Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0690

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, мөн газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 610 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0053/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, мөн газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.         

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр: “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч ”Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Г” ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Манай компани нь тусгай зөвшөөрөл дуусахаас нэг сарын өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө ирүүлж чадаагүй гэдэг шалтгаанаа Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлд орсон гэж тайлбарлан хүсэлт гаргасан боловч төрийн захиргааны байгууллага хүлээн аваагүй, хүндэтгэн үзэх бодит шалтгаан байсан эсэхийг тодруулж сонсох ажиллагаа явуулаагүй, үүнийгээ ч хариуцагч талаас няцаагаагүй болно. Тус компани сунгуулах хүсэлтээ шуудангаар хүргүүлэхээ мэдээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусч хайгуулын лиценцээ алдаж эд хөрөнгийн болон хүч хөдөлмөр цаг хугацааны их хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг харгалзан нэхэмжлэгч хуулийн хугацааг баримтлаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг тодруулах шаардлагатай. Мөн түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөвхөн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамааруулан дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг хуулиар зохицуулж өгчээ. Хуулийн дагуу “Г” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргах байтал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад ийм эрхийг хуулиар олгоогүй гэж үзэж байна.

3.3. “Г” ХХК-ийн Улсын онцгой комисст удаа дараа хандаж байсан хүсэлтийн талаар хангалттай лавлагаа аваагүй, цахим хүсэлтийн санд шүүхээс үзлэг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулсан нь шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

3.4. ... 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хайгуулын зөвшөөрлийн хугацаа нь дуусахаар, хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь хөөн хэлэлцэх үндэслэлээр татгалзаж холбогдох ажиллагаа болон шийдвэр гаргаагүй нь бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зорилгоос хальж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн ... Бодит байдал дээр 2020-2022 он хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудалтай цаг хугацаанд ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон, иргэд хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хариуцагчаас гаргасан 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актуудыг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2.1. Нэхэмжлэгч ”Г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, мөн газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Г” ХХК нь Ө аймгийн Х сум, Ж нэртэй газар орших 12385.06 гектар талбай бүхий ашигт малтмалын XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, мөн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэжээ.

 

2.3. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 14, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна” гэх хариуг хүргүүлсэн байна.

 

2.4. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас дахин 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүсэлт гаргахад “...хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж бүртгүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна” гэх хариуг өгчээ.

 

2.5. Анхан шатны шүүх “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасан тул хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд ... хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу өгсөн шийдвэрийг илт хууль бус гэх үндэслэлгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот албан бичгүүдээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй ... мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна гэж шийдвэрлэсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасантай нийцээгүй байна.

 

2.6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.

 

2.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгосон гэж үзэхээр байна.

 

2.8.   Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах бус өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.

 

2.9. Иймд нэхэмжлэгч ”Г” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057  дугаар албан бичгүүдээр “... тусгай зөвшөөрлийн хугацааг хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. Танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй үүгээр мэдэгдье” гэх хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлтэй.

 

2.10. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 76 дугаар зүйлийн 76.1-д “Дараахь баярын өдөр нийтээр амарна” гээд 76.1.5-д “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15” гэж, 77 дугаар зүйлийн 77.1-д “Бямба, Ням гаригт нийтээр амарна” гэж, 77.3-д “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 175 дугаар Засгийн газрын тогтоолоор “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлж” шийдвэрлэжээ.

 

2.11. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нь дээрх хуульд зааснаар “Бямба” гараг байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүх нийтээр амрах өдөр байхаас гадна үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр ба дараагийн ажлын өдөр нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  байх тул “Г” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ашигт малтмал газрын тосны газрын геологи, уул уурхайн хэлтсийн даргад хандан тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг гаргасныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлаагүй гэж үзэхээргүй байна.

 

2.12. Мөн нэхэмжлэгчээс “2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны хооронд Өмнөговь аймаг руу нэвтрэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос хүссэн боловч цар тахалтай холбоотой тус аймгийг ногоон бүс байлгах зорилгоор, өвчний нөхцөл байдал хүндэрснээс, Өмнөговь аймаг тэг зогсолт хийсэн зэргээс бид явж холбогдох бичиг баримтаа бүрдүүлж чадахгүйд хүрсэн” гэх үндэслэл зааж тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

2.13. Харин Ашигт малтмалын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дугаартай албан бичиг нь … захиргааны актад хамаарахгүй” гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2.13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 610 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ