| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 115/2024/0024/З |
| Дугаар | 221/МА2024/0688 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0688
| 2024 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0688 | Улаанбаатар хот |
Б.М, З.Ц нарын
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэгч: Б.М, З.Ц
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 115/2024/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М, З.Ц нараас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.
2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0020 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсэг, Улс төрийн Намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, З.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаартай шийдвэрийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороо нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шатанд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгуульд оролцох нэр дэвшигчийг хасах тухай 07 дугаар тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр гаргасан байдаг.
3.2. Нэр дэвшигч нарыг бүртгэх шатанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Монгол Ардын намын гишүүн, гишүүнээр элссэн гэх Б.М, З.Ц нарыг Замын-Үүд сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар бүртгэлийн баримтыг хавсарган албан бичгээр ирүүлсэн.
3.3. Тухайн баримтаар үнэлж сумын Сонгуулийн хорооноос шийдвэрлэсэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгуульд оролцох нэр дэвшигчийг хасах тухай 07 дугаар тогтоол нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа тул тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдлыг гаргаж байна.
3.4. Мөн уг асуудлаар анхлан гомдлыг гаргасан Дорноговь аймгийн Монгол Ардын намын хороог шүүхийн хуралдааны шатанд оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа, тус намаас гаргасан гомдлоор нотлогдож буй баримтыг тэдний оролцоотойгоор үнэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул гомдлыг хэлэлцэх шатанд гуравдагч этгээдийн эрх ашгийг анхаарч үзээгүйд дүгнэлт хийж өгөхийг хүсье. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.М, З.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Ардчилсан Намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын 6 дугаарт З.Ц, 19 дүгээрт Б.М нар бичигдсэн байна.
2.1. Улмаар маргаан бүхий Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх заалт, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Замын-Үүд сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Б.М, З.Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол Ардын намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй тул Монгол Ардын намын гишүүнд үзэж, Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж уг тогтоол гарсантай холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.
2.2. Нэхэмжлэгч Б.М, З.Ц нараас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3-т тус тус заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх нөхцөл байдлыг эсрэг талын Ардын намаас зориуд зохиомлоор бий болгосон эсэхийг ч нягталж тогтоолгүйгээр, хуурамч цахим бүртгэлийг ашиглаж, бид хоёрын огт бөглөж байгаагүй Ардын намын гишүүний анкетийг үндэслэл болгон нэр дэвшигчээс хасаж шийдвэрлэсэн нь иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчсөн үйлдэл гэж үзэж, гомдолтой байна гэж маргаж байна.
2.3. Анхан шатны шүүх ...хариуцагч сумын Сонгуулийн хороо нь тухайн иргэдийн МАН-аас гарах өргөдөл, хүсэлт /баримт/ байхгүй гэх үндэслэлээр, зөвхөн МАН-ын хорооноос ирүүлсэн баримтын хүрээнд тус намын гишүүнчлэлтэй хэмээн дүгнэлт хийн холбогдох шийдвэрийг гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцээгүй байна ..., ...нэхэмжлэгч Б.М, З.Ц нарыг Монгол Ардын намын гишүүн болох нь тогтоогдоогүй байхад тэдгээрийг шууд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна ..., ... тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн байна ... гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно, 32 дугаар зүйлийн 32.1-д "Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:, 32.1.3-д өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж тус тус заасан.
3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэр дэвшигч нь өөр нам эвсэлд бүртгэлтэй бол намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцохоор байхад нэхэмжлэгч Б.М, З.Ц нар нь Монгол Ардын намын гишүүн бөгөөд намаас гарах тухай өргөдөл гаргалгүйгээр Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлсэн болох нь МАН-ын гишүүнийг бүртгэх хуудас болон нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй цахим бүртгэлийн анкет мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Монгол Ардын намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/34 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.
3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасан.
3.5. Нэхэмжлэгч нараас Бид Монгол Ардын Намын гишүүн биш гэж маргах боловч Монгол Ардын Намын гишүүн мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна Монгол Ардын намаас гарсан тухай баримт байхгүй энэ тохиолдолд иргэн Б.М, З.Ц нарыг Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хассан хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороог буруутгах үндэслэлгүй.
3.6. Тодруулбал, хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Монгол Ардын Намын хорооноос ирүүлсэн баримтын хүрээнд тус намын гишүүнчлэлтэй хэмээн дүгнэлт хийн холбогдох шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчөөгүй байна.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэр дэвшигч нарыг бүртгэх шатанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Монгол Ардын намын гишүүн, гишүүнээр элссэн гэх Б.М, З.Ц нарыг Замын-Үүд сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар бүртгэлийн баримтыг хавсарган албан бичгээр ирүүлсэн. Тухайн баримтаар үнэлж сумын Сонгуулийн хорооноос шийдвэрлэсэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгуульд оролцох нэр дэвшигчийг хасах тухай 07 дугаар тогтоол нь үндэслэл бүхий шийдвэр ... гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
3.8. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгч нарын тухайд Монгол Ардын Намын гишүүн болох нь тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй, тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн байна гэж дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, З.Ц нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ