Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2021/0033

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай”  92 дугаартай тогтоолоор Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох“,

 “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн  ажлыг гүйцэтгэх  гэрээг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, 1-01/320 дугаартай уг албан бичгийг  хүчингүй болгох,

“Д” ХХК-д Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Ж.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ө.Т, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч   Т.А, гэрч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Ансаган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөл барих ажлын  250 000 000 төгрөгийн төсөвтэй тендерийг Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зарласан. Уг тендерт “Д” ХХК нь 09 дүгээр сарын 24-ний өдөр тендерийн баримт бичгийг илгээсэн ба  тендерийг  2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн. Уг тендерт ганцхан “Д” ХХК оролцсон бөгөөд тендер шалгаруулалтад манай компани шалгарсан юм. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн1-01/938 дугаар албан бичгээр  гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 10 дугаар сарын 06-ны өдөр захиалагчаас ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Уг гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн, аймгийн Барилга захиалагчийн албаны дарга, хяналтын инженер зэрэг холбогдох хүмүүст танилцуулж, гарын үсэг зуруулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа манай компани нь холбогдох бичиг баримтуудаа  бүрдүүлж, барилгын ажил гүйцтэхтэй холбоотой зохих зөвшөөрлүүдийг  хуульд зааснаар эрх бүхий байгууллагуудаас авах ёстой байсан. Үүний нэг нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл юм. Холбогдох хуульд  заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл шинээр авахад шаардагдах  материалуудыг Баян-Өлгий аймгийн Газрын  харилцаа, барилга, хот байгуулалтын газарт бүрдүүлж өгсөн, тус газрын дарга К.Б, мэргэжилтэн Н.Т нар хянаж үзээд бүх шаардлагыг хангасан тул зөвшөөрлийн хуудсыг хэвлэж өгөөд аймгийн Засаг даргад гарын үсэг зуруулахаар болж 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн юм. Засаг дарга Д.Б нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг баталгаажуулан гарын үсэг зурах ёстой байсан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зураагүй юм. Сүүлд нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргатай дахин уулзаж, зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгааныг асуухад, “...танай байгууллагад  ерөөсөө ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй.” гэж хэлсэн. Хуульд заасан бүх шаардлагыг хангасан байхад аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Д.Б нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр  татгалзсанаас болж манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн бүтээн байгуулалтын ажилд аймгийн Засаг дарга эс үйлдэхүйгээрээ саад учруулж, манай компанийн гэрээний дагуу ажил гүйцэтгэж, ашиг олох эрхэд халдаж байна. Иймд Баяннуур сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.  Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа  Засаг дарга ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, шалтгааныг төсвийн тодотголоор тухайн ажлын төсөв нь хасагдсан гэж Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хавсаргаж өгсөн байна.

Гэрээ байгуулахаас өмнө буюу гэрээ байгуулсны дараа захиалагчаас ямар нэгэн байдлаар төсөв нь хасагдсан талаар хэлж байгаагүй, шүүхэд  нэхэмжлэл гаргасны дараа албаар хуурамч тогтоол гаргаж ирсэн гэж үзэж байна.  Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийг хүчингүй болгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хариуцагч аймгийн Засаг дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар хууль бусаар цуцалж манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дур мэдэн төсөвт өөрчлөлт оруулсан талаар хэрэгт нотлох баримт гаргасан байна. Гэрээ хийгдээгүй ажлыг хассан гэж байгаа боловч сонгох замаар төсвийг хасаж байгаа явдал нь Төсвийн тухай хууль болон бусад хууль  тогтоомжид нийцэхгүй байна. Төсөвт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодотгол хийхдээ дээд шатны байгууллага, мөн Сангийн яамнаас зөвшөөрөл авахаас гадна эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй  этгээдийн саналыг харгалзах ёстой байхад энэ талаар огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох арга хэмжээ аваагүй нь хууль бус байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас эмхэтгэн казах хэлээр гаргасан “Жана Дауир” сэтгүүлийн 2021 оны №01 дугаарын 4 дэх хуудаст “Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг гаргасан ба үүний 2.1-д шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт гэдгийн 5 дугаарт Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажилд нийтдээ  250 000 000 төгрөг, үүнээс 2021 онд олгохоор  120 000 000 төгрөг  төлөвлөсөн талаар нийтэлсэн.  Өөрөөр хэлбэл Баяннуур сумын Цэцэгт  багийн бага сургуулийн өргөтгөлийн  ажил 2021 он буюу энэ жилд эхлэх ёстой байсан ба 120 000 000 төгрөгийн санхүүжилтийг баталсан болох нь тогтоогдож байна. Гэтэл Засаг даргаас энэ төсөл арга хэмжээ огт хэрэгжихгүй юм шиг манай компанитай байгуулсан гэрээг хувийн ашиг сонирхлын улмаас хууль бусаар цуцалсан  юм. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төсөвт тодотгол хийхдээ төлөөлөгчдөөр  хэлэлцүүлээгүй, энэхүү асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар бусад төлөөлөгчдөд  хуульд заасан хугацааны өмнө танилцуулахгүйгээр  шууд хэлэлцүүлж хууль зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчийн зүгээс гурван төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт, аймгийн Засаг даргад холбогдуулан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас ирүүлсэн тайлбарт үндэслэлээ “...2020 онд олгогдох төсвийг хассан учраас гэрээ хийж, зөвшөөрөл олгох боломжгүй.” гэж тайлбарласан. Уг үндэслэл нь хууль бус байсан болохыг тогтоох тухай шаардлага гаргасан байгаа. 2020 оны төсвөөс  50 000 000 төгрөг хасагдсан ч 2020 онд барилгын ажил эхлээгүй, холбогдох газраас хийгдэх ажил болон геологийн газраас хийгдэх шинжилгээ, судалгаа, тусгай зөвшөөрөл авагдсаны дараагаар нь 2021 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. 2021 онд төсөв нь байсаар байхад аймгийн Засаг дарга төсөв байхгүй гэдэг үүднээс татгалзаж байгаа нь хууль бус байсан. Төсөв байсан гэдгийг яаж нотолж байгаа вэ гэхээр,  2021 оны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас  гарсан 16 дугаар тогтоолд Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажилд 120 000 000 төгрөгийг төсөвлөсөн.  Нэгэнт төсөв нь  батлагдсан байхад Засаг даргын зүгээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа нь өөрөө Баян-Өлгий аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажилд санаатай саад учруулж байгаа асуудал мөн гэж үзнэ.

Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан.  Уг гэрээнд анх захиалагчийг төлөөлж аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд  хариу тайлбар өгсний дараа 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гэрээг цуцалсан талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн гэрээ байгуулсан “Д” ХХК-д гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн нь өөрөө хууль бус тул  хүчингүй болох ёстой.

Гэрээ  цуцалсан мэдэгдэлдээ  “...Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын 219 760 000  төгрөгийн төсвийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн Хурлын хуралдаанаар төсвийн тодотголоор хасагдсан байх тул танай компанитай байгуулсан гэрээг цуцалсныг мэдэгдье.” гэх үндэслэл бичсэн.  2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн тодотгол хийхдээ 219 000 000 төгрөгийг  бүхэлдээ хасаагүй. Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг байхгүй болгосон юм шиг гэрээг цуцалсан нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Тиймээс Засаг даргын уг үйлдэл хууль бус учраас  мэдэгдэл өгсөн албан бичгийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Гуравдугаарт, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2020 оны төсвөөс Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөл барих  төсвийг хассан нь хууль бус байсан болохыг тогтоож, тогтоолын  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2021 оны төсөвт нэгэнт  уг ажлын төсөв батлагдсан учраас ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс тогтоолын холбогдох хэсгийг  хүчингүй болгуулъя  гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. 2021 оны төсөвт байгаа учраас хэргийн шийдэлд нөлөөлөхгүй шаардлага байгаа. Гэхдээ төсвийг хассантай холбоотой үндэслэлээ эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл тендерт оролцож, гэрээ хийсэн байгууллага байсаар байхад тэдний эрх ашиг хөндөгдөнө гэдийг урьдчилан мэдсээр байж Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын  2020 оны төсвөөс олгогдох 50 000 000 төгрөгийг шууд хассан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байгаа. Мөн төсвийн тодотголтой холбоотой Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн үзэж  байгаа. Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас доод шатны аймаг, нэгж байгууллагад төсвийн тодотгол хийсэн үндэслэлүүд нь тогтоогдсоны эцэст тодотгол хийнэ.  Иймд Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл,  нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн гэж үзээд аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 92 дугаар тогтоолоор Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтөл барих ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож, тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын зөрчлийн шинжтэй асуудал гарч байна. Засаг дарга бол захиалагч байгууллага байгаа. Тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гүйцэтгэгч тал болон захиалагч тал гэсэн 2 тал байдаг.  Захиалагч тал тендерийг зохион байгуулахын тулд өөрөө үнэлгээний хороо байгуулсан байгаа.

Үнэлгээний хороо холбогдох тендерийн бичиг баримтыг боловсруулж, нэг компанийг тендерт шалгаруулж, мэдэгдэл хүргүүлсний дараа гэрээ хийгдэх ёстой. Үнэлгээний хорооны бусад доорх салбар нэгж ажилтнууд нь зөвхөн захиалагч гэж ойлгоодохоор байгаа. Гэрээг цуцалсан талд захиалагч төлөөлж аймгийн Засаг дарга оролцож байгаа. “Д” ХХК болохоор гүйцэтгэгч компани.  Шүүхээс захиалагч буюу захиалагчийн доор ажилласан үнэлгээний хорооны гишүүдийг гэрчээр асуусан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Засаг даргын байгуулсан үнэлгээний хорооны 5 гишүүн захиалагчийн доор ажилладаг, захиалагч гэж ойлгогдохоор байгаа.

Хариуцагч нь захиалагч байхад захиалагчийн нэг хэсэг үнэлгээний хороог гэрчээс асуусан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал юм.

Үнэлгээний хорооны гишүүд энэ тендерт холбоотой хариуцлага хүлээх ёстой хүмүүс тул гэрчийн мэдүүлэг авахад, “...бид нар хуралдаан  хийгээгүй, дүгнэлт гаргаагүйгэж эргэлзээ бүхий нөхцөл байдал ярьж байгаа. Аймгийн Засаг даргаас хүргүүлсэн мэдэгдэлд “...танай тендерийг манай байгууллага хүлээн зөвшөөрснийг мэдэгдье.” гэсэн. Захиалагч байгууллага дотор юу болж байгааг ажил гүйцэтгэгч компани мэдэхгүй. Үнэлгээний хороо ажлаа хийж байгаа эсэх, ашиг сонирхолтой эсэхийг  мэдэхгүй. Мэдэгдэлд компанийн ирүүлсэн  тендерийг хүлээн зөвшөөрсөн учраас гэрээний маягтад гарын үсэг зуруулж хүргүүлсэн. Түүнээс биш “Д” ХХК нь үнэлгээний хороонд эсвэл Засаг даргад нөлөөлж, мэдэгдлийг хуурамчаар үйлдэж авсан зүйл байхгүй. Үнэлгээний хороо ажлаа хийсэн байж, энэ мэдэгдэл “Д” ХХК-д хүргэгдэх ёстой.  Үнэлгээний хороотой холбоотой асуудлыг тухайн ажлын хэсгийг байгуулсан Засаг дарга өөрөө хариуцах  ёстой. Үнэлгээний хорооны гишүүдэд хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авч байгаа нь үндэслэлгүй. Компанийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. “Д” ХХК нь тухайн үед шаардлага хангахгүй тендер ирүүлсэн бол захиалагчаас танай компани шалгараагүй гэдгээ мэдэгдэх ёстой. Гэрээнд Засаг даргын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар зураагүй. Гэрчээр асуугдаж байгаа хүмүүс захиалагчийн доор ажиллаж байгаа хүмүүс. Захиалагчтай нэгдмэл ашиг сонирхолтой.  Өмнөх Засаг даргын хийсэн ажлыг дараагийн Засаг дарга үгүйсгэж, гэрээг цуцлаад байж болохгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Тус аймгийн Баяннуур сумын сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын санхүүжилт нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 92 дугаар тогтоолоор төсвийн тодотгол хийх үеэр хасагдсан байна. Улсын Их Хурлаас 2020 оны төсөвт тодотгол хийсэн үед аймгийн хэмжээгээр нэг тэрбум төгрөг хасагдсан. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт санхүүжилтийг  түр зогсоож болно.”, 34.3.1-д “санхүүжүүлэх хэмжээ нь багасахаар, эсхүл хасагдахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан”, 34.3.2-д “тухайн хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй”  гэж заасны дагуу дээд шатны төсөвт тодотгол хийсэн үед ажил нь эхлээгүй  гэрээ хийгдээгүй бүх ажлыг  аймгийн  төсвийн тодотгол хүртэл түр зогсоож төсөвт тодотгол хийгдсэний дараа хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх талаар тухайн үед Орон нутгийн өмчийн газарт  танагдсан нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй  гэрээ нь хийгдээгүй, ажил нь эхлээгүй ажлуудыг зогсоох үүрэг чиглэл өгсөн.

Анх аймгийн Засаг даргын шийдвэрээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгуулагдсан ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тус ажлын төсөв нь хасагдсан. Төсөв нь хасагдсан талаар  тухайн үед үнэлгээний хороо мэдээлэл авсан эсэх талаар нарийн бичгийн дарга Д.А нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө  тодорхой хэлсэн. Аймгийн Засаг даргын орлогч мөн адил иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор төсөв нь хасагдсан талаар мэдэгдсэн. Төсвийн тодотголоор санхүүжилт нь хасагдсан гэдэг мэдээллийг сонссоны дараа тендер шалгаруулалтын ажиллагаа зогссон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Мөн  тухайн тендерт ганцхан “Д” ХХК оролцсон байсан.  Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын ажиллагааг үндсэндээ хуулийн дагуу зохион байгуулаагүй талаар гэрчүүд мэдүүлсэн.  Төсвийн тодотгол  хийсэн үеэр  санхүүжилт нь хасагдсаны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хууль зөрчин гэрээ байгуулж, мэдэгдэл өгсөн байна. Уг  тендерийг дүгнэсэн тухай Орон нутгийн өмчийн газраас аймгийн Засаг даргад шалгарсан компанитай гэрээ байгуулах тухай ирүүлсэн мэдэгдэл, албан бичиг ямар нэгэн нотлох баримт хурлын тэмдэглэл ирүүлээгүй, шууд Засаг даргатай гэрээ байгуулсан  нөхцөл байдал тогтоогдож байна.  Уг гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм.  Мөн барилгын ажлыг гүйцэтгэх санхүүжилт нь  2020 оны төсвийн тодотголоор  хасагдаж, уг  ажлыг  хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэргүй болсон тул барилгын  өргөтгөлийн ажлыг эхлэх зөвшөөрөл олгох боломжгүй болсноор  “Д” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан  болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай 92 дугаар тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолын хавсралтаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд аймгийнхаа эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах үүднээс Төсвийн тухай хуульд заасны дагуу аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анх 2020 оны төсвийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан. Тухайн үед маргаан бүхий Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын 2020-2021 онд хэрэгжих  нийт төсөвт өртөгт 250 000 000  төгрөг баталсан.  Үүнээс 2020 онд хэрэгжих төсөвт өртөг нь 50 000 000 төгрөг байсан. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн төсвийн тодотголоор энэхүү 50 000 000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Энэ тендер зарлагдсаны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ямар нэгэн байдлаар санаатайгаар “Д” ХХК-ийн эрх ашигт нөлөөлж, төсөвт тодотгол хийгээгүй. Төсөвт тодотгол хийх асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан анх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зарлагдаж байсан. Улсын Их Хурлаас 2020 оны төсөвт тодотгол хийх, цар тахалтай холбогдуулан тодорхой бус хугацаагаар хойшлогдож байгаад 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тухайн хуралдаан болсон. Тухайн хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдож байсан болон хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан Тэргүүлэгчдийн тогтоолууд хавтаст хэрэгт байгаа.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Засаг дарга дараах  тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өргөн мэдүүлнэ”,  34.2.1-д  заасан  “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон”,  32.2.2-д заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” тохиолдолд төсвийн тодотгол хийнэ гэж зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх эрх хуулиар олгогдсон байна. Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн. 64.1.2-т “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах,  хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх” эрх үүрэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2020 оны төсөвт тодотгол хийж, 92 дугаар тогтоолыг баталсан байна. Иймд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.  Тухайн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд 2020 оны төсөвт тодотгол хийх шалтгаанаа аймгийн Засаг даргын орлогч А.Камелият танилцуулсан. Тухайн хуралдаанаар ганцхан Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг хасаагүй, хэд хэдэн төсөл, арга хэмжээний төсвийг хассан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, маргааны талаар  хэргийн оролцогч нараас гаргасан тайлбарт дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 72 дугаартай 2020 оны төсөв батлах тухай тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан  “Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын холбогдох хэсгээр 2020-2021 онд баригдах Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын нийт төсөвт 250 000 000 төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих төсвийн хэмжээг 50 000 000 төгрөгөөр тус тус баталжээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдах уг барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/589 дугаартай захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж,  даргаар  нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Е, нарийн бичгийн даргаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.А, гишүүдээр  Н.А, Б.Н, О.Е нарыг томилжээ.

Уг тендерийн урилгыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлсэн, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тендерийг нээсэн, тендер шалгаруулалтад оролцохоор нэг компани буюу “Д” ХХК нь тендер ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Тендерийг нээснээс  хойш 3 хоногийн дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын / тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан А.Г/  2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1-01/938 дугаартай  албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д” ХХК-д өгч, улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанитай захиалагчийн хувьд  Баяннуур сумын сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх  БӨАОНӨГ/202001039 дугаартай гэрээ байгуулжээ.

Барилгын ажлын гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих үндэслэлээр  барилгын ажлын зөвшөөрөл авах бөгөөд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1.6-д заасан барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах бүрэн эрхийг 35.1-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлдэг. “Д” ХХК-иас холбогдох журмын дагуу Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулж, Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад хандсан байх боловч шинээр томилогдсон Засаг даргаас тус компанид барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Энэ талаарх үндэслэлээ хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “...уг төсөл, арга хэмжээний санхүүжилт нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 92 дугаар тогтоолоор төсвийн тодотгол хийх үеэр хасагдсан.  Төсөв нь хасагдсаны дараа хууль зөрчин гэрээ байгуулах мэдэгдэл өгч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр  гэрээ байгуулсан байна. Уг тендерийг дүгнэсэн талаар Орон нутгийн өмчийн газраас аймгийн Засаг даргад  тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах талаар мэдэгдэл, албан бичиг, ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, барилгын ажлыг гүйцэтгэх  санхүүжилт нь төсвийн тодотголоор  хасагдаж, санхүүгийн эх үүсвэргүй болсон тул барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй юм.” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмаар  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дугаартай тогтоолоор Хурлын хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Баасан гарагт хуралдуулахаар тогтоож, аймгийн 2020 оны төсвийн тодотгол, орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвийн тодотголыг батлах талаар хэлэлцэх асуудлын 2-т хэлэлцэхээр тогтоожээ.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.2-т “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ:”, 34.2.1-д “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;” , 34.2.-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;”, 64 дүгээр зүйлийн  64.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “64.1.2-т “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх;” гэж тус тус заасан.

 Аймгийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд Засаг даргын өргөн мэдүүлсэн 2020 оны төсвийн тодотголын төслийг Засаг даргын орлогч А.К танилцуулахдаа төсвийн тодотгол хийх болсон үндэслэлийг “...2020 онд дэлхийн бүх улсыг хамарсан цар тахлын улмаас 2020 оны төсөвт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн орлого буурсан, Улсын Их Хурлаас орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний орлогын зардлыг хассан” гэх нөхцөл байдалд холбогдуулж тайлбарлан, дээрх шалтгаанаар орон нутгийн төсвийн зарим ангиллын зардлыг болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний зардлаас 962.9 сая төгрөгийг хасахаар төсвийн тодотголыг боловсруулсан байх ба гэрээ нь хийгдээгүй, тендер зарлагдаагүй гэх үндэслэлээр орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Өлгий,  Дэлүүн,  Баяннуур,  Ногооннуур сумдад хэрэгжих нийт 11 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих  нийт 962.9 сая төгрөгийн төсвийг тодотгохоор тооцсон байна.  Дээрх 11 төсөл, арга хэмжээний нэг нь  Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтөл барих ажил байх ба уг ажлын 2020 онд санхүүжүүлэх нийт  50 000 000  төгрөгийг хасахаар төсвийн тодотголын төсөлд оруулсан нь Хурлын  хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

  Засаг даргын өргөн мэдүүлсэн 2020 оны төсвийн тодотголыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар баталж шийдвэрлэснээр уг ажлын тендерийн нээлт хийсэн тухайн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн Хурлын 92 дугаар тогтоолын холбогдох хэсгээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын 2020 онд санхүүжих 50 000 000 төгрөгийн төсөв хасагдсан байжээ.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно:” гэж, үүний 34.3.1-д “санхүүжүүлэх хэмжээ нь багасахаар, эсхүл хасагдахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан;, 34.3.2-т “тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй;” гэж тус тус заасан ба  Баяннуур сумын Цэцэгт багийн бага  сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагчаас “Д” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Хурлаас 2020 оны төсвийн тодотгол хийхээс өмнө “Д” ХХК-тай захиалагч талаас гэрээ байгуулаагүй, дээрх байдлаар уг ажлын 2020 онд санхүүжих нийт 50 000 000 төгрөгийн төсвийг хасагдахаар эрх бүхий этгээдээс төсвийн тодотголын төсөлд тусгаж, Хуралд өргөн мэдүүлснээр уг ажлын тухайн онд санхүүжүүлэх төсвийг Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоолын холбогдох хэсгээр хассан нь Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

Тендерийг нээсний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан журмаар тухайн тендер мөн зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх бөгөөд 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”,   28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” гэж  заасан ба эдгээр нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар үнэлгээний хорооны хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах юм.

Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэж заасан ба  Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөл барих ажлын тендер хүчинтэй байх эцсийн хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байна.

Уг  тендерийг нээсэн тухайн өдөр дээрх байдлаар аймгийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоолын холбогдох хэсгээр уг барилга барихад 2020 онд олгогдох нийт 50 000 000 төгрөгийн санхүүжилтийг  хассан байх ба энэ үндэслэл шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуульд заасан журмаар хянах, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах ажиллагааг үнэлгээний  хорооноос хийж хэрэгжүүлээгүй нь, уг асуудлыг хэлэлцэхээр үнэлгээний хороо хуралдаагүй нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 01/77 дугаар албан бичиг, гэрч тус газрын дарга Т.Н, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А, гишүүн Б.Н, О.Е, Н.Е нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Үнэлгээний хорооны дарга Д.Е нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “...тендерийн нээлт хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш үнэлгээний хорооны бүрэлдэхүүн миний ажлын өрөөнд хуралдсан. Уг хуралдаанд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А, гишүүн Б.Н нар оролцсон. Гишүүн Н.Е нь ажилтай байна, оролцож чадахгүй гэж хэлж, үнэлгээний хорооноос гарах шийдвэртэй санал нэг байна гэдгээ мэдэгдсэн. Гишүүн О.Е оролцоогүй. Нарийн бичгийн даргаас нэг компаниас тендерийн материал ирүүлснийг танилцуулсан, энэ нь “Д” ХХК байсан бөгөөд тус компани нь тендерийн бичиг баримтад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хэлэлцүүлсэн.  Нарийн бичгийн дарга Д.А тендерийн бичиг баримтыг танилцуулсан ба  тухайн үед “Д” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж дүгнэж, ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан.

 Үүний дараа нарийн бичгийн дарга Д.А нь үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг бичгээр боловсруулж албажуулах үүрэгтэй байсан боловч албажуулаагүй  юм.” гэж мэдүүлсэн боловч тендерийн нээлт хийсэн тухайн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Д” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулж, үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан гэх  үйл баримт хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ”Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.” гэж заасан ба “Д” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн файлыг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр татаж үзсэн нь /задалсан нь/ энэ талаарх гэрч үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Ансаганы мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн  Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 01/109 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн энэ талаарх холбогдох баримт, шүүхээс Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох хэсэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, системийн үндсэн цэсийн “Тендер шалгаруулалтын урилга, үр дүн” гэсэн хэсэгт бүртгэгдсэн мэдээллээр тус тус тогтоогдсон.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.” гэж заасан ба Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын Дөрвийн 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана.”,4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан нь  үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.” гэж, хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсэг зурна.” гэж  тус тус заасан.

Мөн журмын Гурвын 3.5.2-т “Үнэлгээний хорооны дарга нь хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах.”, 3.5.3-т “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдүүлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах “гэж тус тус заасан.

Уг журмын дагуу үнэлгээний хорооны хуралдааныг товлох эрх бүхий этгээдээс тендерийг нээсэн тухайн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянах үзэх, үнэлгээ хийх хуралдааныг товлон зарлаагүй нь, ингэснээр үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас хуралдааны товыг зарлан мэдүүлэх, хуралдааныг зохион байгуулах  ажлын шаардлага мөн өдөр үүсээгүй нь, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болсон үнэлгээний хорооны даргын ажлын өрөөнд болсон гэх хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О.Ертай, Н.Ерлан нар оролцоогүй нь, нарийн бичгийн дарга Д.А нь мөн өдөр тендерийг нээсэнтэй холбоотойгоор тендер ирүүлсэн компанийн тоо, үнийн саналтай холбоотой мэдээлэл өгөхөөр үнэлгээний хорооны дарга Д.Е ажлын өрөөнд очсон нь, мөн өдөр “Д” ХХК-ийн цахим тендерийн материалыг системээс татаж үзээгүй буюу задлаагүй нь, тухайн үед өөр асуудлаар үнэлгээний хорооны  даргын өрөөнд гишүүн Б.Н очсон нь, гишүүн Б.Н, О.Е, Н.Е нарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний хорооны хуралдаан болох талаар тов мэдэгдээгүй нь, гишүүн Н.Е мөн өдөр үнэлгээний хорооны даргад тендерийн үнэлгээтэй холбоотой гаргах саналыг дэмжихээ урьдчилж илэрхийлж, хуралдаанд оролцож чадахгүй гэх санал хүсэлт гаргаж байгаагүй нь гэрч үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А, гишүүд Б.Н, О.Е. Н.Е нарын мэдүүлэг болон хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Тухайн тендер шалгаруулалтад нэг компани тендер ирүүлсэн ч уг тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан эсэх,  шаардлагад нийцсэн эсэхийг хуулийн 27.3-т зааснаар хянан үзэх бөгөөд шаардлагад нийцсэн гэж үзсэн тохиолдолд  хуулийн  28.1-д зааснаар тендерт үнэлгээ хийхээр зохицуулагдсан.

“Д” ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлэх, тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэх талаар үнэлгээний дүгнэлтийг үнэлгээний хорооноос гаргаагүй нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тендерийн үнэлгээ хийж, нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт гаргасан, энэ талаарх дүгнэлтийг үнэлгээний хорооны нарийн бичгийн  даргаас бичгээр гаргаж албажуулаагүй гэх үнэлгээний хорооны даргын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт дурдсан үйл баримтууд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Үнэлгээний хороо нь дээрх байдлаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байхад  нарийн бичгийн дарга Д.А, гишүүн Б.Н нарыг оролцуулж үнэлгээний хорооны хуралдааныг хийсэн гэх гэрч үнэлгээний хорооны дарга Д.Е тайлбар, мэдүүлэг нь “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын Дөрвийн 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана.”,4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан нь  үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.” гэж тус тус заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үнэлгээний хорооноос хянан үзэж, үнэлээгүй, тус компанийг Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийг барих ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан талаар үнэлгээний дүгнэлт гаргаагүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөөгүй байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1-01/938 дугаартай  албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д” ХХК-д өгч, улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанитай захиалагчийн хувьд  ажил гүйцэтгэх  БӨАОНӨГ/202001039 дугаартай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасантай нийцээгүй байна.

Дээрх байдлаар “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооноос хуулийн[1] 27, 28 дугаар зүйлд зааснаар хянан үзэх, үнэлэх ажиллагаа хийгээгүй байхад  хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчиж, захиалагчаас “Д” ХХК-тай гэрээ байгуулсан нь   хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд тухайн худалдан авах  гэрээг  42.1-д зааснаар  хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Холбогдох хуулийг зөрчиж захиалагчаас “Д” ХХК-тай гэрээ байгуулсан нь тогтоогдсон ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг  Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар  Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэхгүй тул Баян-Өлгий аймгийн Засаг даргаас эрх бүхий этгээдийн хувьд уг барилгыг эхлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баяннуур сумын сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх  БӨАНӨГ/202001039 дугаартай гэрээг цуцлагдсаныг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 92  дугаар тогтоолын холбогдох хэсгээр уг ажлын 2020 онд санхүүжих нийт 50 000 000 төгрөгийн төсвийг хасаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай “Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан 2021 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 2.1-ийн 2.1.5-д 2021-2022 онд санхүүжүүлэх Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсөвт 250 000 000 төгрөг, үүнээс 2021 онд олгох төсвийн хэмжээг 120 000 000 төгрөгөөр баталж шийдвэрлэсэн байх боловч дээрх байдлаар “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуульд зааснаар үнэлгээний хорооноос хянаж үзэх, үнэлэх ажиллагааг хийгээгүй, уг ажлын гүйцэтгэгчээр нэхэмжлэгчийг шалгаруулсан  үнэлгээний дүгнэлт гаргаагүй, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баяннуур сумын сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх  БӨАОНӨГ/202001039 дугаартай гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байснаар “Д” ХХК нь уг ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд биш байгаа тохиолдолд  Хурлын байгууллагаас  16 дугаар тогтоол гаргаж 2021 онд уг ажлын төсвийг эхэлж олгохоор баталсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 42 дугаар зүйлийн  42.1, 42.1.2, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.1.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12,  35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн  ажлыг гүйцэтгэх  гэрээг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, 1-01/320 дугаартай уг албан бичгийг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай”  92 дугаартай тогтоолоор Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг  барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг  Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 

         

 

 

 

[1] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль