Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0618/З |
Дугаар | 221/МА2024/0678 |
Огноо | 2024-10-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0678
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 666 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0618/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 666 дугаар шийдвэрээр: “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Маргаан бүхий актыг гаргахдаа Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн бөгөөд тус саналыг ирүүлэхдээ хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан, газар ашиглагчдын газарт үзлэг хийж, бодит нөхцөл байдлыг тогтоосон талаар дурдсан. Дээрх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд нийцэх бөгөөд энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
3.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд үүнээс хойш 8 жил өнгөрсөн байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон. Мөн компанийн хувьцаа эзэмшигч солигдсон асуудал нь дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолын тайлбарт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
3.3. Гэтэл анхан шатны шүүхээс “газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч, сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан эсэх талаар нягтлан шалгаагүй ... хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0666 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-д тус тус зааснаар захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гардуулаагүй … хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг захиргааны байгууллагаас тогтоох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тайлбарлан маргажээ.
2.3. Анхан шатны шүүх “... хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм. Хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй” гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Улаанбаатар Н дүүргийн нутаг дэвсгэрт орших байгалийн цогцолборт газрын Ө нэртэй улсын тусгай хамгаалалттай газарт 2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2015/*** дугаартай гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгож, дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, 02***** дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
2.5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалаар “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан үүссэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1/-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан буюу гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан.
2.7. *** байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр *** цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, Газрын тухай хуульд заасан арга хэмжээ авч өгөх талаар саналаа хүргүүлсний дотор нэхэмжлэгч “Э” ХХК багтсан байх бөгөөд хэрэгт авагдсан суурин болон хээрийн судалгааны ажлын тайлан, тэмдэглэл, фото зураг, шүүхээс хийсэн үзлэг тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх газар ашиглах эрхтэй болсон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байна.
2.8. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
2.7. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хэрэгт хавсарган өгч компанийн хувьцаа эзэмшигч солигдсоноос тухайн газраа ашиглах боломжгүй байсан гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй бөгөөд амралтын газар байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан гаргасан, амралтын газар байгуулах 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан гэх тайлбар нь Улсын дээд шүүхийн дээрх тайлбараар Газрын тухай хууль, газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд үүнээс хойш 8 жил өнгөрсөн байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон. Мөн компанийн хувьцаа эзэмшигч солигдсон асуудал нь дээрх Улсын дээд шүүхийн тогтоолын тайлбарт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
2.8. Мөн энэ хэргийн тухайд сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, уг ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй боловч хариуцагчийг хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүйг зөвтгөхгүй болно.
2.9. Анхан шатны шүүх маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд цаашид тодруулах асуудал бий, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар нотлох баримт бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн үед хэрэглэгдэнэ.
2.12. Энэхүү маргааны тухайд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 666 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/503 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ