| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00107/и |
| Дугаар | 560 |
| Огноо | 2019-02-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22 дугаар хороон, Зүүн наран 13 дугаар гудамж, 52 тоотод оршин суух, Зээрд адууныхан овогт Сүхбатын Ариунзаяа /РД:ВЭ84102803/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,
Орон сууц хураах болон битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтгэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/01584 дугаартай шийдвэрийн дагуу Б.Намдаг, Т.Цэнгэл, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг битүүмжлэх болон хураах тухай тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө битүүмжлэх тогтоол гаргаж, ажиллагаа хийхдээ өмчлөгч С.Ариунзаяад мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа хоёроос доошгүй гэрч оролцуулна гэж заасан. Гэтэл ажиллагаа хийхдээ нэг гэрч оролцуулж, хууль зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д заасны дагуу Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай сууцыг битүүмжлэх болон хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар 96,185,500 төгрөгийг Т.Цэнгэлээс гаргуулж, Мөнхийн эрх ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч н.Цэнгэлд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн. Одоогийн байдлаар төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй. Иймд н.Цэнгэлийн өмчлөлийн Ү-2205015975 улсын бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 дугаар тоот орон сууцыг битүүмжилж хураасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунзаяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдууланБаянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг хураасан болон битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухайшаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууц нь Б.Намдаг, Т.Цэнгэл, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нарын өмчлөлд бүртгэлтэй байдаг болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-20 тал/.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 102/ШШ2018/01584 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Цэнгэлээс 95,480,000 төгрөгийг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ ХХК-д олгож, хариуцагч Т.Цэнгэл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 дугаар тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсний дагуу тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2018/03196 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 102/ГХ2018/00249 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18250370 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн ба тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь төлбөр төлөгч Т.Цэнгэл, төлбөр авагч нь Мөнхийн эрхи ББСБ ХХК байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18250370/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 18250370/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус явуулсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... тус орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр битүүмжлэх ажиллагааг хийхдээ өмчлөгч нь болох надад мэдэгдээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр тус орон сууцыг хураах ажиллагаа явуулахдаа 2 хөндлөнгийн гэрч оролцуулах ёстой байхад 1 хөндлөнгийн гэрч оролцуулсан... гэж тайлбарлаж байх ба хууль зүйн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч С.Ариунзаяа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэжээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг зөвхөн тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гаргах эрхтэй байна.
Иймд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч, төлбөр авагч /талууд/ биш этгээд болох С.Ариунзаяа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг хураах болон битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт энэ хуулийн 44.3, 44.6 дахь хэсэгт заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх зөрчигдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэжээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд зөвхөн тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болох ба энэ тохиолдолд хуулийн 44.3 дахь хэсэгт заасан урьдчилсан шийдвэрлэх журам буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд хандахаар зохицуулсан заалт юм.
Нэхэмжлэгч С.Ариунзаяа нь өөрийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа болох орон сууцыг хураах болон битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Ариунзаяагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг хураасан болон битүүмжилсэнтогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ариунзаяагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай орон сууцыг хураасан болон битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА