Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бд холбогдох 2216001350155 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын 5 дугаар багийн төвд шороон замын уулзвар дээр 96-66 ГАҮ улсын дугаартай ягаан саарал өнгийн приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Зохицуулагдаагүй уулзвар нэвтрэх, 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг эгнээгээр зорчиж явсан Ж.Жын улсын дугааргүй Чансаа маркийн хөх өнгийн мотоциклийг мөргөсний улмаас хохирогч Ж.Жын эрүүл мэндэд зүүн шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Д.Бийн эрүүл мэндэд өвчүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын 5 дугаар багийн төвд шороон замын уулзвар дээр 96-66 ГАҮ улсын дугаартай ягаан саарал өнгийн приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Зохицуулагдаагүй уулзвар нэвтрэх, 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг эгнээгээр зорчиж явсан Ж.Жын улсын дугааргүй Чансаа маркийн хөх өнгийн мотоциклийг мөргөсний улмаас хохирогч Ж.Жн эрүүл мэндэд зүүн шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Д.Бийн эрүүл мэндэд өвчүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

 

   Хохирогч Ж.Жынмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд эмнэлгийн харалдаа урд талд байх төв зам дээрээс ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү Чансаа гэдэг нэртэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоцикльтой явж байсан. Би мотоциклийнхоо ард гэр бүлийн хамаарал бүхий хүн Д.Бг суулгаж явж байсан. Гэтэл эмнэлгийн урдаас сааралдуу өнгийн Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ухарч байгаад гэнэт урагшаа хөдөлж надтай мөргөлдсөн. Би хэр хурдтай явж байсан талаараа тодорхой мэдэх зүйл алга, хөгшин настай учир хурдтай явж чаддаггүй. Барагцаалбал 40 орчим км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Миний биеийн зүүн хөл 2 удаа хугарсан. Шанаа шалбарч язарсан ба өөрөөр гэмтэл бэртэл байхгүй. Би хөлөндөө Говь-Алтай аймагт мэс засалд орж, шанаандаа оёдол тавиулсан. Тэгээд харж хандах хүнгүй байгаа учир Завхан аймгийн Улиастай суманд хүргэн Днд ирээд эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

          Хохирогч Д.Бийнмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд эмнэлгийн харалдаа урд талд байх төв зам дээрээс ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү Чансаа нэртэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, мотоцикль дээр нөхөр Ж.Жынард суугаад явж байсан. Гэтэл эмнэлгийн урдаас саарал өнгийн тоёота приус-11 маркийн, улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгсэл ухарч байгаад гэнэт урагш хөдөлж, миний сууж явсан мотоцикльтой мөргөлдчихсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар тал/,

 

          Хохирогч Ж.Ж, Д.Бү нараас цагдаагийн газарт гаргасан “...Миний бие Ж.Ж, Д.Бү нар нь Б.Б  д гомдол санал байхгүй...” гэх хүсэлт, /хх-ийн 120 дугаар тал/,

 

          Гэрч Г.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б   машинтайгаа ухраад зогсоолоос гараад урагш эргээд зүүн тал руугаа төв зам руу эргэхээр явж байтал баруун талаас мотоцикльтой хүн хурдтай ирээд Б  гийн машины урд хэсгээр мөргүүлсэн. Тэгээд шууд буугаад мотоцикль дээр явж байсан хоёр хүнийг эмнэлэг рүү оруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар тал/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №171 дугаартай "... Ж.Жийн биед зүүн шилбэ ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ж.Жынбиед учирсан зүүн шилбэ ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шарх, зулгаралт гэмтлүүд нь уг журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл хамаарна” гэх дүгнэлт, /хх- ийн 51-52 дугаар тал/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №170 дугаартай "... С.Бийн биед өвчүүний далд хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, зүүн чихний эргэн тойрон, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Д.Бийн биед учирсан өвчүүний далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шарх, зулгаралт гэмтлүүд нь уг журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

          2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн “...Приус-11 маркийн 96-66 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б  нь М.Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх. 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гарах үндсэн шалтгаан болсон байна...Б.Б  нь №1066065 дугаартай В ангиллын хүчинтэй жолоочийн үнэмлэхтэй байна...” гэх магадлагаа, /хх-ийн 68 дугаар тал/,

 

          Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №281 дугаартай эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлан, дүгнэлт, /хх-ийн 64 дүгээр тал/,

 

          2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр тал/,

 

Б.Б  гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Чандмань сумын эрүүл мэндийн төв эмийн санчаар ажилладаг байсан. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед ажилдаа ирээд байж байтал ариутгагч Г.Н манай ээжийг гэрт хүргээд өгөөч гэхээр нь Н, түүний ээж Ц гэх хүнийг хүргэж өгөх гээд өөрийнхөө приус-11 маркийн 96-66 ГАҮ улсын дугаартай машинаараа эмнэлгийн хальсны булан руу явж байтал миний урдаас мотоцикльтой хүн гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд сандарч 2 мотоцикльтой явж байсан Ж, Д.Бү нарт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Би архи хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  гийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Б  гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Б, Ж.Ж нар нь “ гомдол саналгүй” /хх115, 120/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б  г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Б.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б  г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүдэгч Б.Б  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б  д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б  д мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА