Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

   2022         12           19                                    2022/ШЦТ/122

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                        *******,   

Улсын яллагч                                                          *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  *******,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001340121  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, иргэний аюулгүй байдлын мэргэжилтэй, “Монгол САТ” ХХК-нд дуулагын оператор ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа хэсгийн 3 дугаар гудамжны 09 тоот хашаанд оршин суух хаягтай, одоо Баянгол дүүрэг 3-р хороо, ...... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* Ж-ийн Э  /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд тогтоосоноор/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “*******” ХХК-ийн “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын Багануур салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 16,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулж, хөрөнгө завших гэмт хэргийг хүндүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Нандин” ХХК-ийн зээлийн ажилтнаар ажиллаж байх үедээ 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр надад яаралтай мөнгөний хэрэг гараад 16,000,000 төгрөгийг хувьдаа авсан. Би тэр мөнгөөрөө нөхөр болон өөрийнхөө цалингийн зээлийг дараад банкнаас буцаж цалингийн зээл нэмж аваад эргүүлж төлөх санаатай байсан. Гэтэл миний цалингийн зээл бүтээд манай нөхөрийн цалингийн зээл бүтээгүй. Би учруулсан хохирлоосоо 11,387,100 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 4,612,900 төгрөгийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “*******” ХХК-ийн Багануур дахь салбарын зээлийн ахлах ажилтан хийдэг. Миний бие хэрэг болох цаг хугацаанд ажлаасаа түр чөлөө авсан эзгүй байсан бөгөөд ******* намайг 7 хоног оролж үлдсэн. Манай ломбарданд ажиллаж байсан ******* 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.А гэх хүний нэр дээр ямар ч барьцаа хөрөнгө авалгүйгээр нийт 16,000,000 төгрөгийг хувьдаа авсан байсан. Уг үйлдлийг манай байгууллага дотооддоо илрүүлж цагдаад мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 4,612,900 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны 13 дугаартай тушаал /хх-ийн 6-р хуудас/,

“*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны 002 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 7-9-р хуудас/,

“*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны 002/б дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” /хх-ийн 10-р хуудас/,

“Нандин” ломбардын Багануур салбарын зээл олгосон баримт /хх-ийн 27-28-р хуудас/,

            Шүүгдэгч *******-ийн хувийн байдалтай холбогдох баримт бичиг /хх-ийн 43-48-р хуудас/,

*******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            ******* нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “*******” ХХК-ийн “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын Багануур салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 16,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завших гэмт хэргийг хүндүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх” гэдэг нь өмчлөгч өөрөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрөө хүсч түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгө, эд юмс, эрхийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн харьяа “Нандин” барьцаалан зээлдүүлэх газрын Багануур дүүрэг дэх салбарт ажиллаж байсан нь:

- “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай: “...Ж овогтой Э-г 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Зээлийн ажилтны албан тушаалд томилон ажиллуулсугай.” гэх тушаал /хх-ийн 6-р хуудас/,

- “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 002 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд: “...Нэг талаас “*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Д /цаашид ажил олгогч гэх/ нөгөө талаас ...Ж овогтой Э /цаашид ажилтан гэх/ ...харилцан зөвшөөрснөөр энэ хөдөлмөрийн гэрээг байгуулав. 1.1 Ажилтан нь “Зээлийн ажилтан” албан тушаалд ажиллана” гэсэн /хх-ийн 7-9-р хуудас/ дээрх баримтуудаар тогтоогдож байна.

******* нь “*******” ХХК-ийн “Нандин” ломбардын Багануур салбарт “Зээлийн ажилтан” албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн  хариуцуулсан мөнгийг хууль бус гэрээгээр авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... Би “*******” ХХК-ийн Багануур дахь салбарын зээлийн ахлах ажилтан хийдэг. Манай ломбарданд ажиллаж байсан ******* 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.А гэх хүний нэр дээр ямар ч барьцаа хөрөнгө авалгүйгээр 16,000,000 төгрөгийг хувьдаа авсан байсан. Уг үйлдлийг манай байгууллага дотооддоо илрүүлж цагдаад мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг шалгасны үндсэн дээр зээл өгөх, үгүйг шийддэг болохоор ажилтан байгууллагын мөнгийг бие дааж хүнд зээлдүүлэх бүрэн эрхтэй. Анх ломбарданд ажилд ороход сургаж, мэргэжлийн сургалтад хамруулж авдаг, *******-ийн хувьд уг сургалтад хамрагдсан байсан.  *******-гаас өнөөдрийн байдлаар 11,387,100 төгрөгийн хохирол барагдуулж аваад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

            - “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд: “...эрхлэн гүйцэтгэх ажил үүргийн дагуу хариуцуулсан мөнгөн болон бусад эд хөрөнгө, зээлийн барьцаанд авсан эд хөрөнгө, үнэт зүйлс, санхүүгийн баримт бичгийг хувьдаа ашигласан, устгасан, үрэгдүүлсэн, дутагдуулсанаас ажил олгогчид болон зээлдэгч нарт хохирол учруулбал эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж төлбөрийг өөрийн хөрөнгөөр барагдуулна” гэжээ /хх-ийн 7-9-р хуудас/,

- “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 002/б дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд: “...хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, ....барьцаагүй зээл олгосноос компанид хохирол учруулсан тохиолдолд ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэжээ /хх-ийн 10-р хуудас/,

- “Нандин” ломбардын Багануур салбарын зээл олгосон баримтад: “2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3135526 дугаартай зээлийн гэрээгээр С.А гэх нэр дээр 9-н эд зүйлсийн барьцааны нэр дээр 7,200,000 төгрөгийн, мөн өдрийн 3135531 дугаартай зээлийн гэрээгээр С.А гэх хүний нэр дээр 9-н эд зүйлсийн барьцааны жагсаалтаар 8,800,000 төгрөгийн, нийт 16,000,000 төгрөгийн бичилт хийж зээл олгосон” гэжээ /хх-ийн 27-28-р хуудас/,

-шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан, өөрөө хэлбэл “*******” ХХК-ийн “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын Багануур салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3135526 дугаартай, 3135531 дугаартай зээлийн гэрээг тус тус С.А гэх хуурамч нэрээр, өөрийн аавын регистрийн дугаарыг ашиглаж, мөн барьцаагүйгээр зохиомлоор эд зүйлсийн барьцааны нэр бичиж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын мөнгөн хөрөнгийг өөрт завшсан байна гэж дүгнэлээ. 

Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас “*******” ХХК-д учруулсан 16,000,000 төгрөгийн хохирлоос 11,387,100 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх ба үлдэх 4,612,900 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

“*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Өнөөдрийн байдлаар манай комданид 4,612,900 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирлоо гаргуулж авах хүсэлтэй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, би одоо Улаанбаатар хотод “Монгол САТ” ХХК-д ажиллаж байгаа, бага насны буюу 5-7 насны хоёр хүүхэдтэй тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү. Өөр хэлэх зүйлгүй.”  гэв.

              Шүүгдэгч *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршиг төлөгдсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 25 сарын хугацаанд  хэсэгчилж төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* Ж-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ******* ******* Ж-ийн Э-д 10,000 /арван  мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч “*******” ХХК-нд учирсан гэм хорын хохиролд 11,387,100 /арван нэгэн сая гурван зуун наян долоон мянга нэг зуун/-н төгрөгийг төлж барагдуулсныг баталж, үлдэх 4,612,900 /дөрвөн сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуу/-н төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж хохирогч “*******” ХХК-д олгосугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН