Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 50 тоотод оршин суух, Их хамжлага овогт Тогоочийн Цэдэндамба /РД:ЙЮ82030278/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, аос 1, 12 тоотод оршин суух, Тайжууд овогт Баттулгын Саран /РД:ШУ90111241/-д холбогдох,

 

70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Цэдэндамба нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Саран нь миний таньдаг хүнээр дамжуулан надтай танилцаж, 70,000,000 төгрөг зээлж авсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хадны гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байна гэж ярьж байсан. Ингээд миний бие хариуцагч Б.Саранд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түүний Хаан банкинд байрших 5130011202 дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 55,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөнгө шилжүүлсэн баримтаа нотариат дээр авч очоод Б.Саран бид 2 зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээнд заасны дагуу Б.Саран нь надаас зээлсэн 70,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.

Иймд хариуцагч Б.Сарангаас 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Цэдэндамба нь хариуцагч Б.Саранд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, энэ үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.

 

Шүүхээс хариуцагч Б.Саранд нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөргардуулсан боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Б.Саранд шүүх хуралдааны товыг түүний 99107890 дугаарын утсаар удаа дараа болон гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх замаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талууд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулж, 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон байх ба уг зээлийн гэрээний 6-д зээл өгөгч нь энэхүү гэрээнд заасан зээлийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болно. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно гэжээ.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Цэдэндамба нь уг зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Сарангаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Саран нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Б.Сарангаас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэдэндамбад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сарангаас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэдэндамбад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сарангаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэдэндамбадолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА