Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар багт байрлах Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар багт байрлах “Суман зурхай” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 9 662 643 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2 939 400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 12 602 043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Ш.Отгонбаяр, прокурор Ж.Айжуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Суман зурхай” ХХК  нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12 602 043 төгрөгийн өртэй байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс нь анх нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 9 662 643 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 12 602 043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Манай байгууллага Нийгмийн даатгалын шимтгэлээ 120 хоногоос дээш хугацаанд төлөөгүй, өртэй байгаа байгууллагуудыг шүүхийн байгууллага руу шилжүүлдэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг нь аж, ахуй нэгжид байдаг учраас “Суман зурхай” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн тул нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь тус байгууллагатай нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн даатгалын хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажилчдынхаа сайн сайхны төлөө хамтран ажиллаж ирсэн болно. Үйл ажиллагаа доголдож хуримтлалын өр үүссэн боловч шүүхийн шатны хүртэл хурцдаагүй. Компанийн үйл ажиллагаа сайжирч хуримтлалын өр төлбөр төлөхөд саадгүй болоод байсан гэтэл байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж үнэнийг хэлсний төлөө шүүхэд хандсан үйлдлийг эсэргүүцэж гомдолтой байна. Бид ажилчидтайгаа зөвшилцөөд 2018 оны 10 дугаар сараас сайн дураар нийгмийн даатгалаа хувиараа төлөх бөгөөд 2018 оны 10-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажилчиддаа буцаан олгохоор тохиролцсон. Бид нийгмийн даатгалын хэлтэст дахин тайлан гаргаж өгөхгүй гэв.   

Прокурор Ж.Айжуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Суман зурхай” ХХК нь Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дутуу төлөгдсөн 12 602 043 төгрөгийг төлөөгүй болох нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан Заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/, хх-5 дугаар тал, “Суман зурхай” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19/08 дугаартай тайлбар /хх-14 дүгээр тал/,  “Суман зурхай” ХХК-ийн 2017 он, 2018 оны сар бүр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 12 602 043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч “Суман зурхай” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 9 662 643 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2 939 400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 12 602 043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Отгонбаяр нь нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Шагдарсүрэн ажлаа өгч өөр хүн сонгогдож ажиллавал манай компани өр төлбөрийг төлөхөд бэлэн гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа этгээд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д даатгуулагч болон ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийн хэрхэн төлөх, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын төрөл тус бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т "энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч ...гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Хариуцагч “Суман зурхай” ХХК дээрх үүргээ зөрчиж, 12 602 043 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа нь заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 24 дүгээр тал/

Иймд хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 12 602 043 төгрөгийг хариуцагч “Суман зурхай” ХХК-иас гаргуулан Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Суман зурхай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 216 583 төгрөгийг гаргуулж улсын орлого /Төрийн сан банк 100060000957/-д оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагч “Суман зурхай” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 12 602 043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Суман зурхай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 216 583 төгрөгийг гаргуулж улсын орлого /Төрийн сан банк 100060000957/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА