Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2021/0035

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын  Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт,  2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, захиалагчаас  “М” ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох,  тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах, эсхүл уг тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ө.Т, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Н, нарийн бичгийн дарга Х.Ж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захиалгын дагуу 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарласан БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтад манай компани оролцсон. Тухайн тендерийн Үнэлгээний хорооноос Г ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан ба үүнийг тендерт оролцсон бусад компаниудын хамт эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж байсан. Үүний дагуу үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааг шүүх тогтоож, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2019/0078 дугаартай шийдвэрээр тендерийг дахин зарлахаар болсон билээ. Уг тендерийг шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дахин зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тендерийг нээсэн юм. Гэтэл Үнэлгээний хороо дахин хууль бусаар ажиллаж шаардлага хангаагүй “М” ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулж, манай компанийг зураг төсөлд бүлэг бүр унтлагын өрөөтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн үндэслэлгүйгээр хассаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2- 01/624 дугаартай албан бичгээр мэдэгдсэн юм.

 Уг мэдэгдлийг хүлээн авмагц ажлын 5 хоногийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу гомдол гаргаснаар Сангийн яамнаас  Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзээд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5079 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/623 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийг үл тоомсорлож “М” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч болох аймгийн Засаг дарга хууль бусаар “М” ХХК-ийг хууль бус шалгаруулж, гэрээ байгуулсан тул тендерт оролцогч манай компани тухайн тендерт шударгаар өрсөлдөх, тухайн тендерийн гүйцэтгэгчээр  шалгарах, компанийн дүрмийн зорилгоо биелүүлж ашиг олох зэрэг хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хэрэв тухайн тендерийг шударгаар үнэлэх юм бол манай компани ялах ёстой байсан, үнэлгээний хорооны мэдэгдэлд дурдсан зураг төсөл нь шаардлага хангахгүй гэдэг нь тендерээс хасах шалтгаан болохгүй. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь цэцэрлэгийн барилгыг бүлгийн болон бие засах өрөө тасалгаатай байхаар зохицуулж болдог юм. Өөрөөр хэлбэл бүлгийн өрөөнд нь хүүхдүүд тоглох, хичээллэх, унтах, хооллох гэсэн олон талын үйл ажиллагаатай байдаг бөгөөд заавал тусгаарлан зохион байгуулах албагүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д “түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг” гэж заасны дагуу шалгаруулах ёстой.

Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ учраас хуулийн 19.2-д “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж заасан.

Зургийн архитектурын зургийн нэг даалгавар гарна. Энэ зураг төслийг боловсруулах үе шат. Тендерийн  үнэлгээнд харгалзах зүйл биш. Яагаад гэвэл бүрэн ажлын зураг төсөл ирдэггүй. Зөвхөн загвар зураг үзүүлдэг ба загвар зургийн дагуу өртгөө тооцох ёстой. Унтлагын өрөөг хассан учир нь холбогдох стандартаар яслийн бүлэг унтлагын өрөөтэй байна.   Цэцэрлэгийн хүүхдийн унтлагын өрөө гэж байхгүй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  13.1 /ж/ 10 дахь хэсэгт “тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ” гэж заасан. Энэ нь техникийн нөхцөл, зургийн даалгавар, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг Цахилгаан шугам сүлжээний газар, “Суат” ХХК гэх мэт байгууллагаас авсан бүх техникийн нөхцөлүүд зургийг боловсруулах явцад хийлгэх зүйл. Үүнийг үнэлгээний хороо харгалзах  ёсгүй. 

Мөн  “М” ХХК-ийн ирүүлсэн зурагт мөн адилхан унтлагын өрөө байхгүй байхад манай компанийн тендерээс энэ үндэслэлээр  татгалзчихаад адилхан унтлагын өрөө төлөвлөөгүй  “М” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус байна

“М” ХХК-ийн санхүүгийн тайлан нь тамга тэмдэггүй, гарын үсэггүй, түншлэлийн гэрээ нь шаардлага хангахгүй байсан.  Тендер  шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1-д “Түншлэлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлага хангасан байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д заасан хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон  тус тусдаа хүлээх хариуцлагыг хамтран ажиллах гэрээнд тодорхойлсон байх,  түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох” гэсэн байгаа.

Санхүүжилтийн бүх мөнгө төгрөг нь танай дансанд орно, танай данснаас би тийм төгрөг авна гэж гэрээнд тусгаж түншлэлийн гэрээг боловсруулах ёстой. Түншлэлийн гэрээ гэж яриад байгаа болохоос  энд зураг төслийн гэрээ байгуулаад тэнд түншлэлийн гэрээ гэж гарчиг тавьсан байна.

  Мөн "М" ХХК-ийн инженер техник, машин механизм, ажиллах хүч нь хүрэлцэхгүй бөгөөд түүний бичиг баримт нь дутуу байснаас гадна 2019 онд төрийн өмчийн хөрөнгөөр гэрээний дагуу гүйцэтгэсэн олон ажлыг дутуу гүйцэтгэсэн байхад давхар шалгаруулсан.

Тодруулбал ТОӨЗ 6.3 /в/-д "Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ, /нотариатаар баталгаажуулсан байна/, ...Доргиур 2 ширхэг, Гүний доргиур 1 ширхэг..." гэсэн шаардлагыг хангаагүй, доргиураас нэг ширхэг л байна.  Дараа нь, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Ж бид нар очиж шалгасан гэж нэг гүний доргиурын зураг  оруулсан, энэ нь  хаанаас авсан нь мэдэгдэхгүй. Бүх механизм, тоног төхөөрөмжийг гэрчилгээгээр баталгаажуулах ёстой. Доргиур аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байна уу, ашиглах боломжтой юу, хэдэн онд үйлдвэрлэсэн ямар хэмжээтэй гэдгийг гэрчилгээнд тусгаж өгдөг.

“М” ХХК-д гүний доргиур нь байхгүй байхад байгаа гэж дүгнээд явсан.  Мөн тус компанийн Улаанхус сумын Хөх хөтөл багт баригдах 160 суудалтай сургуулийн барилгыг, Ногооннуур сумын 105 суудалтай 1.200.000.000 төгрөгийн спорт цогцолборын барилгыг, Ховд багийн 340.000.000 төгрөгийн  Эрүүл мэндийн төвийн барилгыг, Дэлүүн сумын Цэцэрлэгийн барилгын А корпусын 150.000.000 төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэж дуусаагүй, Ногооннуур сумын гүйцэтгэж дуусаагүй зэргийг харгалзан компанийн инженер, техникийн ажилчдын давхцалыг магадлахгүйгээр “М” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан.

Мөн талбайн зохион байгуулалтын зураг гэж шаардсан байгаа. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  13.1 /ж/ 3-т “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулж ирүүлнэ”, 13-д “тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан.  Талбайн ерөнхий төлөвлөгөөнд талбайн зохион байгуулалтын зураг гэж гарчиг тавьсан байхад талбайн зохион байгуулалтын зураг байгаагаар үнэлсэн нь буруу.  Уг зураг нь  ерөнхий төлөвлөгөөнөөс ялгаатай. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулна.” гэж заасан. Зам тээвэр,  барилга хот, байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын БНбД 12-01-09 дүрмийг баталсан. Үүнд түр хашаа, газар доорх болон дээрх цахилгаан шугам болон агаарын шугамыг тусгасан байх ёстой. Барилгын өргүүр, кран ашиглах машин механизмыг, барилгаас  гарах хаягдлаа хог байрлуулах цэгийг тус тус  талбайн зохион байгуулалтын зургаар харуулах ёстой юм.  

Түүнчлэн компанитай байгуулсан гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”  бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ. Аймгийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэл өгсөн.Тухайн өдөр ажлын өдөр байсан. Дараа нь 10-ны өдрөөс бүх нийтийн амралтын өдөр эхэлж, ажил 2020 оны 07 дугаар сарын 16-нд эхэлсэн. 6-аас доошгүй хоног нь  07 дугаар сарын 21-ний өдөрт дуусч байгаа. Засаг дарга 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд гэрээ байгуулах  ёстой байхад 6 хоногийг хүлээхгүйгээр 4 хоногийн дотор байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасан. Энэ тендер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй бөгөөд үүнийг тендерт шалгарсны дараа эхлээд зураг төслөө боловсруулан баталгаажуулж, бүх холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дараа ажил эхлэх зөвшөөрөл авах ёстой. “М” ХХК-ийн зураг төсөл нь ч гараагүй, ажил эхлэх зөвшөөрөл ч аваагүй байхад тухайн барилгыг нурааж ажил эхэлсэн нь хууль зөрчиж байгаа. Ажил эхлэх зөвшөөрөл авахын тулд хамгийн түрүүнд магадлалаар батлагдсан зураг төслөө гаргах  ёстой. Зураг төсөл гараагүй байхад ажлаа эхэлсэн нь Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалтыг  зөрчиж байна. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж заасан ёсоор ажил эхлэх ёстой байсан. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр ажил эхэлсэн нь хууль бус.

Манай компанийн барьж гүйцэтгэсэн иргэн Х.С барилгатай холбоотой маргаж байгаа, энэ тухай  ярихад, уг барилга 2016 онд ашиглалтад орсон.  Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу улсын комиссын актад гүйцэтгэгчээр ажилласнаар гарын үсгээ зурж өгсөн.  Тухайн үед гамшгаас хамгаалах улсын байцаагчаар Х.С ажиллаж байсан уу, актад зурсан гарын үсэг нь  түүнийх мөн эсэхийг бид мэдэхгүй. Тендерийн баримт бичгээр тендерт оролцогч нараас  5 жилд хийж гүйцэтгэсэн ажлын материалыг шаардсан, 5 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаар бид үнэн зөвөөр мэдээлсэн. Тухайн 5 жилд хийж гүйцэтгэсэн ажилд Х.Сын барилга орж байгаа. Х.Сын барилга энэ тендерийн үнэлгээнд ямар ч ач холбогдол өгөхгүй. Яагаад гэвэл Х.Сын барилгыг хасаж тооцсон ч манай компанийн хийж  гүйцэтгэсэн бусад барилгын ажил хүрч байгаа.

Х.Сын барилга манай  компанийн борлуулалтад орохгүй. Яагаад гэвэл инженер мэргэжилтний зүгээс туслалцаа үзүүлсэн болохоос “Б” гэж тусдаа аж ахуй нэгж. Тайлан тооцоо, хөрөнгөө өөрсдөө гаргасан. Бид зөвхөн ажилчдын цалингаа өгнө гэж гэрээ хийсэн. Гэрээнд албан ёсны нийт төсөвт өртгөө тусгасан болохоос төсөвт өртгөө авна гэсэн зүйл байхгүй. Улсын комиссын актаас болж хэн нэгний эрх ашиг хохирохгүй, Х

С гарын үсэг нь хуурамч байвал хэн зурсныг тогтоох ёстой. Х.Сын барилга өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан.  Тэрнээс болж хэний ч эрх ашиг зөрчигдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Үнэлгээний хорооноос  “Н” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, тус компани нь 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасны төлөө ялгаварлан гадуурхаж, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангаж байхад  шалгаруулахгүй гэсэн байр сууринаас хандсанд нэхэмжлэгч  гомдолтой байгаа.

Шүүхэд анх хариуцагчаас тайлбар өгч, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа зураг төсөлд нь хүүхдийн унтлагын өрөөг тусдаа хийгээгүй, бүлгийн өрөөнөөс тусдаа байх ёстой гэсэн.  Хуульд тендерээс татгалзах үндэслэлийг маш тодорхой заасан. Тендер шалгаруулалтын  өгөгдлийн хүснэгтэд аль нэг оролцогч компанийн  тендер шаардлага хангаагүй байх юм бол татгалзах үндэслэл болно гэж заасан. ТӨОЗ 13.1 (ж) хэсэгт тендерт оролцогч компаниуд шаардсан материалын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд  тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Барилгын зураг төслийг боловсруулсан, зураг төслийн  даалгаврыг биелүүлсэн байх гэсэн нь тавигдах шаардлагуудын аль алинд ч байхгүй бөгөө  зураг төсөлтэй холбоотой ТОӨЗ 13.1 (ж )  хэсгийн 10-т  “Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд хугацаанд багтаан ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх,  хуулийн хугацаанд баталгаа гаргаж өгнө гэж заасан.

 Өөрөөр хэлбэл тухайн компани нь  шалгарсан тохиолдолд чанарын өндөр түвшинд зураг төсөл, барилгын ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэх талаарх  баталгаагаа  гаргаж өгөх гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа. Компанийн боловсруулах зураг бол зөвхөн загвар зураг,энэ нь  зөвхөн төсөв гаргахад ашиглагдах  төсөл байгаа. Жинхэнэ норм нормативд нийцүүлсэн албан ёсны зураг төслийг  гэрээний дагуу шалгарсан компани гаргана. Албан ёсны зураг төсөл хийгдээгүй байхад зураг нь буруу гэж үнэлгээний хорооноос дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.  Тендерт шалгарсан “М” ХХК-ийн зураг төсөл ч адилхан. Нэг л бүлгийн өрөө төлөвлөж,  тэнд хооллох, тоглох, унтлагын өрөөг хамтад нь төлөвлөсөн. Хоёр компанийн боловсруулсан зураг төсөл ялгаагүй адилхан  байхад  2019 онд шүүхэд хандсан гэдгээр нь “Н” ХХК-ийг тендерийг хассан нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.  

“Н” ХХК-ийн тендерээс татгалзсан шалтгааныг хариуцагч талаас хэд хэдэн нэмэлт үндэслэлүүдээр тайлбарлаж байгаа. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагатай  холбогдуулж компанийн барьсан иргэн Х.Сын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт хуурамч учраас шаардлага хангахгүй гэж байна. Х.Сын барилгаас  өөр олон ижил төстэй ажил гүйцэтгэснээр холбогдох шаардлагыг “Н” ХХК нь хангаж байгаа. Барилгыг хүлээлгэж өгсөн улсын комиссын акт нь захиргааны байгууллагын акт байгаа. “Н” ХХК акт үйлдэхгүй. Яагаад гэвэл “Н” ХХК нь  акт гаргах захиргааны байгууллага, албан тушаалтан биш. Захиргааны байгууллага албан тушаалтнууд дотроос хэн нэгний гарын үсгийг орлон зурсан нь  актыг  хүчингүй гэж тооцох үндэслэл болохгүй.

Актыг хүчингүй болгох асуудлыг холбогдох дээд шатны байгууллага хүчингүй болгоно. Эвэл шүүх хүчингүй болгоно гэсэн хоёрхон үндэслэл байгаа. Маш олон албан тушаалтнууд  нийлж гаргасан акт хэрэг дотор авагдсан байна. Тухайн актыг гарын үсэг зурсан албан тушаалтнууд өөрсдөө хүчингүй болгоогүй, уг барилга ашиглалтад орж ажиллаж байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн.

ТОӨЗ-ийн  6.3 (в) хэсэгт заасан экскаватор 1 гэдэг шаардлагыг хангаагүй гэх маргааны хувьд экскаватортой холбоотой бүх материалыг шүүх хуралдааны явцад судлуулсан.  “Н” ХХК-ийн тендерийн материалд 2 экскаватор байгаа юм байна. Нэг нь өөр тендерт зориулагдаж хийсэн түрээсийн гэрээ материалд нэмэгдсэн болохоос тендерт холбоотой 1 ширхэг экскаваторын шаардлагыг хангаж, тендерийн материалд хүргүүлсэн байхад илт үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Прокурорын дүгнэлтүүдийн талаар ярьж  байгаа. Прокурорын тогтоолууд нь шүүхийн шийдвэр биш, гэм буруутай асуудлыг шүүх тогтоодог болохоос прокурор тогтоодоггүй. Шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн зүйл байгаа. Иймээс “Н” ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан бүхий л шаардлагыг хангасан компани мөн.

Үнэлгээний хороо хууль бусаар “М” ХХК-ийг сонгон шалгаруулсан. Өөрөөр хэлбэл “М” ХХК нь  тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хэд хэдэн заалтыг зөрчсөн байхад түүнийг бүх шаардлагыг хангасан гэж үзээд шалгаруулсан нь хууль бус байна. ТОӨЗ 6.3 /б/-ийн  7 дахь хэсэгт заасан доргиур 2 ширхэг гэсэн тоног төхөөрөмжийг тухайн үед тендерийн баримт бичигт хүргүүлээгүй. Машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хүргүүлнэ гэж заасан байгаа. Ингэхдээ машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хүргүүлээгүй. Тэгээд ч доргиурт гэрчилгээ байх ёсгүй юм шиг тайлбарлаж байгаа боловч шүүхэд өгсөн холбогдох  гэрчийн мэдүүлгээр  тухайн байгууллагуудын ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийг гэрчилгээжүүлж, хяналт шалгалт хийнэ. Тухайн гэрчилгээ олгогдоогүй, шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг ашиглахгүй гэж журмын холбогдох заалтуудыг зааж өгч, заавал гэрчилгээтэй байх ёстой гэдгийг дурдаж өгсөн.

Шаардлагатай тохиолдолд машин механизмд тулгалт хийх гэсэн үүднээс “М” ХХК-д очиж доргиурт нь тулгалт хийсэн гэж хариуцагч талаас  тайлбарлаж байна. Шаардлагатай тохиолдол гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг нь чухал. Хэрэв гэрчилгээ, лавлагаа  зураг нь байсаар байхад хэн нэгнээс гомдол ирэх юм бол тухайн доргиурт тулгалт хийж болно. Тэрнээс биш гэрчилгээгүй учраас очиж тулгалт хийж, ажиллаж байна уу, үгүй юу гэдэг байдлаар тулгалт хийхгүй. Доргиур байгаагүй бол барилгын бетон суулгалтын асуудалд алдаа гарч, нурах аюултай нөхцөл байдал үүснэ. Барилгын үйл ажиллагаанд албан ёсны бичиг баримттай гэрчилгээтэй , шаардлага хангасан тоног төхөөрөмжийг ашиглах ёстой. ТОӨЗ 13.1 (ж)-ийн 3 дахь хэсэгт ажлын талбайн зохион байгуулалтын зургийг гаргаж баталгаажуулж ирүүлнэ гэж заасан байгаа. Үүнд ажлын талбайн зохион байгуулалтын зураг гэдэг юу байдгийг ч ойлгохгүйгээр үнэлгээ хийсэн үнэлгээний хороонд харамсаж байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалаар 6 дугаар хавсралтаар баталсан үйлдвэр зохион байгуулалтын зургийн барилгын норм гэж байгаа.  Үүнд зааснаар талбайн зохион байгуулалтын зургийн талаар тодорхой тусгаад өгсөн. Газар дээрх, доорх  цахилгаан эрчим хүчний шугам, байнгын болон түр зам, тээврийн хэрэгслийн дүрмийн схем,  барилгын өргүүр ба авто краны байршил тэдгээрийн шилжих зам, схем, үйлчлэлийн хүрээ, аюулгүйн бүсүүд талбайн гэрэлтүүлэг, барилгын орц гарц, материал эдлэлийн хадгалалт, талбайн агуулга ажиллагсдын ахуйн үйлчилгээний түр барилга, хог зайлуулах цэг, байршил материал эдлэлийг угсарч томсгох талбай байр  хадгалах агуулга зэргийг багтаасан зураг байдаг. Гэтэл “М” ХХК нь ерөнхий төлөвлөгөөний зургийн гарчгийг  өөрчлөөд талбайн зохион байгуулалтын зураг гэж нэг л зургийг  явуулж байгаа нь ТОӨЗ (13.1) ж-ийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн  “М” ХХК-ийн түншлэлийн гэрээ нь  ТОӨЗ 14.1-д заасан шаардлагыг хангахгүй. Үүнд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангасан байна. Гишүүд хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг хамтран ажиллах гэрээнд тодорхойлсон байх. Түншлэлийн аль нэг болон гишүүдийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийх, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдийг томилсон байх. Гэрээний гүйцэтгэл түүний дотор төлбөрийг нь зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүдтэй тооцохыг хамтран  ажиллах гэрээгээр зохицуулсан байх, түншлэлийн гэрээний эх хувийг тендерийн хамт ирүүлэх, дээрх шаардлага гэрээнд тусгагдаагүй нөхцөлд түншлэлийн гэрээ шаардлага  хангаагүй гэж үзэж татгалзана гэж заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо хийхдээ холбоотой аливаа нэг гишүүнийг томилсон байх ёстой гэдэг тус тусын заалтуудыг хангаагүй. Зургийн ажил гүйцэтгэх гэрээг түншлэл юм шиг ойлгоод гарчгийг өөрчилж ирүүлсэн нь түншлэлийн гэрээний шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай гэсэн.

Нэгэнт түншлэлээр орж байгаа учраас “АЕСН” ХХК болон “М” ХХК-ийн  аль аль нь  санхүүгийн тайлангаа ирүүлсэн байх ёстой. “М” ХХК нь санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулсан боловч тухайн санхүүгийн тайлан дутуу, холбогдох бусад тайлангуудаа хүргүүлээгүй байсан. Мөн “АЕСН” ХХК-ийн санхүүгийн тайланд нягтлан бодогч болон захирлын гарын үсэг байхгүй, тамга дарж баталгаажуулаагүй тайлангаа тендерийн материалд хүргүүлсэн нь тогтоогдож байгаа. Санхүүгийн тайлангаа баталгаажуулж хүргүүлнэ гэсэн  шаардлагыг шалгарсан компани өөрөө хангахгүй байна.

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр анх тендерийн үнэлгээ хийж, мэдэгдэл өгсний  дараа ажлын 6 хоногийн дараа гэрээ хийх ёстой байсан. Гэтэл ажлын 3 хоногийн дараа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийсэн,  07 дугаар сарын 08-20-ны  өдрүүдийн хооронд ажлын гэх 3 хоног байгаа. 3-4 хоногийн дараа гэрээ хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан  ажлын 6 хоногийн дараа гэрээ хийнэ гэж заасан заалтыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа:

БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр үнэлгээний хороо “М” ХХК-ийг шалгаруулан, үнэлгээний дүгнэлтийг захиалагчид ирүүлсэн тул үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу хуулийн хугацаанд “М” ХХК-тай гэрээ байгуулсан.

Тухайн тендерийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээсэн ба нийт 3 компани буюу “М” ХХК, “Н” ХХК, “Цамбагарав констракшн” ХХК тендерт материал ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын дагуу хамгийн бага үнийн дүнтэй, захиалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж “М” ХХК-ийг шалгаруулж, Үнэлгээний хороо захиалагч тал болох аймгийн Засаг даргад дүгнэлтээ ирүүлсний дагуу “М” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Энэ нь хугацааны хувьд асуудалгүй. Гэрээ нь  хоёр талын хооронд байгуулагддаг. Өөрөөр хэлбэл “М” ХХК буюу аймгийн Засаг даргын хооронд байгуулагдсан гэрээ. Гэрээний хугацааны асуудал зөрчигдсөн байлаа ч энэ нь “Н” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр асуудал биш.

“М” ХХК-тай гэрээ байгуулсны дараа “Н” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх талаар чиглэл ирсний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээгээ хийж өмнөх дүгнэлт хэвээр нь үлдсэн тул “М” ХХК-тай өмнө нь дахин шинээр гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Иймд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч  Үнэлгээний хорооноос шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Энэ жил тус тендерийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин зарлаж, 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр тендерийг нээсэн ба “М” ХХК, “Н” ХХК, “Цамбагарав констракшн” ХХК гэсэн гурван компани тендерт материал ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 заалтын дагуу хамгийн бага үнийн саналтай мөн захиалагчийн шаардлагыг хангасан гэж “М” ХХК-ийг  шалгаруулсан.

Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/202002176 дугаартай ажилд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/2019 дугаартай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаварт байгаа бүлэг тус бүр унтлагын өрөөтэй байна гэж шаардлага тавьсан. Иймд “Н” ХХК компанийн ирүүлсэн барилгын зураг дээр хүүхдийн унтлагын өрөө байгаагүй учраас шалгаруулаагүй, уг  шийдвэрийг Сангийн яамны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5079 албан тоотоор үндэслэлтэй гэж үзсэн байгаа.

М” ХХК-д унтлагын өрөө байхгүй гэж байна. “М” ХХК-д унтлагын өрөө байгаа. Загвар зураг дээр унтлагын өрөөг тусдаа тоглоомын өрөөг тусдаа зохион байгуулсан, зураг дээр нь тодорхой байгаа. “М” ХХК 1812.07 м2 талбайтай шаардлага хангасан барилгын зураг ирүүлсэн, Харин “Н” ХХК 1444 м2 талбайтай бүлгийн унтлагын өрөөгүй, шаардлага хангаагүй барилгын зураг ирүүлсэн ба тус компанийг шалгаруулсан тохиолдолд улс орон бүхэл бүтэн нэг давхар барилгын хэмжээний 368 м2-аар хохирч,  стандарт бус, унтлагын өрөөгүй барилга баригдвал маш олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөх учраас үнэлгээний хорооны зүгээс Н” ХХК-ийг шалгаруулаагүй.

“АЕСН” ХХК-ийн санхүүгийн тайлан байхгүй гэж байна.  Санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаад ирүүлсэн байгаа. “М” ХХК-ийн тайлан бас байгаа. Санхүүгийн тайлангаас бид нар голдуу тухайн компанийн борлуулалтыг хардаг.  Бусад мэдээлэл нэг их ач холбогдолгүй.

“Н” ХХК-ийн нэхэмжлэлд  ТОӨЗ 6.3 (в)-д заасан  доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг гэсэн шаардлагыг “М” ХХК хангахгүй гэсэн байна. “М” ХХК нь өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг жагсаалтыг тамга тэмдгээр баталгаажуулж ирүүлсэн ба жагсаалтад дээрх тоног төхөөрөмж бүгд байгаа. Мөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3 (в) -д шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж, машин механизмуудыг тулгалт хийх гэж заасны дагуу “М” ХХК-ийн  машин тоног төхөөрөмжид тулгалт хийж зургаар баталгаажуулсан. Иймд Үнэлгээний хороо 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж дахин үнэлгээгээр “М” ХХК-ийг шалгаруулсан болно.

Тус тендерийг зарлахад тендерийн баримт бичигт давхар ажил хийхгүй байх мөн инженер техникийн ажилчид давхардсан тохиолдолд тус тендерээс татгалзана гэж шаардлага тавиагүй учраас оролцогч гурван компанийн инженер, техникийн ажилчдын давхцалыг магадлах шаардлага байгаагүй. Хэрвээ магадлах шаардлага гарсан тохиолдолд “Н” ХХК нь Төрийн худалдан авах газраас зарласан 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 320 суудалтай сургуулийн барилга, /Баян-Өлгий, Буянт сум/ тендерт 2020 онд шалгарсан байсан ба дээрх шалгуурын дагуу шаардлага хангахгүй байх байсан.

Хамгийн гол асуудал 2019 онд анх зарлахад, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд төлөөлөх эрх бүхий компани сүүлийн 4 жилийн аль нэг жилд ижил төстэй  50 хувийн нэг ажил гүйцэтгэсэн байх гэсэн шаардлага байсан. Тухайн үед зарлахад, “Н” ХХК-ийн авсан Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын барилга баригдаагүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. Зөвхөн иргэн Х.Стай байгуулсан гэрээт ажлын  улсын комиссын акт нь байсан. Улсын комиссын актыг хуурамчаар бүрдүүлээд Онцгой байдлын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч гэж Х.Сгийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Тухайн үед Х.С тэтгэвэрт гарсан улсын байцаагчийн эрхгүй хүн байсан.  Мөн нарийн бичгийн Н.Тамирланы гарын үсэг бас өөрийнх нь биш байсан.  Дараа нь 2020 онд тендерийг дахин зарлахад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга ашиглалтад орсон учраас нэхэмжлэгч тендерийн бичиг баримтад тавьсан шаардлагыг хангаж байгаа.

Гэхдээ тухайн үед лабораторийн барилгыг нь авч үзсэн. Иргэн Х.Сын барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хуурамчаар ирүүлсэн эсвэл эрх зүйн актын хувьд хүчингүй байсан.  Энэ талаар тухайн үед Үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгасан.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (б) шалгуурыг хангахын тулд “Н” ХХК нь улсын комиссын  тухайн актыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байсан. Мөн ТОӨЗ 6.2-ийн 1 дэх заалтад Монгол улсад эсхүл үүсгэн байгуулсан улсын хуулийн дагуу татвар хураамж төлнө. Иргэн Х.Стай хийсэн 1.2 тэрбумын төгрөгийн гэрээтэй ажил хийсэн бол  нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой, борлуулалтыг бас бид харгалзана.

2016 эсвэл 2017 оны санхүүгийн тайланд “Н” ХХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн  борлуулалтад  нэмэгдсэн өртгийн албан татвар бүртгэгдээгүй байсан. Тэгээд үүнийг мөн адил Цагдаагийн газарт гомдол гаргаад тогтоож авсан. 2016, 2017 онд нэмэгдсэн өртгийн  албан татвар төлөгдөөгүй, борлуулалтын орлогод бүртгэгдээгүй байснаар дээрх шаардлагыг хангаагүй. Татвараа тендер зарласан өдрийн байдлаар бүрэн төлсөн байна гэж заасан. Мөн ТОӨЗ 6.3 (в)-ийн  2-т  ковш 1 ширхэг гэж заасан. “Н” ХХК иргэн Х.Исатай уг техникийг түрээслэхээр гэрээ хийсэн гэж баримт ирүүлсэн. Бид нар үнэлгээ хийх явцад тэрийг мэдээгүй, дараа нь маргаан гарч шүүхээс хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд  тендерийн материалыг дахиж шалгаж үзээд эргэлзээтэй байсан болохоор нь Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан.

Цагдаагийн байгууллагаас иргэн Х.Иса гэдэг хүнтэй хуурамч гэрээ байгуулсан болох нь мөрдөн шалгах явцад холбогдох нотлох баримтаар тогтоогдсон. Уг гэрээнд  Б хүү Н өөрөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, прокурорын тогтоол гарсан. Х.Иса нь  тэр гэрээнд өөрийн биеэр оролцоогүй. Ийм байдлаар ноцтой хуурамч материалууд ирүүлсэн. Ямар ч тендерт хэчнээн шаардлага хангаж байсан ч ганцхан хуурамч материал байвал шууд татгалзах үндэслэл болно. Энэ ажил 3 жил гаруй хугацаанд гацаад, улсын төсөв татагдаж байна. Шүүхээс өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна.  Дахин тендер зарлахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ ажлыг  хурдан эхлээд дуусах ёстой.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

“М” ХХК нь  зохих журмын дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан түлхүүр гардуулах нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд оролцсон. Хамгийн бага үнийн саналтайгаар “М” ХХК нь  уг тендер шалгаруулалтад шалгарсан байгаа. Үнэлгээний хороо “М” ХХК бүх талын шаардлагыг хангасан гэж үзээд, тендерт шалгарснаар тооцож, гэрээ байгуулах эрхийг захиалагч байгууллагад мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Үүний дагуу “М” ХХК-тай аймгийн Засаг дарга хууль ёсны гэрээ хийж, “М” ХХК хуулийн хугацаанд гэрээний дагуу хуучин цэцэрлэгийн барилгыг буулгах, бэлтгэл ажлыг хангах, хамгаалалтын хашаа татах зэрэг төлөвлөгөөнд тусгасны дагуу өөрийн зардлаар хуучин барилгыг буулгаж, зардал гаргаад ажлаа эхлүүлсэн. Энэ ажил эхэлж байх хугацаанд тендерт оролцогчдоос “Н” ХХК гомдол гаргаад Сангийн яамнаас гомдлыг хянасан байгаа. Сангийн яамнаас “Н”-ийн гомдол үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж албан бичиг явуулсан байгаа. Үүний дагуу “Н” ХХК дахиж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийн явуулж байсан ажлыг  түр түдгэлзүүлсэн байгаа.

“Н” ХХК-ийн Сангийн яамд гаргасан гомдлыг Сангийн яам бүх талаас нь хянаж үзээд, “Н” ХХК-ийн зураг төсөлд унтлагын өрөө тооцож оруулаагүй байгаа нь тендерийн төсөл боловсруулах даалгаврын унтлагын өрөөтэй байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа. “М” ХХК-ийн 1 доргиур байхгүй  гэж маргасан. Гүний доргиур гэдэг нь хариуцагчийн тайлбарласнаар хэдхэн төгрөгийн аппарат байгаа. Үүнд техникийн гэрчилгээ гэсэн юм байхгүй. Үнэлгээний хороо газар дээр нь үзээд гүний доргиурын зургийг аваад явсан. Тендерт үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ. Хамгийн бага үнийн саналтай тендерийг хамгийн сайн тендер гэдэг утгаар шалгаруулна гэснээр  “М” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад мэдэгдсэн.  Нэхэмжлэгч талаас “М” ХХК-ийн  зургийг сайн ойлгоогүй, бүлгийн өрөө гэж тусдаа нэг зохион байгуулалттайгаар тусгасан байгаа,  дотор нь  ортойгоор зурагт  оруулсан. Ор дэвсгэр хураах өрөө гэж тайлбарт өөр утгаар бичсэн байна. Бүлгийн өрөө нь бүгд ортой  байгаа. 

Компанийн машин механизм, тоног төхөөрөмжүүд нь  өөрийн эзэмшлийн одоо барилгын талбайд ажиллаж байгаа ба зарим машин механизм нь илүүдэлтэй байгаа. Үүнийг ажлын талбайд, машин механизм байгаа газраас баталгаажуулж болно. Манай компанид инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчид хангалттай байгаа нь тендерийн материалд бүрэн тусгагдсан болно. Манай компанийн тендерт шалгарснаар Улаанхус сумын “Хөх хөтөл” багт баригдаж буй 160 суудлын сургуулийн барилгын ажил 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах гэрээний дагуу улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн, ажлын 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба улсын комисст ажиллуулах гишүүдийг томилж байгаа болно. Ногооннуур сумын 105 суудалтай спорт цогцолборын барилга 2021 онд ашиглалтад оруулах гэрээний дагуу 2020 онд хийгдэх ажил хийгдэж ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна. Дэлүүн сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын засвар хийгдэж дууссан ашиглалтад авахад улсын комисс томилогдож байна. Ногооннуур сумын Ховд багт баригдах 5 ортой эмнэлгийн барилгын ажилд манай компани шалгараагүй тул эдгээр гаргасан гомдлууд огт үндэслэлгүй.  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд 2020 онд  гүйцэтгэж буй дусаагүй ажлын талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүл гэсэн болохоос өмнө ижил төстэй ажил гүйцэтгэж буй тохиолдолд тендер шалгаруулалтаас татгалзах ямар нэгэн шалгуур тавиагүй болно. Ажиллах хүчний хувьд манай компани нь тус тендерт “АЕСН” ХХК-тай түншлэлээр оролцсон ба тус компанийн цахилгаан, усан хангамж, ус цэвэрлэгээний инженерүүд тус барилгын ажилд ажиллахаар байгаа юм. Иймд тус ажилд ажиллах инженер техникийн ажилчдыг хангалттай хүрэлцэхээр байгаа гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  талаас “Н” ХХК-д холбоотой хэд хэдэн зүйлийг шалгуулсан. Үүнд хэд хэдэн хуурамч бичиг баримтыг тендерт  ирүүлсэн нь  тогтоогдсон байгаа.  Уг бичиг баримтад түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн бичиг баримтын нэгдүгээр бүлэгт тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлэхгүй байхыг сануулж, эрх бүхий байгууллагаар тогтоосон нөхцөлд тендерт шалгаруулахаас татгалзахаар сануулга өгсөөр байхад хэд хэдэн  нотлох баримтыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн байна. Үүнд иргэн Х.Стай хийсэн 2019 оны  барилгын гүйцэтгэлийн борлуулалтын ажиллагаа байгаа. Үүнийг өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүх нэхэмжлэгч өөрөө энэ ажлыг бид хийж гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

“Ковш” гэсэн техник байгаа. Үүнийг тендерийн бичиг баримтад өөрийн байх эсвэл түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа бол түрээсийн гэрээг ирүүлнэ гэсэн шаардлага тавьсан байгаа. Уг бичиг баримтыг “Н” ХХК нь Х.И гэдэг хүнтэй  түрээсийн гэрээ хийснээр хуурамчаар үйлдээд, Х.И гарын үсгийг тус компанийн инженер Б.Н зураад тендерийн бичиг баримтад ирүүлсэн байгаа. Тухайн үед Үнэлгээний хороо анзаараагүй байгаад дараа нь шалгаад прокурорын байгууллагаас хуурамч гэдгийг  тогтоолгосон байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан дахин тендер зарлах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй этгээд  нь “Н” ХХК биш учраас уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн саналтай байна. Бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барилгын ажлыг хэвийн явуулж өгөхийг хүсэж байна. Хүүхдүүдийн хүмүүжих, сурч боловсрох эрх нь маш ноцтойгоор зөрчиж, 2-3 жил стандарт бус барилгад сурч хүмүүжигдэж байна. Тендерийн төсөв нь 2021 он хүртэл батлагдсан байсан. Одоо 2021 онд багтааж энэ ажлыг хийхгүй бол төсөв татагдах эрсдэлтэй байна. Ковид-19 хорио цээрийн улмаас барилгын материалын үнэ өссөн байгаа.  Тийм ураас “М” ХХК зохих хэмжээний эрсдэлд орж байгаа.

“М” ХХК 2019 оноос энэ тендерт оролцсоноос хойш 89 сая төгрөг зээл аваад гүйцэтгэлийн баталгаа гаргаж, банканд байршуулсан байгаа. Уг зээлийн хүү тус компанийг хохироож байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч дотоод итгэлээр үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/168 дугаар захирамжаар Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулсан байх “Г” ХХК-ийг уг барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийн талаар бусад тендерт оролцогч нараас маргаснаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 110/ШШ2019/0078 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор  уг тендерийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин зарлах үед “Н” ХХК, “М” ХХК, “Цамбагарав констракшн” ХХК-иуд тендер ирүүлсэн, тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээсэн, улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүх тендерийг хянан үзээд “Н” ХХК“, “Цамбагарав констракшн” ХХК-иудын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж,  уг тендерүүдээс татгалзаж,  “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай үнэлгээний дүгнэлтээр шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг өгсөн байна.

Захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Н” ХХК-д тендерт шалгараагүйг мэдэгдэж, 2-01/623 дугаар албан бичгээр гуравдагч этгээд “М” ХХК-т  тендерт шалгарснаар гэрээ байгуулах мэдэгдэл өгч, улмаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Тендерт оролцогч “Н” ХХК-иас  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмаар гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4872 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг,  гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсох болохыг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт мэдэгджээ. Улмаар Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд ...“М” ХХК-ийн инженер, техникийн ажилчдын давхцалыг магадлах шаардлагатай гэж үзэж, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5079 дугаартай албан бичгээр захиалагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/623 дугаар шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсныг тус тус Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт мэдэгджээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.гэж заасан ба үнэлгээний хорооноос 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэнээр  2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн тендерт  дахин үнэлгээ хийж, 18­_1 дугаартай дүгнэлтээр “М” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид дахин  санал болгож шийдвэрлэжээ.

Үнэлгээний хорооны дээрх 18_1 дугаартай дүгнэлтээр Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр дахин “М” ХХК гүйцэтгэхийг шалгаруулснаар  захиалагчаас тус компанитай шинээр гэрээ байгуулаагүй байх ба  өмнөх  2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БСШУСЯ/201902176 дугаартай гэрээгээр тус компани нь  барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2020 оны 07  дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн үндэслэлээс үзэхэд  үнэлгээний хороо нь  тендер тус бүрийг хянан үзэх явцад  “Н” ХХК-ийн ирүүлсэн барилгын зураг нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/2019 дугаартай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаварт заасан бүлэг тус бүр унтлагын өрөөтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Мөн  хэрэгт авагдсан “Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар”-ыг үнэлсэн баримтын 3-т “ТОӨЗ 6.2./д/: Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн барилгын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жил /2015,2016,2017,2018,2019 он/ Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн  тодорхойлолтыг үндэслэн гэрээг  хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд харгалзан үзнэ.” гэж заасан үзүүлэлтийг үнэлэхдээ иргэн Саясаттай хийсэн 1.2 тэрбум төгрөгийн гэрээний улсын комиссын акт дээр гарын үсэг зурах эрхгүй хүн зурсан.” гэж тусгасан байх ба энэ үндэслэлээр “Н” ХХК-ийн гэрээг хэрэгжүүлэх чадварын дээрх үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлгээний хорооноос үзжээ.

Нэхэмжлэгч шүүхэд БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтаар Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “М” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлтүүд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, “М” ХХК-тай байгуулсан БСШУСЯ/201902176 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгох, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах, эсхүл уг тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл болон талуудын хоорондын бусад маргаанд дараах хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

1.1. ”Н” ХХК-ийн  барилгын зураг нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаварт заасан бүлэг тус бүр унтлагын өрөөтэй байх шаардлагыг хангаагүй гэх маргааны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.”,

19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж тус тус заасан.

Тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад боловсруулсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-т 250 ортой тус  цэцэрлэг нь тус бүр 25 хүүхдийн 10 бүлэгтэй байх ба бүлэг тус бүрийн өрөөнд тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаар тусгагдсан, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 1-д ажлын даалгаврыг судалж тооцно гэж  заасан байна.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага MNS658:2015 Монгол Улсын стандартын 5.3-ын 5.3.1-д “Бүлгийн өрөө нь хүүхэд тоглох, хичээллэх унтах, хооллох зэрэг олон талын үйл ажиллагаа явуулах боломжтой, осол аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.”  гэж заасан байх ба барилгын зураг төслийн даалгаврыг боловсруулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Ааас шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “...бүлгийн өрөө нь стандартад заасан зориулалтаар ашиглагдах бөгөөд унтах, тоглох, хувцас солих, ариун цэврийн өрөөнүүд нь тус тусдаа байхаар, хүүхэд тоглох өрөөнд хооллох боломжтойгоор төлөвлөгдсөн.” гэж тайлбарласан.

“Н” ХХК-ийн тендерийн материалд авагдсан “1-р  цэцэрлэгийн барилга” нэртэй загвар зургийн 1,2 давхрын байгуулалтын өрөөний тодорхойлолт хэсгээс үзэхэд 53м2 -59м2 хүртэл талбайн хэмжээтэй  “бүлгийн өрөө” нь арав байхаар, бүлэг тус бүрийн өрөө нь хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, ор дэвсгэр хураах өрөөнүүдтэй байхаар тусгагдсан байна.

Уг зурагт бүлэг тус бүр нь тусдаа унтлагын өрөөтэй  байхаар  төлөвлөгдөөгүй байх ба энэ талаар нэхэмжлэгч талаас маргаагүй, дээрх стандартад заасны дагуу бүлгийн өрөөнд хүүхэд унтах, тоглох, хооллох үйл ажиллагаа явуулдаг байхаар өрөөнүүдийг хамтад нь төлөвлөсөн гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан боловч барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт бүлгийн өрөө тус бүр нь тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаар тусгагдсан, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зураг төсөлд  бүлгийн өрөө гэж тусгасан нь зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  бүлэг тус бүрийн тоглоомын өрөө, унтлагын өрөө нь тус тусдаа байх шаардлагыг хангаагүй  гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас “...зураг төсөл боловсруулах даалгавар нь урьдчилсан загвар зураг гаргаж ажлын тоо хэмжээг тодорхойлон тендерт өгөх төсвөө боловсруулахад ашиглагдах баримтуудын нэг юм. Тендерт шалгарсан компани гэрээ байгуулсны дараа Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгуулалтын зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу холбогдох байгууллагуудаар барилгын зураг төслөө зөвшилцөж батлуулна, улсын эксперт нь зураг төсөлд магадлал хийж, холбогдох төрийн байгууллага баталгаажуулснаар  барилгын ажлыг эхлэх эрх үүснэ, үнэлгээний хороо бидний боловсруулсан загвар зургийг хянах субъект биш. Тухайн барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө зураг төслийг эрх бүхий этгээдээр батлуулах үед загвар зурагт өөрчлөлт оруулж болно.” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д зааснаар “ түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг ойлгоно гэж заасан.   

Тендерийн баримт бичгээр тендерт оролцохдоо тухайн барилгын зураг төслийг хуульд заасан журмаар эрх бүхий  байгууллагаар хянуулж зөвшилцөх, баталгаажуулахыг  шаардаагүй байх ба уг тендер нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тохиолдолд тендерт оролцогч нь зургийн даалгаврын дагуу барих барилгын загвар зургийн төслийг  эхний ээлжид боловсруулж ирүүлэхээр байна.

Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 32.1.8-д заасны дагуу Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан  “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн Гуравын 3.6-д зааснаар  Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд “Н” ХХК нь тендерийн материалаар ирүүлсэн “1-р  цэцэрлэгийн барилга” нэртэй 250 ортой цэцэрлэгийн барилгын загвар зурагт дээрх байдлаар цэцэрлэгийн хүүхдийн тоглох, унтах өрөөнүүдийг тусад нь төлөвлөгөөгүй нь зураг төслийн даалгаврын энэ талаарх шаардлагад нийцээгүй байна.  Нэхэмжлэгч талаас тендерт шалгарсан тохиолдолд загвар зураг төслийг журамд зааснаар батлуулах ажиллагааны явцад унтлагын өрөөг тусад нь төлөвлөхөөр загвар зурагт өөрчлөлт оруулж болно гэж маргасан боловч загвар зураг нь журмын дээрх зохицуулалтын дагуу зураг төслийн даалгаварт нийцсэн байх  шаардлагатай.

Захиалагчийн баталсан  “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар” бүхий энэхүү баримт нь хуулийн 19.2-т заасан тендерийн баримт бичгийн бүрдэлд хамаарах бөгөөд “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг  баримт бичиг”-ийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны хэсгийн 8.4-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан  бүх зааварчилгаа, маягтууд, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, мэдээллийг судалсан байна. Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл дутуу байх, эсвэл тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй тендер ирүүлэх нь  тухайн тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасан байх тул  “Н” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

1.2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврын бүлэг тус бүр унтлагын өрөөтэй байх шаардлагыг тендерт шалгарсан “М” ХХК нь мөн хангаагүй гэх маргааны  тухайд:

Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргасан ба  энэ нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

“М” ХХК-ийн тендерийн бичиг баримтаас 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын загвар зургийн 1,2-р давхрын байгуулалтын өрөөний тодорхойлолт хэсгээс үзэхэд  ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, ор хураах өрөөнөөс гадна 81 м2-103.72 м2 хүртэл талбайн хэмжээтэй  “бүлгийн өрөө” нь арав байхаар, бүлэг тус бүрийн өрөө нь хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, ор дэвсгэр хураах өрөөнүүдтэй байхаар тусгагдсан байна.

Эдгээр  нь 1,2 дугаар давхар тус бүрд 5 бүлгийн өрөөтэй байхаар хуваарилагдсан байх ба 1-р давхрын бүлгийн өрөөнүүд нь зурагт  7, 11,15 гэсэн тоогоор, 2-р давхрын бүлгийн өрөөнүүд нь 6, 10, 14 гэсэн тоогоор тус тус тэмдэглэгдсэн, зургаас үзэхэд  нь бүлгийн өрөөнд хүүхэд хооллох, тоглох, унтах зориулалтаар өрөөнүүдийг  хамтад нь төлөвлөсөн нь зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  бүлэг тус бүрийн тоглоомын өрөө, унтлагын өрөө нь тус тусдаа байх шаардлагыг мөн  хангаагүй гэж үзэхээр байна.

Бүлгийн өрөөнүүдийн талбайн хэсэгт хүүхдийн ор, ширээ сандал байрлах талбайг харуулсан байх ба  унтлагын өрөөг тусад нь төлөвлөсөн гэж шүүх хуралдааны явцад “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан боловч зурагт тэмдэглэгдсэн бүлгийн өрөөнүүд нь дотроо  хооллох, унтах зэрэг тусдаа  өрөөтэй байхаар тусгагдаагүй,  бүлгийн өрөөний хүүхдийн ор болон ширээ, сандал байрласан талбайнууд нь хоорондоо тусдаа ханаар тусгаарлагдаагүй, хооллох, тоглох, унтах өрөөнүүдийг бүлгийн өрөө нэртэй өрөөгөөр хамтад нь төлөвлөсөн нь уг зургаар тогтоогдож байгаа бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын загвар зураг нь зураг төсөл боловсруулах даалгаврын 3 дахь хэсэгт заасан бүлэг тус бүр нь тоглоомын, унтлагын өрөөтэй байх шаардлагыг хангаагүй талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймээс үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг болон 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт нь “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг  баримт бичиг”-ийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны хэсгийн 8.4-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан  бүх зааварчилгаа, маягтууд, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, мэдээллийг судалсан байна. Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл дутуу байх, эсвэл тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй тендер ирүүлэх нь  тухайн тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасантай нийцээгүй байна.

Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч  “Н” ХХК-ийн тендерээс “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-т тусгагдсан 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын бүлэг тус бүрийн өрөө нь унтлагын өрөөтэй байх шаардлагыг хангаагүй гэж татгалзсан мөртлөө уг шаардлагыг мөн хангаагүй “М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “Худалдан авах ажиллагаанд  ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх талаарх худалдан авах ажиллагааны зарчмыг  мөн зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Хоёрдугаарт

2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн иргэн Х.Стай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн барилгыг ашиглалтад оруулах талаарх “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт-д гарын үсэг зурах эрхгүй хүн зурсан, хуурамч материал ирүүлсэн гэх хариуцагч талын маргааны тухайд:

 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2./д/-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн барилгын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жил /2015, 2016, 2017, 2018, 2019 он/ Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн  тодорхойлолтыг үндэслэн гэрээг  хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд харгалзан үзнэ. Нотлох баримт: Улсын комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээний хамт, одоо хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээр гэрээний талаарх мэдээлэл авч болох үйлчлүүлэгч, захиалагчийн хаяг.” гэж тусгасан байх ба уг үзүүлэлтийг үнэлэхдээ “Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар”-ыг үнэлсэн баримтын 3-т иргэн “Н” ХХК-ийг “Х.Стай хийсэн гэрээний 1.2 тэрбум төгрөгийн барилгын ажлын  улсын комиссын акт дээр гарын үсэг зурах эрхгүй хүн зурсан.” гэж тусгасан байна.

 “Н” ХХК нь  иргэн Х.Стай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өлгий сумын 8 дугаар багт 18х15 м зоорины давхартай хоёр давхар нийт 810 м2 худалдаа, үйлчилгээний барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ болон гэрээний дагуу гүйцэтгэсэн  барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг тендерийн баримт бичигтээ ирүүлсэн байх ба  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д  уг комиссын нарийн бичгийн дарга Н.Т нь өөрөө гарын үсэг зураагүй, гишүүн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Х.С нь  2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б/271 дүгээр тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн, Х.С гарын үсгийг хуурамчаар зурсан тул улсын комиссын уг акт эрх зүйн хувьд хүчингүй гэж хариуцагч Үнэлгээний хорооноос  маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Х.Сын барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын тухайн актад комиссын нарийн бичгийн дарга Н.Т нь  хүүхэд нь  өвчтэй байсан шалтгаанаар ямар нэгэн дутагдал байхгүй бол өмнөөс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Ат гарын үсэг зурахыг зөвшөөрсөн нь, актын “ОБГ-ын ГХУХБайцаагч Х.С” гэсэн хэсэгт гишүүний хувиар  Х.С нь гарын үсэг зураагүй нь, гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Х.С нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь  хэрэгт авагдсан гэрч Н.Т Х.С, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны  б/271 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д  нарийн бичгийн дарга Н.Т өөрөө гарын үсэг зураагүй, иргэн Х.С нь гишүүний хувиар гарын үсэг зураагүй нөхцөл байдал нь “Н” ХХК-ийн иргэн Х.Стай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өлгий сумын 8 дугаар багт 18х15 м зоорины давхартай хоёр давхар нийт 810 м2 худалдаа, үйлчилгээний барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагыг үгүйсгэхгүй тул ТОӨЗ 6.2.(д)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн барилгын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жил /2015, 2016, 2017, 2018, 2019 он/ гэсэн шаардлагыг “Н” ХХК нь хангахгүй гэж үзэхээргүй байна.

Энэ талаар хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “Н” ХХК-ийн иргэн Х.Стай байгуулсан гэрээний дагуу 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлыг хасч тооцсон ч  тус компани нь 2020 онд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  барилгыг барьж, ашиглалтад оруулсан учраас дээрх шаардлагыг хангана, харин  гишүүдийн гарын үсгийг хуурамчаар  зурсан 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг тендерийн бичиг баримтаар өгсөн нь хууль бус гэж, мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх үндэслэлтэй холбогдуулж  тендерт оролцогч “Н” ХХК-ийг “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 /б/-д заасан шалгуурыг хангахын тулд улсын комиссын хуурамч материал гаргаж өгсөн байх магадлалтай.” гэж тайлбарлан маргасан.

Дээрх байдлаар 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д  нарийн бичгийн дарга Н.Т нь хүүхэд нь  өвчтэй байсан шалтгаанаар өмнөөс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Ат гарын үсэг зурахыг зөвшөөрсөн үйл баримтыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2019/0078 дугаар шийдвэрээр “Энэ тохиолдолд уг комиссын актыг  хуурамч гэж шууд дүгнэх боломжгүй...” гэж дүгнэсэн.

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д  комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 8 хүн гарын үсэг зурж баталгаажуулахаар байгаа ба дүрмийн Дөрөвийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын  гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар улсын комиссын дээрх актад гишүүний хувиар Х.С гарын үсэг зураагүй тохиолдолд уг шийдвэрийг хүчин төгөлдөр биш эрхийн акт гэж үзэх үндэслэлтэй.

Х.Сгаас бусад комиссын бүрэлдэхүүн нь ажиллаж, хариуцсан асуудал тус бүрээр санал гаргаж, комиссын актад гарын үсэг зурсан тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг бүхэлд нь хуурамч бичиг баримт гэж үзэх боломжгүй, мөн “Н” ХХК нь комиссын уг актад хуурамчаар гарын үсэг зурсан гэж үзэх нөхцөл байдал Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор тогтоогдоогүй  байна. Иймд  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д Х.Сгийн гарын үсгийг өөр хүн зурсан асуудлаар  “Н” ХХК-ийг  буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг тус компани хуурамчаар үйлдсэн, хуурамч материал гаргаж өгсөн гэж үзэхээргүй байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (б)-д “Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа:Төлөөлөх эрх бүхий этгээд нь сүүлийн 5 жилийн /2015, 2016, 2017,2018, 2019 он/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй нэг ажил хийсэн байх” гэж заасан.

Үнэлгээний хорооноос “Н” ХХК нь 1.17 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй Барилгын материал сорилт  шинжилгээний лабораторийн барилгын ажлыг /Баян-Өлгий аймаг, Өлгий сум/ 2019 онд хийснээр ТОӨЗ 6.3 (б)-д заасан  шаардлагыг хангасан гэж үзсэн нь хэрэгт авагдсан “Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар” нэртэй баримтын 5 дахь хэсгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч Үнэлгээний хорооны “Н” ХХК нь  “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (б)-д заасан шалгуурыг хангахын тулд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай  хуурамч “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг гаргаж өгсөн гэх тайлбар маргаан нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт

 3.1.  Нэхэмжлэгч “Н” ХХК нь татварын өртэй гэх маргааны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална.”,14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:,14.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй”; гэж заасан.

Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-т “Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх: 1.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер зарлагдсан өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт ирүүлэх” гэж заасан байна.

Тендерийг хянан үзэх, үнэлэх явцад Үнэлгээний хорооноос “Н” ХХК-ийг дээрх шаардлагыг хангасан, татварын өргүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан “Сонгон шалгаруулалтад оролцогчдын судалгаа”, “Тендерт оролцогчийн эрх бүхий эсэх” нэртэй баримтуудын холбогдох хэсгээр тогтоогдож байна. Гэвч хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Н” ХХК нь Х.С гэдэг хүнтэй 2015 онд байгуулсан 1.2 тэрбум төгрөгөөр 18х15м 2 давхар худалдаа худалдаа үйлчилгээний барилга барих гэрээний дүнгийн дагуух борлуулалтыг 2015, 2016 онд санхүүгийн тайланд тусгасан эсэх, хууль журмын дагуу 1.2 тэрбум төгрөгт ногдох татвар төлсөн эсэхийг шалгуулахаар Татварын хэлтэст хүсэлт гаргасан гэх үндэслэлээр тус компани нь татварын өргүй байх шаардлагыг хангасан эсэхтэй холбогдуулж маргасан.

“Н” ХХК нь иргэн Х.Стай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Өлгий сумын 8 дугаар багт 18х15 м зоорины давхартай хоёр давхар нийт 810 м2 худалдаа, үйлчилгээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг 2016 онд хийж гүйцэтгэж дуусгаснаар дээрх байдлаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” үйлдэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Наас Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын хувьд “Н” ХХК-д холбогдуулж  цагдаагийн байгууллагад  тус компани нь орлогоо нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гомдол гаргасан байх ба уг гомдлыг шалгах явцад “Н” ХХК нь иргэн Х.Стай байгуулсан худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу 2016 онд олсон гэх 1.2 тэрбум төгрөгийг тухайн оны санхүүгийн тайланд компанийн борлуулалтын орлогоор тусгаагүй гэх үйл баримт нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас” бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг үйл баримтын талаар тухайлбал Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд  “...”Н” ХХК нь иргэн Х.Стай худалдаа үйлчилгээний барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд тусгасан 2016 онд 1.2 тэрбум төгрөгийг тухайн оны татварын борлуулалтын орлогод тусгаагүй нь тогтоогдож байна. “Н” ХХК-ийн уг үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй болжээ. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг хэлнэ гэж мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д тайлбарласан байна. Ийм учраас “Н” ХХК-ийн татварын борлуулалтын орлого нуусан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна.” гэж дүгнэжээ.

Хариуцагч үнэлгээний хорооноос тус компани нь 1.2 тэрбум төгрөгийн борлуулалтын ажил,үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй байгааг тендерт оролцохоос өмнө татварын өртэй гэж үзнэ гэж тайлбарлаж маргасныг дараах байдлаар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 7 дугаар зүйлийн 7.3-т  татварын төрлийг зохицуулсан ба үүний 7.3.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар”  гэж тус тус заасан ба  “Н” ХХК нь 2016 онд дээрх байдлаар 1.2 тэрбум төгрөгийн барилгын ажил хийж гүйцэтгэсэн тохиолдолд хуульд заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй юм. Үүнд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгох бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.” гэж, үүний 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний борлуулалт хийсэн;” гэж заажээ. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна.” гэж, үүний 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан.

 “Н” ХХК нь иргэн Х.Стай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015-2016 онд 1.2 тэрбум төгрөгийн барилгын ажил гүйцэтгэсэн нь тус компанийн тендерийн материалд ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өлгий сумын 8 дугаар багт 18х15 м зоорины давхартай хоёр давхар нийт 810 м2 худалдаа, үйлчилгээний барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар тогтоогдсон, уг ажил үйлчилгээний борлуулалтын орлогоо тайлагнаагүй нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын дээрх тогтоолоор тогтоогдсоныг хуульд заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаж, төлөх үүргээ тухайн  үед “Н” ХХК нь биелүүлээгүй, ингэснээр  төлөх татварын өртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс тендер шалгаруулалтад оролцох явцад татварын өргүй байх буюу ТОӨЗ 6.2-т “Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх: 1.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер зарлагдсан өдрийн байдлаар бүрэн төлсөн байх шаардлагыг хангахгүй гэж үзэхээр байна.

Дөрөвдүгээрт

4.1. Нэхэмжлэгч ”Н” ХХК -ийн иргэн Х. Исатай хийсэн гэх  машин механизм түрээслэх гэрээ нь хуурамч болох нь тогтоогдсон гэх маргааны тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.3 (в)-д “...тоног төхөөрөмж машин механизмуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-6-д заасны дагуу бөглөж ирүүлнэ. Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ, /нотариатаар баталгаажуулсан байна./ Түрээсийн гэрээгээр хэрэглэх бол гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулсан эсвэл эх хувийг ирүүлнэ...экскаватор-1, ковш-1 гэж заасан байна.

“Н” ХХК нь тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг ирүүлэхдээ экскаватор-2, /үүнд экскаватор 0.6м3-ийг түрээсэлдэг, экскаватор-1 нь өөрийн/  экскаватор /ковш/-1-ийг /өөрийн/ тус тус санал болгож, компанийн өөрийн эзэмшлийн гэх экскаватор-1, ковш-1 зэрэг машин механизмуудын фото зураг,  техникийн гэрчилгээ,тээврийн хэрэгслийн лавлагааг, 0.6м3  эзлэхүүнтэй, SAMSUNG mx-132w  маркийн 9379УБ улсын дугаартай экскаваторыг 2 жилийн хугацаагаар  түрээслэхээр иргэн Х.Исатай  байгуулсан гэх 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  03 дугаартай “Механизм түрээслэх гэрээ”-г, уг машин механизмын техникийн гэрчилгээг  тус тус  тендерийн  материалаараа ирүүлжээ.

Тендерийг хянан үзэх, үнэлэх явцад Үнэлгээний хорооноос “Н” ХХК-ийг дээрх Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.3 (в)-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь тендерт оролцогчдын гэрээг хэрэгжүүлэх чадварыг үнэлсэн баримтын үзүүлэлт хэсгийн 6-д зааснаар тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2020 онд зарлагдсан Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 250 ортой барилгыг барих тендерийн сонгон шалгаруулалтад “Н” ХХК-ийн оролцохоор хүргүүлсэн материал доторх иргэн Х.Исатай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай “Механизм түрээслэх гэрээ”-г байгуулахдаа механизмыг түрээслэгч Х.Иса нь өөрийн биеэр оролцоогүй, түүний гарын үсгийг тус компанийн инженер Б.Н зурж хуурамчаар үйлдсэн...” гэх үйл баримт тогтоогдсон байна.

Уг гэрээний 1. Нийтлэг заалт гэсэн хэсэгт  ...XII.1.1.288 “Цэцэрлэгийн барилга,200 ор /Баян-Өлгий, Өлгий сум/” барилгын угсралтын ажилд ажиллах” гэж тусгагдсан байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наас ...энэхүү гэрээ нь 250 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерт хамааралгүй гэж тайлбарласан боловч “Н” ХХК-иас тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалтыг үйлдэхдээ уг баримтын 2-т түрээсийн гэрээгээр хэрэглэх  1996 оноос ашиглаж байгаа сайн чанарын БНСУ-ын 0.6м3 эзлэхүүнтэй экскаватор нэгийг санал болгож, үүнтэй холбогдуулан 0.6м3  эзлэхүүнтэй, SAMSUNG mx-132w  маркийн 9379УБ улсын дугаартай экскаваторыг түрээслэх Х.Исатай байгуулсан гэх гэрээ, 1996 онд үйлдвэрлэсэн,  9379УБ улсын дугаартай SAMSUNG mx-132w  маркийн экскаваторын гэрчилгээ, иргэн Х.Исагийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримтуудыг  тендерийн хамт ирүүлсэн нь тогтоогдож байна.   Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.3 (в)-д...экскаватор-1, ковш-1 гэж шаардсанаас илүү экскаватор нэгийг  түрээсийн гэрээгээр ашиглахаар  “Н” ХХК-иас санал болгосон ч энэ талаарх түрээсийн гэрээ нь дээрх байдлаар хуурамч болох нь тогтогдсоноор “Н” ХХК-ийн түрээслэн ашиглахаар санал болгосон уг машин механизм нь  байгаагүй гэж үзэхээр байна

Гэвч тендерийн бичиг баримтаар шаардсан ...экскаватор 1 ширхэг,  ковш 1 ширхэг  зэрэг  машин механизмыг “Н” ХХК нь эзэмшдэг нь, үүнтэй холбоотой тендерийн баримт бичгээр шаардсан машин механизмын гэрчилгээний хамт холбогдох газраас авсан тээврийн хэрэгслийн лавлагааг бүрдүүлсэн байх тул ТОӨЗ 6.3 (в)-д заасан  ....машин механизмууд нь  гэрчилгээтэй байх, экскаватор 1 ширхэг, ковш 1 ширхэг...гэсэн  шаардлагыг нэхэмжлэгч хангасан гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Гуравдагч этгээд “М” ХХК нь  доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг нь тоног төхөөрөмжийн гэрчилгээтэй байх шаардлагыг хангаагүй гэх маргааны тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в)-д  ...доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг байхаар шаардсан байх “М” ХХК нь  тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг МАЯГТ № ТШМ 2-6-аар компанийн өөрийн эзэмшлийнх гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг тус тус санал болгосон байх боловч аюулгүй ажиллагааны шаардлага хангаснаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас нэг доргиурт 2012 онд олгосон  гэрчилгээний хуулбарыг  тендерийн  материалаараа ирүүлсэн байх ба   үлдсэн нэг  доргиур, нэг  гүний доргиурт тоног төхөөрөмжийн  гэрчилгээг ирүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Үнэлгээний хорооноос анх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 18 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “М” ХХК-ийн тендерийг шалгаруулснаар “Н” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5079 дугаартай албан бичгээс үзэхэд  “М” ХХК-ийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в)-д  “...Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байна/ ...Доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг...” гэж заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн байх ба мөн өөр бусад үндэслэлээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэнээр Үнэлгээний хорооноос 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тендерийн дахин үнэлгээ хийх үед “М” ХХК-ийг ТОӨЗ 6.3 (в)-д  “...Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байна/ ...Доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг...” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзжээ. Энэ талаар хариуцагч Үнэлгээний хорооноос шүүхэд тайлбарлахдаа “...ТОӨЗ 6.3 (в)-д  шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж, машин механизмуудын тулгалт хийх гэж заасны дагуу “М” ХХК-ийн машин механизм, тоног төхөөрөмжид тулгалт хийж үзэн зургаар баталгаажуулсан.” гэж тайлбарлаж,  дээрх шаардлагыг гуравдагч этгээд хангасан гэж үзсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;”, 9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;” гэж, 9.5-д “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасан. Хуулийн 9.1.3-т заасан зохицуулалттай холбогдуулж Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 433 мөн 2017 оны А/181 дугаартай тушаалуудаар “Үйлдвэр үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ олгох журам” батлагдсан байх ба А/181 дугаартай тушаалаар батлагдсан журмын Нэгийн 1.1-д “Энэхүү журмын зорилго нь аюулгүй байдлыг хангасан техник тоног төхөөрөмж дээр ажилтныг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчоос үйлдвэрлэл, үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах, их засвар хийсний дараа ашиглалтад өгөхөд уг машин механизм, тоног төхөөрөмж нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхийг хянан баталгаажуулахад оршино.”,  Дөрөвийн 4.1-д “Энэ журмын 2.1-2.2 дахь заалтад тусгасан шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээг хүсэлт гаргасан аж ахуйн, нэгж, иргэний харьяалах орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гарын үсэг зурна.” гэж заажээ.

Дээрх зохицуулалтуудын дагуу тоног төхөөрөмж дээр ажилтныг ажиллуулах тохиолдолд тухайн тоног төхөөрөмж нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай бөгөөд тоног төхөөрөмж эзэмшигч аж ахуйн нэгжийн хүсэлтээр   мэргэжлийн байгууллага нь тухайн тоног төхөөрөмж нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд гэрчилгээ олгохоор байгаа ба ажил олгогч аж ахуйн нэгж нь  шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг  хуульд зааснаар хориглосон байна. Энэ үүднээс тоног төхөөрөмж дээр ажилтныг ажиллуулах тохиолдолд тухайн тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасныг баталгаажуулсан эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй байхыг хуулиар шаардсан байна.

 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.3 (в)-д “...тоног төхөөрөмж машин механизмуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-6-д заасны дагуу бөглөж ирүүлнэ. Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ, /нотариатаар баталгаажуулсан байна./ гэсэн шаардлагыг  тавьсан байх ба “М” ХХК-ийн санал болгосон 2 доргиур, 1 гүний доргиур бүхий тоног төхөөрөмжийн 1 доргиур нь гэрчилгээтэй, үлдсэн 2 доргиур нь гэрчилгээгүй байгаа нь уг тоног төхөөрөмжүүд нь компанийн өөрийн эзэмшлийнх эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй тул  ТОӨЗ 6.3 (в)-д заасан шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй гэж үзэх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан  нь үндэслэлтэй байна.   ТОӨЗ  6.3 (в)-д заасан шаардлагатай бол тоног төхөөрөмж, машин механизмуудын тулгалт хийнэ гэдгийг Үнэлгээний хороо шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тендерт оролцогчдын санал болгосон машин механизм, тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээ, бусад баримт бичгийг тухайн тоног төхөөрөмжтэй тулгалт хийх  замаар шалгаж үзэхийг ойлгох тул гэрчилгээгүй тоног төхөөрөмжийг очиж үзэх нь уг тоног төхөөрөмж нь компанийн өөрийн эзэмшлийнх эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тогтоохгүйг дурдах зүйтэй.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

            Тавдугаарт

5.1. Гуравдагч этгээд “М” ХХК-ийг санхүүгийн тайлангаа ирүүлээгүйд тооцох ёстой гэх маргааны тухайд:

Энэхүү маргааны үндэслэлээ нэхэмжлэгчээс “...”АЕСН” ХХК-ийн 4 жилийн тайланд дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэг байхгүй, “М” ХХК-ийн бүх тайлан нийт 17 хуудас байх ёстойгоос 7 хуудас тайлан ирүүлсэн тул санхүүгийн тайлан ирүүлээгүйд тооцох ёстой.”  гэж тайлбарлан маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална.”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.3-т “Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно: 15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, 15.4-т ”Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.” гэж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 6.2(б)” гэсэн хэсэгт “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015,2016,2017, 2018,2019  Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай” гэж тус тус заасан байна.

“М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд тус компани нь “АЕСН” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Түншлэлийн гэрээ” байгуулсан байх ба “АЕСН” ХХК-ийн гаргаж өгсөн   2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан нь цахимаар гаргасан баталгаажсан санхүүгийн тайлан байх ба дээрх хугацааны санхүүгийн тайлангуудыг аудитаар хянуулж баталгаажуулсан баримтыг тендерийн материалдаа гаргаж өгсөн байна.

“М” ХХК нь  2015-2019 оны Санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэл,  баталгаажсан “Санхүү байдлын тайлан”, “Орлогын дэлгэрэнгүй тайлан”, “Өмчийн өөрчлөлтийн тайлан”, “Мөнгөн гүйлгээний  тайлан”-г аудитаар баталгаажуулсан нотлох баримтын хамтаар тендертээ ирүүлсэн байх тул дээрх компаниуд нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 6.2(б)” гэсэн хэсэгт заасан  “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015 ,2016, 2017, 2018, 2019  Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Зургаадугаарт

6.1. Гуравдагч этгээд “М” ХХК нь барилгын талбайн зохион байгуулалтын зургийг гаргаж өгөөгүй гэх маргааны тухайд:

Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн  болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулна.”гэж заасан байх ба Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ.” гэж үүний  3-т “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулж ирүүлнэ.”, 13-т “ТОӨЗ шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж тус тус заасан байна.

            Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай”  тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БН6Д12-01-09/ баримтын бичгийн 4 дүгээр хавсралтын “Ажил гүйцэтгэх төслийн бүрэлдэхүүн агуулга” хэсгийн 1-д “Барилга байгууламж болон барилгын бие даасан тодорхой ажлыг (бүтээцийг) гүйцэтгэхэд ажил гүйцэтгэх төслийг дараах бүрэлдэхүүнтэйгээр боловсруулна.“ гэж, үүний б-д зааснаар  барилгын талбайн зохион байгуулалтын зурагт барилгын талбайг хязгаарласан хашаа,   байнгын болон түр, газар дээрхи болон доогуурх цахилгааны кабель, агаарын эрчим хүчний сүлжээ, байнгын болон түр зам,   механизм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний схем,  барилгын өргүүр ба өргөгч (подъёмник)-ийн байршил, тэдгээрийн шилжих зам, схем, үйлчлэлийн хүрээ, аюулын бүсүүд, байнгын болон түр барилга байгууламж,  геодезийн тэмдэгтүүд,  барилгын орц, гарц,  барилгын талбайг эрчим хүчээр хангах арга,   эх үүсвэр, талбайн гэрэлтүүлэг, газардуулга,  барилгын хогийг зайлуулах арга, хэрэгсэл, байршил,  материал эдлэлийг угсарч томсгох талбай, байр, хадгалах агуулах, ажиллагсдын ахуйн үйлчилгээний түр барилга, хооллох, амрах байрууд, аюулын зэрэг өндөртэй ажлууд хийгдэх бүсүүдийг тэмдэглэн харуулна. Барилгын талбайд тунасан хурын ус ба ус ихээр ялгаруулдаг үйлдвэрлэлийн процессоос гарсан хаягдал усыг зайлуулах тоног хэрэгслийн байрлал болон ус тогтох газрын хил заагийг ялгаж  тэмдэглэнэ. Газрын гадаргын өндөржилтийн (хэвгий) тэмдэглэгээг ч энэ зурагт үзүүлбэл зохино.” гэж заажээ.

            “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд “Ажлын талбайн зохион байгуулалт /250 ор цэцэрлэг, Өлгий сум” нэртэй” зураглал бүхий баримтын “Таних тэмдэг” хэсэг нь “Төлөвлөж буй барилга байгууламж, одоо байгаа барилга, төлөвлөж буй авто зам, авто зогсоол /12 ширхэг/, явган хүний зам сайжруулсан шороон зам, хүүхдийн тоглоомын зөөлөвчтэй хавтан, төлөвлөгдөж буй ногоон байгууламж, төлөвлөж буй хашаа хязгаар, бохир усны шугам, дулааны шугам, цахилгаан шугам, хаяалбар,” гэсэн тайлбаруудтай байх ба энэ нь “Барилгын норм ба дүрэм батлах тухай”  тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БН6Д12-01-09/-т заасан барилгын талбайн зохион байгуулалтын зургийн агуулгад нийцэхгүй байна.

            “Ажлын талбайн зохион байгуулалт /250 ор цэцэрлэг, Өлгий сум” нэртэй” зураглал бүхий баримт нь  “М” ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 26/2019 дугаартай “Архитектор төлөвлөлтийн даалгавар“, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг /Бнбд 30.01.04/ үндэслэн “АЕСН” ХХК-ийн М1:500 масштабаар боловсруулсан 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын  ерөнхий төлөвлөгөөний хуулбар хувь байна.

            250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын  ерөнхий төлөвлөгөөний зургийг хуулбарлан Ажлын талбайн зохион байгуулалт /250 ор цэцэрлэг, Өлгий сум”/ гэж нэр өгсөн уг баримт нь барилгын талбайн зохион байгуулалтын зураг биш гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байх ба  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ.” гэж үүний  3-т “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулж ирүүлнэ.” гэж заасныг дээрх байдлаар гуравдагч этгээд “М” ХХК нь хангаагүй байхад Үнэлгээний хорооноос уг шаардлагыг хангасан гэж үзсэн нь  үндэслэлгүй бөгөөд  ТОӨЗ 13.1 (ж)-ийн 13-т “ТОӨЗ шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасантай нийцээгүй гэж дүгнэлээ.

Долоодугаарт

7.1.”М” ХХК-ийн түншлэлийн гэрээ нь ТОӨЗ-ийн  14.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэх маргааны тухайд:

Энэхүү маргааны үндэслэлээ нэхэмжлэгчээс “....ТОӨЗ-ийн  14.1-д зааснаар түншлэлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангасан байна. ТОӨЗ-ийн 1.1-д заасан хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг хамтран ажиллах гэрээнд тодорхойлсон байх, түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх,зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох, нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөрийг зөвхөн  төлөөлөх эрх бүхий гишүүнтэй тооцохыг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байхыг шаардсан. Дээрх шаардлагыг түншлэлийн гэрээнд тусгаагүй тохиолдолд  түншлэлийн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана.” гэж тайлбарлажээ.

“М” ХХК нь “АЕСН” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4 дугаартай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээ”  байгуулсан байх ба “М” ХХК-ийг төлөөлж компанийн инженер Х.Н, “АЕСН” -ийг төлөөлж оффис инженер Б.Болорсайхан нар уг гэрээг байгуулсныг түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд төлөөлөх эрх бүхий нэг гишүүнээр Х.Н, Б.Болорсайхан нарыг томилсон гэж гэрээний агуулгаас үзэхээргүй байна. Мөн уг гэрээнээс үзэхэд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн  14.1-д зааснаар  ...бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг тодорхойлоогүй, түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүнийг томилоогүй, нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөрийг зөвхөн  төлөөлөх эрх бүхий гишүүнтэй тооцохыг хамтран ажиллах гэрээгээр зохицуулаагүй байна. Иймд энэ талаар ТОӨЗ-ийн  14.1-д заасан шаардлагыг “М” ХХК-ийн  “АЕСН” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээ” хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

  Наймдугаарт

 Бусад маргааны талаар

8.1. “М” ХХК-ийн компанийн инженер, техникийн ажилчдын давхцалыг магадлахгүйгээр тендерт шалгаруулсан гэх маргааны тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ”М” ХХК нь Улаанхус сумын Хөх хөтөл багт баригдах 160 суудалтай сургуулийн барилгыг, Ногооннуур сумын 105 суудалтай Спорт цогцолборын барилгыг, Ховд багийн Эрүүл мэндийн төвийн барилгыг,  Дэлүүн сумын Цэцэрлэгийн барилгын А корпусын их засварын ажлыг тус тус гүйцэтгэж дуусаагүй зэргийг харгалзан компанийн инженер, техникийн ажилчдын давхцалыг магадлахгүйгээр тендерт шалгаруулсан.” гэж тайлбарлан маргажээ.

Энэ талаар гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ...Ногооннуур сумын Ховд багийн  Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын тендерт манай компани шалгараагүй, тус сумын 150 суудалтай спортын цогцолборын барилгыг 2021 онд ашиглалтад оруулах гэрээний дагуу  2020 онд хийгдэх ажлыг дуусгасан, гэрээний гүйцэтгэл 74 хувьтай байгаа, Дэлүүн сумын “Цэцэрлэгийн барилгын А корпусын их засвар”-ын ажлыг 2020 онд хийж дууссан. Тендерийн бичиг баримтад гүйцэтгэж буй  дуусаагүй ажлын талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэхийг шаардсан, өөр ижил төстэй ажил гүйцэтгэж буй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.  Энэ нь тендерээс татгалзах үндэслэл бол “Н” ХХК нь  2020 онд 2.9 тэрбум төгрөгийн Буянт сумын сургуулийн барилга барих ажлын тендерт шалгарсан, уг ажлаа дуусгаагүй.” гэж тайлбарлан маргаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зохицуулсан.

Анх 2019 онд уг тендерийг зарлах үед Үнэлгээний хорооноос бэлтгэсэн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 6.2” гэсэн хэсгийн 10-д “2018-2019  онуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд  тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд  уг компаниас татгалзах үндэслэл болно.” гэж заасан боловч дахин тендер зарлах үед  Үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг боловсруулахдаа өмнө нь  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-ийн 10-д дээрх байдлаар заасныг хассан байх ба   2020 онд зохион байгуулсан тендер шалгаруулалтын баримт бичгээр ...  тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд  уг компаниас татгалзах үндэслэл болно.” гэх шаардлага тавиагүй байна. Иймээс хариуцагч Үнэлгээний хорооноос дээрх маргааны талаар “...тус тендерийг зарлахад тендерийн баримт бичигт давхар ажил хийхгүй байх,мөн инженер техникийн ажилчид давхардсан тохиолдолд тус тендерээс татгалзах шаардлага тавиагүй учраас тендерт оролцсон 3 компанийн инженер техникийн ажилчдын давхцалыг магадлах шаардлага байгаагүй.” гэж тайлбарлажээ. Хуулийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.”, Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 35.2-д “...тендерт оролцогчийн тухайн үед гүйцэтгэж буй гэрээт ажил, цаашдын ажил хариуцах чадвар, шүүхэд дуудагдаж байсан  эсэхийг харгалзан үзнэ.” гэж заасан байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны хэсгийн 8.4-т “...Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл дутуу байх, эсвэл тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй тендер ирүүлэх нь  тухайн тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж тус тус заасан  “М” ХХК нь уг тендерт шалгарсан үед тус компанийн гүйцэтгэж дуусгаагүй ижил төстэй ажил байсан нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болохоор тендерийн баримт бичигт заагаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

8.2. “М” ХХК-ийн барилгын инженер Х.Н нь ОХУ-аас дээрх мэргэжлээр суралцаж төгсөөгүй гэх маргааны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:”, 16.1.1-д тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;” гэж заасан.

 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 6.3(д)” гэсэн хэсэгт “...ерөнхий инженер нь барилгын инженер байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил ...байна.Түүнийг нотолсон баримт болох инженер, техникийн ажилчдын сургууль төгссөн диплом,бусад мэргэжилтэй ажилчдын  мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний хуулбар ирүүлэх” гэж заажээ.

Үүний дагуу гуравдагч этгээд “М” ХХК нь барилгын инженер Х.Нын Оросын Холбооны Улсын Барнаул хотын И.И.Ползуновын нэрэмжит “Алтайн Улсын техникийн Их сургууль”-ийг “Үйлдвэрийн ба иргэний барилгын ажил” мэргэжлийн хүрээнд “инженер” мэргэшлээр суралцаж төгссөн 102265 дугаартай мэргэжлийн дипломыг ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК-иас  Х.Н нь Оросын Холбооны Улсын Алтайн Улсын техникийн Их сургууль”-ийг барилгын инженерээр суралцаж төгсөөгүй гэж маргасан ба Үнэлгээний хорооноос “М” ХХК-ийг “ТОӨЗ 6.3(д)-д заасан шаардлагыг хангасан гэж тендерийг хянах үзэх, үнэлэх явцад дүгнэсэн байна.

            Нэхэмжлэгч “Н” ХХК-иас дээрх маргаантай холбогдуулж “М” ХХК-ийн барилгын инженер Х.Н нь Оросын Холбооны Улсын Барнаул хотын И.И.Ползуновын нэрэмжит “Алтайн Улсын техникийн Их сургууль”-ийг “Үйлдвэрийн ба иргэний барилгын ажил” мэргэжлээр төгссөн эсэхийг шалгах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар нотлох баримт бүрдүүлэх зорилгоор  тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 379 дугаартай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах тухай” албан бичгээр Оросын Холбооны Улсын эрх бүхий байгууллагад, 381 дугаартай албан бичгээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хандаж, хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр  уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 65.1-д зааснаар  шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШЗ2020/0298 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Холбогдох байгууллагаас шүүхэд хариу ирүүлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд бусдаас гаргасан гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах  явцад тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээр Х.Нын Оросын Холбооны Улсын Барнаул хотын И.И.Ползуновын нэрэмжит “Алтайн Улсын техникийн Их сургууль”-ийг “Үйлдвэрийн ба иргэний барилгын ажил” мэргэжлийн хүрээнд “инженер” мэргэшлээр суралцаж төгссөн 102265 дугаартай мэргэжлийн диплом нь зориулалтын үнэт цаасанд хэвлэгдсэн, жинхэнэ баримт бичиг болохыг тогтоосон байна.

            Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндэслэлээр маргасан боловч Үнэлгээний хорооноос тендерийг хянан, үзэх, үнэлгээний дүгнэлт гаргах үед “М” ХХК-ийн ерөнхий инженер Х.Нын мэргэжлийн дипломыг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,  тендерт оролцогч нь ТОӨЗ 6.3(д)-д заасан шаардлагад холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгсөн тохиолдолд иргэний бичиг баримттай холбогдуулж үнэлгээний хорооноос Х.Нын мэргэжлийн диплом хуурамч мөн эсэхийг санаачилгаар шалгах үүрэг хүлээхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлгүй бөгөөд “М” ХХК-ийн гаргаж өгсөн материалаар Үнэлгээний хороо нь тус компани  ТОӨЗ 6.3(д)-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн  27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ :27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус зохицуулсан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч  “Н” ХХК нь  зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  бүлэг тус бүрийн тоглоомын өрөө, унтлагын өрөө нь тус тусдаа байх шаардлагыг хангаагүй  нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох тул тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн Үнэлгээний  хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3,27.4, 28.1  дэх заалтад тус тус  нийцсэн  байна.

Үнэлгээний  хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт нь тус тендерт оролцсон нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс гадна “Цамбагарав констракшн” ХХК-д хамааралтай бөгөөд уг дүгнэлтийн холбогдох хэсгээр “Цамбагарав констракшн” ХХК-ийн тендерийг тодорхой үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж  үнэлгээний хорооноос үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй.  Дээрх байдлаар гуравдагч этгээд “М” ХХК-ийн ирүүлсэн тендер нь мөн адилаар зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  бүлэг тус бүрийн тоглоомын өрөө, унтлагын өрөө нь тус тусдаа байх шаардлагыг хангаагүй, “АЕСН” ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээнд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1-д заасан шаардлагыг тусгаагүй, ТОӨЗ 6.3 (в)-д  заасан “...тоног төхөөрөмж нь гэрчилгээтэй байна. ...доргиур 2 ширхэг, гүний доргиур 1 ширхэг гэсэн шаардлагыг хангаагүй, талбайн зохион байгуулалтын зураг гаргаж ирүүлээгүй нь ТОӨЗ 13.1 (ж)-ийн 3-т заасныг хангаагүй байхад  үнэлгээний хорооноос “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг анх болон дахин үнэлгээ хийх үед тус тус шаардлага хангасан гэж үзсэн нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн  27.1.3, 27.3, 27.4, 28.1  дэх заалтад тус тус  нийцээгүй, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “Худалдан авах ажиллагаанд  ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх талаарх худалдан авах ажиллагааны зарчмыг  мөн зөрчсөн байна. Иймээс нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан  “БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай  дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, 18 дугаар дугаар дүгнэлтийн “Н” ХХК, “Цамбагарав констракшн” ХХК-д холбогдох  хэсэг болон “Н” ХХК-д өгсөн  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгийг  хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасан ба “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооноос шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь дээрх байдлаар хуулийн 27, 28 дугаар зүйлд нийцээгүй нь тогтоогдсон. Энэ тохиолдолд “М” ХХК-тай байгуулсан БСШУСЯ/201902176 дугаартай гэрээг хуулийн 29.1-д заасныг зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэл болохоос гадна хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан үндэслэлд хамаарах тул тухайн худалдан авах  гэрээг  42.1-д зааснаар  хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “М” ХХК-тай байгуулсан БСШУСЯ/201902176 дугаартай гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 “Н” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дээрх байдлаар зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  бүлэг тус бүрийн тоглоомын өрөө, унтлагын өрөө нь тус тусдаа байх шаардлагыг хангаагүй байснаар тус компанийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлт нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-т заасан “Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх: 1.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер зарлагдсан өдрийн байдлаар бүрэн төлсөн байх шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх байдлаар Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон 3 компаниас  “Н” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлгээний хорооноос үзсэн нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон, “Цамбагарав констракшн” ХХК-ийн тендерийг тодорхой үндэслэлээр  шаардлагад нийцээгүй гэж үзсэнтэй тус компани маргаагүй, “М” ХХК-ийг тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрүүд нь хууль бус байсан нь тогтогдсоноор дээрх байдлаар Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх байдлаар бүх тендерт оролцогч нар нь шаардлагад нийцсэн тендер  ирүүлээгүй байхад  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчим болон 30 дугаар зүйлийн 30.1.1-д  шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй бол 30.1-д зааснаар захиалагч бүх тендерээс татгалзах зохицуулалтыг зөрчсөн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн  30 дугаар 30.4.1-т зааснаар  нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах үндэслэлтэй гэж үзээд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.13 дахь  хэсгийг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь :

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг болон  2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, захиалагчаас “М” ХХК-тай  байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой  цэцэрлэгийн барилгын ажлын  БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох  Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “Н” ХХК, “Ц” ХХК-д холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгийг тус тус  хүчингүй болгох, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, “Н” ХХК-тай уг барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА