-9 тоотод очсон. Тэндээ байж байгаад 23 цагийн үед Ш-ийг Харзат багт гэрт нь хүргэж өгнө гээд Түмэн багийн доод засмал замаар мотоциклио жолоодоод хойноос урагш чиглээд явж байхад урд талаас буюу эсрэг урсгалаас нэг машин ирж явснаа нэг мэдэхэд хажуу талаас мөргөсөн. Тэгээд машины жолооч бууж ирээд эмнэлэг цагдаа дуудсан. Надад жолооны үнэмлэх байхгүй. ...намайг дайрч осолд оруулсан машины жолооч намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш нэг ч удаа утсаар яриагүй, биеэр ирж уулзаагүй, эмнэлэгт 470,000 төгрөгөөр хагалгаанд орсон, эмийн сангаас 250,000 төгрөгийн эм тариа авсан, Солонго хороололд барилгын ажилд өдрийн 45,000 төгрөгөөр ажиллаж байсан. Осолд ороод ажиллаж чадахаа больсон энэ 1,755,000 нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 94-95 дугаар тал/,

 

          Хохирогч Б.Б-Эийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Б.Д нь нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороход хагалгааны зардал, таяг аваарай гээд 60,000 төгрөг, мах ав гээд 269,000 төгрөг мэдээ алдуулах тарианы мөнгө гэж 120,000 төгрөг гэх зэргээр манай эгчийн нөхрийн дансаар шилжүүлж өгсөн. Би нарийн мэдэхгүй байна. Надад эмчилгээ хийлгэсэн, эм тарианд зарцуулсан 369,625 төгрөгийн баримт байгаа түүнийгээ гаргаж өгнө. Миний мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг солих мөнгө, дээрээс нь манай эгчийн гаргаж өгсөн НӨАТ-ын баримтад тусгагдсан мөнгийг өгчихвөл надад ямар нэгэн гомдол, санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/,

 

          Насанд хүрээгүй хохирогч Н.Ш-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...миний биед бага сага зулгаралт л байсан одоо эдгээд зүгээр болсон надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 102 дугаар тал/,

 

          Насанд хүрээгүй хохирогч Н.Ш-ийнмөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б.Э бид 2 Солонго хорооллын барилгын дотор засалд туслах ажил хийж байгаад тухайн өдрийн ажил дуусаад Бат-Эрдэнийн гэрт очоод Б.Э ажлын хувцсаа солиод намайг гэрт хүргэж өгөхөөр мотоцикльтой явсан. Бат-Эрдэнийн хашаанаас гараад Номгон дэлгүүрийн урдуур гараад эгцээрээ баруун тийш чиглээд гэр хороолол дундуур явсаар байгаад Сутай хорооны хамгийн доод талд байдаг засмал зам дээр гарсан. Засмал зам дээр гараад Харзат хорооллыг чиглээд урагш явсан. Автобусны хашаа байдаг блокон хашааны ойролцоо явж байтал урдаас машин ирж байсан тухайн машин нь 2 талынхаа урсгалд ээлжилж орж гараад явж байснаа бид 2-ыг хажуугаар нь өнгөрөх гэсэн чинь мотоциклийн зүүн гар талаас дарж орж ирээд мөргөчихсөн. Тэгээд нэг мэдэхэд би мотоциклиос уначихсан, цагдаа, эмнэлгийн машин ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр тал/,

 

          Эрх бүхий албан тушаалтан буюу Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Батбилэгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “...Ланд-80 маркийн 65-62 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Д РД:86032219 нь “Замын хөдөлгөөний дүрмийн10.8. Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. А.уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж ирж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтуудыг зөрчсөн, Б.Б.Э мөн дүрмийн 3.4.в. Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг замын хөдөлгөөний дүрмийг нь тус тус зөрчсөн” гэх магадалгаа, /хх-ийн 33 дугаар тал/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 185 дугаартай “...Б.Б-Эий  биед зүүн шилбэ ясны доод хэсгийн бяцарсан, зөрүүтэй, үе дайрсан хугарал, дух хамрын нуруу, дээд уруул, зүүн өвдөг, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 186 дугаартай ...”Н.Ш-ийнбиед зүүн өвдөгний үений холбоосын суналт, баруун бугуй, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

          2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар тал/,

 

          Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1898 дугаартай “...Цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангиудын үнэлгээ 345,000 төгрөг, хор уршиг 50,000 төгрөг нийт 395,000 төгрөг” гэх тайлан дүгнэлт, /хх-ийн 112 дугаар тал/,

 

          Хохирогч Б.Б-Эийн2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3175 дугаартай өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 49-79 дүгээр тал/,

 

          Б.Дийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр машинаа Баянхайрхан багийн 2-15 тоотод янзалчхаад шалгаад явж байсан. Тэгсэн чинь Сутай хорооны зүүн талд байдаг засмалаар урдаасаа хойш чиглээд явж байгаад замаас гараад буцаж эргэх санаатай зүүн гар тал руугаа нэг машин эсрэг урсгалаар ирж байсан тул түүнийг өнгөрөөчхөөд эргэх үйлдэл хийтэл миний машины баруун гар талаас мотоцикльтой хүн ирээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад харсан чинь 2 хүн газарт хэвтэж байсан. Би түргэн дуудах гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байсан болохоор замаар явж байсан машин зогсоогоод эмнэлгийн тусламж дуудаад өгөөч гэж хэлээд тусламж дуудуулсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд дараа нь эмнэлгийн машин ирээд тэр 2 хүнийг аваад явсан. Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Баянмөнх гэж хүнээс 18,000,000 төгрөгөөр худалдаж аваад тухайн өдрөө худалдах худалдан авах гэрээ хийлгэсэн боловч хотоос ирээд маргааш өдөр нь осол болсон тул тухайн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй...миний унаж явсан машинд надаас өөр хүн байгаагүй. Надад “ВСДЕ” ангиллын эрхийн үнэмлэх байдаг. Би архи дарс хэрэглээгүй тухайн үед эрүүл байсан. Би Б.Б-Эийнэмчилгээний зардал болон бусад зүйлсэд 1,116,000 төгрөг өгчхөөд байгаа цаашид хохирлыг төлнө. Ш гэх хүүхэдтэй очиж уулзахад гомдол, санал хохирол байхгүй гэж байна лээ. Ийм үйлдэл гаргасан нь миний буруу, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 124 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Б.Б.Э нь 1,755,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч нь 1,116,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 639,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Дс мотоциклийн үнэ болох 395,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 1,116,000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Дд мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу шүүгдэгч Б.Дс мотоциклийн үнэ болох 395,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-Э-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-Эийн нэхэмжилсэн 639,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 1,116,000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА