Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Өндөр дов гудамж, 000 тоотод оршин суух Б овогт Д-ийн Ч /РД:ЕС0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Өндөр дов гудамж, 00000 тоотод оршин суух Б овогт Ж-ны Х /РД:ЕЙ000000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Д.Чнь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Х-тай танилцаж 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтийн 82 дугаар бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон. 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү Ч.Э мөн 2011 оны 07 дугаар сарын 13-ны хүү Ч.Э нар төрсөн. 2013 оноос байнга хэрэлдэж, муудалцах болсон. Үүнээс хойш бид 2 тусдаа амьдрах болсон 2 хүү маань одоог хүртэл надтай хамт амьдардаг. Бид хоёр өөрсдийн  гэсэн тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүү болох Ч.Э, Ч.Энарыг аав Д.Чинзоригийг асрамжид байлгахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Ж.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Х нь онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт ирүүлсэн байх тул хариуцагчийг  онлайнаар шүүх хуралдаанд оролцуулсан болно. /хх-73 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Ж.Х нар нь 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү Ч.Э /10 нас, 10 сартай/, 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ч.Э/7 нас, 8 сартай/ нар төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-9-10 дугаар тал/,

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас тус тусдаа амьдарч байгаа болон хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ч.Э /10 нас, 10 сартай/, 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ч.Э /7 нас, 8 сартай/ нарын асрамжийн талаар зохигч маргаагүй буюу хариуцагч Ж.Х нь хүү Ч.Э, хүү Ч.Э нарыг эцэг Д.Ч-ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар хүү Ч.Э, хүү Ч.Э нарыг эцэг Д.Ч-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь  зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-т олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Ч, Б овогт Ж-ны Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ч.Э /10 нас, 10 сартай/, 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ч.Э /7 нас, 8 сартай/ нарыг эцэг Д.Ч-гийн асрамжид үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Баасанжаргалд даалгасугай.

          5. Нэхэмжлэгч нь хүү Ч.Э, Ч.Э нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-т олгосугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА