Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Бийн Сд холбогдох 2216000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд иргэн Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт чулуугаар цохиж баруун гарын шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.С нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд иргэн Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт чулуугаар цохиж баруун гарын шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.С гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. “Өглөө босоод Н-нд очоод Н бид 2 сумын төвийн хойд гудам руу гарах гээд явж байсан. Гол дээр барилгын нэг таньдаг ах байж байхаар нь тэнд очоод ярьж зогсож байгаад манай нэг дүү машинтайгаа ирэхээр нь дүүг 2 пиво аваад ир гэж явуулаад 2 пиво уучхаад байж байсан чинь Гандага гээд нэг ах ирээд манайд оч гэсэн. Тэгээд тэднийд очоод 1 шил архи уучхаад гарж ирээд зогсож байсан чинь Б мотоцикльтой явж байхаар нь дуудаж зогсоосон. Бийг архи аваад ир гэсэн Б чадахгүй мөнгө алга байна гэж хэлээд маргалдаж зодолдсон” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө хөдөө явах ажил гараад том хүү Тийн хамт сумын төвийн шатахуун түгээх станц руу явж байх замд А  гэх айлын хашаанаас С , Н нар дуудаад байхаар нь эргээд очтол С  тухайн айлын хашаанаас мотоциклио унаж гарч ирээд хажууд зогссон. Тэгээд мэнд ус мэдтэл С  намайг чи бууж ирээд мотоциклоо данхраад гэж хэлсэн. Тэгэхээр нь чи өөрөө буугаад данхраадчихаач гэтэл чи ер нь том болчихжээ гэж хэлсэн. Цаанаас нь Н ирээд намайг архи аваад ир гэж хэлээд маргалдаж эхэлсэн. С  мотоциклиосоо бууж ирээд миний подволкноос заамдаж аваад намайг гараараа нэг цохиж авсан. Тэгээд би подволкоо тайлах гэтэл С  миний подволкоор намайг боосон, ардаас Н миний толгойны ар хэсэг рүү гараараа 1 удаа цохиж авсан. Би эргэж хараад Нг барьж автал миний бэлэг эрхтэн лүү өшиглөөд намайг тонгойх үед Н "энэ ч одоо ажиллагаагүй болсон байх" гээд тохуурхаж байсан. Удалгүй С  нэг чулуу барьж ирээд миний гар луу цохисон, дахиж нэг чулуу аваад шидэх үед би бултаад гэр лүүгээ зугтаасан. Гэрт орж ирээд эхнэрт болсон асуудлыг хэлээд сууж байтал С , Н нар гаднаас орж ирээд над руу зэрэг дайраад хэдэн удаа цохиж авсан. Манай гэрээс гараад С  миний зүүн нүд рүү нэг цохиод намайг тонгойх үед дахиад нэг удаа цохиж авсан. Тэгээд миний нүднээс нулимс гоожоод юм харахаа больсон. Ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон. С  намайг үсдээд хашааны буланд хэдэн удаа цохиж авсан. Гэрийн гадна манай эхнэр, Тэмүүжин нар Нг бариад зогсож байсан. Тэгээд би гэр лүү ороод дахиж гэрээс гараагүй. С  намайг А  гэх айлын хашааны гадна гараараа миний, толгой хэвлий орчимд хэдэн удаа цохиж авсан. Тухайн үед гэмтэл бэртэл учирсан нь гайгүй байсан. Чулуугаар гар луу нэг удаа цохисон. Гарнаас нэлээн их цус гарсан. Сүүлд манай гэрийн гадна миний зүүн нүд рүү баруун гараараа 2 удаа маш хүчтэй, оновчтой цохисон. Тухайн үед маш их өвдөлт мэдрэгдэж, нүднээс нулимс гарж юм хархаа больсон. Тухайн үед миний зүүн нүдэнд гэмтэл учирсан. Би өөрийн биеэ хамгаалах зорилгоор ганц нэг удаа өшиглөх, өвдөглөх зэргээр цохиж авсан. Насан хүрсэн 2 эрэгтэй хүн дайраад байхад надад өөр арга байгаагүй. А  гэх айлын хашааны гадна С той ноцолдож байхад Н хажуунаас гараараа хэдэн удаа цохиж авсан. Эргэж хараад барьж авах үед миний бэлэг эрхтэн орчимд өшиглөж авсан. Сүүлд манай гэрт миний мөр хэсэг рүү гараараа хэдэн удаа цохиж байсан. Манай гэрийн гадна намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, Баруун гарын шуу гүн шархтай, тархи толгой байнга өвдөх зовиуртай байна. Баруун гарын гэмтлийг А  гэх айлын хашааны гадна С  чулуугаар цохиж гэмтээсэн. Зүүн нүдний гэмтлийг манай гэрийн гадна С  баруун гараараа 2 удаа маш хүчтэй цохиж гэмтээсэн. Дээрх үйл явдлыг маш сайн санаж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16 дугаар тал/,

          Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад дахин дахин өгсөн “...Б.С надад эмчилгээний зардал 300,000 төгрөг өгсөн. одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

          Хохирогч Г.Бийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн газарт гаргасан “....Г.Б намайг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.С , Т.Н нар зодож миний биед хөнгөн хохирол учруулсан. Надад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Иймд хэрэгт миний гомдолгүй байдлыг харгалзан үзнэ үү. Миний хохирол бүрэн барагдсан болно...” гэх хүсэлт /хх-ийн 101 дүгээр тал/

 

          Гэрч Т.Нгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө гэртээ унтаж байхад С  манайд ирээд бид 2 гэрээс гараад явж байтал барилга дээр ажиллаж байсан Ганаа гэх хүнтэй таарсан. Хэсэг юм ярьж байтал Төвшөө гэж дуудаг залуу ирэхээр нь дэлгүүр лүү яваад архи аваад ир гэж хэлээд хэдэн төгрөг өгөөд явуулсан. Сумын төвийн голын хажууд Ганаа, С  нартай 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй нийслэл пиво ууж дуусгаад Гандага гэж дууддаг залуу ирэхээр нь нэг танихгүй айлд очоод Гандага, С , Ц бид 4 нэг шл эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж ууж дуусгаад гэрээс гарах үед Г.Б явж байгаад бид хэдийг хараад зогссон. С  мотоциклоо унаж хашаанаас гараад Бтэй уулзсан. Би наанаас нь алхаад очих үед Б С  нар хоорондоо маргалдаж нэг нэг цохилцож авсан. Би наанаас нь салгах гээд очих үед Б миний шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиж аваад мотоциклоо үлдээгээд гэр лүүгэээ алхсан. Б бид 2 ардаас нь Бийнд очих үед Б С той хэдэн удаа цохилцсон. Бийн гэрээс гараад С  Б нар хэсэг зодолдсон. Намайг Бийн эхнэр хүүхэд бариад зогсож байсан. Би Бийн мөр болон гуя хэсэг рүү хэдэн удаа цохисон Бийн хашаанд би Бийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23 дугаар тал/,

 

          Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө манай нөхөр Г.Б, том хүү Тийн хамт Цээл сумын клонкоос бензин авах гээд мотоцикльтой явсан, 11-н цагийн үед явган ганцаараа гэртээ гүйж орж ирсэн. Гэрт орж ирэхдээ гарнаас нь их хэмжээний цус гарсан, хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад С , Н нарт зодуулсан гэж хэлсэн. Тэгээд гэртээ сууж байтал удалгүй С , Н нар мотоцикльтой ирээд гэр лүү орж ирээд гэрийн баруун зүүн талаар яваад манай нөхрийг барьж аваад нийлээд зодсон. Тэгээд С , Н нарыг гэрээс гаргаад Тэмүүжинтэй хамт гэрийнхээ хаалгыг таглаад зогссон. С , Н нар манай нөхөр лүү гараад ир чи, эхнэр хүүхдүүдээрээ хамгаалуулаад гэрийнхээ босгыг давж чадахгүй гэх зэргээр хэлээд байсан. Г.Б удалгүй гэрээс гарж иртэл С  барьж аваад үсдээд хашааны баруун булан руу чирч очоод үсдээд цохиод зогсож байсан. Т бид 2 Нг бариад зогсож байсан. Удалгүй сумын цагдаа ирсэн. Хар алаг подволкгой, нүд, нүүр нь зүгээр эрүүл гарсан. 11-н цагийн үед гэрт орж ирэхдээ гарнаас нь цус гарсан, хамраас нь бага зэрэг цус гарсан, өмсөж явсан хувцас нь урагдсан, хүзүү нь улайсан байсан. Бензин авах гээд явж байтал С  айлын хашаанаас дуудахаар нь яваад очтол архи авч өг, мотоцикль данхраад гэх зэргээр дарамталсан гэж хэлсэн. Манай гэрт орж ирээд Нтай нийлж Г.Бийг барьж авахаар нь би дундуур нь ороод салгах гээд ноцолдож байсан. Тухайн үед миний хажуугаар С , Н нар Бийг гараараа олон удаа цохиж байсан. Сүүлд гэрээс гараад С  манай нөхрийг үсдээд зогсож байсан. Н бас очиж зодох гээд байхаар нь би Ттэй хамт Нг бариад зогсож байсан. Сайн хараагүй. Гэрийн гадна Н Г.Бийг цохиж зодсон зүйл байхгүй. Н гэх залуу танай амьдралыг мэднэ гэх зэргээр доромжилж байсан. С  нь Монголын цагдаа надад үйлчилдэггүй юм, тэр цагдаагаа дууд гэх зэргээр сүрдүүлсэн. Цагдаа ирээд дагуулж явах гэтэл үгэнд нь орохгүй байсан. С , Н нар дунд зэрэг согтолттой болсон үйл явдлыг санахаар байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 дүгээр тал/,

 

          Насанд хүрээгүй гэрч Р.Тийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө аавтай хамт бензин авах гээд явж байтал танихгүй айлын хашаанаас С  гэх манай нутгийн хүн аавыг дуудсан. Тэгээд аав тухайн хашааны үүдэнд очиж зогсоод мэнд ус мэдтэл С  гэх залуу аавыг чи бууж ирээд мотоцикль данхраад гэж хэлээд архи нэхээд маргалдаж эхэлсэн. С  мотоциклоосоо бууж ирээд аавын шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад мотоциклоос татаж буулгасан. Тэгээд аав С  гэх хүнтэй хэсэг зодолдсон. Н гэх залуу С той нийлээд аавыг 1-2 удаа цохиж авахаар нь би Нг салгаж холдуулах гээд барьж авсан. Тэгтэл С  газраас чулуу аваад аав руу далайсан. Аав нэг бултаад зугтаах үед С  аавын баруун гар луу чулуугаар цохисон. Аав намайг цагдаа дуудаад ир гээд явуулсан. Би хүний утас гуйж цагдаад дуудлага өгөөд гэрт ирэхэд С  Н нар гэрт ирсэн байсан. Тэгээд би ээжтэй нийлж С , Н нарыг гэрээс гаргаад гэрийн хаалга дараад зогссон. Удалгүй аав гарч ирээд С той зодолдсон. Ээж бид 2 Нг бариад зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38 дугаар тал/,

 

          Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 217 дугаартай “...Г.Бийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

          Шинжээч эмч Д.Даваахүүгийн “...Гансүх овогтой Бийн биед би өөрийн биеэр үзэж шинжээч эмчийн дүнэлт гаргасан. Г.Бийн биед учирсан гэмтлүүдээс баруун шуунд үүссэн шарх гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийн хугацааг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51 дүгээр тал/,

 

Б.С ийн яллагдагчаар өгсөн “...би энэ тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэрээс гарах үед Г.Б гэх залуу том хүү Тэмүүжингийн хамт мотоцикльтой явж байхаар нь дуудаад зогсоосон. Тэгээд би мотоциклио унаад хашааны үүдэнд гарч Г.Бтэй уулзсан. Би Г.Бийг архи аваад ир гэж хэлсэн. Б чадахгүй, мөнгө алга байна гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Би мотоциклиосоо буугаад Бийг заамдаад барьж автал наад цамц урлаа гэж хэлэхээр нь хацар луу нь нэг удаа алгадаж автал Б мотоциклиосоо бууж ирээд намайг 2 удаа цохиж авсан. Тэгтэл Н Бийг барьж аваад хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би газраас чулуу аваад Бийг барьж гар луу нь нэг удаа цохисон. Б Тэмүүжинг цагдаа дагуулаад ир гэж хэлсэн. Тэгээд Б гэр лүүгээ алхаад явах үед Н Бийг нэг удаа өшиглөөд явуулсан. Бийн гэрт нь орох үед зүүн талын орон дээрээ сууж байгаад босоод ирсэн. Тэгээд би нэг удаа нүүр лүү нь цохисон. Мөн зүүн нүд рүү нь бас цохиод үсдэж аваад гараараа хэлэн удаа цохиход Бийн эхнэр Бямбахүү, хүү Тэмүүжин нар нь Н бид хоёрыг гэрээсээ гаргаад гэрийн хаалгаа дараад зогсож байтал сумын цагдаа ирсэн. Би Бийг эхлээд нэг удаа алгадсан. Дараа нь чулуугаар гар луу нь цохисон. Гэрт нүүр лүү нь нэг удаа цохисон. Гэрээс гарч ирэхэд мөн зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохисон. Мөн үсдээд толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Би их уусан байсан. Гэхдээ юу болсныг мэдэх чадвартай байсан. 350,000 төгрөгийн эмчилгээний зардал Г.Бийн дансаар өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна Би Г.Бэд хохирол мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С ийн  үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатй учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Б.С нь Г.Бийн биед халдаж түүнийг чулуугаар цохих  үед Г.Бийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Бэд 350,000 төгрөг төлсөн.  Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Б.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.С ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.С ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С ийн хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө Бн С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Б.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С ид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.С ид мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 350000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА