Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2021/0034  

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд : Ш.С бие даасан шаардлагатай,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад   холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ш.С холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч  С.Нургайып, гуравдагч этгээд Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц гуравдагч этгээдийн өмгөөлөгчид Т.Бахыт, Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

С.Б миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Эхнэр 5 хүүхдийн хамт Цэнгэл сумын 2 дугаар багийн “Хааг” гэдэг мал маллаж амьдардаг юм. Миний эзэмшиж  байгаа “Хааг”-ийн “өвөлжөө, хаваржаа, намаржаа”-ны зориулалттай  газрыг миний эцэг А.С нь 1936 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн байх ба 2008 онд би өөрийн нэр дээр шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн юм.

Миний олон жил эзэмшиж ашиглаж ирсэн Цэнгэл сумын 2 дугаар багт байгаа өвөлжөө, хаваржаа, намаржааныхаа зориулалттай газрын бэлчээрээс  Ш.М хууль бусаар газар олгосноос болж бэлчээргүй болсон. Мал маань  бэлчих газаргүй  болж маш их хохирол амсаж байна. Ш.Мд сумын Засаг дарга 2016 онд газар эзэмшүүлсэн байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл уг миний бэлчээрээс газар эзэмшүүлсэн гэдгийг огт мэдэгдээгүй, Ш.М “Хааг”-ийн бэлчээрт нэг ч удаа хаваржиж байгаагүй юм. Харин энэ зун ирж байшин барьсан байх ба шүүхэд намайг хаваржаанаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах үеэр түүнд газар эзэмшүүлсэн гэдийг мэдсэн.

Гэтэл Цэнгэл сумын Засаг дарга миний малын бэлчээр бүхий газрыг Ш.Мд  хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн. Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээгүй газрыг бусдад шинээр олгосон нь хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна миний эрх ашгийг хөндөж байна. Нөгөөтээгүүр, Ш.М нь хууль бус захирамжийг үндэслэн намайг албадан нүүлгэх шаардлагыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэвэл миний эрх ашиг зөрчигдөхөөр байна. Иргэний хэргийн шүүхэд түүний газрыг хууль бусаар эзэмшүүлсэн тул багийн иргэдийн хуралдаанаар хэлэлцэж, уг газрыг түүнд олгосныг шалгаж өгөхийг хүссэн боловч иргэний хэргийн шүүхийн шалгах асуудал биш гэж хүсэлтийг маань хангахаас татгалзсан.

Иймд Ш.Мд Цэнгэл сумын 2 дугаар багийн “Хааг”-ийн бэлчээрээс хаваржааны зориулалттай газар эзэмшүүлсэн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  А/66 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Нургайыпаас  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Б Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. “Хааг бэлчир хонаш” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмшиж байгаа. Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн багийн иргэдийн дундаа ашигладаг бэлчээрийн газар болох “Хааг”-ийн бэлчээрээс хууль зөрчиж Ш.Мд  Цэнгэл сумын Засаг дарга хууль бусаар газар эзэмшүүлсэн байна. Үүнээс болж нэхэмжлэгч С.Б нь бэлчээрээ алдаж, бэлчээрт малаа оруулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаас Ш.М нь өөрөө бэлчээрийг ашиглуулахгүй, тэнд малын хашаа, хороо татуулахгүй, миний өмчлөлийг газар байгаа гэдэг үүднээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

 Энэ утгаар нь С.Бын эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Өөрөөр хэлбэл, Цэнгэл сумын 2 дугаар багийн “Хааг” гэх газарт оршин суудаг иргэдийн бэлчээрээс иргэн Ш.Мд хууль бусаар газар эзэмшүүлсэн. Бэлчээр бүхий газрыг малын бэлчээр болгож ашигладаг болохоос гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглаж байгаа нь 2 дугаар багт оршин суудаг С.Бын эрх ашгийг зөрчиж байна.

2016 онд Цэнгэл сумын Засаг дарга Т.Т гэдэг хүн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдаагүй, иргэдэд олгох зориулалтгүй газрыг 4 дүгээр багийн иргэн Ш.Мд эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ газар эзэмших тухай хуульд заасны дагуу иргэдийн Нийтийн Хурлын саналыг харгалзаж үзээгүй. Сумын мал маллаж амьдардаг иргэдэд багийн  Нийтийн Хурлаас бэлчээрийн асуудлыг хуваарилах ёстой. Бэлчээрээс иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр байвал тус багийн Нийтийн Хурлаас хамтран хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл сумын Засаг даргаас захирамж гаргахдаа иргэдийн Нийтийн Хурлын саналыг авахгүйгээр  2 дугаар багийн “Хааг” гэдэг газрын бэлчээрээс Ш.Мд газар эзэмшүүлсэн учраас хүчингүй болгохыг хүсэж байна.

Анх 2016 онд Ш.Мд газар эзэмшүүллээ гэдэг үүднээс тус 2 дугаар багийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн учраас тухайн үед Ш.М ямар ч газар ашиглаагүй. Сүүлд 2019-2020 онд маргаан гарах үед Ш.М иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. С.Б энэ асуудлыг мэдсэнээс  хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдол гаргаж байсан. Аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл  гаргасан байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах асуудлыг хуульчилж өгсөн. Үүний 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно” гэж заасан. Бэлчээр зохистой ашиглуулахтай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас журам баталсан асуудал байгаа. Энэ нь Газрын тухай хуультай нийцсэн гэж үзэж байна.

Ш.М гэдэг хүнд хууль зөрчиж газар эзэмшүүлээгүй байсан бол 2 дугаар багийн иргэдийн нийтийн эзэмшлийн бэлчээр бүхий газар тэдний нийтийн эзэмшилд үлдэх ёстой байсан. Гэтэл нийтийн эзэмшлийн бэлчээр бүхий газрыг 2 дугаар багийн иргэдийн шийдвэр гараагүй байхад шууд Засаг дарга хууль зөрчиж, өөр багийн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлснээр 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  эрх ашиг зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. 22.1.1-д “нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах”, 22.1.2-д баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах”, 22.1.3-д “газар ашиглалт, хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх”. “Нийтийн эдэлбэр” газар гэдэг нь тус багийн иргэдэд эзэмшүүлснээс бусад газар багийн иргэдийн нийтийн эдэлбэр газар мөн болж байна. Нийтийн эдэлбэр газрыг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал шийдвэрлэж  ашиглуулах бүрэн эрхтэй байсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д “нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө” гэж заасан. Тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэдэг нь тухайн газрын үндсэн газар эзэмшүүлэх бичиг баримт мөн гэж заагаад өгсөн.

Хуулийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж хуулиар шаардлага тавьсан. Уг хуулийн заалтыг өмнөх Т.Ташкен гэдэг Засаг дарга ноцтой зөрчсөн. Мөн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан боловч ерөнхий төлөвлөгөөнд багтаагүй газрыг эзэмшүүлсэн нөхцөл байдал тус тус тогтоогдож байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилтыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн.

Хүн, хуулийн этгээд хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээж өгсөн. С.Бын зөрчигдсөн эрх ашгийн хувьд нийтийн эдэлбэр газрыг бэлчээрийн зориулалттай ашиглах эрхийг зөрчиж, тухайн бэлчээрээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ш.Мд газар эзэмшүүлсэн.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбар хэлэхэд, С.Бын хууль бусаар эрхийн гэрчилгээгүй газар дээр ашиглаж байгаа асуудлыг хууль бус гэж үзээд албадан нүүлгэж, чөлөөлж өгнө үү гэсэн байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Яагаад гэвэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас хариу тайлбар ирүүлсэн. Тухайн эрхийн гэрчилгээгүй ашиглаж байгаа газрыг А гэдэг С.Бын эхнэр хашаа хороо татаж, тухайн газрыг эзэмшиж авахаар сумын Засаг даргад хүсэлт гаргасан байна. Сумын Засаг дарга шүүхэд маргаантай гэсэн үүднээс тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй гэдгээ мэдэгдсэн. А хүсэлт гаргаж, өөрийнхөө нөхрийн эзэмшиж байгаа газрын ойролцоо бэлчээр бүхий газарт хашаа татаж, тухайн хашааг эзэмших гэж өргөдөл гаргаснаар тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж болохгүй гэдэг үүднээс хариуцагч тайлбар ирүүлсэн нь үндэслэлтэй.

2020 онд тухайн газарт хашаа татаж аль аль нь амьдрах болсноор нэг нэгийгээ шүүхэд өгсөн. Ш.М 2020  оны зун иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Б нь хууль бусаар газар эзэмшсэн учраас газрыг чөлөөлж өгөөч гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл хоёр шатны шүүхээс шийдэгдээд  одоо хяналтын шатны шүүхэд явж байгаа. С.Б гэдэг хүн хууль бусаар газар эзэмшсэнээс болж Ш.Мы гэдэг хүний хууль ёсны эрх ашгийг  зөрчсөн гэж байгаа бол мэдсэн буюу мэдэх боломжтой байснаас хойш дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор, түүний шийдвэрийг эс зөвшөөрсөн бол мөн адил 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах ёстой байсан.

 Гэтэл жилийн дараа 2021 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргаж, хуульд заасан хугацааг өнгөрөөсөн  гэж үзэж байна. Энэ нь гэрчээр асуугдсан багийн Засаг дарга болон газрын даамал нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн үед иргэд Засаг даргад өргөдөл гаргадаг. Иргэд өргөдөл гаргасны дараа Засаг дарга өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхгүй гарангуут  дээд шатны   Засаг даргад гомдол гаргаж, үүний дараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байхад иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хуульд заасан журмыг мэдэхгүйгээр иргэний хэргийн шүүхэд буруу нэхэмжлэл гаргаснаас болж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн явдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Хуулийг мэдэхгүй байгаа нь тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас С.Бын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хааг” гэдэг газарт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Мд хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн. Уг зориулалт бүхий газар нь иргэн С.Бын эзэмшиж буй 700 м.кв газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй.

Иймд, малчид бэлчээрийг одоогийн мөрдөгдөж байгаа журам болон уламжлалт  аргаар ашиглаж байна. Иргэн С.Б, Ш.М нарын маргалдаж буй гол зүйл нь бэлчээрийн асуудал юм. Орон нутгаас удаа дараа газар дээр нь очиж хуулийн дагуу арга хэмжээ авсан боловч иргэд хоорондоо тохиролцож чадаагүй байна. Бэлчээрийг бол дундаа ашиглах бөгөөд малчдад бэлчээр хуваарилсан баримтжуулсан эрх зүйн акт байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Маас шүүхэд гаргасан тайлбартаа:

Цэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Ш.М би тус багийн нутаг дэвсгэр болох “Хааг бэлчир хонаш” гэх газар 2008 онд хаваржааны зориулалттай хашаа байшин барьсан ба улмаар Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн юм. Уг газарт хавар мал төллүүлж, тэндээсээ зуслан руу нүүдэг юм. Мөн хаваржааны газраас холгүй манай өвөлжөө болон хадлангийн талбай байдаг. Гэтэл тус сумын иргэн С.Б нь миний хууль ёсоор газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний эзэмшиж байгаа Хаагийн өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалттай газрыг миний эцэг А.Сагидолда нь 1936 оноос хойш эзэмшин ашиглаж ирсэн байх ба  2008 онд би нэр дээр шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн юм гэжээ. Бүр тэгж ярих юм бол 1936 он байтугай 1959 онд мал нийгэмчлэгдэн нэгдэл байгуулах үе хүртэл тэр нутагт ямар ч казах айл байгаагүй юм. Мөн тэрээр нэхэмжлэлдээ Ш.Мд сумын Засаг дарга 2016 онд газар эзэмшүүлснийг  өнөөдрийг хүртэл огт мэдээгүй, харин энэ зун ирж байшин барьсан байна гэж мэлзэн, мэдэн будилжээ.

Харин Сагидолда гэдэг хүн 1987 онд өөр газраас шилжиж ирээд нутаглаж байсан ба 2008 онд шилжүүлж авсан гэдэг нь үндэслэлгүй худлаа юм. Б нь өөрийн өвөлжөөг анх Б.Салауат гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тэр нь “Күрен төбе” гэдэг газарт байгаа юм. Харин С.Бын өгсөн тайлбарт дурдагдсан өвөлжөө, хаваржаа нь миний хаваржаанаас 4-5 км зайтай газар байдаг тул түүний өвөлжөөнийхөө бэлчээрт хамааралгүй, түүний эрх ашгийг зөрчсөн асуудал огт болоогүй юм.

С.Бын захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон нь өөр шалтгаантай юм. Харин манайх зусланд гарсны дараа буюу 2020 оны 06 дугаар сард миний хаваржаа, намаржааны хажуухан дээд талд 156 метр газарт хэнд ч хэлэлгүй ямар ч албан тушаалтны зөвшөөрөлгүй нэг малын хашаа болон нэг өрөө байшин барьсан байсныг дараа мэдээд сумын  удирдлага, газрын даамал, сумын хэсгийн төлөөлөгч нарт мэдэгдэж, үзүүлж арга хэмжээ авахыг хүссэн боловч шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хэлсэн тул би  2020 оны 09 дүгээр сард иргэний хэргийн шүүхэд “Хааг бэлчир хонаш” гэх газар хашаа, байшин барьсан нь хууль бус болохыг тогтоож, тэндээс  нүүлгэхийг  С.Бад даалгах тухай нэхэмжлэл гаргасан юм.

Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан тэр үеэс надад газар эзэмшүүлсэн  шийдвэрийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл би түүний зөвшөөрөлгүй барьсан хашаа, байшинг нүүлгэхийг шаардсаны төлөө миний эзэмшил газрыг булааж авах гэсэн оролдлого нь идэвхжиж эхэлсэн байдаг. Мөн С.Б нь түүнээс гадна тэр хавьд нийт 4 өвөлжөө, хаваржаатай, өөрөө аймгийн төвд өвөлждөг, тэндээ зөвхөн өөрийн эрх ашгаа урьд тавиад шуналдаа хөтлөгдөн, одоо бүр давраад айлын хашаа хорооны хажууд зөвшөөрөлгүй хашаа байшин барьчихаад,  одоо түүгээр барахгүй миний хууль ёсоор эзэмшиж байгаа газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулна гэж байгааг нь ойлгохгүй байна. Бид нэг хотонд 8 айл байдаг ба тэр 8 айл дундаа ердөө гуравхан өвөлжөө, хаваржаатай байгаад болоод байна.

Мөн намайг С.Б нь Хаагийн бэлчирт нэг ч удаа хаваржиж байгаагүй, саяхнаас ирж суурьшсан мэтээр гүтгэсэн байна. Миний бие эцэг өвгөдөөс уламжлан нутаглаж ирсэн газруудад тухайн үеийн хууль журмаар 1996 онд газар эзэмших захирамж гарч, гэрээ хүртэл хийж байсан нь  үнэн юм. Тэрхүү гэрээний нөхцөл дээр хаваржааны зориулалтаар одоо маргаад байгаа хаваржааны газрыг “Бэлчир өдөг”  хэмжээн нэрлэж, оруулсан байдаг юм. Хожим газрын холбогдолтой баримт бичгийн шинэчлэлт, шинэ стандартад  шилжихтэй холбогдож энэ газарт дахин гэрчилгээ авахдаа “Хааг”, “Хаагийн бэлчир” хэмээх газар орны ерөнхий  нэршлийг  хамтаар тодотгон  оруулж, “Хааг бэлчир хонаш” гэсэн нэршилтэйгээр гэрчилгээ авсан байдаг юм. Энэхүү хуучны  баримт бичиг дээр дурдсан байдал нь зөвхөн надаар зогсохгүй миний эцэг өвгөдөөс үе улиран мал маллаж ирснийг, нөгөөтээгүүр миний малын бэлчээрийн хил хязгаарыг баримт дээр дурдагдсан газар орны нэрс илэрхийлж байна.

Иймд С.Бын  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.М шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу Ш.М би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4-р багийн “Хааг бэлчир хонаш” нэртэй 700 мкв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшдэг.

Ш.М миний өмчлөлийн хаваржаанаас зүүн хойд зүгт 150 гаруй метр зайд 2020 оны зун С.Б нь хашаа, модон байшин барьсан нь зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар газар эзэмшиж ашигласан зөрчил боллоо.

Учир нь, Ш.М миний хаваржааны бэлчээр газрыг хаваржааны /хашаа, байшин барих/ зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ С.Бад байхгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна.

Зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашигласан С.Бын дээрх зөрчлийн талаар Цэнгэл сумын Засаг дарга болон газрын даамал нарт мэдэгдэж, газар чөлөөлөхийг хүссэн өргөдөл, гомдлыг удаа дараа бичгээр гаргасан.

Цэнгэл сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашигласан зөрчил байгааг шалган тогтоосон. Газрын хууль бусаар эзэмшиж, ашигласан зөрчил байгааг С.Б хүлээн зөвшөөрсөн.

Энэ тохиолдолд Цэнгэл сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашигласан газрыг чөлөөлөх үүрэгтэй.

Гэтэл Цэнгэл сумын Засаг дарга нь С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж ашигласан газрыг чөлөөлүүлж, хаваржааны газраа зориулалтын дагуу эзэмших эрхээ хамгаалуулахаар гаргасан Ш.М миний  өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэнгүй, бусдын хууль бусаар эзэмшиж, ашигласан газрыг чөлөөлөх үүргээ биелүүлсэнгүй.

Үүний улмаас Ш.М миний төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасан шийдвэрлүүлэх, газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга нь С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашиглан хууль бусаар хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйгээрээ түүнд давуу байдал олгож, Ш.М намайг өдийг хүртэл чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд Ш.М миний Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдох бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн бэлчээр “Хааг бэлчир хонаш” гэг газар миний  өвөг дээдсээс уламжилж ирсэн  миний газар. Би 2014 онд чулуу буулгаж, хашаа барьсан. С.Бын 2011 онд чулуу буулгасан гэсэн нь  худлаа. Одоо тэнд очих гэтэл С.Б хүүхдүүдийг хэл амаар доромжилж, хаваржаанд буулгахгүй байна. Би С.Баас айсандаа хаваржаанд очиж чадахгүй байгаа юм биш. Би 2-3 залуучуудтай, тиймээс ямар нэгэн асуудал гарах магадлал өндөр байна.

Энэ маргаан гарч байхад би сумын Засаг даргад хэд хэдэн удаа өргөдөл гаргаж,  Засаг даргаас ажлын комисс гаргаж, тухайн газарт очиж үзүүлж байсан. Гэтэл ажлын комисс нь Ш.Мы газар мөн байна, С.Бын хашаа байшин барьсан нь буруу гэж хэлж байсан. Би одоо хүртэл хаваржаандаа бууж чадахгүй явж байна.  Сумын Засаг даргын өгсөн хариу тайлбар нь үндэслэлгүй. Тиймээс бие даасан шаардлагаа дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Хэргийн материалтай танилцахад, сумын Засаг дарга Т.А тайлбараар тухайн газарт  Ш.М, С.Б хоёр хоёулаа 2014 онд чулуу буулгасан гэж тайлбарласан байна. Сүүлд маргаан гарсны дараа 2016 онд Ш.М Газрын хуульд заасны дагуу гэрчилгээ  авсан. 2020 оны 06 сарын эхээр айлууд зусланд нүүсний дараа  С.Б тухайн сум, орон нутагт мэдэгдэлгүйгээр нэг л өдөр ирээд чулуу буулгаад  хашаа бариад явсан байна.

Энэ тайлбараас үзэхэд, Ш.М, С.Б хоёулаа 2014 онд чулуу буулгасан юм шиг ярьж байна. Засаг дарга Т.Айтуганы  тайлбараас үзэхэд, тухайн газарт хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулж, ажилласан гэж байгаа. Хэрэв ажлын комисс очиж ажилласан бол тухайн комиссын акт, тэмдэглэл үйлдээд маргаж байгаа хоёр иргэнээр гарын үсэг зуруулаад явах ёстой байсан. Хариуцагч Засаг даргын  тайлбар нь хангалтгүй. Хэт нэг талыг баримталсан зүйл харагдаж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Бахытаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Гуравдагч этгээд Ш.М иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад асуудал шийдэгдэж байсан. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн С.Б гэдэг иргэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хааг бэлчир хонаш” гэх газраас Ш.М газар эзэмшиж байгаа нь хууль бус учраас дээрх гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.М 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Бын нэхэмжлэлтэй хэрэгт бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлага нь “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн  хууль бусар хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөхгүй байгаа хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг чөлөөлөхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад даалгах” гэсэн хоёр төрөлтэй байна.

Бие даасан шаардлагын үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн заалт байгаа. Мөн Ш.М Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаартай захирамжаар Цэнгэл сумын 4 дүгээр багийн “Хааг бэлчир хонаш” гэх газраас газар эзэмшсэн. Ш.Мы хувьд уг газарт хууль ёсоор 700 мкв газар эзэмшиж байгаа нь Цэнгэл сумын Засаг даргын захирамж, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр 16-ны 9 дүгээр тогтоол, газар эзэмших гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

 2016 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг гэрч нар мөн адил нотолж байна. Харин С.Б 2020 оны 06 дугаар сард дээрх “Хааг бэлчир хонаш” гэдэг газарт хууль бусаар дур мэдэн малын хашаа болон өвлийн хашаа барьсан болох нь тогтоогддог. Сумын газар зохион байгуулалтыг хариуцдаг газрын даамал Т.Нурбек гэрчийн мэдүүлэг өгсөн. Газрын даамал Т.Нурбек гэрчилгээг өөрөө бичиж олгосон. Гэрчилгээнд тухайн сумын Засаг дарга гарын үсэг зурж, газар эзэмших гэрээг газрын даамал Т.Нурбек өөрөө байгуулсан. Тэгсэн мөртлөө хууль бус эзэмшиж байгаа гэдэг тайлбар өгсөн нь ойлгомжгүй байна. Газрын даамлын өөрийнх нь гарын үсэг, тамга тэмдэг, эрх зүйн акт нь байна.

 Гэтэл Ш.М хууль бусаар газар эзэмшиж байгаа гэж мэдүүлэг өгдөг. Энэ талаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хангалттай яригдсан.  Уг газарт Ш.М хууль ёсны дагуу 700 мкв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа гэдгийг гэрч А.Батбаяр иргэний хэргийн анхан шатны шүүхэд дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн Цэнгэл сумын 4 дүгээр багийн Засаг дарга Т.Дарьбек мөн адил гэрчийн мэдүүлэг өгсөн. Анх 1992 он шинэ Үндсэн хууль батлагдаад, түүний дараа дагалдах хуулиуд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль  батлагдаж гарсны дараа хуучин бригад гэж явж байсныг баг болгосон. Баг болгохдоо 2 дугаар бригадыг 2 болон 4 дүгээр баг болж хуваагдсан. Энэ талаар шүүхээс нотлох баримт цуглуулж, холбогдох нотлох баримтаа авсан.

Гэтэл багийн хилийн заагийг тогтоосон бичиг баримт байхгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар албан ёсны нотлох баримт байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас Ш.Мд 2016 онд өвөлжөөний газар олгосон тухайн үеийн Цэнгэл сумын Засаг даргын захирамж хууль ёсны эрх зүйн акт мөн гэж дүгнэж байна.

Мөн  захирамжийн хавсралтын 26 дахь мөрөнд Ш.Мд газар олгосон байгаа. Багийн нутаг дэвсгэрийн асуудлын талаар хэлсэн. Одоо хаваржаа баригдсан газар нь” Хааг бэлчир хонаш” гэдэг нэртэй газар, түүнээс 156 метрийн зайд Ш.Мы өвөлжөөний дээд талд С.Б гэдэг хүн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар байшин барилга барьсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа.

Иймээс С.Бын нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын Засаг даргад холбогдох  захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Мы өмгөөлөгчөөр оролцож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэсэн байна. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу нотлох баримтыг хангалттай цуглуулсан. Энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан тогтоож, үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны А/66 дугаар захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн байгаа. Хүчингүй болгох үндэслэл дээр иргэний хэргийн шүүхэд маргаантай байгаа асуудлуудыг бичсэн байна. Ш.Мд газар эзэмшүүлснийг мэдээгүй,  Ш.М нь “Хааг бэлчир хонаш” гэх газарт нэг ч удаа хаваржиж байгаагүй гэсэн байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд хоёр хоёулаа газар эзэмшдэг, эзэмших эрхээ баталгаажуулсан, хоёулаа газар эзэмших гэрчилгээтэй байгаа. Шүүхээс тухайн газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөндлөнгийн гэрч, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, Цэнгэл сумын газрын даамал Т.Нурбек нарыг оролцуулан үзлэг хийж, тухайн нөхцөл байдлаар бүх юм тодорхой болсон. Цэнгэл сумын нутаг дэвсгэрийн “Хааг бэлчир хонаш” гэх газрын схем зураг байгаа. Тухайн газар хоёулаа “Хааг бэлчир хонаш” гэх газарт нэхэмжлэгч С.Бын хаваржааны хашааг тодруулаад явсан. Дараа нь Ш.Мы 64 дугаартай газар эзэмших гэрчилгээний хавсралтын дагуу 700 мкв газар эзэмшдэг гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа.

Энэ хоёр хүний маргаан тухайн газрын дунд байгаа 156.4 мкв газар нийтийн эдэлбэр газар буюу бэлчээрийн газарт маргаж байгаа. Түүнээс биш энэ хоёр хүний газар хоорондоо давхцаагүй. Энэ нь схем зургаар тодорхой харагдаж байгаа. Тухайн газар “Хааг бэлчир хонаш” гэх газарт байрладаг. Аль аль нь давхцалгүй, хаваржааны газар,  малын хашааны газар хоорондын зай 156.4 мкв газар гэж схемчлээд өгсөн. Эдгээр хүмүүс зөвхөн малын бэлчээрийн газарт маргаж байгаа. Нэхэмжлэгчийн газартай гуравдагч этгээд  Ш.Мы  газар нь ямар нэгэн байдлаар давхцаагүй, хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байхад 156.4 мкв зайтай газарт байгаа Ш.Мы газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөөгүй. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

Багийн хилийн заагтай холбоотой баримтуудыг шүүхээс цуглуулсан. Хилийн заагтай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан баримт байна уу гэдэг асуудал яригдсан. Албан тоотоор хилийн заагийг тогтоосон асуудал байхгүй гэсэн. Газрын даамал Т.Н мэдүүлэгт тодорхой байгаа. Гэхдээ 2015 оны хилийн зааг баталсан хавсралттай тогтоол орж ирсэн.  Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тухайн тогтоол нь өөрөө Хууль зүйн яаманд бүртгэгдэж байж  хуулийн дагуу хүчин төгөлдөр болж байгаа.  Тиймээс энэ үйлчлэхгүй, дагаж мөрдөгддөггүй. 

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболатын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/75 дугаартай албан бичгүүдэд 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоол, Цэнгэл сумын 2, 4 дүгээр багуудыг байгуулж, хилийн цэс тогтоосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй гэсэн.

Газрын даамал Т.Н Захиргааны хэргийн шүүхээс ч асуусан, иргэний хэргийн шүүхээс ч  асуусан. Т.Н  мэдүүлэгт “...маргаан бүхий газарт Ш.Мы намаржаа, хаваржаа байдаг.  Хэрэв тэр маргаан бүхий газар 2 дугаар багийн нутагт байвал газрын гэрчилгээнд 4 дүгээр баг гэж бичсэн байна. Тэр ямар учиртай вэ” гэж асуухад, “Би өөрөө бичсэн байсан. Тэр үед багийн хилийн заагт тодруулга хийгээгүй байсан тул би захирамжид байгаагаар нь  бичсэн байсан. Гэхдээ тэр газарт 4 дүгээр багийн иргэд ч 2 дугаар багийн иргэд ч амьдарч байгаа” гэж бичигдсэн. 4 дүгээр багийн иргэнд 2 дугаар багаас, 2 дугаар багийн иргэнд 4 дүгээр багаас газар эзэмшүүлэхгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

Нэгэнт мал 4 улиралд тухайн намаржаа, хаваржааны дагуу бэлчээрт амьдардаг. Аль боломжтой газарт багийн иргэд амьдарч байгаа нөхцөл байдал болохоос багаасаа шалтгаалаад эзэмшүүлэхгүй гэсэн   ойлголт байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мөн тогтоол гарч байгаагүй. Цэнгэл сумын 4 дүгээр багийн Засаг дарга А.Б гэдэг хүнийг гэрчээр асуухад, “манай баг 1992 онд албан ёсны   засаг захиргааны нэгж    болж байгуулагдаад одоо хүртэл ажиллаж байгаа” гэсэн. “Багийн Нийтийн Хурлаас  хэлэлцэгдсэн үү” гэхэд, “хэлэлцэгдээгүй”, тухайн хоёр иргэний газрын хоорондох 10-20 км зайтай газарт маргаан үүсч  байгаа гэсэн мэдүүлэг өгч байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад, аль аль нь газар эзэмшдэг. Хоёулангийн газар давхцалгүй байж нэг нэгний газрыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд байна гэсэн тайлбараа дэмжиж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.  Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ, Засаг даргын захирамжууд, кадастрын зураг, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж, хавсралт, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, төрийн байгууллагаас гарсан албан тоотууд байна. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагчаас ирүүлсэн тайлбартаа:

С.Бын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4-р багт зохих зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа байшинг чөлөөлүүлэхгүй байгаа хэмээн иргэн Ш.М гомдол гаргажээ. Маргаан бүхий газар нь Цэнгэл сумын 4 дүгээр багт биш 2 дугаар багт байрладаг юм. Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн С.Б эхнэр болох Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манайд хандаж "миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумны 2 дугаар багт оршин суудаг. Нөхөр болон 5 хүүхдийн хамт Цэнгэл сумын 2 дугаар багийн “Хааг” гэдэг газарт мал маллаж амьдардаг юм. Нөхөр болох С.Б нэр дээр байдаг "өвөлжөө, хаваржаа, намаржаа"-ны зориулалттай эзэмшиж байгаа “Хааг” гэдэг газрынхаа бэлчээрт нь энэ оны 5 дугаар сард шинээр битүү хороо, өвөлжөөнд зориулж өвлийн байшин барьсан билээ. Тухайн бэлчээр бүхий газрыг миний хадам аав А.С нь 1936 оноос хойш эзэмшин ашиглаж ирсэн байх ба 2008 онд миний нөхөр С.Б нэр дээр шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн юм. Иймд Цэнгэл сумын 2 дугаар багийн Хагийн бэлчээрээс миний битүү хороо болон өвөлжөөний байшин байгаа газрыг хууль журмын дагуу надад эзэмшүүлж өгнө уү" гэж хүсэлт гаргаж байсан.

Нэгэнт иргэн газар эзэмших өргөдлөө өгсөн тул түүнийг хууль бусаар газар эзэмшиж байгаа гэж газрыг нь албадан чөлөөлүүлж болохгүй. Тухайн маргаан бүхий хашаа хороог тус багт оршин суудаг иргэн Б.А эзэмшихээр өргөдлөө гаргасан ба түүнд тухайн газрыг эзэмшүүлэх гэсэн боловч Ш.М С.Б нарын хоорондох маргаан шүүхэд явж байгаа учраас ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа болно.

Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн С.Бын эхнэр Б.Агэрийнхээ ойролцоо газраас хашаа хороо татаж газар эзэмших өргөдөл гаргасан явдал нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Мы ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй юм.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Мы нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан  бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд  хариуцагч Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Бын “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Ш.Мы “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан үйлдэл хууль бус болохыг  тогтоож, хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөх шийдвэр гаргахыг  даалгах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс  “... Цэнгэл сумын Засаг даргаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тус бүрт  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн, уг газар нь давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ” гэсэн үндэслэлээр   тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний олон жил эзэмшиж, ашиглаж ирсэн Цэнгэл сумын 2 дугаар багт байгаа өвөлжөө, хаваржаа, намаржааныхаа зориулалттай газрын бэлчээрээс  Ш.Мд хууль бусаар газар олгосноос болж бэлчээргүй болсон. Мал маань  бэлчих газаргүй  болж маш их хохирол амсаж байна. Ш.Мд сумын Засаг дарга 2016 онд газар эзэмшүүлсэн байжээ” гэж тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ  хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт буюу гуравдагч этгээд Ш.Мд газар эзэмшүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжийн холбогдох хэсэг[1] нь  түүний бэлчээр ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүний  бэлчээр ашиглах субьектив  эрх рүү чиглэгдсэн шийдвэр гэж тодорхойлон маргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/66 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар гуравдагч этгээд Ш.Мд Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн  “Хааг” гэдэг газраас 700 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний  зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан маргаан бүхий захирамж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[2], гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000641764 дугаартай гэрчилгээ[3], газрын байршлын кадастрын зураг[4] зэрэг нотлох баримтаар, нэхэмжлэгч С.Бад Цэнгэл сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр[5] Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хааг” гэдэг газраас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлсэн захирамж, 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[6], гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277678 дугаартай гэрчилгээ[7], газрын байршлын кадастрын зураг[8] зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

  Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна”, 28.1.1-т  “гэр бүлийн хамтын хэрэгцээний”,  29 дүгээр зүйлийн 29.1-т  “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасан ба  нэхэмжлэгч, гуравдагч этгээд тус бүр нь  хуулийн дээрх заалтаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м2 хэмжээтэй газар эзэмшсэн,  уг газар нь хоорондоо ямар нэгэн хэмжээгээр  давхцаагүй, газар хоорондын зай нь 156.4 м болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн схем зураг[9], үзлэгийн тэмдэглэлээр[10] тус тус тогтоогдож байгаа бөгөөд  гуравдагч этгээд Ш.Мы нэхэмжлэгчийг “хууль бусаар хашаа, байшин барьсан” гэх маргасан үндэслэл нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын  маргаж буй  зүйл нь бэлчээрийн  асуудал  бөгөөд бэлчээрийн газрыг ашиглах  асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”. 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд бэлчээрийн газрыг ашиглуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутгийн   онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэх хуульд заасан шаардлагуудыг харгалзаж өвөлжөөний, хаваржааны, зуслангийн, намаржааны, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарь гарган газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар, ийнхүү төлөвлөгөөнд тусгагдсан зуслан, намаржаа, отрын бэлчээрийн газрыг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглахаар, харин өвөлжөө, хаваржааны бэлчээрийг  малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг үндэслэж  сумын Засаг дарга тогтоохоор, уг бэлчээрийг хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга тодорхой болзол, гэрээний дагуу иргэдэд ашиглуулж болохоор, хэрэв иргэдийн хооронд бэлчээрийн асуудлаар маргаан гарсан тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн тохиролцож зохицуулахаар, эс  тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.

Иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудал болон бэлчээр ашиглуулах  асуудал нь өөр өөр ойлголт бөгөөд гуравдагч этгээд Ш.Мд  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар  эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нь, мөн эрх бүхий этгээдээс гаргасан зохих шийдвэрийн дагуу эзэмшиж буй газарт нэхэмжлэгч С.Бын барьсан хашаа, байшинг нүүлгэн, газар чөлөөлүүлэх шийдвэрийг сумын Засаг даргаар гаргуулах нь  бэлчээрийн асуудлаар үүссэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоорондын  маргааныг  шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, бэлчээрийн маргаан үүссэн энэ хэргийн тохиолдолд маргаж буй “Хааг” гэх газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  хаваржааны бэлчээрийн газар гэж тусгагдсан байх, хэрэв тусгагдсан бол уг хаваржаанд хэзээ мал оруулах, хэзээ малаас чөлөөлөх хугацааг сумын Засаг дарга тогтоох, мал оруулах хугацаанд  уг бэлчээрийг  иргэдэд тодорхой болзол, гэрээний дагуу сумын Засаг дарга  ашиглуулах шийдвэр гаргах, энэ шийдвэрийг мөрдөж ажиллах, хэрэв сумын Засаг даргаас гаргасан тухайн бэлчээр газрыг ашиглуулах шийдвэрийг хэрэгжүүлэх явцад  иргэд хооронд бэлчээрийн маргаан үүссэн тохиолдолд тухайн бэлчээрийн нутаг дэвсгэрт  харьяалагдах багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн уг асуудлыг зохицуулах, хэрэв эс тохиролцвол сумын Засаг дарга шийдвэрлэх зэрэг хуульд заасан  журмаар маргаан шийдвэрлэгдэхээр байна. 

 Нэхэмжлэгч талаас Цэнгэл сумын 2 дугаар багийн  “Хааг” гэх газраас  гуравдагч этгээд Ш.Мд  Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны  А/66 дугаар захирамжийн холбогдох хэсгээр  эзэмшүүлсэн газар нь сумын  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэж маргасан байх ба энэ  үндэслэл нь хэрэгт авагдсан Цэнгэл сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр[11] батлагдаж байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэснийг зөрчжээ.

Гэхдээ  гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан“захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсний  дагуу маргаан бүхий захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй  гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Бын “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Ш.Мы “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан үйлдэл хууль бус болохыг   тогтоож, хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөх шийдвэр гаргахыг  даалгах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд Ш.Маас анх тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бие даасан шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлж, баримтыг нь хавсарган ирүүлсэн боловч уг бие даасан шаардлагыг шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШЗ2021/0074 дүгээр захирамжаар “...урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гуравдагч этгээд Ш.Мд буцаан олгохоор шийдвэрлэсэн, энэ захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба гуравдагч этгээдээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаж, бие даасан шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин  гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг төлөөгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлүүлэн улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-д тус тус баримтлан Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Бын “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Ш.Мы “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөх шийдвэр гаргахыг  даалгах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс  70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод  оруулсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 27-28 дугаар хуудас

[2] Хэргийн 116 дугаар хуудас

[3] Хэргийн 117 дугаар хуудас

[4] Хэргийн 118 дугаар хуудас

[5] Хэргийн 58 дугаар хуудас

[6] Хэргийн 202 дугаар хуудас

[7] Хэргийн 5 дугаар хуудас

[8] Хэргийн 203 дугаар хуудас

[9] Хэргийн 74 дүгээр хуудас

[10] Хэргийн 71-73 дугаар хуудас

[11] Хэргийн 60-68 дугаар хуудас