| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00377/И |
| Дугаар | 102/ШШ2019/00786 |
| Огноо | 2019-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/00786
| 2019 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2019/00786 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9, Ж М ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн 76-р ЕББ-д холбогдох худалдах, худалдан гэрээний үүрэгт 2 407 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ Ж М” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж М” ХХК нь Баянгол дүүргийн 76-р ЕББ-тэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ХАГ-0515/17 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 11 703 000 төгрөгийн Самсунг маркын гар утсыг 10 сарын хугацаатай худалдан авсан. Мөн 2017 оны 10-р сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж 2 115 000 төгрөгийн нийт 13 818 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Дээрхи гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 12 212 800 төгрөгийг төлж үлдэх 1 605 200 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгчээс төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Баянгол дүүргийн 76-р ЕББ-ээс ХАГ-0515/17 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 1 605 200 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу 802 600 төгрөг нийт 2 407 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 76-р ЕББ нь байгууллагынхаа багш, ажилчдад Ж М ХХК-ийн ажилтан н.Л-ээс 2016 оны 4-р сард амаар тохиролцож, ямар ч гэрээгүйгээр ажилчдад утас зээлээр авч өгсөн. 2017 оны 9-р сарын 11-ний өдөр байгууллагатай гэрээ хийсэн. 2019 оны 01-р сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр ирэхэд 1 605 200 төгрөг, 03 хувийн алданги 802 600 төгрөг тооцож нийт 2 407 800 төгрөг нэхэмжилснээс дараахи ажлыг хийж гүйцэтгэсэн. Ж М ХХК-ийн ажил хариуцсан тодорхойгүй ажилтангүй, энэ хугацаанд маш их ажилтан солигдсоны улмаас тооцоогоо гүйцэд хийгээгүй буруу дүн мэдээлсэн байна. Төлбөрөө төлсөн багш, ажилчдын нэрсийг оруулсан байсан. Нярав байсан О.С тухайн үеийн төлбөрийг сар бүр хураан авч тооцоог хийж байсан. Анх хувь хүнтэй гэрээ хийнэ гэж байгаад байгууллагатай хийхэд нь анхаарал болгоомжгүй хандаж эрхлэгч, нягтлан бодогч бид 2 гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хугацаанд тооцоо нийлхэд багш Ц.Чимгээ 166 000 төгрөг, багш Д.Г 166 000 төгрөг, нярав О.С 199 600 төгрөг, туслах багш Э.Д 83 000 төгрөг, туслах багш Э.Г 176 000 төгрөг, нягтлан бодогч Т.Т 290 000 төгрөг зэргийг тус тус төлж барагдуулсан. Туслах багш Д.Б нь ажлаас чөлөөлөгдсөн тул утсаар ярьж 231 000 төгрөгийн төлбөртэй байгаа. Иймээс бид гэрээнд гарын үсэг зурсан буруугаа ухамсарлан дээрх төлбөрийг барагдуулахад ажлаа мэдэх ч үгүй ажилтанууд байна. Туслах багш Д.Б-ийн 231 000 төгрөгийг бид барагдуулах боломжгүй тул “ Ж М” ХХКөөрөө ажиллаж тооцоогоо дуусгах нь нь зүйтэй. 231 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг Ж М ХХК-иас манай нягтлангийн и-мейлээр ирсэн тооцоогоор 231 000 төгрөгийн тооцоотой байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ Ж М” ХХКнь Баянгол дүүргийн 76-р ЕББ-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2 407 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
“ Ж М” ХХКнь Баянгол дүүргийн 76-р ЕББ-тэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ХАГ-0515/17 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /хх 10-15/ байгуулж 11 703 000 төгрөгний үнэ бүхий Самсунг маркийн 7 ширхэг гар утас, 2017 оны 10-р сарын 24-ний өдөр Нэмэлт ХАГ-0515/17-01 гэрээг байгуулж 636 000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг утас худалдаж, худалдан авагч төлбөрийг 2018 оны 6-р сарын 30-ны дотор сар бүр хуваарийн дагуу төлөхөөр /хх 10-23/ тохирсон байна.
Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч маргаж, 2 407 800 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн нэхэмжлэхийг үндэслэл болгожээ.
Харин нэхэмжлэгч нь 2019 оны 1-р сарын 31-ний өдрийн байдлаар 231 000 төгрөгийн тооцоотой байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн, худалдан авагчийн төлбөр төлсөн баримтуудаар тооцоход энэ хэмжээний төлбөртэй нь тохирсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 231 000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 3-р сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 76-р ЕББ-ээс 231 000 /хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж Ж М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 176 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 475 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Баянгол дүүргийн 76-р ЕББ-ээс 7 580 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосгай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА