Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа

Шүүгдэгч Т.О, Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н х овогтой Тийн О, Т овогтой Жийн Т нарт холбогдох 2216001630166 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О, Ж.Т нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн портер машины кришик 2 ширхэг, газан кришик 1 ширхэг, помп 3 ширхэг, статер 2 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр, цахилгаан дрилль, тасдагч, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, гинж 1 ширхэг, зэс 3 килограмм, хайлш 30 килограмм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн 160 ампертай аккумлятор 1 ширхэг, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, хятад мотоциклийн обуд 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклыг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг “Өвгөн гэцэл” гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн “Приус11” маркийн машины кришик 1 ширхэг, “Приус11” маркийн машины под крило 1 ширхэг, Хятад мотоциклийн мотор 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760,000 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Б.Бт 6,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.О, Ж.Т нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн портер машины кришик 2 ширхэг, газан кришик 1 ширхэг, помп 3 ширхэг, статер 2 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр, цахилгаан дрилль, тасдагч, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, гинж 1 ширхэг, зэс 3 килограмм, хайлш 30 килограмм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4,080,000 төгрөгийн хохирол учруулсан,  2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн 160 ампертай аккумлятор 1 ширхэг, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, хятад мотоциклийн обуд 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклыг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг “Өвгөн гэцэл” гэх нэртэй газарт байх иргэн Б.Бын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн “Приус-11” маркийн машины кришик 1 ширхэг, “Приус-11” маркийн машины под крило 1 ширхэг, Хятад мотоциклын мотор 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бт 6.025.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримтууд нь машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.О, Ж.Т нар гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх- ийн 24-25, 32-33-р тал/,

          Гэрч М.Бээр түүнд хулгайн эд зүйлс худалдан борлуулсан хүмүүсийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-127-р тал/,

          Түүхий эд худалдан авах “Таван-Эрдэнэ” төвийн 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28-р тал/,

 

          Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие Говь-алтай аймгийн газар хөдлөхийн станцын Тайшир сумын “Долоох” гэдэг газарт байрлах хээрийн станцын манаач ажилтай юм. Уг газарт 3-н амбаар, миний өөрийн эзэмшлийн 5 ханатай гэр, албаны контейнер зэрэг зүйлүүд байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын дундуур уг газарт байрлах миний өөрийн 3-н амбаараас портер машины кришик 2 ширхэг, газан кришик 1 ширхэг, помп 3 ширхэг, статер 2 ширхэг, жанам 3 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр, хөх өнгийн цахилгаан жижиг дриль, улаан өнгийн гар тасдагч, хятад мотоциклын ажиллагаатай мотор 3 ширхэг, гинж, зэс-3 кг орчим, хайлш 30 орчим кг, зэрэг зүйлүүд алга болсон байсан. Би тухайн үед уг газраас 5 км-ийн зайд Галуут багийн “Өвгөн гэцэл” гэдэг газарт хаваржаан дээрээ малтайгаа байсан юм ....Ингээд 2022 оны 06 дугаар сарын дундуур “Долоох” гэдэг газарт байрлах хээрийн станц дээр байх амбаараас 160 амперийн аккумулятор 1 ширхэг, Хятад мотоциклын 3 ширхэг ажиллагаатай мотор 3 ширхэг, мотоциклын обуд 3 ширхгийг мөн цоожийг эвдэлж ороод авч явсан байсан ...2022 оны 07 сарын эхээр манайх “Өвгөн гэцэл” өвөлжөөнөөс 10 гаран км зайд байрлах “Хатуугийн ус гэх газарт зусаж байгаад 16-ны өдөр өвөлжөөгөө очиж эргэтэл өвөлжөөний төмөр цоожгүй амбаарыг онгойлгож хулгайч ороод приус 11 машины кришик 1 ширхэг, под кастер, хятад мотоциклын мотор 2 ширхэг, мотоциклын обуд 3 ширхэг зүйлүүд алга болсон байсан. Ингээд би 07 сарын сүүлээр аймгийн төв дээр Бийн түүхий эдийн цэг дээр түүхий эд өгч байхад манай амбаараас алдсан кришикнүүд хэвтэж байхаар нь тэнд зогсож байсан залуугаас асуухад мотоциклтой 2 залуу авч ирж тушаасан гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгчдөө өргөдөл гаргасан юм. Надад нийт 4.270.000 төгрөгийн хохирол учирсан юм. Тухайн үед би Түмэнбаярыг сэжиглэж байсан юм. Ээж нь болох Цд гэж хүн манай тэнд сахиул хийдэг байсан юм. Тэгээд манай эд зүйлсийг сайн мэддэг байгаад хулгай хийсэн байна лээ. Би хохирлоо л төлж барагдуулж авмаар байна. Миний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. манай ажлын газар аймгийн төвөөс 30 км орчим, манай өвөлжөө 25 км, өвөлжөө, ажил хоёрын хооронд 5 км орчим зайтай байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 129, 164-р тал/,

 

Гэрч Б.М-Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би “Таван-Эрдэнэ” түүхий эд авах төвд ажилладаг юм. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төвөө хаачхаад гэртээ байж байхад мотоциклтой 2 хүн ирээд юм өгье гэж дуудахаар нь би гарсан. Тухайн үед 19 цаг 30 минут болж байсан. Уг хүмүүсийн өгсөн зүйл нь 60 кг орчим болж 180.000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклын мотор 2 ширхэг, машины кришик 4 ширхэг, мотоциклын обуд 2 ширхэг бетон, сав суулга гэх мэт жижиг сажиг хөнгөн цагаан зүйлс өгчхөөд явцгаасан. Тухайн хүмүүс нь өмнө манайд хэд хэдэн удаа ирж юм өгч байсан. 2022 оны 07 дугаар сарын 16-с хойш 1 удаа ирж зэс хөнгөн цагаан зүйлс өгчхөөд явсан би тухайн хүмүүсийг танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 66- р тал/,

 

Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хувиараа Говь-Алтай аймгийн төвд Баяншанд 1-1 тоотод “Таван-Эрдэнэ” гэх нэртэй түүхий эд авах төвийг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Манай түүхий эд авах цэг нь мал амьтны мах, арьс, шир, 2-догч түүхий эд болох хөнгөн цагаан, хайлш, зэс зэрэг түүхий эдийг давхар авдаг юм. манайх хөнгөн цагаан, хайлшийг 1 кг-3.000 төгрөгөөр, зэсийг 1 кг нь 13.000 төгрөгөөр авдаг юм. ...Ж.Т гэх залуу 2022 оны 03 сараас эхэлж манай төвд байнга хөнгөн цагаан, зэс авч ирж өгдөг байсан, сүүлийн үед өгөхөө больчихсон юм. 2022 оны 07 дугаар сарын 16-ны орой Ж.Т гэх энэ залуу нь жижиг шар өөрөөсөө ахимаг насны залуутай ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой ирээд мотоциклын мотор, обуд, машины кришик, гожук гэх мэт зүйлс надад өгчхөөд явсан. Сүүлд нь дуулахнээ манай бандид бас түүхий эд авч ирж тушаасан байна лээ. Одоо сайн санахгүй байна. Машин мотоциклын эд зүйлс, зэс, хөнгөн цагаан, хайлш гэх мэт зүйлс байсан. яг хэдэн ширхэг ямар эд зүйлс байсныг нь үнэндээ мэдэхгүй, бид нар авч ирсэн дор нь кг-ж аваад мөнгийг нь өгөөд явуулдаг юм. Түүнээс ямар машины сэлбэг эд зүйлс талаар үнэндээ мэдэхгүй. Ж.Т, Т.О гэх хүмүүс нь 07 дугаар сарын 16-с хойш ирэхээ больчихсон юм. Ж.Т нь бараг өдөр болгон шахуу надад зэс хөнгөн цагаан зүйлс тушаадаг. Т.Оыг гэх хүнийг сайн мэдэхүй байна” гэх мэдүүлэг/хх-ийн 137-138-р тал/,

 

Гэрч Х.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...О нь миний төрсөн эгчтэй гэр бүл болсон, хүргэн ах байгаа юм. Ж.Т нь миний галын зээ байгаа юм. Миний бие ногоон өнгийн Мустанг-5 маркийн өнгө үзэмж сайтай мотоциклыг хадам ах О ахдаа зарчих би мөнгийг хоёр хувааж өгье гэж хэлээд 2022.02.05-ны өдөр буюу цагаан сарын өмнө худалдаж авсан юм. Ингээд би хадам ахаасаа 2022.03-н сарын сүүлээр 1.300.000 төгрөгний тооцоогоо дуусгаж авсан юм. Тухайн үед олон нялх хүүхэдтэй хүүхэд зөөх унаа хэрэгтэй байна гээд авсан. Миний мотоцикльд улсын дугаар, номер бичиг баримт огт байхгүй байсан. Одоо миний эзэмшлийнх биш хадам ах Оын эзэмшлийнх юм. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. Би Саас дээрхи мотоциклийг авах болон зарсан ямар ч асуудал байхгүй. С нь манай хүргэн, эмэгтэй дүүгийн маань нөхөр байгаа юм” гэх мэдүүлэг/хх-ийн 172-р тал/,

 

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Есөнбулаг сумын 10-н жилийн 3-р сургуулийн 4-р ангийг төгсөөд тэрнээс хойш эцэг, эхтэй тусалж байгаад 20 настайгаасаа эхэлж хүмүүсийн эвдэрсэн янз бүрийн машин тэргийг засдаг ажлыг өнөөдөр хүртэл хийж байгаа. Манай найз Б нь 2000-аад оноос эхэлж Солонгос машин болох портер, вонго, БНХ-д үйлдвэрлэсэн Хятад мотоцикл болон ОХУ-д үйлдвэрлэсэн Иж планета зэрэг машин тэргийг засаж янзалдаг болсон. Тэрнээс хойш байнга хөдөө мал дээрээ хөдөөний хүмүүсийн машин тэрэг, мотоциклыг засдаг. Би байнга шахам очиж малаа эргэдэг, манай мал Батбаатарын дээр байдаг, тэгээд амбаар луу нь ороход Вонго, портер машины кришик, мотор, дугуй, хятад мотоциклын мотор, хроп, обудь гээд төрөл бүрийн технк сэлбэгнүүд байдаг. Байнга л машин тэрэгний сэлбэг цуглуулж байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 168-р тал/,

 

Т.О, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-38-р тал/,

 

Т.О, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Т.Оын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн мотоциклыг 765.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4010 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 90-92-р тал/,

 

Хулгайд алдагдсан эд зүйлсийг 6.025.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4011 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 76-79-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘’Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно’’гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.О, Ж.Т нар нь 3 удаагийн үйлдлээр нэг обьектод халдаж хохирогч Б.Брт нийт 6.025.000 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Иймд шүүгдэгч нарын дээрхи үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.О, Ж.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.О, Ж.Т нарыг машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Т.О, Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Т.О, Ж.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарт тус бүрт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Т.Оын эзэмшлийн Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоциклийг ашигласан нь тогтоогдож байна.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Т.Оын эзэмшлийн 760,000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Брт  6,025,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “...би Т.О, Ж.Т нарт ямар нэгэн санал гомдолгүй” /хх195/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Т, Т.О нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н х овогтой Тийн О, Т овогтой Жийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Т.Оын эзэмшлийн 760,000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

 

5. Шүүгдэгч Ж.Т, Т.О нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Т, Т.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА