Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 198

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Болор

Улсын яллагч: Ш.Хосбаяр

Шүүгдэгч Д.Гантөмөр, түүний өмгөөлөгч М.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Гантөмөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031509  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайсхээр сумын 6 дугаар баг, Ягаантолгойн 47 дугаар гудамжны 595 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Гантөмөр /рд:ЙЮ76121613/,

 

 Шүүгдэгч Д.Гантөмөр нь Ч.Баасанцэрэн, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Юнитель ХХК-ний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлик ХХК-ний барилгад нэвтрэн орж цахилгаан үүсгэвэр буюу Хондо загварын генератор, өргөст тор 1 боодол  зэрэг эд зүйлс хулгайлж 3.530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Уг хэрэгтээ 2016  оны 06 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр тооцогдож гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч Д.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би 100 айл дээр зогсож байхад нэг залуу ахаа генераторзарах гэсэн юм танд авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүнээс асуугаад өгье гэж хэлээд Лхагварагчаагаас генератор авах уу гэж асуухад Лхагварагчаа би нэг хүнээс асуугаад өгье гээд хойшоогоо явсан. Тэгээд ирээд наад генератор чинь ажилдаг юм уу гэж асуухаар нь ажиллана гэж хэлсэн. Баасанцэрэн генератор зөөгөөд өгвөл 20.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд зөөж өгөхөөр болсон ба Баасанцэрэн, Лхагварагчаа хоёр надад дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 10-15 минутын дараа намайг дуудсан. Дуудахаар нь очиход генератор хашаанаас гаргаад ирсэн. Тэгээд зөөгөөд машинд хийсэн. Мөрдөн байцаагч надад өглөө 9 цагт ирж бүртгүүлээд орой 18 цаг гээд явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн гэхэд таны ажил хийх тань хамаагүй, таныг оргон зайлвал таныг хорино шүү гэсэн. Би маргааш нь очих гэсэн боловч ямар ял авчихсан биш гээд ажил хийх гээд явсан. 10 гаруй хоногийн дараа ээжтэйгээ утсаар ярихад чи явж бүртүүлэхгүй бол болохгүй, хоригдоно шүү гэж хэлж байсан. Би тэгээд хоригдоно гэж айсаар байгаад 2-3 сар болсон гэв,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйл хураан авсан болон, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд,

Эд зүйлийн үнэлгээ,

Хохирогч Н.Энхбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулын орой дээр Юнитель ХХК-ний захилгаар тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг манай Шейрлинк компани хийж гүйцэтгэж байсан байранд хулгай орсон байна гээд тус хорооны иргэн Мөнхөө надруу залгаад хэлсэн юм. Тэгээд би 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Манай компаний хаалгыг хөшиж орсон байсан юм. Цахилгаан үүсгэвэр мотор, 120 метрийн урттай Фидер кабелийн утас өргөст тор гэрэл, унтраалга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. 2015 оны 7 дугаар сарын 25-наас эхлэж Юнитель ХХК-тай гэрээ байгуулж сайтын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм. Тэр өдөр ямар нэгэн хийх ажил байгаагүй, Баянзүрх дүүргийн нутаг офицеруудын ордонд ажиллах ёстой байсан юм.  Моторыг авахдаа 2 сая төгрөгөөр авч байсан, фидер кабелийн утас 900 мянга өргөст тор боодол нь 30 мянган төгрөг юм. Тэр хүмүүс ажлаа хийж дуусаад Дарханруугаа яваад өгсөн. Харин Баасанцэрэн нь манай ажилчдыг таньдаг болоод хотод үлдээд манай ажилчидтай уулзаад явж байсан юм. Баасанцэрэн гэх залуу хажуудаа 3-4 хүнтэй явж байсан гэж сонссон би тэр хүмүүсийг сэжиглэж байна. Тухайн үед соната 5 маркын автомашинтай ирээд ачиж аваад явсан гэж сонссон…хохирлыг үнэлгээнд заасны дагуу барагдуулж авна. Цахилгаан мотороо авчихсан, одоо 780 мянган төгрөгийн хохирлоо төлүүлээд авчих юм бол өөр ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Тухайн үед хайлаастад байх ажилруугаа ирэх гэж байгаад замдаа Баасанцэрэнтэй таараад Баттулга, Төмөрөө, Төрөө, Батбаяр нь хамт архи уучихаад салж явсан байсан бөгөөд тухайн үед Баасанцэрэн нь энэ хүмүүстэй хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлж байсан болохоор бид сэжиглэж байсан гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Буянтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 09-ний орой 18-19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айл орчимд 4 залуу улаан өнгийн цахилгаан үүсгүүр буюу генератор хямдхан 200.000 төгрөгөөр зарна гээд бариад явж байсан юм. Тухайн үед надад хэлэхдээ миний өөрийн юм байгаа барилгын ажил хийдэг хямдхан авчих гээд байхаар нь тэд нарыг дагуулж яваад гэрээсээ очоод 200.000 төгрөг өгөөд явуулсан юм. Фото зургийг нь тухайн үед авсан байгаа. Нэг сорочкон цамцтай хар өнгийн өмдтэй залуу байсан. Саарал саравчтай малгайтай саарал хүрэм дээгүүрээ өмссөн, доогуураа саарал өмдтэй залуучууд явж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Н.Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уулын орой дээр манай Шэйрлинк ХХК нь Юнител группын захиалгаар дахин дамжуулах станцыг барьж байгуулсан байранд хулгай орсон байна гэж манай дүүгийн Энхбадрахын утас руу ойр хавийн оршин суугчид залгаж хэлсэн байсан. Тэгээд би дүү Энхбадрахын хамт ирэхэд гадуур нь барьсан хашааны хаалга онгорхой, мөн дотор талд байсан байшингийн хаалгыг хөшиж онгойлгосон, хаалганууд эвдрэл гэмтэлтэй байсан. Тэгээд цагдаагийнхан үзлэг шалгалт хийгээд явсан. Цахилгаан үүсгүүр буюу генератор, 120 метрийн фидер кабелийн утас, өргөст тор, нэг боодол, разетка, залгуур унтраалга зэрэг эд зүйлүүд уг байшин дотор байсан тэр эд зүйлүүд алдагдсан юм. Би Баасанцэрэн гэх нөхөр уг байшинг барихад барилгын бригадад нь ажиллаж байсан болохоор би харж байсан юм гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн хооронд гэртээ байж байгаад найз Дөлгөөний хамт гудамжиндаа юм яриад байж байтал Санота 5 маркийн саарал өнгийн автомашинтай 5 хүн ирээд манай гудамжинд машинаа тавьчихаад уулын орой руу гараад бууж ирэхдээ цахилгаан үүсгүүр буюу генератор, өргөст төмөр тор аваад доош бууж ирсэн. Тэр үед Дөлгөөн болон манай найзууд байж байсан. Уулын оройгоос өргөст төмөрийг өндөр саарал хувцастай, цагаан малгайтай ах өнхрүүлсэн  бууж ирээд манай найз Дөлгөөнөөс уучлалт гуйгаад Генераторыг 4 залуу өргөж яваад уулын дунд ирээд намхан нуруутай мотор авч явсан залуу  үүнээс гадна 5-6 газар байгаа очиж яаж авна гэж байсан юм. Тэгээд уг өргөст төмөр тор, мотор зэргийг машины багаажинд хийгээд аваад явсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд,

Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээ авсан тогтоол,

Мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгах тогтоол,

Мөрдөн байцаагчийн даалгавар,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Гантөмөр нь Ч.Баасанцэрэн, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 09-ний  өдөр Юнитель ХХК-ний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлик ХХК-ний барилгад нэвтрэн орж цахилгаан үүсгэвэр буюу Хондо загварын генератор, өргөст тор 1 боодол  зэрэг эд зүйлс хулгайлж 3.530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Уг хэрэгтээ 2016  оны 06 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр тооцогдож гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Гантөмөр …2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би 100 айл дээр зогсож байхад нэг залуу ахаа генераторзарах гэсэн юм танд авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүнээс асуугаад өгье гэж хэлээд Лхагварагчаагаас генератор авах уу гэж асуухад Лхагварагчаа би нэг хүнээс асуугаад өгье гээд хойшоогоо явсан. Тэгээд ирээд наад генератор чинь ажилдаг юм уу гэж асуухаар нь ажиллана гэж хэлсэн. Баасанцэрэн генератор зөөгөөд өгвөл 20.000 төгрөг өгье гэж хэлсэн. ..Мөрдөн байцаагч надад өглөө 9 цагт ирж бүртгүүлээд орой 18 цаг гээд явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн гэхэд таны ажил хийх тань хамаагүй, таныг оргон зайлвал таныг хорино шүү гэсэн. Би маргааш нь очих гэсэн боловч ямар ял авчихсан биш гээд ажил хийх гээд явсан. 10 гаруй хоногийн дараа ээжтэйгээ утсаар ярихад чи явж бүртүүлэхгүй бол болохгүй, хоригдоно шүү гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйл хураан авсан болон, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд,

Эд зүйлийн үнэлгээ,

Хохирогч Н.Энхбадрахын… 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулын орой дээр Юнитель ХХК-ний захилгаар тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг манай Шейрлинк компани хийж гүйцэтгэж байсан байранд хулгай орсон байна гээд тус хорооны иргэн Мөнхөө надруу залгаад хэлсэн юм. Тэгээд би 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирсэн…гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Буянтогтохын …2015 оны 8 дугаар сарын 09-ний орой 18-19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айл орчимд 4 залуу улаан өнгийн цахилгаан үүсгүүр буюу генератор хямдхан 200.000 төгрөгөөр зарна гээд бариад явж байсан юм. Тухайн үед надад хэлэхдээ миний өөрийн юм байгаа барилгын ажил хийдэг хямдхан авчих гээд байхаар нь тэд нарыг дагуулж яваад гэрээсээ очоод 200.000 төгрөг өгөөд явуулсан юм…гэх мэдүүлэг,

Гэрч Н.Бадамдоржийн …2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уулын орой дээр манай Шэйрлинк ХХК нь Юнител группын захиалгаар дахин дамжуулах станцыг барьж байгуулсан байранд хулгай орсон байна гэж манай дүүгийн Энхбадрахын утас руу ойр хавийн оршин суугчид залгаж хэлсэн байсан. …Цахилгаан үүсгүүр буюу генератор, 120 метрийн фидер кабелийн утас, өргөст тор, нэг боодол, разетка, залгуур унтраалга зэрэг эд зүйлүүд уг байшин дотор байсан тэр эд зүйлүүд алдагдсан юм. Би Баасанцэрэн гэх нөхөр уг байшинг барихад барилгын бригадад нь ажиллаж байсан болохоор би харж байсан юм гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Гантулгын… 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн хооронд гэртээ байж байгаад найз Дөлгөөний хамт гудамжиндаа юм яриад байж байтал Санота 5 маркийн саарал өнгийн автомашинтай 5 хүн ирээд манай гудамжинд машинаа тавьчихаад уулын орой руу гараад бууж ирэхдээ цахилгаан үүсгүүр буюу генератор, өргөст төмөр тор аваад доош бууж ирсэн. …Тэгээд уг өргөст төмөр тор, мотор зэргийг машины багаажинд хийгээд аваад явсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан ял оноох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Гантөмөр нь бусадтай бүлэглэн Шейрлик ХХК-ний барилгад нэвтрэн орж, бусдын эд зүйл хулгайлж 3.530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016  оны 06 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр тооцогдож гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Д.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялыг багтаасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Арвай Хээр сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 62 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  

 7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН