Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/056

 

Ц.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Ц.Т

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/528 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлээр Ц.Тд холбогдох эрүүгийн 1814005680043 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Жоотуу овогт Ц.Т, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ц.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз ............ тоотод 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз ........... тоотод 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Аыг үг хэлээр доромжилж айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз ........... тоотод 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Аыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий хандан тарчлаасан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз ........ тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий хандаж унтуулахгүй тарчлаасан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг, 4-6-12 тоотод 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий хандаж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан буюу унтуулахгүй тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Ц.Т нь байнга архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурдаг болсон тухай хохирогч, гэрч нар нь мэдүүлсэн байна. Түүнчлэн Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №187, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №332, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №879 дугаар шийдвэрүүд хэрэгт авагдсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ц.Тийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар явуулж албадан эмчлүүлсэн байна.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын 1. Шүүгдэгч Ц.Т нь ямар нэгэн сэтгэц мэдрэлийн өвчингүй, 2. Шүүгдэгч Ц.Т нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архи, согтууруулах ундааны зүйлээс хамааралтай зан төрхийн өөрчлөлттэй гэх дүгнэлт /хх-ийн 198-199-р тал/ гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Тийг согтуурах, мансуурах донтох эмгэгтэй эсэх, мөн архины түвшинг тодорхойлох сорилоор хэдэн оноотой байгаа болон архины ямар хамааралтай байгааг тогтоох,

Түүнчлэн шүүгдэгч Ц.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий хандаж унтуулахгүй тарчлаасан гэж яллах дүгнэлт бичигдсэн боловч тухайн зөрчилд холбогдож баривчлах шийтгэл оногдуулсан талаар шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ нь цаашид шүүхийн шийдвэрт нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэж байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

1. Ц.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Аыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Аыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий хандан тарчлаасан гэсэн үйлдлүүдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл тус тус оногдуулсан.

Хохирогч С.Ааас гаргасан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед архи ууж, агсам тавсан гэх гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан тул уг үйлдлийн улмаас шүүхэд баривчлагдсан зүйлгүй болно.

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Ц.Тийг ямар нэгэн сэтгэц мэдрэлийн өвчингүй, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай зан төрөхийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарсан болно. Шүүхээс дээрх дүгнэлтийг эргэлзээтэй тайлбарлуулах шаардлагатай гэж үзсэн бол шүүхийн шатанд шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулан дүгнэлтийн талаар асууж тодруулах боломжтой тул хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эцэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоосон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тийг согтуурах, мансуурах донтох эмгэгтэй эсэх, түүнийг архины түвшинг тодорхойлох сорилоор хэдэн оноотой байгаа болон архины ямар хамааралтай байгааг шинжээч томилон тодорхойлох, мөн Ц.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Атай харгис хэрцгий хандаж унтуулахгүй тарчлаасан гэж яллах дүгнэлт бичигдсэн боловч тухайн зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт авагдаагүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл Ц.Т нь байнга архидан согтуурдаг талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлсэн байхад түүний уг байдлыг хэрхэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй нь буруу байна.

Энэ нь Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасныг тогтоож чадаагүй гэж үзнэ.

Иймд энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тухайн хэсгийг хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин түүний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн уг хэсгийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дор дурдсан алдаа зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын яллах дүгнэлт нь яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тодорхой тусгаж хэргийн нөхцөл байдлын талаар хийж буй үйл баримтын болон эрх зүйн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой бичих ёстой.

Гэтэл прокурор Э.Гантулгын үйлдсэн яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” хэсэгт Ц.Тийн холбогдсон гэх 5 дуаагийн үйлдийг “...гэр бүлийн хамаарал бүхий С.Атай харгис хэрцгий харьцаж догшин авирласан, үг хэлээр доромжилж айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан, үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий хандан тарчлаасан, харгис хэрцгий хандаж унтуулахгүй тарчлаасан, харгис хэрцгий хандаж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан буюу унтуулахгүй тарчлаасан хэмээн 5 өөрөөр буюу Эрүүгийн хуульд заагаагүй гэмт хэргийн шинжээр дүгнэсэн, түүнчлэн түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан объектив талын аль шинжийг хангасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

Иймд Ц.Тд холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэл болон энэ магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх болон хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжнуудад Ц.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 гэж буруу бичсэн байгааг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/528 дугаар шүүгчийн захирамжийн Тодорхойлох нь хэсгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан үндэслэлийн 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, Прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 24 тоот эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгон, Ц.Тд холбогдох эрүүгийн 1814005680043 тоот хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх хэсэг болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

                                         ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                   М.МӨНХДАВАА