Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 005

 

 

 

     Х.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 70 шийдвэртэй, Б-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн үйлчлэгчээр эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн захирлын Б\110 тоот тушаалаар тус сургуулийн үйлчлэгч Н.Р өндөр насны тэтгэвэрт гарч, түүний эзгүйд байгаа сул орон тоонд үйлчлэгчээр томилогдсон. Гэтэл намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 85 тоот тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч байна. Х.Б намайг томилсон орон тоо бол урьд ажиллаж байсан хүн нь тэтгэвэрт гарсан сул байгаа байнгын ажлын байр. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Учир нь, миний бие хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохирсон асуудал байхгүй. Захирал Е нь надтай “хөдөлмөрийн гэрээ”-г байгуулаагүй учир Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийг ажил олгогч зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заалтын аль тохирох хэсгийг баримтлаагүй явдал нь хууль буруу хэрэглэж ажлаас намайг үндэслэлгүй чөлөөлсөн. Намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн явдал нь бодит байдалд нийцээгүй. Миний гаргасан өргөдөл болгож ня-бо С ажлаас чөлөөлөх өргөдөл бичүүлж, түүнийг надаар хуулуулж, өөрөө ня-бо С бичсэн эх хувийг урж хаяад хогийн саванд хийснийг би нууцаар авч, нотлох баримт болгон өгсөн. Иймд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж хууль бусаар ажлаас чөлөөлсөн байх тул намайг Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Ажилтан Х.Б-г тус сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б\110 тоот тушаалаар тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаа ээж Н.Р-ийн оронд нь түр томилжээ. Ингээд Х.Б-н ээж Н.Р нь 2017 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Шинэ хичээлийн жил эхлэх үед Е би Х.Б-г дуудан уулзаж “та ээжийнхээ оронд түр хугацаагаар үйлчлэгчийн ажлыг хийж байсан. Ээж чинь өндөр насны тэтгэвэрт гарч байна. Та яах вэ” гэж асуусан.  Тэр үед Х.Б нь өөрийн гараар үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай өргөдөл гаргасан. Иймээс Х.Бг үүрэгт ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байсан. Тус сургуулийн захирал Е би Х.Б-н тус сургуулийн захиргаанд бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч Х.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 703 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн үйлчлэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нь Х.Б-н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Х.Б-г тус сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/110 тоот тушаалаар тус сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байгаа ээж Н.Р-ийн оронд нь түр томилжээ. Ингээд Х.Б-н ээж Н.Р нь 2017 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. 2017 оны 9 дүгээр сард шинэ хичээлийн жил эхлэх үед захирал Е би Х.Б-г өрөөндөө дуудан уулзаж “Та ээжийнхээ оронд түр хугацаагаар үйлчлэгчийн ажлыг хийж байсан. Ээж чинь өндөр насны тэтгэвэрт гарч байна. Та цаашид яах уу” гэхэд Х.Б нь өөрийн гараар үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан. Иймээс Х.Б-г өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байсан.

2. Х.Б нь тус сургуулийн захиргаанд ямар нэгэн ажилд ажиллуулах тухай бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Х.Б-г гэрээт үйлчлэгчийн ажилд томилох тухай” 121 тоот тушаалаар түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн томилж сар бүр 300000 төгрөгийн цалин хөлс олгохоор болсон. Гэтэл Х.Б нь сургуулиас заасан ажлыг хийхгүй өнөөдөр хүртэл ажилдаа ирээгүй байна. Иймд ажил олгогч нь ажилтан Х.Б-г ажлаар хангах тухай үүргийг биелүүлсэн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх Х.Б-н нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан Х.Б-н өөрийн гараар бичсэн ямар нэгэн ажилд ажиллуулах тухай хүсэлтийг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 703 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Х.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын  бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Х.Б-г тус сургуулийн үйлчлэгчээр томилсон ба тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 2 зүйлийн 23.2, 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлжээ.

 

Харин ажилтан Х.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “чамайг өөр ажилд томилно, тиймээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэж хүчээр хүсэлт бичүүлсэн” гэж, харин ажил олгогч “нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч ажил олгогчийн зүгээс шахалт  шаардлага, зүй бус нөлөөлөл байсан, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б-г шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тус аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай “Х.Б-г гэрээт үйлчлэгчийн ажилд томилох тухай” тушаал гаргасан боловч нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнд тооцохгүй.

Ажил олгогчийн уг үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 2 зүйлд нийцээгүй гэж үзнэ. “Гэрээт үйлчлэгчийн ажил”, “үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэсэн томьёолол нь ажил олгогч ажилтантай байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг илэрхийлэхгүй ба  Хөдөлмөрийн тухай хуулийн  зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 2 зүйлийн 23.2.1.-т зааснаар хугацаагүй байна.

            “Гэрээт үйлчлэгчийн ажилд томилох”, “үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэсэн томьёолол доор ажил олгогчоос ажилтантай хугацаатай гэрээ байгуулж болохгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 2 зүйлийн 23.2.3.-т зааснаас бусад тохиолдолд ажилтантай хугацаатай гэрээ байгуулах боломжгүй юм. Мөн хуулийн 2 зүйлийн 23.2.2.-т ажилтан, ажил олгогчийн тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага байвал хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг хуульчилжээ.

 

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 70 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ