| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03581/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2019-02-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: С.Г-д холбогдох,
/ /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.210.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэнсмаа, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэнсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХЗХ-ноос иргэн С.Г нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот зээлийн гэрээний дагуу 2.700.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, худлаа ярьж зээлдүүлэгчид хүндрэл учруулж улмаар холбогдох боломжгүй болсон. Иймээс С.Г-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн хүү 510.450 төгрөг, нийт 3.210.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, С.Гэд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.210.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
С.Г, “М” ХЗХ-ны хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “М” ХЗХ нь 2.700.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгч С.Гэд зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулжээ.
Зээлдэгч С.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн хүүд 510.450 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээл, хүүгийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч С.Г-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.210.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХЗХ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч С.Гэд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.210.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХЗХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр төлсөн 66.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 66.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД