Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 001

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ны нэхэмжлэлтэй, Е-т холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч З, хариуцагч Е.Е, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын нөхөн төлбөр 7019906.19 төгрөгийг гаргуулах тухай. Ажилгүй байсан хугацааны цалин 5095937 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Е нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгаас Увс аймаг орох замд Хюндай эксел маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын А, 9.1, 9.2-т заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тус компанийн даатгуулагч А.Н-ын амь нас хохирч, даатгалын тохиолдол гарсан байна.

Е.Е-ийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял оногдуулжээ.

Тус гэмт хэргийн хохирогч А.Н нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкнаас 15,000,000 төгрөгийн орон сууцны зээл авч улмаар “М” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №10514409481 тоот “Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний зээлдэгчийн эрсдэлийн даатгалын хамгаалалт нь зээлдэгч амь насаа алдах байдаг бөгөөд даатгуулагч буюу зээлдэгч А.Н нь бусдын гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан тул гэрээнд заасны дагуу тус компанийн зүгээс 2017 оны 6 дугаар сард 7,019,906.19 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Улмаар Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 12.1.4-т заасныг тус тус үндэслэн гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрх нь тус компанид бүрэн шилжсэн болно.

Иймд дээрх хуулиудын заалтыг үндэслэн даатгуулагч А.Н-д олгосон хохирлын нөхөн төлбөр 7,019,906.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

           

Хариуцагчийн тайлбарын агуулга: “М ХХК-тай орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн гэрээг би байгуулаагүй тул надад огт хамааралгүй зүйлийг нэхэмжилсэн байна. Би Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн зүйл ангиар шүүхээр шийтгэгдэж ял авсан. Иймд тухайн үед шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй тул уг нэхэмжилсэн мөнгийг төлөх боломж байхгүй. Хохирогч А.Н-ы ХААН банкнаас авсан орон сууцны зээлийн М ХХК-тай байгуулсан гэрээний эрсдэлийг хариуцах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан Едилханы Еээс 7,019,906.19 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгохоор  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж  заалдах гомдолд: “Хариуцагч миний бие анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргаж, А.Н амь насаа алдсан нь үнэн. Талийгаач нь амьд сэрүүн байхдаа даатгалын компанитай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эрсдэлийн гэрээний дагуу учирсан хохирлыг даатгуулагчид төлсөн байдаг. Даатгалын байгууллага даатгуулагчид төлсөн мөнгөө надаас нэхэмжилж, шүүх түүнийг хангаж шийдвэрлэжээ. Талийгаачийг даатгалын байгууллагатай ямар гэрээ байгуулсныг би мэдээгүй бөгөөд урьдчилан мэдэх бололцоогүй, надад огт хамааралгүй зүйл гэж үзэж байна. 

            Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ Эрүүгийн хуульд заасан зохих хариуцлагыг хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг талийгаачийн ар гэрт хэд нугалж төлсөн. Би даатгалын эрсдэлийн гэрээний дагуу хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд төлөх боломж надад байхгүй. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: ““М” ХХК болон даатгуулагч А.Н нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан №10514409481 тоот “Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний эрсдэл нь зээлдэгч амь насаа алдах" тохиолдол юм. Өөрөөр хэлбэл энэхүү даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн амь нас, эрүүл мэндээ даатгуулж хэрэв даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгагчийн зүгээс гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг олгож, уг даатгалын тохиолдлыг бий болгосон буюу даатгуулагчид гэм хор учруулсан буруутай этгээдээс олгосон нөхөн төлбөрөө буцаан нэхэмжилдэг хуулийн зохицуулалттай. Энэ талаар тус гэрээний 12.1.4-т "... Даатгалын тохиолдол болж нөхөн төлбөрийг банканд олгосон дүнгээр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх Даатгалын компанид шилжинэ” гэж заасан байдаг.

Мөн түүнчлэн Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу гэм буруутай этгээдээс гэм хорын төлбөр шаардах эрх нь тус компанид бүрэн шилжсэн болно.

Хариуцагч Е.Е нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж тус компанийн даатгуулагч А.Н-ы амь насыг хохироож даатгалын тохиолдол бий болгосон бөгөөд Е.Е-ийг гэм буруутай болохыг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоож шийтгэх тогтоол гаргасан байдаг.

Мөн тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүх тус хэргийг хууль зүйн дагуу бүрэн дүүрэн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 667 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

                Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Е.Е-т холбогдуулан “2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол гаргасны улмаас тус компанийн даатгуулагч А.Н-ы амь насыг хохироож даатгалын тохиолдол бий болсон, А.Н нь ХААН банкнаас 15000000 төгрөгийн зээл авч “М” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10514409481 дугаартай “Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулсан, гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болж А.Н нь амь насаа алдсан тул компанийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 7019906 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, даатгалын гэрээний 12.1.4-д тус тус заасны дагуу гэм буруутай этгээдээс гэм хорын төлбөр шаардах эрх нь манай компанид бүрэн шилжсэн тул буруутай этгээд Е.Е-ээс 7019906 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэл гаргажээ.

           

Харин хариуцагч “... “М” ХХК-тай орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн гэрээг би байгуулаагүй тул надад огт хамааралгүй зүйлийг нэхэмжилсэн байна. Би Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн зүйл ангиар шүүхээр шийтгэгдэж ял авсан. Хохирогч А.Н-ы ХААН банкнаас авсан орон сууцны зээлийн “М” ХХК-тай байгуулсан гэрээний эрсдэлийг хариуцах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй” гэж марган, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

           

Хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Е.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж А.Н-ы амь насыг хохироосны улмаас даатгалын тохиолдол бий болж А.Н-ы “М” ХХК-тай байгуулсан “Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг”-ээр 7019906 төгрөгийг “М” ХХК нь А.Н-ы ээж Х-д шилжүүлж гэм хорыг нөхөн төлөх шаардлага гаргах эрхийг “М” ХХК нь шилжүүлсэн тухай үйл баримт тогтоогдсон, А.Н “М” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ”, Орон сууцны зээлдэгчийн даатгалын гэрээний 12.1.4-д “Даатгалын тохиолдол болж нөхөн төлбөрийг банканд олгосон дүнгээр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх даатгалын компанид шилжинэ” гэж хууль болон гэрээнд заажээ. Хариуцагч Е.Е нь даатгалын тохиолдол бий болгосон буруутай болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул хариуцагч Е.Е-ийн хохирогч А.Н-ы ХААН банкнаас авсан орон сууцны зээлийн “М” ХХК-тай байгуулсан гэрээний эрсдэлийг хариуцах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

           

Иймд хариуцагч Е.Е-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Е.Е-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Д.КӨБЕШ