Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/048

 

М.Мид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч М.М

Нарийн бичгийн дарга Д.Чимидцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор М.Мид холбогдох эрүүгийн 1914002160199 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.М, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6-2-33 тоот хашаанд байх иргэн М.Дгийн эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж М.Дд 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мийг хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мид оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч М.Моос 660.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Дд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч М.Мид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

...Шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа ба тухайн шийтгэх тогтоол гарах үед М.М нь хохирлыг төлж барагдуулаагүй байсан ба өнөөдрийн байдлаар эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хэмжээг хохирогч зөвшөөрсөн байдаг ба тухайн үнэлгээгээр хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Иймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс багагүйгээр хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. Тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа ба анх удаа гэм буруутай үйлдэл үйлдсэн болно гэжээ.

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.Хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

Өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлын 660 000 төгрөгийг хохирогч М.Дд дансаар төлсөн буюу төлөх төлбөргүй болон хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

М.Мийн өмгөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14-16 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 33 тоот хашаанд байх иргэн М.Дгийн эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцанд нэвтрэн орж улмаар шкафыг нь онгойлгон 6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1914002160199 тоот эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Д, гэрч С.Б, Д.Б, С.Б, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч М.Мийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэний дагуу анхан шатны шүүх М.Мийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч М.М нь М.Дгийн хувийн сууцанд хүн байхгүй, хаалга нь онгорхой байгааг мэдсээр байж нэвтрэн орж шкафыг нь онгойлгон 6 ширхэг мөнгөн аягыг нь хулгайлан авсан, хулгайн эд зүйлээ захиран зарцуулсан зэрэг гэмт үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай гэмт үйлдэл бөгөөд Т.Дгийн орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг нь авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан 660.000 төгрөгийг хохирогч М.Дд 2019 оны 06 дугаар сарын 2-ны өдөр төлж барагдуулсан талаарх орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан буюу учруулсан хохирлоо төлсөн болон ар гэрийн ахуй амьдралын байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, энэ талаар гаргасан өмгөөлөгч *******гийн саналыг хүлээн авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мийг хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мийг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мид оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мид оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж

4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч М.Моос 660.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Дд олгосугай” гэснийг “ шүүгдэгч М.М нь төлөх төлбөргүй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ