Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2541

 

                                                                 МАГАДЛАЛ

 

2017.12.15                                               Дугаар 2541                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03318 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, нотариатын хөлс нийт 9 256 447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Зээлдэгч Д.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Х Б тай 1010016276 дугаар гэрээ байгуулж, 9 500 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч Д.М нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул банк нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1010016276 дугаартай зээлийн гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөр 6 861 111.10 төгрөг, зээлийн хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг, нийт 9 250 947 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б-с гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн төлбөр нэхэмжилсэн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Монголын нотариатчдын танхимын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаартай танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар Д.М дараахи этгээдэд өв шилжсэн болох нь тогтоогдож байна.

Хүү Б.Э-д 9 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 78-91 УНС улсын дугаартай ACU100011859 аралтай, T h маркийн автомашин олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өв залгамжлалын 04 дүгээрт бүртгэж гэрчилсэн.

Охин Б.Б Хан-Уул дүүргийн Х Т хотхон, 101 дүгээр байр, 1 дүгээр орц, 6 давхар, 4 тоот хаягт байрлах, 72,29 мкв, 3 өрөө орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн захиалгын урьдчилгаа 82 302 165 төгрөгийг олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн нотариатч М.М 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өв залгамжлалын 51 дүгээрт бүртгэж гэрчилсэн. Иймд Х Б нь Д.М өв хүлээн авсан түүний охин Б.Б-с зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан 1010016276 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн шүүхэд гэрээг цуцлах хүсэлт гаргасан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 6 861 111.10 төгрөг, зээлийн хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг, нийт 9 250 947 төгрөг, нотариатын хөлс 5 500 төгрөг, нийт 9 256 447 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг тус тус үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл Х Б-тай зээлийн гэрээ байгуулсан үндсэн зээлдэгчийн зээлийн 1010016276 тоот гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Иргэний хуульд заасан өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасныг үндэслэл болгон өвлөгч надаас нэхэмжилсэн байна. Гэтэл Х Б нь дээр дурьдсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох надаас дээрх зээлийн гэрээний төлбөр болох 9 250 947 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэсэн үндэслэлээр Х Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү эцсийн шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Нэгэнт шүүхээс зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тогтоосон байхад дуусгавар болсон үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-с өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6 861 111.10 төгрөг, зээлийн хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 9 256 447 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 163 053 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Х Б-ны 10110016276 тоот зээлийн гэрээнд тухайн зээлийн гэрээний үүрэг нь хувийн байдалтай салшгүй холбоотой болохыг заасан байдаг. Тухайлбал "энэхүү гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд" гэж тодорхой дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу дээрх дурдсан дээд шүүхийн тогтоолоор зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн үйл баримтыг үнэлээгүй байхаас гадна Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтад туссан эрх зүйн зохицуулалтьг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна. Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт "Өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээпэ" мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт "Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ" гэж тус тус заасан бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд өвлүүлэгч Д.М-ын Х Б-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.М-ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч Б.Б нь өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т "Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно" гээд 240 дүгээр зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" гэж тодорхой зохицуулсан байна. Энэхүү зохицуулалтаас үзвэл зээлдэгч буюу Д.М-ын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг дуусгавар болсон байна. Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл зээлдэгч буюу өвлүүлэгч гүйцэтгэвэл зохих үндсэн зээл, түүний хүү зэрэг зээлийн төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болсон байна. Иймд нэгэнт дуусгавар болсон зээл, зээлийн хүү төлөх үүргийг өв хүлээн авагч гүйцэтгэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, нотлох баримт буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг буруу дүгнэж хэрэглэсэн байх буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын хөлс нийт 9 256 447 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлдэгч Д.М нас барснаар түүний үүрэг дуусгавар болсныг эцсийн шатны шүүх шийдвэрлэсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Х Б” ХХК болон Д.М, Б.Б нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр Д.М нь 9 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногийн 20-40 хувийн хүүтэй зээлж, ирээдүйд авах цалингаа барьцаалсан, Д.М нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч нь Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 257 447 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.М-ын үүрэг дуусгавар болсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Хуулийн дагуу нэгэнт дуусгавар болсон үүргийг шаардах эрх нөгөө талд үүсэхгүй бөгөөд тухайн үүрэг өвийн хамт өвлөгчид шилжих учиргүй. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...Д.М-ын гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүргийг өвлөгч Б.Б өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын хөлс нийт 9 256 447 төгрөг гаргуулах тухай “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163 054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ