| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2016/0205/э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2016-11-29 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч: Б.Уранчимэг
Гэрч: Уранцэцэг,
Шүүгдэгч Э.Ууганбаяр түүний өмгөөлөгч Гүнсэнхорлоо,
Шүүгдэгч Г.Оюунболд түүний өмгөөлөгч Будханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Э.Ууганбаяр, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Г.Оюунболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031501 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Ууганбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Оюунболдтой маргалдаж улмаар түүнийг зодож зүүн сарвууны алганы 4 дүгээр шивнүүрийн далд хугарал, баруун тавхайн өсгийд шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан;
Шүүгдэгч Г.Оюунболд нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Ууганбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 10 өдөр дүү Уранцэцэгтэй хамт машиныг янзлуулж өгөх санаатай дэнжийн 100 руу өгсдөг дээр элс ачсан машиныг зай тавьж өгөх гээд зогсож байтал араас нэг машин байн байн дуут дохио өгөөд байсан. Тэгээд тэр машин хажуугаар гарахдаа миний дүү Уранцэцэгийг гичий минь хурдан яваач гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд урд гараад явж байхдаа байн байн тормос гишгэн зогсоод байсан. Би тэгэхээр нь машинаас бууж очиод Оюунболдтой учир байдлаа хэлэх гэж очсон. Тэгтэл надаас зуурахаар нь би Оюунболдыг хавирч унагаасан. Тэгээд бид хоёр салаад машиндаа суусан. Тэгээд дүү бид хоёр 17 буудлын гэрлэн дохио дээр зогсож байтал Оюунболд гартаа нэг зүйл барьчихсан ирээд машины хаалгыг татаад байсан. Дүү машиныхаа хаалгыг түгжиж онгойлгож өгөөгүй. Оюунболд барьж явсан зүйлээрээ салхины шилийг цохиод байсан. Тэгээд цааш дүү бид хоёр машинаа янзлуулах гэж засварын газар очоод засварчинтай зогсож байтал Оюунболд ирээд миний толгой руу нэг зүйлээр хальт цохисон. Оюунболд надад чамайг алж байж сална гээд хэл амаар доромжлоод намайг хөөгөөд байсан. Тухайн үед миний өмсөж байсан сандаал тасраад нь зогсоход Оюунболд миний хамар руу цохисон. Би Оюунболдыг жалга руу түлхэж унагаасан. Дүү надад цагдаа дуудсан талаар хэлсэн. Оюунболд цагдаа дуудсан сургаар яваад өгсөн. Тэгээд дүүтэйгээ цуг шүүх эмнэлэг дээр очоод хамраа үзүүлтэл далд хугарал байна 1 дүгээр эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр байж байтал цагдаа над руу утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Цагдаа дээр очиход Оюунболд 2 найзтайгаа сууж байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Оюунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 10 өдөр машины сэлбэг авах гэж гэрээс гараад явсан. Дэнжийн 100-н дээшээ өгсдөг уулзвар дээр нэг машин хөдлөхгүй зогсоод байсан. Миний ард талын машинууд тойрч гараад байсан. Би тойрч гарахгүй байсан шалтгаан нь миний машин урд талын машинтай ойрхон зогссон байсан. Би тэгээд тойрч гарахад жолооч эмэгтэй утсаараа оролдоод сууж байсан. Би тэгэхээр нь тэр эмэгтэйд чи одоо утсаа боль доо гэж хэлсэн. Тэгтэл хажууд сууж байсан залуу чамд хамаагүй гэж хэлээд салаавч үзүүлсэн. Би тэр машиныг хааж зогссон үнэн тэгтэл Ууганбаяр гарч ирээд намайг хавирч унагаан шороотой хутгачихаад яваад өгсөн. Би тухайн үед шууд цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан. Би Ууганбаярын машиныг дагаж яваад өөрийнхөө машиныг зогсоол дээр тавьчхаад Ууганбаярын араас очтол Ууганбаяр чи ямар зодуулж ханддаггүй гар вэ, гай болно шүү гээд хэл амаар доромжлоод байсан. Би Ууганбаярт миний гар эвгүй болсон талаар хэлсэн. Тэгээд Ууганбаярын хамар руу цохиж гэмтэл учруулсан нь үнэн би өөрийн гэм буруугаа ойлгож байна гэв.
Гэрч Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр ахтайгаа өөрийн машиныг янзлуулах гэж явж байсан. Би дэнжийн 1000 руу өгсөх уулзвар руу өгсөх гэтэл миний урдуур элс ачсан ачааны машин өнгөрсөн. Тухайн үед би зам тавьж өгсөн. Тэгтэл миний ард байсан машин дуут дохио өгөөд байсан. Миний хажуугаар нөгөө машины жолооч “замаас зайл пизда минь” гэж хэлсэн. Тэгээд миний машины урд 2-3 удаа гэнэт тормос гишгээд байсан. Тэгээд миний машиныг хааж зогсоход Ууганбаяр ах машинаас гарч Оюунболдтой зууралдаж аваад Оюунболдыг хавирч унагаасан. Оюунболд унахдаа Ууганбаяр ахын хүзүүнд байсан гинжнээс нь татаж тасалсан. Тэгээд салцгаасан 17-н уулзварын гэрэл дохио дээр Оюунболд бууж ирээд миний машины хаалгыг онгойлгох гэхээр нь би машины хаалгыг түгжсэн. Тэгтэл ногоон гэрэл асаад би машинаа хөдөлгөж явсан. Би ахтайгаа авто засвар дээр зогсож байтал Оюунболд гартаа нэг зүйл барьчихсан хүрээд ирэхээр нь би ахыгаа зугтаарай гэж хэлсэн. Оюунболд барьж байсан зүйлээрээ ахын толгой руу цохисон. Ууганбаяр ах Оюунболдоос зугтааж байгаад өмсөж явсан сандал нь тасараад зогсож байтал Оюунболд ахын хамар руу цохисон. Ууганбаяр ах Оюунболдыг жалга руу түлхсэн. Би цагдаа дуудсан талаар ахдаа хэлэхэд Оюунболд машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед Ууганбаярын хамар далийсан байсан. Тэгээд бид хоёр эмнэлэгт үзүүлсэн гэв.
Хохирогч Г.Оюунболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би өдөр 12 цагийн орчимд Хайлаастын засмал замаар засварт өгсөн янзлуулж дууссан 62-93 УНО улсын дугаартай Тоёота чезер маркын автомашинтай уруудаж байхад давхар дэлгүүрийн орчимд приус маркын автомашин урдуураа машин оруулаад явахгүй байхаар нь би сигналдсан, тэгээд хажуугаар нь гүйцэт түрүүлж гарахад уг автомашины жолоодож явсан эмэгтэй утсаар ярьчихсан, явж байхаар нь утсаар ярихаа болиод урагшаа яваачээ гэж цонхоор орилсон юм. Тэр үед уг автомашины зорчигчийн суудал дээр сууж байсан залуу надруу салаавчаа гаргасан юм. Тэгэхээр нь би урдуур шахаж зогсоод машинаасаа буухад уг залуу гүйж ирээд намайг заамдаж аваад, хашааруу авч ирээд тулгаад нүүрлүү цохиод авсан юм. Тэр үед нь нүүрээ хаагаад доошоо тонгойсон, тэгээд намайг хавсараад газар унагаад, дээрээс 4-5 цохисон юм. Тэгээд уг залуу машиндаа суугаад яваад өгөхөөр нь би машинтайгаа араас хөөж очоод 32-ын гагнуурын орчимд очоод л дахин муудалцаж, барьцалдаж аваад би уг залуу нэг удаа нүүрэн тус газар нь цохисон, харин тэр залуу зөрүүлж хэд хэд цохиж аваад жалгаруу түлхэж унагаасан юм. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн, тухайн миний хөл гар өвдөөд байсан бөгөөд би маргааш өглөө нь Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний зүүн гарын сарвууны яс нь хугарсан байсан юм. Тэгээд би тухайн үед эмнэлэг дээр гипсдүүлээд эмчилгээ бичүүлж авсан толгой өвдөөд байхаар нь томографт толгойгоо харуулсан юм. Тэгээд би наадмын өдрүүд байсан болохоор цагдаа дээр ирж чадаагүй байж байгаад 2016 оны 07 сарын 18-ны өдөр цагдаа дээр ирсэн юм. Би уг залуутай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдсон юм. Тухайн үед намайг уг залуу анх таарсан газар барьж аваад нүүрлүү нэг удаа цохихоор нь би хашаанд тулаад 2 гараараа нүүрээ хаах үед миний гарлуу гараараа цохиод байсан юм. Тэгээд тонгойх үед дагзруу цохиод хавсарч унагаасан юм. 32-ийн гагнуурын орчимд байхад очиж муудалцаад заамдалцаж барьцалдаж аваад би уг залууг нүүрлүү нь нэг удаа цохих үед намайг мөн адил цохиод жалгаруу түлхэж унагах үед миний хөлний улны хэсгийн арьс нь хуураад унасан цус гарч байсан юм. Би уг залууг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон юм. Би 17-гийн гэрлэн дохиотой уулзвар дээр зогсож байхад нь бууж очоод машиныхан цонхыг нэг удаа гараараа цохисон юм. Ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл барьсан асуудал байхгүй бөгөөд 32-ийн орчимд 2-лаа газраас чулуу аваад биерүүгээ далайж байгаад чулуугаа хаяад гараараа цохилцсон юм. Би эмнэпгийн дүгнэлттэй уншиж танилцлаа, Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 10 ны өдөр би өөрийн дүү Э.Уранцэцэгийн хамт түүний 56-84 УНЧ улсын дугаартай Приус 10 маркын автомашинтай би жолоочийн эсрэг талд сууж яваад Хайлаастаас доош 17-руу уруудаж явахад дэнжийн 1000-р уу давдаг засмал замруу доороос өгсөж явсан тээврийн хэрэгслүүд уг гудамжаар эргэх хөдөлгөөн хийгээд орох үед зам тавьж өгөөд хэсэг зогссон юм. Тэр үед хойно явсан машин араас удаа дараа дуут дохио өгсөн, улмаар цааш нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд араас гүйцэт түрүүлж орж ирээд хэрж зогссон юм. Тэр үед уг жолооч бууж ирээд надтай барьцалдаж аваад замаас гараад хашааны дэргэд очоод би уг залууг хавирч унагаасан юм. Тэгээд доошоо явахад 17-гийн уулзвар дээр гэрлэн дохион дээр зэрэгцээд зогсож байхад уг залуу гартаа ямар нэгэн зүйл барьж бууж ирээд, миний талын машины хаалгыг онгойлгох гэж оролдсон, тухай үед машин дотроосоо түгжээтэй байсан болохоор хаалга онгойгоогүй, цонхны шилэн дээр уг барьж байсан зүйлээрээ цохих шиг болоод төд удалгүй гэрлэн дохио асаад баруун гар тийш эргээд явсан юм. Тэгээд машины урдуур зориудаар шахаж орж ирээд, урд гараад тормозлож явсаар байгаад хамгийн эхний баруун гар тийш эргэх уулзвар буюу гагнуур сервисээр эргэсэн юм. Тэр үед уг залуу чигээрээ яваад машинаа нэлээд урагшаа аваачиж тавьчихаад гартаа ямар нэгэн зүйл үзүүртэй төмөр мэт зүйл барьж гүйж ирээд цохих гэж оролдсон юм. Тухайн үед би зугтаагаад нэлээд хөөцөлдөж яваад портер автомашин зогсдог хэсгийн дэргэд юм яриад зогсож байгаад миний хамар орчим газарлуу нэг удаа гартаа барьсан зүйлээрээ цохисон юм. Тэгээд би уг залууг өөрөөсөө түлхээд жалгаруу унагаасан, тухайн үед би цагдаад дуудлага өгчихсөн байсан бөгөөд цагдаа ирж байна сургаар тэр залуу машинаа унаад цааш нь явчихсан юм. Зам дээр урдуур машин явж байхад, араас сигнал өгөөд, зам хэрж зогсоод явуулахгүй байсан бөгөөд түүнээс хэрүүл маргаан, зодоон үүссэн юм. Гартаа барьсан атгасан төмөр мэт зүйлээрээ хамарлуу нэг удаа цохисон юм. Би уг залууг анх таарсан газраа нэг удаа унагаасан, сүүлд би биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө холдуулаад жалга руу түлхсэн юм. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй байна. Манай дүү охин энэ болсон явдлыг харсан түүнээс гадна, 32-ийн гагнуур сервисийн ойролцоо байх приус засварын залуу портер автомашины жолооч нар, зэрэг хүмүүс харсан байх. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Миний биед хамар ясны хугарал гэмтлийг би хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэхгүй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Би эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн баримт байгаа. Би дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулмаар байна гэх мэдүүлэг,
Гэрч Н.Ялалтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би иргэн Г.Оюунболд гэх залууг танихгүй бөгөөд түүний ах машин янзалдаг Анхаа гэх залууг би танидаг юм. Би иргэн Г.Оюунболд гэх залууг танихгүй. 2016 оны 07 сарын эхний өдрүүдээр санаж байна, түүний төрсөн ах Анхаад өөрийн эзэмшлийн машиныхаа мотор, эд ангийг янзлуулах гэж өгөхөд 2016 оны 07 сарын 10-ны өдөр миний машинтай явж байгаад иргэн Г.Оюунболд нь маргалдаж, зодоон хийсэн юм шиг байна лээ, 2016 оны 07 сарын 10-ны орой надруу цагдаагаас залгаад, 62-93 УНО улсын дугаартай машины жолооч мөн үү, та хүнтэй маргалдан муудалцаад, хүнийг зодож цохисон талаар надруу залгахаар нь тийм асуудал болоогүй, би өөрийн эзэмшлийн машинаа засварт өгсөн байсан гэж хэлээд, тэгээд тэр өдрөө би иргэн Г.Оюунболдын ахруу залгаад юу болоод байгаа юм бэ, цагдаагаас надруу залгаж зодоон цохион хийгээд байна гэж хэлээд. Би дүүрүүгээ яриадахя манай дүү чиний автомашиныг янзалж байгаа гэж хэлэхээр нь би оройхон тийш очоод машинаа цагдаагийн газраас авсан юм. Түүний дараагаар 2016 оны 07 сарын 11-ний өдөр 94839483 дугаарын утаснаас надруу залгаж энэ асуудлыг мөн тодруулж асуухад би машинаа уг залууд янзлуулахаар өгөөд өчигдөр орой авсан юмаа гээд, тэр залуугийн ахынхан дугаарыг байцаагчид нь өгсөн юмаа. 2016 оны 07 сарын 10-ны орой ирээд машинаа авахад миний машины дотор талын салоны эд ангийг салгасан байдалтай, мөн дотор нь байсан түлхүүр багажийг гаргаад орхисон байсан бөгөөд машин дотор ямар нэгэн цус нөж байхыг, анзаарч хараагүй, учир нь гадаа харанхуй байсан юм. Аль нэг гараа дээшээ сойгоод зогсоод байсан юм. Түүнээс өөр биед нь ил харагдах гэмт байсан эсэхийг би анзаарч хараагүй болно гэх мэдүүлэг,
Гэрч Э.Уранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өглөө би өөрийн нөхөр Жанчивийг ажилд нь хүргэж өгчихөөд машинаа янзлуулах шаардлага гараад, өөрийн ах Ууганбаярын гэр болох Чингэлтэй дүүргийн 15 хороо жаргалантын 19-340 тоотод гэрт нь 09 цагийн орчимд ирээд тэдний гэрт нь 2 цаг орчим болоод өөрийн охиноо тэдний гэрт нь үлдээчихээд машинаа янзуулах зорилгоор өөрийн ах Ууганбаярын хамт өөрийн эзэмшлийн 56-84 УНЧ улсын дугаартай приус 10 маркын автомашинтай хайлаастын төв замруу ороод явж байхад, дэнжийн 1000-руу өгсөх замруу доороос буюу эсрэг урсгалаас том ачааны автомашин баруун тийш эргэх үед би зам тавьж өгөөд оруулахад түүний араас 2 жижиг суудлын тэрэг орсон юм. Тэр хооронд миний арын ар талын машин араас дуу дохиод байн байн өгөөд байхад миний ар талд байх машин тойроод гараад явсан юм. Тэгээд би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явахад миний хойно явсан машины жолооч гүйцэж түрүүлж зэрэгцэж ирэхдээ замаас зайлаач пизда минь гэж хэлээд миний машины урд гараад ойр ойрхон зайнд тормоз гишгээд байхаар нь би зайгаа бариад зөөлөн явсан юм. Тэгээд уг засмал замаас 50-100 метр яваад урд машинаа зогсоогоод жолооч нь хаалгаа саваад буугаад надруу чиглээд ирэхэд миний хажуу талд сууж явсан ах Ууганбаяр бууж очиход урдаас нь заамдаж авахад манай ах адилхан заамдалцаж авсан юм. Тэгэхээр нь би буугаад тэр 2-ийг салгах гэж оролдоход манай ахын цамц нь урагдаад гинж тасраад хоолойноос нь цус гарсан байхаар нь машиндаа суулгаад аваад явсан юм. Тэр үед уг залуу машиндаа суугаад миний урд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. 17-гийн уулзварын гэрлэн дохио дээр ирэхэд миний машины дэргэд зэрэгцэж зогсоод байж байхад хаалгаа түгжсэн байхад уг залуу машинаасаа буу ирэхдээ гартаа үзүүртэй төмөр мэт зүйл барьж гарч ирээд ахын сууж байсан талын хаалгыг татаад онгойхгүй болоход ахын арын хаалгыг татаад онгойхгүй болохоор ахын талын цонхыг хальт онгойлгосон гараа оруулах гэж үзээд болохгүй болохоор нь миний автомашины шилрүү цохичоод чамайг ална даа гэж хэлээд яваад өгсөн юм. Тэр үед ногоон гэрэл асаад би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад нөгөө залуу мөн адил урдуур гүйцэт, түрүүлж ирээд миний урдуур зам хашаад яваад байсан юм. Би тухайн үе, хөдөлгөөнд оролцоод явж байгаад өөрийн ахыгаа харахад өмсөж явсан футболк нь урагдсан, хүзүүнээс нь цус гарсан байхаар нь буцаж очоод хувцсаа солиод гаръя гэж бодоод гагнуур сервисрүү эргэх үед приус засвар энд байна гэж хэлээд нэг мөр засуулчихаад явъя гээд уг засварын гадаа очоод зогсож байхад засварын газраас засварчин залуу миний машины копутыг сөхөөд банкны тагийг онгойлгож байхад манай ах тэр үед засварчин ахтай юм яриад байж байхад уг залуу гартаа нөгөө үзүүртэй төмөр мэт зүйлээ барьчихсан хүрч ирээд ална даа пизда гэж хэлээд хүрч ирэхийг би хараад гартаа юм барьчихсан байна зугт гэж хэлээд би ахын хамт зугтаахад, намайг хөөгөөгүй бөгөөд манай ахыг хөөгөөд явж байгаад эргэж харахад нь манай ахыг барьж авсан зүйлээрээ цохих гэхэд ах хойшоо бултаад духыг шүргээд өнгөрсөн юм. Тэр үед би зугт гэж хэлээд машинруу утсаа авах гээд явсан бөгөөд утсаа авчихаад дуудлага өгөх гээд байж байхад уг приус засварын эмэгтэй замын цагдаа байна тийшээ очиж хэл гэхээр нь очиж хэлээд би замын хөдөлгөөн зохицуулж байна, 102 луу дуудлага өг гэж хэлэхээр нь би буцаад машин дээрээ ирээд өөрийн ахын араас хөдлөх гэж байхад засварын газрын хүн нөхөр чинь тэндээс гараад ирлээ гэж хэлэхээр нь машинаа асаагаад явган хүний зам, апс хайрга ачдаг газрын тэр лүү машинтайгаа очсон юм. Тэр үедээ би 102 дугаарын утасруу дуудлага өгсөн юм. Машинаасаа буугаад уг жолооч залууд хандаж чи адилхан жолооч эр хүн байж яагаад байгаа нь гэж хэлэхэд намайг онож харахгүй, согтуу юм шиг л байсан юм. Тэр үед ах салсан сандаалаа машинд хийчихээд намайг машиндаа суулгах гээд ирэхэд, би дахин 102 луу ирж байна уу гэж лавлах гээд утсаа бариад зогсож байх хооронд манай ах Ууганбаяр залуугийн хамт жалганы дэргэд зогсож байхад тэр залуу гартаа атгасан зүйлээрээ манай ахын хамар орчим газар цохисон юм. Тэр үед манай ах хамраас нь цус гарч байсан бөгөөд уг залууг эргэж хараад түлхэхэд уг залуу хойшоо гишгэгдэл алдаад хойшоо жалгаруу унаагүй буцаж гараад ирэхээр нь өөрийн ахдаа хандаж цагдаа дуудсан наад залуугаа орхиод явъя гэж хэлэхэд тэр залуу жалганаас гарч ирээд машинлуугаа явсан юм. Тэгээд би буцаад ахын хамт приус засвар дээрээ ирж юм яриад зогсож байхад ах машин дотроо сууж байсан бөгөөд манай Ууганбаяр миний хамар далийчихлаа гэж хэлэхээр нь цагдаа руу дахин залгаад ирж байна уу, гэхэд дэнжийн 1000 руу зам түгжээтэй байна, нөгөө хүн чинь байгаа юмуу гэхэд та нарыг ирэх гэсээр байхад тэр хүн чинь зугтаагаад явчихлаа гэж хэлэхэд ойролцоо байгаа цагдаагийн газар дээр очоод өргөдлөө өг гэж хэлэхээр
нь бид нар эндээс дуудлагаа буцаалаа шүү гэхээр нь тэг гэж хэлээд цагдаагийн 2
дугаар хэлтэс дээр ирсэн юм. Тэгээд бид нар цагдаагийн газарт ирээд гомдлоо
гаргах гэхэд ГССҮТ дээр очоод хамраа үзүүлчээд зургийн авахуулчаад ир гээд явуулаад бид нар эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад манай ахын хамар
хавдаад туяараад ирсэн юм. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд хамрын
таславч хугаралттай байна гэж хэлээд нарийн мэргэжлийн эмчид хандаж үзүүл
гэхээр нь 1 дүгээр эмнэлэг дээр очиход эмч нь багаж байхгүй гээд орой 18 цагт ир
гэхээр нь цагдаа дээрээ тайлбар өгөөд шүүх эмнэлгийн тогтоол аваад явсан юм
Тэгээд 1 дүгээр эмнэлэг дээрээ буцаж очоод эмчид үзүүлээд, түүний дараагаар
шинжээч эмчдээ үзүүлээд орой 23 цагийн орчимд тогтоолын 1 хувиа авч ирээд
өгөх гэхэд уг залуу ирчихсэн байж байсан юм. Тэгээд цагдаагийн
газар хальт таараад бид нар гэрлүүгээ явсан юм. Уг залуутай ах заамдалцаж аваад хавирч унагаасан, тухайн үедээ эмэгтэй хүнийг хэл амаар доромжиллоо гэж хэлж байсан юм. Тэр үед уг залуу больё гээд явсан юм. Тэр залуугийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан юм. Би орой цагдаагийн хэлтэс дээр таарахад мөн адил зүгээр явж байсан юм. Дээр болсон 2 асуудлыг замын хөдөлгөөн дунд болсон болхоор ямар нэгэн хүмүүс анзаарч хараагүй байх, харин сервисийн баруун талын приус засварын засварчин залуу, мөн уг засварын хариуцсан эмэгтэй болох хүмүүс түүнийг харсан юм. Гартаа ямар нэгэн зүйл атгасан, яг юу байсныг би хэлж мэдэхгүй байна, би эхэлж харахдаа хутга гэж харахад сүүлд харахад тийм зүйл биш байх шиг байсан юм гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 32-ын авто центр, гагнуурын сервисийн зүүн талд байрлах Приус засварын газар дээрээ байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн Приус-10 маркийн автомашинаа янзлуулах гэж ирээд байж байхад, дөнгөж ирсэний дараагаар доороос үл таних залуу хүрч ирээд зодолдоод эхэлсэн юмаа. Тэр үед би хажуу талд нь машин янзалж байсан бөгөөд уг Приус засварын компьютер оншилгоог Бадрах гэдэг залуу хийж байсан юмаа. Тэр үед доороос ирсэн хар подволк юм уу цамцтай залуу нь гартаа хутга мэт зүйл барьчихсан Приус 10 маркийн машинд сууж байсан залуу машинаа 2 тойроод доошоо зугтаагаад явсан юм. Тэр үед цуг явсан эмэгтэй нь нөгөө залуу чинь хутгатай байна гээд байсан. Тэгээд урагшаа Акума авто засварын төвийн тэр лүү гүйж яваад эргээд нээх удалгүй ирээд зугтааж байсан залуу хутга мэт зүйлийг булааж аваад шидээд өөрийг нь жалга руу түлхээд унагаасан юм. Тэгээд приус 10 маркийн машинтай явж байсан эмэгтэй цагдаа дуудсан гээд орилоход тэр залуу нь цааш гүйгээд явсан юм. Анх засварын гадна ирэхэд уг 2 залуугийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй бөгөөд манай засварын газраас доош 80-аас 100 метрийн зайдуу жалганы ирмэг дээр зодолдсон юм. Гартаа ямар нэгэн зүйл буюу би түүнийг хутга байна гэж харсан засварын залуу мөн адил тэгж харсан юм. Тэр хавьд өчнөөн олон хүмүүс байсан гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №10040 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Оюунболд биед зүүн сарвууны алганы 4-р шивнүүрийн далд хугарал баруун тавхайн өсгийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №9766 дугаартай дүгнэлтэнд:
1.Э.Ууганбаярын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал
гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Оюунбодлын биед үзлэг хийхэд толгой өвдөнө зүүн сэрвээгээр хүндүүрлэнэ баруун хөлний өсгийн орчимд хүндүүрлэнэ гэсэн зовиуртай байсан ба хэсэг газрын зүүн сарвуун тогтоосон боолттой, баруун тавхай өсгий хэсэг 1см тав бүхий шархтай байсан юм. Тэгээд Оюунболдын биед зүүн гарын алганы 4 дүгээр шивгүүрийн далд хугарал баруун тавхайн өсгийн хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр зэрэгт хамаарна. Хугарал гэмтэл нь гаднаас харахад мэдэгдэхгүй рентген зураг авхуулсан үр дүнд ясны хугаралыг ирлүүлэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих ашиглах, дэвсэх үед үүсэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
…Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас буюу нэг удаагийи цохих, өшиглөх үүсгэгдэх боломжтой. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу 4-өөс 7 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулж ойлгож дээрх гэмтэл нь, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх мэдүүлэг,
Яллагдагч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 07 сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 хороо Жаргалантын 19-340 тоотод оршин суух гэрээсээ өөрийн төрсөн дүү Э.Уранцэцэгийн хамт түүний унаж явсан машиныг засуулах зорилгоор 56-84 УНЧ улсын дугаартай Приус-10 маркын автомашинтай Хайлаастын замаар доош 17-гийн уулзварлуу уруудаж явахад, Дэнжийн 1000-руу давах шинэ замтай гудамжны уулзвар дээр доороос өгсөн явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд түр зогсох үед манай дүүгийн арын ар талын машин удаа дараа дуут дохио өгөөд байсан юм. Тэгээд цааш нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцад хажуугаар гүйцэт түрүүлж орж ирээд өнгөрөх явцдаа миний дүүг машиныхаа цонхоор чи яваачээ, яадаг гичий вэ гэх үгээр доромжлоод, зориуд урд гарч ирээд хөдөлгөөнд саад учруулаад урд тормозлосон юм. Тэгээд анхны газраас доош 100 метр орчим газар яваад, урд огцом тормзлоод зогсоод, автомашинаасаа бууж ирээд манай дүүрүү чиглэж ирэхээр нь би машинаасаа бууж очиход шууд намайг заамдаж авсан юм. Тэгээд бид 2 барьцалдаж аваад замаас баруун тийш гараад түүнийг би нэг удаа хавираад унагаасан, тэр унахдаа миний өмсөж явсан хувцаснаас зуурч унаад, миний хүзүүнд зүүж явсан мөнгөн гинжийг тасалсан юм. Тэр үед арын машинууд сигналдаад буцаад машиндаа суугаад хөдөлсөн бөгөөд 17-гийн гэрлэн дохиотой уулзвар дээр улаан гэрэл асаад зогссон байх үед зэрэгцэн зогсоод автомашинаасаа гартаа ямар нэгэн төмөр мэт зүйл бариад бууж ирээд, миний талын хаалгыг онгойлгох гэж оролдоход машин дотроосоо түгжээтэй байсан юм. Улмаар замын ногоон гэрэл асаж баруун гар тийш буюу 32-ын уулзвар луу эргэх хөдөлгөөн хийх үед гартаа барьсан зүйлээрээ автомашины зүүн талын хаалганы шилэн дээр цохиод үлдсэн юм. Тэгээд доош уруудаад явж байхад дахин хажуугаар санаатайгаар орж ирээд, дүүгийн машины урд гараад удаа дараа тормоз гишгэж, хөдөлгөөнд саад учруулж байсан юм. Тэр үед би дүүгийн хамт 32 авто центр төвийн доор байрлах гагнуур сервисийн уулзвараар баруун гар тийш эргээд приус засварын газар очиж, дүүгийн машиныг янзлуулах гээд засварчинтай юм яриад зогсож байх үед нөгөө залуу гартаа төмөр мэт зүйл бариад гүйж ирээд намайг цохих гэж оролдохоор нь би бултах үед миний дух орчим газар шүргээд өнгөрсөн, тэр үед нь би газар унасан, би босоод тэр залуугаас зугтаахад араас чулуу шидэж, чамайг алж байж сална, чи шоронд орж үзсэн үү гэх мэтээр үг хэлээд намайг хөөж байсан юм. Бид 2 хөөцөлдөж яваад Акума автозасварын ар талаар нь тойрч зугтаад урд талаар нь гарч ирээд тус төвийн хойно, приус зүүн урд байх жалганы ойролцоо портер автомашины зогсоолын дэргэд ирээд түүнтэй юм яриад зогсож байх үед тэр залуу гартаа атгасан зүйлээрээ миний нүд болон хамран тус газар нэг удаа цохисон, би биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө холдуулж түлхэх үед тэр залуу жалгаруу тэнцвэр алдаад доошоо гүйж орсон юмн. Тэр үед манай дүү Уранцэцэг нь цагдаад дуудлага өгсөн гэх сургаар нөгөө залуу таксины зогсоол дээр байрлуулж тавьсан машинаа асаагаад зугтсан юм. Миний хамраас их цус гарч байсан учир, өөрийн өмсөж явсан футболкоор цусаа арчаад машинд суугаад толинд харахад миний хамар мурийсан байсан юм. Тэндээсээ би дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ирээд гомдлоо гаргасан юм. Тэгээд би цагдаа дээр ирээд тайлбараа өгчихөөд Гэмтлийн эмнэлэг дээр очоод томографын зураг авахуулахад миний хамар хугарсан байна гэж рентген зураг үзээд эмч хэлсэн юм. Тэгээд цаашид нарийн мэргэжлиин эмчид хандаж, 1 дүгээр эмнэлэг дээр ирж, хамраа тэгшлүүлж янзлуулсан юм. Тэр оройдоо шүүх эмнэлэгт хандаж үзүүлсэн юм. Замын хөдөлгөөнд оролцож явахад уг залуу удаа дараа араас сигналдаж урдуур шахаж ороод, мөн дүү охиныг минь хэл амаар доромжилж, тэгээд өөрөө бууж ирэхээр нь би дүүгээ хамгаалах зорилгоор машинаасаа буугаад тэр залууг заамдаж авсан юм. Тэгээд би анхны газар тэр залууг заамдаж аваад, нэг удаа хавирч унагаасан юм. 32-ийн гагнуур сервисын жалганы ойролцоо миний хамарлуу гартаа атгасан зүйлээрээ нэг удаа цохиход биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө холдуулж түлхсэн юм. Тухайн үед зам дээр намайг анх заамдаж аваад барьцалдсан чигээрээ замаас гараад замын хажуугийн явган хүний зам дээр, түүнийг нэг л хавирч унагаасан, тэр залуу унах үедээ миний хувцаснаас зуурсан чигээрээ, зууралдаж татаад унасан юм. Тэгээд би тэр залуутай хальт барьцалдаж аваад салсан, би түүний гарлуу цохисон асуудал байхгүй болно. Анх тааралдах үедээ би ямар нэгэн зүйл яриагүй, дараа нь приус засвар дээр ирэх үед замын хөдөлгөөнд оролцож явах үед аль хэрүүл тэр гэх вэ 2-лаа больё гэж хэлэхэд гартаа атгасан зүйлээрээ намайг цохиод би зугтаасан юм. Гартаа барьсан зүйл нь урд үзүүрлүүгээ нарийхан, бахь мэт төмөр зүйл байсан юм. Гартаа атгасан зүйлээрээ миний хамар болон нүд орчим газар хавсарч цохисон юм. Баруун болон зүүн гарын аль нэг тал гарныхан үен дээр овойж бондоосон зүйл харагдаж байсан, өөрөөр гэмтэл шарх байсан эсэхийг би анзаарч хараагүй юм. Би түүний биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Учир нь би түүний зүүн гар, хөлөнд гэмтэл учруулахаар зүйл хийгээгүй болно. Би баримтаар өгсөн зардлаа гаргуулж авмаар байна. Тэр үед бид 2-лаа тавчиктай байсан, улмаар миний тавчка тасарч, би хөл нүцгэн зугтаж, тавчкаа янзлаад зогсож байх үед ирээд, миний нүд хамарлуу цохисон, тэр залуугийн өмсөж явсан тавчка сугарч тасарсан зүйл байхгүй. Тухайн үед дүү охин ганцаараа явсан бол яах байсныг би мэдэхгүй байна, мөн тэр залуу намайг хөөж явах үедээ шоронд орж үзсэн үү гэж хэлж байсан юм. Тэр залуу тухайн үед согтолттой байсан байж магадгүй гэж бодож байгаа, хүний машин барьж явсан, засварчин хүн байсан юм. Орой таарахад өдрийн намайг хөөж явсан догшин зан харагдахгүй байсан гэх мэдүүлэг,
Яллагдагч Г.Оюунболдын мөрдөн байцаалтан өгсөн: 2016 оны 07 дугаар 10-ны өдрийн 12-13 цагийн орчимд байх Чингэлт дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 42-883 тоот хашаанаас надаар янзлуулах гэж байсан 62-93 УНО улсын дугаартай автомашинтай Хайлаастаас 17-гийн уулзвар орох төв замд хөдөлгөөнд оролцож явсан юм. Тэр үед миний урд явж байсан 56-84 УНЦ улсын дугаартай Тоёота приус 10 маркын автомашин дэнжийн 1000-руу шинээр тавьсан засмал замын уулзвар дээр зогсчихоод урдуур нь нэг машин дэнжийн 1000-руу давахад уг эмэгтэй явахгүй байсан юм. Тэр үед миний хойно байсан Сонота 5 маркын автомашин ардаас гүйцэт түрүүлж гарсан бөгөөд, би уг приус 10 маркын автомашинтай араас нь тулсан байсан болохоор гарч чадаагүй, араас дуут дохио өгөхөд урагшаа хөдлөөд явахаар хажуугаар нь гүйцэт түрүүлээд гарахад жолооч болох эмэгтэй утсаар ярьсан явж байсан юм. Би тухайн үед хажуугаар нь зөрж өнгөрөхдөө наад утсаа болиод яваад өгөөч гэж хэлсэн. Тэр үед зорчигчийн суудал дээр явж байсан залуу амандаа нэг зүйл хэлээд надруу гарын дохиогоор ямар нэгэн үйлдэл хийсэн юм. Тэгэхээр би урдуур нь замын нэгдүгээр эгнээрүү шахаж зогсоход миний хойно явсан приус маркын автомашинтай эмэгтэй хойно ирж зогссон юм. Тэр үед би машинаасаа буугаад машины ард очоод зогсоход жолоочийн зорчигчийн суудал дээр сууж байсан залуу машинаасаа бууж ирэхээр нь чамтай яриагүй байхад чи юу гээд байгаа юм бэ гэхэд юу ч хэлээгүй надруу хүрч ирээд заамдаж аваад замын хажуу талруу гаргаад, замын хажуу талын улаан хүрэн өнгөтэй хашааруу шахаж байгаад миний нүүрний хэсэг буюу зүүн шанаа, чамархай газарлуу 3-4 удаа зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа цохисон юм. Тэр үед би нүүрлүүгээ цохиулахгүй нь тулд нүүрээ 2 гараараа дарахад миний гарын хэсэг буюу шуу гарлуу 2-3 удаа цохиж байгаад, доошоо тонгойлгож байгаад хавираад унагаасан юм. Тэгээд миний мөр гэдэс рүү 2-3 удаа өшиглөж байх үед хамт явсан эмэгтэй нь одоо болио гээд машиндаа суулгаад аваад явсан юм. Тэгэхээр нь би дахин 17-гийн уулзварт зогсож байхад урдуур нь шахаж зогсоод буугаад зорчигчийн талаар очиход уг залуу машиныхаа хаалгыг түгжсэн юм. Тэгээд уулзварын гэрлэн дохио асаад хөдлөөд яваад өгөхөөр нь би хойноос 32 авто центр, приус засварлуу эмэгтэй эргээд орчихоор нь төв замын таксины зогсоол дээр машинаа тавьчихаад араас нь явж очиход миний өөдөөс чи яасан зодуулж хандаггүй пизда вэ гэж хэлэхээр нь чи дахин зод гээд өөдөөс нь дайрахад чам шиг пизданууд гай болно гэж хэлээд надаас холдоод байхаар нь би араас хөөж очоод тэр залууг барьж аваад харилцан заамдалцаж авах үед би тэр залуугийн футболкыг нь ураад, зүүн шанаа орчим нэг л удаа цохисон юм. Тэр үед миний дээрээс дарж байгаад ганц нэг удаа нуруу, миний дагз хэсэг газарлуу цохиж байгаад намайг жалгаруу түлхэж унагахаар нь би шавартай холилдож хувцас хунар муухай болсон бөгөөд тухай үед миний баруун өсгийний арьс хууларсан байсан юм. Тэгээд би машиндаа суугаад сэлбэгийн газарлуу төрсөн ах Болд-Эрдэнээр хөлнөөс цус гараад байхаар нь эмийн сангаас бинт авч ирээд хөлөө боолгосон юм. Тэгээд би тэр өдрөө ажлаа хийж чадаагүй, гар хөл өвдөөд байхаар нь гэртээ очсон боловч, миний зүүн гарын алганы орчмоор өвдөж хоноод өглөө сэрэхэд миний алга хөхрөөд хавдчихсан байхаар нь би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр, очоод үзүүлэхэд намайг гарныхаа зургийг авахуулчаад ир гээд тус эмнэлэг дээрээ зургаа авахуулчихаад буцаад эмч дээрээ очиход эмч зургийг харчихаад алганы далд capвууны яс хугарсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би тэр өдрөө гипсдүүлээд, гараа дээшээ сойчихоод, шүүх эмнэлэг дээр очиход байцаагчаасаа тогтоол авч ирээд үзүүлэх ёстой гэж тайлбарлаж ярьсан юм. Тэгээд наадам, Асемын хамгаалалттаи байж байгаад би 2016 оны 07 сарын 18-ны өдөр цагдаа дээр ирсэн юм. Би жолоочтой харицаж байхад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлж, очиход уг залуу машинаасаа бууж ирээд ямар ч шалтгаангүй намайг зодож эхэлсэн юм. Би эхний удаа намайг заамдаж авахаар нь би харилцан заамдалцаж аваад, би тэр залууг цохиогүй, харин өөрөө зодуулсан юм. Түүний дараагаар би 17-гийн гэрлэн дохиотой уулзвар дээр машинаасаа бууж ирээд уг залуутай уулзах гэж ирэхэд машинаа түгжсэн байсан. Ямар нэгэн маргаан болоогүй, тэгээд 32 приус засварын тэр лүү эргэхээр би машинаа тавьчихаад уг залуу дээр очоод заамдалцаж аваад, нэг удаа зүүн шанаа орчим газар луу цохисон юм. Би уг залууг цохихдоо ямар нэгэн бариагүй байсан болно. Би анх тэр залууд зодуулчихаад надаас уучлалт гуйх ёстой гэж бодоод дахин дахин очсон боловч уг залуу миний өөдөөс чи яасан зодуулж xaндаггүй залуу вэ гэж хэлээд намайг дахин зодсон юм. Би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Уг хүмүүс худал мэдүүлж байна. Тухайн үед биед нь ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, футболк болон тавчка нь тасарсан байсан юм. Орой нь цагдаа дээр тайлбар өгөх гээд ирэхэд хамрандаа цагаан өнгийн хөвөн бинт аль нэгийг нь чихчихсэн явж байсан юм. Би гартаа ямар нэгэн зүйл барихгүйгээр цохисон юм. Би шүүх эмнэлгийн хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 07 сарын 10-ны орой цагдаа дээр би өөрийн найз Баянмөнхийн хамт ирчээд зогсож байхад иргэн Э.Ууганбаярын хамт ирсэн махлагдуу дүүгийнхэн нөхөр бололтой залуу хүрч ирээд чамайг амьтан болгоно, чамтай би өдөр таарсан бол амьд байхгүй байсан байхаа, гэх мэтээр намайг сүрдүүлж байгаад явсан юм гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ууганбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Оюунболдтой маргалдаж улмаар түүнийг зодож зүүн сарвууны алганы 4 дүгээр шивнүүрийн далд хугарал, баруун тавхайн өсгийд шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан;
Шүүгдэгч Г.Оюунболд нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Ууганбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.Ууганбаяр …2016 оны 07 дугаар сарын 10 өдөр дүү Уранцэцэгтэй хамт машиныг янзлуулж өгөх санаатай дэнжийн 100 руу өгсдөг дээр элс ачсан машиныг зай тавьж өгөх гээд зогсож байтал араас нэг машин байн байн дуут дохио өгөөд байсан. Тэгээд тэр машин хажуугаар гарахдаа миний дүү Уранцэцэгийг гичий минь хурдан яваач гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд урд гараад явж байхдаа байн байн тормос гишгэн зогсоод байсан. Би тэгэхээр нь машинаас бууж очоод Оюунболдтой учир байдлаа хэлэх гэж очсон… Би Оюунболдыг жалга руу түлхэж унагаасан. Дүү надад цагдаа дуудсан талаар хэлсэн. Оюунболд цагдаа дуудсан сургаар яваад өгсөн. Тэгээд дүүтэйгээ цуг шүүх эмнэлэг дээр очоод хамраа үзүүлтэл далд хугарал байна 1 дүгээр эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр байж байтал цагдаа над руу утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Цагдаа дээр очиход Оюунболд 2 найзтайгаа сууж байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Оюунболд …2016 оны 07 дугаар сарын 10 өдөр машины сэлбэг авах гэж гэрээс гараад явсан. Дэнжийн 100-н дээшээ өгсдөг уулзвар дээр нэг машин хөдлөхгүй зогсоод байсан. Миний ард талын машинууд тойрч гараад байсан. Би тойрч гарахгүй байсан шалтгаан нь миний машин урд талын машинтай ойрхон зогссон байсан. би тэгээд тойрч гарахад жолооч эмэгтэй утсаараа оролдоод сууж байсан. Би тэгэхээр нь тэр эмэгтэйд чи одоо утсаа боль доо гэж хэлсэн. Тэгтэл хажууд сууж байсан залуу чамд хамаагүй гэж хэлээд салаавч үзүүлсэн. Би тэр машины хааж зогссон үнэн тэгтэл Ууганбаяр гарч ирээд намайг хавирч унагаан шороотой хутгачхаад яваад өгсөн. …. Би Ууганбаярт миний гар эвгүй болсон талаар хэлсэн. Тэгээд Ууганбаярын хамар руу цохиж гэмтэл учруулсан нь үнэн би өөрийн гэм буруугаа ойлгож байна гэв.
Гэрч Уранцэцэг … Тухайн хэрэг гардаг өдөр ахтайгаа өөрийн машиныг янзлуулах гэж явж байсан. Би дэнжийн 1000 руу өгсөх уулзвар руу өгсөх гэтэл миний урдуур элс ачсан ачааны машин өнгөрсөн. Тухайн үед би зам тавьж өгсөн. Тэгтэл миний ард байсан машин дуут дохио өгөөд байсан. Миний хажуугаар нөгөө машины жолооч замаас зайл пизда минь гэж хэлсэн. Тэгээд миний машины урд 2-3 удаа гэнэт тормос гишгээд байсан. Тэгээд миний машиныг хааж зогсоход Ууганбаяр ах машинаас гарч Оюунболдтой зууралдаж аваад Оюунболдыг хавирч унагаасан. Оюунболд унахдаа Ууганбаяр ахын хүзүүнд байсан гинжнээс нь татаж тасалсан. Тэгээд салцгаасан 17-н уулзварийн гэрэл дохио дээр Оюунболд бууж ирээд миний машины хаалгыг онгойлгох гэхээр нь би машины хаалгыг түгжсэн. …Би ахтайгаа авто засвар дээр зогсож байтал Оюунболд гартаа нэг зүйл барьчихсан хүрээд ирэхээр нь би ахыгаа зугтаарай гэж хэлсэн. Оюунболд барьж байсан зүйлээрээ ахын толгой руу цохисон…. Би цагдаа дуудсан талаар ахдаа хэлэхэд Оюунболд машиндаа суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг,
Гэрч Н.Ялалтбаатарын… Би иргэн Г.Оюунболд гэх залууг танихгүй бөгөөд түүний ах машин янзалдаг Анхаа гэх залууг би танидаг юм. Би иргэн Г.Оюунболд гэх залууг танихгүй. … 2016 оны 07 сарын 10-ны орой надруу цагдаагаас залгаад, 62-93 УНО улсын дугаартай машины жолооч мөн үү, та хүнтэй маргалдан муудалцаад, хүнийг зодож цохисон талаар надруу залгахаар нь тийм асуудал болоогүй, би өөрийн эзэмшлийн машинаа засварт өгсөн байсан гэж хэлээд, тэгээд тэр өдрөө би иргэн Г.Оюунболдын ах руу залгаад юу болоод байгаа юм бэ, цагдаагаас надруу залгаж зодоон цохион хийгээд байна гэж хэлээд. …2016 оны 07 сарын 10-ны орой ирээд машинаа авахад миний машины дотор талын салоны эд ангийг салгасан байдалтай, мөн дотор нь байсан түлхүүр багажийг гаргаад орхисон байсан бөгөөд машин дотор ямар нэгэн цус нөж байхыг, анзаарч хараагүй, учир нь гадаа харанхуй байсан юм. Аль нэг гараа дээшээ сойгоод зогсоод байсан юм. Түүнээс өөр биед нь ил харагдах гэмт байсан эсэхийг би анзаарч хараагүй болно гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ганхуягийн… Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 32-ын авто центр, гагнуурын сервисийн зүүн талд байрлах Приус засварын газар дээрээ байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн Приус-10 маркийн автомашинаа янзлуулах гэж ирээд байж байхад, дөнгөж ирсэний дараагаар доороос үл таних залуу хүрч ирээд зодолдоод эхэлсэн юмаа. Тэр үед би хажуу талд нь машин янзалж байсан бөгөөд уг Приус засварын компьютер оншилгоог Бадрах гэдэг залуу хийж байсан юмаа... Анх засварын гадна ирэхэд уг 2 залуугийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй бөгөөд манай засварын газраас доош 80-аас 100 метрийн зайдуу жалганы ирмэг дээр зодолдсон юм. Гартаа ямар нэгэн зүйл буюу би түүнийг хутга байна гэж харсан засварын залуу мөн адил тэгж харсан юм. Тэр хавьд өчнөөн олон хүмүүс байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүл үр хүүхэдтэй байдлыг нь харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хөвсгөл овогт Эрдэнэбаярын Ууганбаярыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Намхарт овогт Ганхуягын Оюунболдыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Оюунболдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар сольдог болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, СД 1 ширхэг зэргийг устгасугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН