| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2022/0150/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/156 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогтой Гын Найд холбогдох 2216000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумаас аймгийн төв орохоор хамт тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн Д.Х ыг биеэ удирдах чадваргүй буюу болсон явдлыг санах чадваргүй байдлыг нь далимдуулан “Хаан банк”-ны виза картны нууц үгийг нь хэлүүлэн авч улмаар 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 28 минутад тухайн картыг нь ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машинд уншуулан “Хаан банк” ХХК дахь Д.Х ы эзэмшлийн *** тоот харилцах данснаас 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумаас аймгийн төв орохоор хамт тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн Д.Х ыг биеэ удирдах чадваргүй буюу болсон явдлыг санах чадваргүй байдлыг нь далимдуулан “Хаан банк”-ны виза картны нууц үгийг нь хэлүүлэн авч улмаар 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 28 минутад тухайн картыг нь ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машинд уншуулан “Хаан банк” ХХК дахь Д.Х ы эзэмшлийн 5042485547 тоот харилцах данснаас 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Нд гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: “Би эхнэртэйгээ хамт Дийн машинд дайгдаж ирсэн. Энэ үед нэг согтуу хүн хамт ирсэн. Тэгээд согтуу иргэн нь замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нарын машин Хан-Алтай” ХХК-ны давааны наад талд эвдэрсэн. Тэгээд зогсож байх зуур иргэн Д.Х жолооч хоёр нэг шил Болор архи хувааж уугаад Д.Х маш их согтсон. Мөн замд машинд явсан хүмүүстэй хэл ам хийж юм идэж уумаар байна гэж согтуу хүний авир гаргасан. Тэгээд Сав шандын хоолны газрын цаад талд ирж байхдаа ах нь архи, ундаа авах гэсэн юм. Чи надад олж өг гэж машин эвдэрсэн байхад надад картын код хэлж өгсөн байсан. Тэгээд ах нь танай хүүхдэд чихэр авч өгнө. Сумын төвөөс зайрмаг авч өгөх гэтэл жолооч дэлгүүр дээр зогссонгүй. Ахын дүү хүүхдэдээ юм авч өгөөд надад нэг шил архи, ундаа аваад ир гэж хэлээд картын код хэлсэн. Тэгээд наашаа явж шууд Алтай хотод ирээд би картыг нь буцааж өгөхгүйгээр бэлэн мөнгөний машинаас карт уншуулж мөнгө авсан. Энэ үйл явдал нь миний буруутай үйлдэл байсан. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Г.Нн бэлэн мөнгөний машинаас мөнгө авч буй дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
“Хаан банк” ХХК дахь иргэн Д.Х ы эзэмшлийн *** тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх 13 дугаар хуудас/,
Хохирогч Д.Х ы “Хаан банк” ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/хх 14 дүгээр хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хаан банк ХХК-ийн камерын бичлэг бүхий СD-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоо /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Х ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Говь-Алтай аймгийн Алтай сум руу явах санаатай Бигэр сумын төвд байдаг Жаргалант нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас истана маркийн шар өнгийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү 25.000 төгрөгөөр явна гэхээр нь явахаар болж суугаад замаасаа Бигэр сумын ШТС-с түлш авахаар болж тэр машины жолооч намайг бэлэн мөнгө байхгүй гэхэд картаа өгчих гэхээр би картаа өгөөд кодоо хэлсэн. Тэгээд миний картнаас 25.000 төгрөг уншуулаад цаашаа хөдлөөд аймгийн төв дээр ирээд би буусан. Тэгээд аймгийн төв дээр хот руу явах гээд байж байхад орой 19 цаг 28 минутанд миний гар утсанд Хаан банкны 5042485547 дугаартай данснаас 700.000 төгрөгний зарлага гарлаа гээд утсанд мессеж ирсэн. Тэгэхээр нь би картаа хайж байгаад өдөр микроны жолоочид үлдээгээд аваагүйгээ санасан. Тэгээд микрог хайтал олдоогүй. Би Улаанбаатар хотод ирээд Өмнөговь аймаг руу яаралтай явах ажил гараад явчихсан юм ирээд оршин суугаа газрынхаа хаягаар цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Гэрч М.Лын мөрдөн байцаалтад өгсөн “...Нөхөр бид хоёрыг 2022 оны 08 дугаар сард тухайн өдөр сарыг сайн санахгүй байна Баянтоорой тосгонд 5 хүн ногоо хураана гээд тэр хүмүүсийг хүргэж өгөөд нэг хоноод буцаад аймаг руу ирсэн ирэх замдаа Бигэр сумын төвөөр дайртал нэг танихгүй архи уусан бололтой хүн аймаг руу явж байгаа аваад яв гэхээр зардлаа өгөөд яв гэсэн тэгээд тэр хүн хамт явахаар болсон би шатахуун түгээх станц дээр очоод түлш авсан юм. Би картаа уншуулаад түлш хийлгэсэн түүн дээр нэмээд зардлаа өгсөн хүний мөнгөөр түлш хийсэн юм. Тэр хүн шатахуун түгээх станцын хүнд картаа өгч уншуулаад зардлын мөнгө болох 25.000 мянган төгрөг уншуулсан. Тэгээд тэндээсээ шууд гараад аймаг дээр 19 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэр танихгүй залуу аймаг руу орж ирээд зам дээр буусан юм тэгээд бид хоёр гэр лүүгээ явсан. ...өөрийнхөө истана маркийн 7987 ГАҮ улсын дугаартай ногоон өнгийн авто машинтай явж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Х.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сард тухайн өдөр сарыг сайн санахгүй байна Баянтоорой тосгонд 5 хүн ногоо хураана гээд тэр хүмүүсийг хүргэж өгөөд нэг хоноод буцаад аймаг руу ирсэн ирэх замдаа Бигэр сумын төвөөр дайртал нэг танихгүй архи уусан бололтой хүн аймаг руу явж байгаа аваад яв гэхээр зардлаа өгөөд яв гэсэн тэгээд тэр хүн хамт явахаар болсон. би шатахуун түгээх станц дээр очоод түлш авсан юм. Гэтэл тэр танихгүй надтай явж байгаа хүн шатахуун түгээх станцын хүнд картаа өгч уншуулаад зардлын мөнгө болох 25.000 мянган төгрөг уншуулсан тэр мөнгөн дүнгээр нь би шатахуун хийсэн юм. Тэгээд тэндээсээ шууд гараад аймаг дээр 19 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэр танихгүй залуу аймаг руу орж ирээд зам дээр буусан юм тэгээд би гэр лүүгээ явсан би өөрийнхөө истана маркийн 7987 ГАҮ улсын дугаартай ногоон өнгийн авто машинтай явж байсан юм. ...Би танина Бигэр сумын хүмүүс нөхөр нь Н, эхнэр нь С гэдэг юм. Манай эхнэртэй нэг нутгийн хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Говь-Алтай аймгийн Бигэр сумын засаг дарга Г.Мын “...Тус сумын иргэн Г.Н нь Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг нь үнэн болно..." гэх албан бичиг, /хх-ийн 106 дугаар хуудас/,
Г.Нийн яллагдагчаар өгсөн “...би энэ тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би гэрчээр бүх болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн учир дахиж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа миний буруу. Д.Х ы хохирол мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Нг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Улсын яллагч шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (Гурван зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирлын тухайд: Шүүгдэгч Г.Н нь хохирогч Д.Х д 700,000 (Долоон зуун мянга) төгрөгийг хохирол учруулсан бөгөөд 450,000/Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 250,000/Хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг төлөөгүй байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н-с 250,000/Хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогтой Г-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 320 /Гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 320/Гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-д сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 320/Гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Н-аас 250,000/Хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. .
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР