| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0607/И |
| Дугаар | 673 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 673
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух утас Х.Дйн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Б эмнэл-эг (дарга Т.С)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Б эмнэл-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б эмнэл-гийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчаар эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б эмнэл-гийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт тасгийн сувилагчаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилон ажиллуулсугай гэж тушаал гарган ажилд орсон билээ. Үүний дараа 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 90 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзаж гэрээг цуцалсан юм. Миний бие тухайн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан бөгөөд надад ямар нэгэн мэдэгдэх хуудас өгч ажлыг албан ёсоор хүлээлгэх акт үйлдээгүй шууд гаргасан байдлыг эсэргүүцэж байна. Би ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй болно. Ийм тушаал гаргасныг албан ёсоор надад мэдэгдээгүй бөгөөд эмнэлгийн дарга надад “Уламжлалт тасгийн эрхлэгч, их эмч А.Мендигүл ирсний дараа гаргана, та түр чөлөөлөгдсөн байж бай” гэж хэлэхээр нь А.Мендигүлийг хүлээсэн ба А.Мендигүл ажилд ирэхэд Т.С- дарга өөрөө амралтад явсан бөгөөд сүүлд надад 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас халсан, гэрээг цуцалсан тухай 90 тоот тушаалыг амралтаас 2018 оны 8 сард ирсний дараа Т.С- гардуулахад үүнийг би хүлээж аваагүй, гарын үсэг зураагүй болно. Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б эмнэл-гийн дарга Т.С- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Х.Д нь манай байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цаашид тухайн ажлын үүргийг хийж гүйцэтгэж чадахаа болохоо харуулж чадаагүйд хүрсэн. Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үед Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар гэрээ дуусгавар болсныг мэдэгдэж, ажлаас нь чөлөөлж холбогдох тооцоог хийж дуусгавар болгосон. Х.Д анхандаа 2 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулж үзсэн ба ажиллах явцад эмчлүүлэгчийн \үйлчлүүлэгчийн\ биеийг түлж хохирол учруулсан, ажиллах хугацаандаа ажилчдын хооронд зүй бусаар харьцаж, ёс зүйн доголдол, удаа дараа гаргасан тул сахилгын шийтгэл хүртэл хүлээж байсан. Туршилтын 2 сарын хугацаанд сахилгын зөрчил гаргасан Х.Дйн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй талаар өөрт нь хэлэх үед “дахин нэг удаа боломж олгож, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу туршилтын хугацааг 2 сараар сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь харгалзан үзэж, дотоод журамд заасны дагуу 2 сарын хугацаагаар туршилтын хугацааг сунгаж гэрээ байгуулан ажиллаж үзсэн. Энэхүү ажиллах хугацаанд Х.Д нь мэргэжил, ур чадварын хувьд ажиллаж байгаа албан тушаалд тэнцэх эсэх, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар комисс байгуулан, дүгнэлт гаргуулсан. Тухайн комиссын гишүүд Х.Дйн ёс зүй, мэргэжлийн мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан шалгалт авч” “Уламжлалт тасагт ажиллаж байгаа албан тушаалд тэнцэхгүй тул цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг Х.Дд нэг сарын өмнө танилцуулж нэг хувийг гардуулан өгч байсан. Х.Д нь ажлаас чөлөөлөх тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэхгүйгээр чөлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Х.Дд нэг сарын өмнө комиссын дүгнэлтийг танилцуулан, цаашид гэрээгээ сунгаж ажиллуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд ч Х.Дйн хувьд хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ба гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах боломжгүй болно. Х.Д нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, тухайн өдөр тушаал шийдвэрээ гардан авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас халагдсаныг эс зөвшөөрвөл нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байсан. Гэтэл Х.Д нь тушаал шийдвэрээ гардан авсны дараа 4 сарын дараа шүүхэд хандаж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. Тэгээд ч Х.Д нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манайд хандаж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилгүй байгаагаа хэлж, түр хугацаагаар ажиллуулж өгөх талаар өргөдөл гаргаж байсан. Х.Д нь 5 дугаар сараас эхлэн ажилгүй байгаа талаар дурдаж өргөдөл гаргаж байгаагаас нь түүнийг шүүхэд хандах эрхээ алдсан явдлыг давхар нотлон өгч байгаа юм. Эцэст нь хэлэхэд тушаал шийдвэрийг гардан аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа Х.Д нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тушаал шийдвэрээ гардан авч, гарын үсэг зурж баталгаажуулсныг мартсан бололтой. Иймд Х.Дйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б эмнэл-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Б эмнэл-гийн дарга Т.С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч шүүхэд “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан, ажлаас чөлөөлөхдөө урьдчилж мэдэгдээгүй, би байнгын ажлын байранд бүр томилогдсон, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, тушаалыг гардуулаагүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч шүүхэд тайлбар гаргасан. Нэгдсэн эмнэлэг 400 гаруй ажилтантай, хүний нөөцийн 2 ажилтан ажилладаг. Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн мэргэжилтэн нар шүүхэд олон удаа тухайн байгууллагыг төлөөлж оролцож байсан, туршлагатай. Тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг цуцлах, гэрээг цуцлах, хэрхэн шийдвэрийг гардуулж өгөх ямар комиссын шийдвэрээр яаж дүгнэлт гаргах асуудлыг мэдэж байгаа учраас ажлаас гаргах ёстой ажилтныг ажлаас гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан түр хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгаж ажиллуулах ямар ч боломжгүйд хүрсэн гэдэг дүгнэлт, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Анх нэхэмжлэгчийг 01 дүгээр сарын 20-ны өдөр туршилтын хугацаагаар ажилд авч ажиллуулсан байна. Нэхэмжлэгч өвчтөний биед хөнгөн түлэгдэлт үүсгэж тухайн байгууллагын ажилтны хувьд байгууллагын нэр хүндийг унагаасан асуудал гаргасан. Тухайн үед олон хүн удаа дараа гомдол гаргаж байсан. Тасгийн хурлаар Х.Дгийн асуудал яригдаж, арга хэмжээ авч өгөх тухай санал хүргэж байсан. Мөн нэгдсэн эмнэлгийн даргын дэргэдэх зөвлөлөөр Х.Дгийн талаарх асуудлыг авч хэлэлцсэн. Х.Д нь туршилтын хугацаа дууссаны дараа дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр тухайн хуралд биечлэн оролцож “цаашид алдаа гаргахгүй, дахин 2 сар ажиллуулж өгөөч, 2 сар ажиллуулчхаад ажлаас халж байгаа нь хэцүү байна, ганц бие эмэгтэй, өөр ажил байхгүй тул харж үзэж дахин 2 сар сунгаж ажиллуулж өгөөч, алдаагаа залруулна, мэдэхгүй зүйлээ сурна” гэх асуудал тавьсан. Ийнхүү нэгдсэн эмнэлгийн захирал, даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд нэхэмжлэгчийг эмэгтэй хүн гэдэг талаас нь харж үзээд дахин 2 сар туршилтын хугацаагаар ажиллуулж үзээд хэлсэндээ хүрвэл цаашид авч ажиллуулах шийдвэр гаргасан. Нэгдсэн эмнэлгийн дарга С- даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж нэхэмжлэгчийг дахин 2 сар ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээ дахин 2 сараар байгуулагдсан тул нэхэмжлэгчийн тухайн ажилд тэнцэх ур чадварт тэнцэх эсэх эргэлзээ тухайн тасгийн ажилтан албан хаагч нарт төрсөн. Учир нь зөрчил гаргасан хүнийг дахин 2 сар ажиллуулахгүйгээр шууд ажлаас нь халах ёстой байсан, туршилтын хугацааг сунгахгүйгээр гэрээг цуцлах ёстой байсан гэх асуудал гаргасан. Үүнээс үүдэлтэй шударгаар асуудлыг шийдвэрлэхийн тулд комисс байгуулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга комисс ямар дүгнэлт гаргахыг харгалзан хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийднэ гэж комисс байгуулсан. Тухайн байгуулагдсан комисс Х.Дгаас шалгалт авсан. Шалгалт авахад Х.Д шалгалтын материал нэрээсээ өөр зүйл бичээгүй ба муу үнэлгээ авсан. Даргын итгэлийг алдаагүй, тухайн хүнд итгэл хүлээлгэсэн хүмүүсийн итгэлийг алдаагүй. Мөн Х.Д нь тухайн тасгийн ажилтан Нинатай хэрүүл маргаан хийсэн. Тэрээр “авгайгаар нь дуудаж, ёс зүйгүй алдаа гаргасан” гэх асуудал хөндсөн. Мөн комиссын дүгнэлтийг шууд гаргадаггүй. Комисс тухайн ажилтны урьд нь ажиллаж байсан байдал, ёс зүйн талаар дүгнэлт гаргасан. Иймд Х.Дгийн урьд ажиллаж байсан байдал, шалгалтад тэнцээгүй байдал зэргийг харгалзан үзэж “түүнийг тухайн байгууллагад цаашид нь ажиллуулах боломжгүй, түүний хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах боломжгүй” гэх дүгнэлт гаргасан байна. Х.Дг зөндөө олон удаа харж үзсэн, ганц бие гэдгийг харгалзсан үзсэн ч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, комиссын шийдвэрийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Комиссын шийдвэрийг 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу 1 сарын өмнө мэдэгдсэн. Улмаар 05 дугаар сарын 02-ны өдөр буюу туршилтын 2 сарын хугацаа дуусгавар болсон үед Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдэж, тушаал гаргасан. Энэ нь хуульд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтална гэх заалт байхгүй. Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа биш тул заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг баримталсан нь хуульд болон хөдөлмөрийн гэрээнд нийцсэн тушаал болсон байна. Нэхэмжлэгч надад 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж байна. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос 1 сарын өмнө мэдэгдэнэ гэх хуулийн заалт байхгүй. Гэхдээ хариуцагч нэг сарын өмнө мэдэгдсэн баримтаа нотлох баримтаар Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаасаа буруу халагдсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг гардаж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандана гэж заасан. Гэтэл 1 сарын дотор буюу хуулийн хугацаанд шүүхэд хандаагүй. Энэ талаар нэхэмжлэгчийн гар баримт байгаа. Нэхэмжлэгч аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад “Би 05 дугаар сарын 02-ноос хойш ажилгүй байна, намайг түр орон тоонд ажиллуулж өгөөч” гэх өргөдлөө 07 дугаар сарын 02-ны өдөр гаргаж байсан. Нэхэмжлэгчийг ажилд авч ажиллуулах гэсэн ч эмнэлгийн бүх тасаг авч ажиллуулахаас татгалзаж, эсэргүүцээд асуудал үүсгэж байна. Түүнээс биш Х.Дг санаатай ажилд авахгүй байгаа юм биш. Хариуцагч Х.Дг ямар ч ажилд авах боломжгүй болсон. Урьд Х.Дг түр ажиллуулж байсан. Х.Дгээр түр орон тоонд ажиллуулж болохгүй. Учир нь хэл ам гаргадаг, асуудал гаргадаг, ажлаа хийдэггүй гэх асуудал гаргасан тул нэхэмжлэгчийг ажилд томилж чадахгүй байна. 2 сар өнгөрсний дараа Х.Д шүүхэд хандсан. Х.Дд тушаалыг 05 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, гарын үсэг зуруулсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 05 дугаар сарын 02-ноос хойш 4 сар өнгөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрүүлсэн байна. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар өнгөрүүлсэн гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Х. Д нь хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрүүлсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Х.Дд мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгч Х.Дйн эзгүйд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б эмнэл-гийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасгийн сувилагчаар Х.Дйн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд уг ажилд тохирох эсэхийг шалгах зорилгоор 2 сарын туршилтын хугацаатайгаар түр томилсон байна.
Улмаар хариуцагч (ажил олгогч) Б эмнэл-гийн дарга болон нэхэмжлэгч (ажилтан) Х.Д нар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-гээр мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд тэнцэж буй эсэхэд туршилтын хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл харилцан тохиролцож 2 сарын хугацаатайгаар байгуулсан ба Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр талууд харилцан тохиролцож туршилтын хугацааг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэж дахин 2 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн гэрээ”- г тус тус байгуулсан байна.
Б эмнэл-гийн даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай “Хугацаатай хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тус эмнэлгийн Уламжлалтын тасагт туршилтын хугацаагаар ажиллаж байгаа сувилагч Х.Д уг ажил албандаа тэнцэхгүй болох нь тус эмнэлгийн “мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч Х.Д нь Б эмнэлэгийн Уламжлалтын тасгийн сувилагчийн орон тоонд ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд уг ажилд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус тус ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2.3-д заасан “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэснийг болон 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тушаалаар баталсан Б эмнэл-гийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.6-д “шинээр орж буй ажилтны мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага нь тухайн ажилд тохирох эсэхийг шалгах туршилтын хугацаа 2 сар байна., шаардлагатай тохиолдолд туршилтын хугацааг дахин 2 сараар сунгаж болно” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, мөн Б эмнэл-гийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37,....-р зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар энэхүү гэрээг цаашид сунгахаас татгалзан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагчийн тушаал нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Х.Д туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаанд өвчтөн Б-ийн биеийг түлж хохирол учруулсан нь, мөн ажиллах хугацаанд ажилчдын хооронд зүй бусаар харьцаж, ёс зүйн доголдол гаргаж байсан нь, мөн мэргэжил ур чадварын хувьд ажиллаж байгаа албан тушаалд тэнцэхгүй болох нь Б эмнэл-гийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаартай “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаал, мөн Б эмнэл-гийн Уламжлалт, нөхөн сэргээлтийн тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, Физик эмчилгээний тасагт ирсэн өргөдөл, гомдлын бүртгэл, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б эмнэл-гийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б эмнэл-гийн даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 70 тоот тушаалын дагуу байгуулагдсан “Комиссын дүгнэлт” зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Д хариуцагч Б эмнэл-гийн даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай “Хугацаатай хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг гардаж аваагүй гэдэг нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр энэхүү тушаалыг тус эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга Л.К, Хүний нөөцийн менежер Е.И нар Х.Дд гардуулж, Х.Д гардаж авсан гэж бичиж гарын үсэг зурсан баримтаар болон 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б эмнэл-гийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б эмнэл-гийн даргын “Мэдэгдэх хуудас” зэрэг нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч Х.Д 2018 оны 5 дугаар сарын 02-ноос хойш тухайн орон тоонд ажиллаагүй, цалин хөлс аваагүй болох нь Б эмнэл-гийн Уламжлалтын тасгийн 2018 оны 6, 7 дугаар саруудын “Цалингийн тооцооны хүснэгт”-ээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Х.Д нь 2018 оны 5 дугаар сарын 02-ноос ажлаас чөлөөлөгдсөний дараа 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б эмнэл-гийн даргад тус эмнэлэгт ямар нэгэн ажил гарвал ажилтай болгож өгнө үү гэж ажил хүсэж өргөдөл гаргаж байсан нь Б эмнэл-гийн бүртгэл хяналтын картаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар хариуцагч Х.Д 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халсан гэх гомдлоо 1 сарын дотор шүүхэд гаргаагүй хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Х.Дйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Б эмнэл-гийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Дйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид болон шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК