Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/912

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205027792113 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин суух, /РД:***/,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн, уг ялыг биелүүлсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** дугаар хорооллын орчимд ***ийн эзэмшлийн Самсунг А6 плас загварын гар утас болон виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** давхарт байрлах бэлэн мөнгөний машинаас виза картыг нь ашиглан *** тоот данснаас 590,000 төгрөгийг авч, нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-р цахилгаан станцын ертөнцийн зүгээр хойд талд байрлах “***” ХХК-иас гараад 10 дугаар хороололд байдаг нэг найзындаа очоод вискинээс 3 хундага уугаад 11 цагийн орчимд найзынхаасаа ганцаараа гараад явж байтал нэг үл таних эмэгтэй архи аваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 10 дугаар хороолол “Хишиг” гэх дэлгүүр лүү ороод 0,75 литрийн Хараа гэх нэртэй архинаас 1 ширхэг, фанта ундаанаас 1 ширхгийг аваад тооцоогоо би өөрийнхөө картнаас 15,000 төгрөгийг төлсөн. Тэгээд дэлгүүрээс тухайн эмэгтэй бид хоёр гараад зүүн тийш явж байгаад дотор муухайраад байхаар нь сандал дээр унтаад 16 цагийн үед сэрэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Унтахад тэр үл таних эмэгтэйтэй хамт явж байсан. Миний гар утасны гэр дотор миний виза карт явж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкнаас өөрийнхөө дансны хуулгыг авахад 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 590,000 төгрөгийг АТМ-ээс авчихсан байхаар нь Хаан банкны лавлахтай холбогдоход таны мөнгийг хижээл насны эмэгтэй хүн авсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан Тухайн эмэгтэй нь цагаан өнгийн масктай, 60 орчим настай, 160-165 см орчим өндөртэй, хар өнгийн цамцтай, цамц нь урд хэсгээрээ алаг цоохор, хар өнгийн өмдтэй, углааштай явж байсан. Би виза картныхаа нууц үгийг хэлээгүй. Дэлгүүрт юм авч байхад миний виза картын нууц үгийг мэдчихсэн юм шиг байсан. Тухайн өдөр миний 500,000 төгрөг цалин орсон. Үлдэгдэл 90,000 төгрөг байсан. Миний алдсан гэх гар утас хар өнгийн Самсунг А6 плас загварын гар утас байсан. Гаднах гэр нь бор өнгийн, урд дэлгэцийн баруун дээд буланд цуурсан байсан. Би гар утсаа Драгон төвөөс 2022 оны 2 сард 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ эмэгтэйг танихгүй, тухайн өдөр архи уугаад л ийм зүйл боллоо. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

2. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung A6 plus маркийн 2022.5 сард худалдаж авсан гар утас-250,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

3. Хаан банкны “*** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БГД-ийн 10 дугаар хороо ***-р давхарт байрлах АТМ395 дугаарын АТМ-аар 590,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлж байна” гэх албан тоот (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэг дээрх цагаар 2021-08-13 11:07:45 гэсэн цагт хохирогчийн картыг уншуулан гүйлгээ хийж байгааг харуулав. Бичлэг дээрх 2022-08-13 11 цаг 07 минут 53 дахь секундэд хохирогчийн картнаас мөнгө авч байгааг харуулав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Хохирогч ***өд 1-ээс 5 хүртэл дугаарласан 5 хүний гэр зургийг үзүүлэхэд хохирогч *** нь 2 дугаартай *** овогтой *** нь надтай хамт явж байсан эмэгтэй мөн байна гэв. Надтай хамт явж байсан гэх эмэгтэй нь 60 орчим насны, 160-165 см орчим өндөртэй эмэгтэй байсан. Мөн хяналтын камерын бичлэг дээр байсан эмэгтэй яг мөн байна гэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-30, 31-37 дахь тал),

6. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт хөдөөнөөс нөхрийн дүү нар ирээд айраг ууж, нэг шил 500 граммын Тайга гэх нэртэй архи дөрвүүлээ ууж суусан. Өдөр гэрт ирсэн нөхрийн дүү нарыг гаргаж өгчхөөд гэрийн ойролцоо нэг үл таних залуутай таараад архи уухуу гэхэд тэгье гээд бид хоёр Хишиг гэх дэлгүүрээс 0,75 литрийн хараа архи авсан. Тэгээд дэлгүүрээс гараад нэг сандал дээр очоод архиа ууж байгаад би тасарсан байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ унтаж байсан. Би согтуу байсан болохоор гар утас болон мөнгөөр нь юу хийснээ мэдэхгүй байна. Хаан банкны АТМ-ээс мөнгө авч байгаа хүн би байсан. Би гар утас болон мөнгийг нь хаана авсан яаж үрснээ санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-61 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 62 дахь тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сайхан сэтгэлтэй, ажилсаг, гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, намайг хиртэй хувцастай явуулж үзээгүй өдий хүртэл миний дэргэд байгаа сайн хань юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 14-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкны албан тоот, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчимд хохирогч ***тэй хамт архи ууж, улмаар хохирогчийг унтаж байх үед нь түүний эзэмшлийн Самсунг А6 плас загварын гар утас, мөн утасны гэрт хамт байсан виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, *** давхарт байрлах бэлэн мөнгөний машинаас виза картыг нь ашиглан *** тоот данснаас 590,000 төгрөгийг авч, хохирогч ***өд нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч ***өд нийт 840,000 төгрөгийн учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.   

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч ***г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч ***д 8 (найм)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 7 (долоо) хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 7 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 7 сар 23 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

“Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “...Samsung A6 plus маркийн 2022.5 сард худалдаж авсан гар утас-250,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч ***ийн Хаан банкны “*** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БГД-ийн 10 дугаар хороо Сэлбэ рестораны байр 1-р давхарт байрлах АТМ395 дугаарын АТМ-аар 590,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлж байна” гэх албан тоот, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***өд нийт 840,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гаас хохирогч ***ийн *** тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***гаас 340.000 төгрөг гаргуулж, хохирогч ***өд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 8 (найм)-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 7 (долоо)-н сар, 23 (хорин гурав)-н хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

5. Шүүгдэгч ***гаас хохирогч ***өд 500.000 (таван зуун мянга)-н төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 340.000 (гурван зуун дөчин мянга)-н төгрөгийг гаргуулж, хохирогч *** овогт *** (РД:***)-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА