Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/910

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

Хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч Э.Торгой /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0755/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0681/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205003321941 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ББСБ-д эрсдэлийн албаны харилцааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***  дүгээр гудамжны *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь “***” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, харилцагч ***өөс “***” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр С-420 дугаартай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд тавьсан *** улсын дугаартай “Lexus GS 350” маркийн тээврийн хэрэгслээ чөлөөлүүлэхээр өгсөн 8,198,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлэн авч, тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол (хавтаст хэргийн 8-9 дэх тал), 

2. Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага тээврийн хэрэгсэл барьцаалж, сарын 3,9%-ийн хүүтэй зээл олгодог байгууллага. Манай байгууллагад 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чаминчулуун овогтой *** зээлийн эдийн засагч албан тушаал дээр ажиллаж байсан. *** ажиллаж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалж, алдаа дутагдал удаа дараа гаргасан тул ажлаасаа халагдсан. *** овогтой *** нь өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн Лексус ЖЭС загварын тээврийн хэрэгслээ 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийн барьцаанд 2 жилийн хугацаатай сарын 3,9%-ийн хүүтэйгээр зээл авсан. Тухайн зээл нь С №-420 дугаартай зээлийн гэрээ болж манай байгууллагад бүртгэгдсэн. С №-420 дугаартай зээлийн гэрээг иргэн *** нь зээлийн нийт төлбөр болох 8,160,000 төгрөгийг ***ы эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн байсан. *** нь тухайн 8,160,000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж байгууллагын дансанд хийлгүй байгууллагад 8,160,000 төгрөгийн хохирол учруулсан ба улмаар тухайн С №-420 дугаартай зээл хаагдаагүй одоо болтол хүү алданги бодогдож байгаа. ...Манай байгууллага нь өдөр 5-10 зээлийн гэрээ хааж, 4-5 зээлийн гэрээ шинээр байгуулж байдаг ба манай захирал *** нь өөрийн гарын үсэг болон тамгатай албан тоотыг кассын ажилтанд өдөрт 10-20 ширхгийг өгдөг ба тухайн албан тоотыг манай кассчин Болорцэцэгт байдаг ба кассчин болон эдийн засагч нар зэрэгцээд сууж байдаг ба *** нь Болорцэцэгт мэдэгдэхгүйгээр урьдчилан бэлдсэн захирлын гарын үсэг, тамгатай албан тоотыг авч авто тээврийн үндэсний төв рүү *** улсын дугаартай цагаан өнгийн Лексус ЖЭС загварын тээврийн хэрэгслийг ***ийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн утгатай албан тоотыг явуулж ***ийн эзэмшилд *** улсын дугаартай цагаан өнгийн лексус ЖЭС загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байсан. Энийг манай байгууллага сүүлд нь олж мэдсэн. Тухайн албан тоотыг *** нь хэзээ авч хэзээ авто тээврийн үндэсний төв рүү явуулсан гэдгийг мэдэхгүй байна.

...Манай байгууллагын эдийн засагч нарт ажлын байрны тодорхойлолт байхгүй бөгөөд ерөнхийдөө ажилладаг байсан бөгөөд зээлийн эдийн засагч нь зээл гаргаж, зээл хаах, зээлийн эргэн төлөлт хариуцаж эргэн төлүүлнэ, зээл хаагдсан эсэхийг шалгаж кассанд зээлийн мэдээллийг өгөөд барьцаа хөрөнгө шилжүүлэх бичгийг кассаас авах ажил хийдэг. *** өөрөө дур мэдэж зээлийн барьцааны эд зүйлийг чөлөөлөх ямар ч эрх байхгүй бөгөөд тэр эрх нь гүйцэтгэх захиралд л байгаа бөгөөд гүйцэтгэх захирал заримдаа бэлэн албан тоот касс дээр үлдээчихдэг. Барьцаанд хөрөнгө шилжүүлэх албан тоотыг хэзээ ч авсан байх боломжтой. Гэхдээ *** өөрөө мэдэж барьцаа хөрөнгө шилжүүлэх ямар ч эрх мэдэл байхгүй зүгээр л зээл гаргах, зээл хаах материалыг иргэдээс бүрдүүлж авах, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих үүрэгтэй.

...С №420 дугаартай зээлийн гэрээний төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хаасан бол 8,198,000 төгрөгийг байх байсныг өмнөх мэдүүлэгтээ буруу бодож гаргасан байна. Зээл хаах байсан дүн нь 8,198,000 төгрөг юм. Иймд *** нь манай байгууллагад 8,198,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 38, 167 дахь тал),

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд кассын нярваар ажилладаг. Кассын нярав нь дансаар орсон, гарсан байгууллагын мөнгийг хянах, байгууллагын урсгал зардал мөн бэлэн орлого, зарлагын гүйлгээ хянах, зээлийн эдийн засагч нарын ажлыг хянах, даргын гарын үсэг бүхий тэмдэгтэй албан бичгийг хөтлөх албан бичгүүдийг эмхлэх, мөн тооцооны нягтлан хийдэг. Намайг ажил ороход *** гэж 30 гаран насны эрэгтэй хүн манай байгууллагад зээлийн эдийн засагч хийдэг байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын сүүл үеэр *** нь ажилдаа ирэхгүй байсаар байгаад ажлаасаа гарчихсан. Би ***ыг ажлаас гарсан шалтгааныг тодорхой сайн мэдэхгүй байна. *** надад туршлагатай эдийн засагч л санагдаж байсан. Манай байгууллагын хувьд иргэдийн зээл төлөгдөж дуусахаар тээврийн үндэсний төв рүү тээврийн хэрэгслийн зээлдэгчид шилжүүлж өгөхөд өр төлбөр байхгүй гэсэн утгатай албан тоот явуулдаг бөгөөд надад захирал ***ийн гарын үсэг болон байгууллагын тэмдэгтэй ямар нэгэн утга бичигдээгүй албан тоотын загвар байдаг. Тухайн гарын үсэг тэмдэгтэй албан тоотын загварын эдийн засагч нар надаас авч утгыг нь өөрсдөө бичээд Авто тээврийн үндэсний төв рүү явуулдаг. Албан тоот хэн хэн гэдэг эдийн засагчид хэдэн ширхгийг өгсөн болон ямар зээлийн гэрээ дуусгавар болж тоот явуулах гэж байгааг нь би хянаж байдаг. Би байгууллагын данс руу мөнгө орсон болон бэлэн мөнгө орж ирсэн тохиолдолд бүртгээд албан тоот эдийн засагч нарт өгдөг. *** өөрийн дансаар зээлийн төлбөрийг авч зээл хааж машин чөлөөлсөнд би ямар нэгэн холбоогүй. *** өөрөө албан тоот надаас өөр утга санаатайгаар авч зээлийн төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн зээлийн гэрээг хаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** улсын дугаартай Лексус ЖИ ЭС 350 загварын тээврийн хэрэгслийн барьцаа чөлөөлөх албан тоот дээр гарын үсэг зураагүй. Би авто тээврийн үндэсний төв рүү явуулах албан тоотын хоосон загвар дээр гарын үсэг зураад 10-20 тоотыг касст үлдээдэг бөгөөд нэг ч удаа гарын үсэг тоот төлөвлөсний дараа зурж байгаагүй. Манай байгууллага 2017 оноос хойш байнга ингэж бэлэн албан тоотын загвар дээр гарын үсэг зуруулж явж байгаа. *** бэлэн гарын үсэг тамгатай албан тоотыг кассаас авч авто тээврийн үндэсний төв рүү явуулсан. *** надад ямар нэгэн тээврийн хэрэгслийн барьцааг чөлөөлөх гэж байна гэж гарын үсэг тоотон дээр зуруулж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

5. ***ы эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 68-73 дахь тал),

6. Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай “LEXUS GS350 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа болон шилжилт хөдөлгөөний хувийн хэргийн хуулбарыг хавсралтаар хүргүүлэв” лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар, автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 82, 83, 84-85, 86-117 дахь тал),

7. “***” ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 210719 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 155 дахь тал),

8. “***” ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 200910 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 156 дахь тал),

9. “***” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 200910 дугаартай “Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар (хавтаст хэргийн 157-159 дэх тал),

10. С-420 дугаартай зээлийн гэрээний хуулбар, фидуцийн гэрээний хуулбар, хавсралтын хуулбарууд (хавтаст хэргийн 160-161, 162-163, 164-165 дахь тал),

11. Шүүгдэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би *** ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үедээ буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би С№420 дугаартай зээлийн барьцаанд байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийг чөлөөлж авто тээврийн үндэсний төв рүү барьцаа хөрөнгө чөлөөлөх албан тоот бэлдэж зээл авсан ***ийн танил гэх *** гэж хүний хүүхдэд өгсөн. *** нь барьцаанд байсан тээврийн хэрэгслээ чөлөөлөхдөө өөр хүний нэр дээр шилжүүлж авсан бөгөөд *** гэж хүний нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх болсон шалтгаан нь гэвэл *** өөрөө Турк улс руу явсан байсан тул өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах боломжгүй байсан. *** надад зээл чөлөөлөх мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлж өгсөн бөгөөд би ***д миний данс руу мөнгөө хийчих гэж хэлээд тухайн мөнгийг хийлгэж байсан. Би тухайн мөнгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулаад дууссан. Үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.

...Би *** ББСБ-д 8,198,000 төгрөгийн хохирол учруулсан ба би өөрийн боломжоор төлж барагдуулна. “***” ББСБ-д зээлийн эдийн засагч хийж байгаа, 10 хоногийн өмнө ажилд орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60, 175 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас 4 ширхэг хохирол төлсөн талаарх баримт, хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч Э.Торгойгоос хохирол нөхөн төлсөн талаарх бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 65 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 42-44 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “***” ХХК-нд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн эдийн засагч албан тушаалд томилогдон ажиллаж байсан, зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн дагууд иргэн ***ийн зээлийн материалыг судалж, эрх бүхий этгээдэд танилцуулан 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөг олгох зээлийн гэрээ, *** улсын дугаартай LEXUS GS350 загварын тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ тус тус байгуулан, улмаар зээлдэгч ***өөс зээлийн гэрээний үүргийг дуусгавар болохоор шилжүүлсэн 8.198.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр авч, хувьдаа ашигласан үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...*** овогтой *** нь өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн Лексус Жи ЭС загварын тээврийн хэрэгслээ 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 2 жилийн хугацаатай сарын 3,9%-ийн хүүтэйгээр зээл авсан. Тухайн зээл нь С №-420 дугаартай зээлийн гэрээ болж манай байгууллагад бүртгэгдсэн. С №-420 дугаартай зээлийн гэрээг хаахаар иргэн *** нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нийт төлбөр ***ы эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн байна. Зээлийн эдийн засагч *** нь тухайн зээл хаах төлбөрийг байгууллагын дансанд хийлгүй, өөрийн хэрэгцээнд зарцуулж, манай байгууллагад 8,198,000 төгрөгийн хохирол учруулсан. ...*** нь өөрөө дур мэдэж зээлийн барьцааны эд зүйлийг чөлөөлөх ямар ч эрх байхгүй бөгөөд тэр эрх нь гүйцэтгэх захиралд л байдаг. Гүйцэтгэх захирал заримдаа бэлэн албан тоот касс дээр үлдээчихдэг. Гэхдээ зээлийн эдийн засагч өөрөө мэдэж барьцаа хөрөнгө шилжүүлэх ямар ч эрх мэдэл байхгүй зүгээр л зээл гаргах, зээл хаах материалыг иргэдээс бүрдүүлж авах, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих үүрэгтэй...” гэх, гэрч ***ийн “...Би байгууллагын данс руу мөнгө орсон болон бэлэн мөнгө орж ирсэн тохиолдолд бүртгээд албан тоот эдийн засагч нарт өгдөг. *** өөрийн дансаар зээлийн төлбөрийг авч зээл хааж машин чөлөөлсөнд би ямар нэгэн холбоогүй. *** өөрөө албан тоот надаас өөр утга санаатайгаар авч зээлийн төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн зээлийн гэрээг хаасан...” гэх, гэрч ***ийн “...Би *** улсын дугаартай Лексус ЖИ ЭС 350 загварын тээврийн хэрэгслийн барьцаа чөлөөлөх албан тоот дээр гарын үсэг зураагүй...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч ***ы хэргээ хүлээн мэдүүлсэн “...*** надад зээл чөлөөлөх мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлж өгсөн бөгөөд би ***д миний данс руу мөнгөө хийчих гэж хэлээд тухайн мөнгийг хийлгэж байсан. Би тухайн мөнгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулаад дууссан. Үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, ***ы эзэмшлийн Хаан банкны  *** дугаартай дансанд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 8.198.000 төгрөг С-420 зээл хаах гэсэн утгаар шилжин орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар, *** ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2911 тоот, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2966 тоот албан бичгүүд, С-420 дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ бүхий нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөн “***” ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 210719 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, “***” ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 200910 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, “***” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 200910 дугаартай “Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хэрэг учрал болсон 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-нд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ы “***” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлдэгч ***өөс “***” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан С-420 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгож зээл хаахаар, мөн барьцаанд тавьсан *** улсын дугаартай LEXUS GS350 маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэхээр шилжүүлэн өгсөн 8.198.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлэн авч, хувьдаа завшиж, хохирогч “***” ХХК-нд 8.198.000 төгрөгийн бэлэн мөнгөний хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирол бүрэн төлөгдсөн, манай байгууллагын хувьд гомдолгүй, хорих ял оногдуулахгүй байх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, өндөр настай эмээ асрамжлаад хоёулаа амьдардаг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг багасгах...”, шүүгдэгчээс “...би гэм буруугаа ойлгож байна, дахин алдаа гаргахгүй. Надад хорихоос өөр ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүд тус тус гаргав.

Шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал болон ам бүл 2, эмээгээ асарч халамжлан амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнийг 10000 (арван мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ы хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***д мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас “***” ХХК-д 8.198.000 төгрөгийн хохирол учирсан болох нь С-420 дугаартай зээлийн гэрээний хуулбар, фидуцийн гэрээний хуулбар, хавсралтын хуулбарууд, ***ы эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нь хохирогч “***” ХХК-д 8.198.000 төгрөг нөхөн төлсөн болох нь ***ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 70 дахь тал), шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан Банкны шилжүүлгийн мэдээлэл, мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг бичгээр гаргасан “...*** нь “***” ХХК-д 8.198.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирогчийн зүгээс гомдолгүй болно...” гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 10000 (арван мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 (арав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 10 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “***” ХХК-д 8.198.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА