| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0120/Э/001/2021/0342 |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
улсын яллагч Н.Баасанжав
шүүгдэгч Ц…
Т…
шүүгдэгч Ц…
өмгөөлөгч Б…
шүүгдэгч Т….
өмгөөлөгч Ц…
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б…
хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Ц…. /цахимаар/
гэрч Б…,
Ш….,
С…. /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц..., Т…. нарт холбогдох …. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн … суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн … сумын … багийн дээд хэсэг … тоотод оршин суух хаягтай, … хот …. дүүрэг … дүгээр хороо … дүгээр байр … тоотод түр оршин сууж байгаа Завхан аймгийн … сумын …. орлогчоор ажиллаж байсан, одоо …. ХХК-ний топ бүлгийн камер хянагчаар ажилладаг, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, … овогт …. /регистрийн дугаар …/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн … суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн … сумын …. тоотод оршин суух хаягтай, Завхан аймгийн … сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо …. ХХК-нд менежир ажилтай өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, … овогт …, /регистрийн дугаар …/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ц… нь Завхан аймгийн … сумын засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн … дугаартай тушаалыг үндэслэн Завхан аймгийн … сумын малчин Ш…. үлийн цагаан оготно устгалын гэрээг байгуулсан байна.
Ийнхүү гэрээг байгуулахад Ш…. гарын үсэг зураагүй түүний өмнөөс Т…. гэрээнд гарын үсэг зурсан болох нь гэрч Ш…. “...Би сумынхаа Засаг даргын Тамгын газар луу орж үлийн цагаан оготно устгалын ажлыг би хиймээр байна, хийх гэсэн юм гэсэн саналыг тавиагүй. Намайг тухайн үед сумын төвд байхад … утсаар яриад хүрээд ир гэсэн. Ингээд намайг явж очоод уулзахад “үлийн цагаан оготно устгалын ажлыг та хийх үү” гэхээр нь “тийм ажил байвал хийе л” гэж хэлсэн. Би түүнээс биш ямар нэгэн санал тавиагүй. ...Би энэ гэрээг байгуулаагүй, бичиг цаастай холбоотой зүйл дээр миний хувьд гарын үсэг зураагүй, би энэ гэрээг одоо л харж байна. Би өөрөө хөдөө мал малладаг, сургууль соёл төгсөөгүй учраас бичиг цаасны асуудалдаа тааруу. Над руу тухайн үед … утсаар яриад та гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь би хөдөө явж байна чи миний өмнөөс зурчих гэж хэлсэн. … л байгуулсан байхаа. Би сайн мэдэхгүй байна “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрээг үндэслэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас үлийн цагаан оготно устгалын гэрээний эхний санхүүжилт болох 7,105,000 төгрөг Ш…. эзэмшлийн ХААН банкны … дугаарын дансанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орсон бөгөөд дээрх мөнгийг Т…. Ш…. картыг ашиглан 2,080,000 төгрөгийн бэлнээр, Х…. эзэмшлийн ХААН банкны … дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан байна.
Т…. нь дээрх үлийн цагаан оготно устгалын гэрээний үлдэгдэл 30 хувийн санхүүжилтийг авахын тулд Завхан аймгийн … сумын гурван багийн 15 малчин иргэнийг түр ажлын байраар хангаж, 7000 га талбайд үлийн цагаан оготнотой байгаль орчинд хоргүй аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан мэтээр үлийн цагаан оготно устгалын ажиллагааны талаарх тайланг зохиомлоор бичиж бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн холбогдох байгууллагад хүргүүлсэн ба үүнийг үндэслэн гэрээний үлдэгдэл санхүүжилт 2,740,500 төгрөг Ш…. эзэмшлийн ХААН банкны … дугаартай дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилжин оржээ.
Уг мөнгөнөөс 2,640,000 төгрөгийг Т…. өөрийн … дугаарын данс руу шилжүүлэн авч өөрийн зээлийн өглөгийг өгөх, Ц…. болон бусад нэр бүхий иргэний данс руу шилжүүлэх зэргээр ашигласан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц…. “...2019 онд Завхан аймгийн … сумын бэлчээрийн газар нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх чиглэлээр тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 10,150,000 төгрөгийн санхүүжилт олгосон. … сумын эрх бүхий албан тушаалтнууд нь хэдэн төгрөгөөр нь устгалын ажил хийсэн, хэдэн төгрөгөөр нь зориулалт бусаар зарцуулж хувьдаа завшсан эсэхийг танай газрын зүгээс шалгалтын ажиллагаа хийгээд тогтоох байх. Хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа ашигласан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, манай яаманд учирсан бодит хохирлыг нөхөн төлж өгнө үү гэж хүсэж байна. ...Хохирлын асуудлыг манайх тогтоогоогүй бөгөөд хууль хяналтын байгууллагаас холбогдох хяналт шалгалт, мөрдөн байцаах ажиллагаа явуулаад тогтоосон байгаа.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 135 дахь тал/,
Үлийн цагаан оготно устгалын гэрээний дагуу мөнгийг Ш…. данс руу шилжүүлсэн тухай мэдүүлсэн гэрч Б…. “...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай аймгийн ХХАА-н газарт үлийн цагаан оготно устгалын эхний 70 хувь буюу 39.200.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд санхүүжилт орж ирсний дараа газрын зүгээс сумдад хуваарилалт хийж улмаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр … суманд гэрээний дагуу 70 хувийг буюу 7.105.000 төгрөгийг ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс руу шилжүүлсэн байгаа. ...Ингээд 30 хувь шилжигдэж орж ирсний дараа сумуудад хуваарилж өгөхдөө … суманд үлдсэн 3.045.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Засаг даргын Тамгын газрын данс руу шилжүүлсэн байна. … сумаас оготно устгалын ажлыг гардан гүйцэтгэсэн иргэнд 2.740.500 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь орлогын албан татварын 10 хувийг нь суутгаад шилжүүлсэн байна.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
гэрч Н…. мөрдөн байцаалтад өгсөн: “.... сумын ЗДТГ-т олгосон эхний 70 хувийн санхүүжилтээр оготнотой тэмцэх, устгалын ажлыг 100 хувь хийж дууссаных нь дараа үлдэгдэл 30 хувийг нь шилжүүлэх ёстой байсан. … сумаас ирүүлсэн тайлан, мэдээг нь манай газрын зүгээс хүлээж аваад үлдэгдэл 30 хувийн санхүүжилтийг нь шилжүүлсэн байна.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 91-92 дахь тал/
Ш… эзэмшлийн ХААН банкны цахим картыг Т. … өгсөн тухай мэдүүлсэн гэрч Г…. “...2019 оны хавар санагдаж байна яг хэзээ байсныг нь сайн санахгүй байна. Манай нутгийнхан … гэж хочилж дууддаг … нь манай сумын төвийн ХААН банкинд виза картаа гээсэн гээд шинээр захиалсан байсан. Гэтэл манай сумын орлогч дарга … нь намайг ажил дээр байхад орж ирээд “… ахын виза картыг авах гэсэн юм. Өөрөө хотод байгаа картаа хаяад танай банкинд шинээр авах гээд захиалсан гэж байна” гэхээр нь “бусдын картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй өгөхгүй ээ … өөрөөс нь юу ч гэсэн асууна гээд … утсаар холбогдоод картыг өгчих” гэсэн. Картны эзэн нь өөрөө тэгж хэлсэн болохоор … … виза картыг өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
Ш…. данснаас 2.640.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдүүлсэн гэрч П… “...2019 оны 12 сарын үед нөхөр …, хүүхдүүдтэйгээ … байсан юм. Гэтэл … энэ данс руу 2.640.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би нөхрөөсөө олон таван юм ч асуугаагүй, ноолуур ноосных нь мөнгө орж ирээд хүн лүү шилжүүлж байгаа л юм байх гэж бодоод утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Манай нөхөр … бусдад өглөг авлага байхгүй, бид хэд мал ахуйгаа зарж борлуулна, ноолуур ноосоо тушаагаад мөнгө цаастай болчихдог болохоор бусдаас өр зээл авсан, бусдад мөнгө төгрөгийн өглөг авлага байхгүй.” гэсэн мэдүүлгээр /1-р хавтаст хэргийн 34-35-р тал/,
Шүүгдэгч Т… өөрийнх нь ХААН банкны цахим карт руу мөнгө шилжүүлж, банкнаас мөнгийг бэлнээр гаргуулж авсан тухай мэдүүлсэн гэрч Х… “......миний Хаан банкны данс мөн. ... би … дансны дугаараа өгтөл миний данс руу 5.0 сая төгрөг шилжүүлсэн. … миний картыг уншуулаад хэд хэдэн хүмүүс рүү гүйлгээ хийгээд, бас бэлнээр мөнгө аваад байсан. Яг хэдэн төгрөг аваад, хэд гэсэн дугаарын данс руу гүйлгээ хийгээд байсныг нь мэдэх зүйл алгаа. … /хоч …/ … ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм. Тэр өдөр намайг ээлжид гарч байхад орж ирээд “би картаа мартчихаж, карт чинь байвал мөнгө хийгээд гүйлгээ хийчихье тэгэх үү” гэхээр нь би … картаа ашиглуулсан юмаа. … сумын Засаг дарга … цуг орж ирсэн. Өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
Үлийн цагаан оготно устгалын ажил 2019 онд хийгдээгүй талаар мэдүүлсэн гэрч Б… “...Манай суманд 2019 онд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах 10 сая төгрөгийг сумын төрийн санд шилжүүлсэн байдаг юм байна лээ. Оготнотой тэмцэх ажил манай суманд дорвитой тэмцсэн зүйл байхгүй. Сумын Засаг даргын орлогч … төрсөн ээжийнх нь дүү болох … гэж хүний данс руу уг мөнгө шилжиж орсон байдаг юм. … нь оготнотой тэмцэх, устгах ямар нэгэн ажил хийгээгүй. … үүнийг сайн мэдэж байгаа. Би энэ талаар … болон сумын хурал дээр оролцсон хүмүүсээс сонссон. Манай сумын хурал 2019 оны 12 сарын сүүлээр болсон юм. Уг хурал дээр Засаг дарга, орлогч зэрэг сумын удирдлагууд хурал дээр оролцсон юм. Уг хурал дээр манай сумын иргэд бүгд энэ талаар хэлээд шүүмжилсэн байдаг юм.”гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
гэрч Н…. “..... сумаас манай ХХААГ-т хийгдсэн ажлын танилцуулга, материалыг намайг хөх хот руу явахаас өмнө 8 сар жаахан гаргаад ирүүлж байсан. Ингээд би сумдаас ирүүлсэн танилцуулга, материалыг цуглуулаад Хүнс, хөдөө аж ахуйн яам руу нийлүүлээд хүргүүлсэн байдаг. … сумаас манайд ирүүлсэн танилцуулга материалаас нь харахад оготно устгалын ажил хийгдсэн гэж ойлгогдож харагдахаар байгаа. Манай газрын зүгээс тухайн суманд ч гэлтгүй 5 сумдад өдөр тутамд нь хяналт тавьж чадаагүй болохоор бодитой хийгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. ... сумын тухайд өнгөрсөн жилийн санхүүжилтээр оготно устгалын ажил хагас, дутуу хийгдсэн гээд нутгийн иргэд болон танай газраас уг асуудлыг шалгаж байгаатай холбогдуулан мэдээлэл авсан. Тэрний хүрээнд би … сумын удирдлагуудад нөхөж хийх үүрэг чиглэл өгсөн. Өнгөрсөн жилд хэдэн төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн, хэдэн төгрөгийн санхүүжилтээр хийгдээгүй гэдгийг миний хувьд мэдэх зүйл алга. Ирүүлсэн танилцуулга материалаас харахад бүх мөнгөөр хийгдсэн мэт харагдсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 66-71 дэх тал/
Гэрч О…, Л…, С…, Н…, Ч… нарын 2019 онд Завхан аймгийн … суманд оготно устгалын ажил хийгдээгүй талаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 онд … сумын нутаг дэвсгэрт оготно устгалын ямар нэгэн ажил хийгдээгүй. Харин 2020 оны 05 дугаар сард бүх нийтийг хамарсан оготно устгалын ажил хийгдсэн” гэсэн мэдүүлгээр /2 дугаар хавтас хэргийн 3-10 дахь тал, 16 дахь тал/,
Т…., Ш… өмнөөс үлийн цагаан оготно устгалын тайланг хуурамчаар бичиж өгсөн талаар мэдүүлсэн гэрч Б…. мөрдөн байцаалтад өгсөн: “...Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газартай гэрээ хийгдсэний дараа Засаг дарга … намайг … гэж хүн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг гардаж хийхээр болсон шүү. Энэ хүнтэй давхар гэрээ хийгээрэй гэхээр нь … сумын иргэн … гэрээ байгуулсан. ...Санхүүжилтийг олгохоос өмнө эхний санхүүжилтийн явц, байдлын танилцуулга, оготно устгах ажил бүрэн хийгдсэн байхаар тусгасан байсан учраас манай сумын төрийн сангийн дансанд мөнгө байвал шууд татчих байх гээд … … өмнөөс тайлан бичиж өгсөн юм.” гэсэн мэдүүлгээр / 2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд тайланд тусгагдсан ажил хийгдээгүй байсан талаар тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 233-249 дэх тал, 2-р хавтаст хэргийн 1-2 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц… нь Завхан аймгийн … сумын засаг даргаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажилласан нь түүнийг ажилд томилсон Завхан аймгийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн … дугаартай захирамжаар, шүүгдэгч Т… нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан Завхан аймгийн … сумын засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн … дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” тус тус хамаарна гэж заажээ.
2017 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж байх тул сумын засаг дарга, засаг даргын орлогч нь улс төрийн удирдах албан тушаалтанд хамаардаг нийтийн албан тушаалтан байна.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн … дугаартай тушаалын 2 дахь заалтаар Үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулан төсөвт өртөгт нь багтаан малчид, малчдын бүлэг хоршоодоор дамжуулан үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нарт даалгасан байна.
Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н…. өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, Завхан аймгийн … сумын засаг дарга Ц…. үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг малчид болон малчдын бүлэг хоршоогоор дамжуулан гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №… дугаартай гэрээг байгуулсан байна. /1-р хх-ийн 225-228-р хуудас/
Гэтэл тус сумын засаг дарга Ц… нь дээрх гэрээний заалтыг зөрчиж уг ажлыг малчид, малчдын бүлэг хоршоодтой гэрээ байгуулаагүй нь Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д заасан “ ургамал хамгааллын тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, технологийг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах” гэсэн засаг даргын бүрэн эрхийг хэтрүүлсэн байна.
Завхан аймгийн … сумын Засаг дарга Ц… үлийн цагаан оготно устгалын гэрээг Ш… байгуулсан гэх боловч гэрээнд гэрээний нэг тал болох Ш… гарын үсэг зуруулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэснийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэснийг, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т “ “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Шүүх хуралдаанд гэрч Ш… үлийн цагаан оготно устгалын гэрээнд өөрөө гарын үсэг зурсан гэж байгаа ч хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн түүний “би ...гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн...” мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулсны үндсэн дээр үнэн гэж үнэллээ.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж, 3.1.3-д "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тайлбарласан тайлбарт “ Энэ хуульд заасан урвуулан ашиглах “ гэж албан үүрэг албан тушаал албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж зохицуулсан байна.
Шүүгдэгч Ц… нь Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж иргэнтэй гэрээ байгуулахдаа түүний гарын үсгийг бусдаар зуруулсан, мөн гэрээний үүргийн биелэлтэд өөрөө хяналт тавих үүрэг бүхий этгээд атлаа энэ талаар хяналт тавиагүй, Ш…. болон Т…. нарт давуу байдал бий болгосон нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй байна.
Т…. нь 2002 оны Төрийн албаны тухай хуульд заасан дээдлэх төрийн хууль ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэх сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд төрийн албанд шударгаар ажиллах аливаа зүйлийг хуурамчаар үйлдэхгүй байх ёстой. Гэтэл тэрээр үлийн цагаан оготно устгалын ажлын тайланг хуурамчаар үйлдэж, хуурамч баримтыг хавсарган өөрийн нагац ах Ш… давуу байдал бий болгосон, мөн Ш… дансанд шилжүүлсэн үлийн цагаан оготно устгалын гэрээний санхүүжилтийг өөртөө ашигласан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Т…, Ц…. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй байна.Шүүгдэгч нар нь 2019 оны үлийн цагаан оготно устгалын зардалд зориулж 120.000 төгрөгийг Ш…., 350.000 төгрөгийг С…. өгсөн нь хэрэгт авагдсан Ш…. дансны хуулга, гэрч С…. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул үүнийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн 2020 оны Завхан аймгийн … сумын хэмжээнд үлийн цагаан оготно устгалын ажилд зарцуулагдах шатахууны үнэ 2.000.000 төгрөгийг Завхан аймгийн засаг дарга санхүүжүүлж шилжүүлсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог ба үүнээс илүү гарсан зардлыг шүүгдэгч нар нь 2020 оны үлийн цагаан оготно устгалын ажиллагаанд өөрсдөөсөө гаргаж зарцуулсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 183,200 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авсан хөдөлмөрийн багаж зэвсгийн үнэ 892,000 төгрөг, 415,000 төгрөг, С…. шургааг худалдаж авсан 260,000 төгрөгийг нийт 2.220.200 төгрөгийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас шилжүүлсэн 9.845.500 төгрөгөөс хасаж үлдэгдэл 7.625.300 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Т…. 3.812.650 төгрөгийг, шүүгдэгч Ц…. 3.812.650 төгрөгийг гаргуулж хохирогч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд олгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нар нь … сумын Засаг даргын тамгын газрын архивт тохижуулалт хийсэн гэх 720.000 төгрөг болон тамирчдыг санхүүжүүлсэн гэх мөнгийг хохирлоос хасч тооцох үндэслэлгүй байна. Учир нь эдгээр зардал нь үлийн цагаан оготно устгалд зориулан гарсан зардал гэж үзэхгүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нөхөн олгосон гэх 307,500 төгрөгийг тухайн үед гаргасан гэж үзэх үндэслэлгүй учраас хохирлоос хасч тооцох боломжгүй байна.
Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц…, Т… нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч … овогт …, … овогт … нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т…, Ц…. нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т…, Ц… нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц…, Т… нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц… 3.812.650 төгрөгийг, шүүгдэгч Т…. 3.812.650 төгрөгийг тус тус гаргуулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд олгосугай.
7.Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ