Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах Саруул дулаан СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, амарсанаа гудамж, 40в байрны 76 тоотод оршин суух, Самбуу ногооныхон овогт Дашхүүгийн Өлзий-Орших /РД:ХЕ75091017/-д холбогдох,

 

589,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагч Д.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Саруул дулаан СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, амарсанаа гудамж, 40в байрны 76 тоотод оршин суух Д.Өлзий-Орших нь 2015 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөр 589,450 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч Д.Өлзий-Оршихоос СӨХ-ны төлбөр 589,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Өлзий-Орших шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Ганьт барилгын компанитай 2007 онд гэрээ байгуулсан ч 2011 оны 3 сард байранд орсон. Байранд анх ороход доголдолтой, хүн амьдрах боломжгүй, миний болоод гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх 2017 оны 8 сар хүртэл зөрчигдсөн. Байр байнга хасах грудастай, энэ талаар орон сууц барьсан компани Ганьт ХХК, СӨХ-д уламжлахад арга хэмжээ авдаггүй. Аргагүйн эрхэнд бид мэргэжлийн хяналтын газар хандсан. Мэргэжлийн хяналтын газраас Ганьт ХХК-д зөрчил арилгахыг үүрэг болгосон ч биелүүлээгүй. Ганьт ХХК анх СӨХ-г байгуулсан. Барилгын тухайд хуульд компани 3 жилийн хугацаанд барилгын засвар үйлчилгээг хариуцах ёстой. Ганьт ХХК дээрх үүргээс зугатаж, хамаарал бүхий этгээдүүдээр СӨХ байгуулсан. Байрны оршин суугчид Ганьт ХХК, СӨХ-д барилгын доголдлын талаар удаа дараа мэдэгдсэн ч хүлээж аваагүй. СӨХ байрны дулаалгын асуудлаар оршин суугчдын эрх ашгийг хамгаалж нэг ч удаа Ганьт ХХК-тай уулзаж байгаагүй. Бид Ганьт ХХК-ийг шүүхэд өгснөөр компанийн буруу тогтоогдсон. Ингээд 2017 оны 8 сараас байранд хэвийн амьдрах нөхцөл бүрдсэн. Байранд хүн амьдрах хэцүү байсан учраас бид Ганьт ХХК болон СӨХ-той байнга хэрэлдэж маргалддаг байсан. 2018 оны 3 сараас хойш хугацааны СӨХ-ны төлбөр төлнө түүнээс өмнөх төлбөрийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сайхан дулаан Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Д.Өлзий-Оршихдхолбогдуулан 2015 оны 10 сараас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 589,450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...тухайн орон сууц нь доголдолтой, хүн амьдрах боломжгүй учраас манай гэр бүлийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн. Энэ талаар СӨХ-д шаардлага тавихад арга хэмжээ авч байгаагүй тул шүүхэд хандаж, хохирлоо барагдуулсан. Иймээс 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Д.Өлзий-Орших нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40в байрны 76 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба зохигч маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Сайхан дулаан СӨХ нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 40а,в,c,d байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр олгосон 243 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Сайхан дулаан СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр олгосон 243 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч Сайхан дулаан СӨХ нь 2017 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 40а,в,c,d байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах эрх, үүрэг үүссэн байх тул энэ хугацаанаас хойш сууц өмчлөгч нараас СӨХ-ны төлбөрийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.

 

Хариуцагч Д.Өлзий-Орших нь 2007 онд Ганьт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус орон сууцыг бариулж, 2011 онд хүлээн авснаас хойш тус орон сууцанд амьдарч байх ба орон сууц нь биет байдлын доголдолтой байсан учраас Ганьт ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж доголдол арилгахад гарсан зардлыг гаргуулан авсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 233 дугаартай магадлалаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Өлзий-Орших нь Ганьт ХХК-иас тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба энэхүү шийдвэр ньнэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн орон сууцны СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч Д.Өлзий-Орших нь 2017 оны 03 дугаар сараас хойшхи хугацааны өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байх тул 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 337,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 251,750 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Өлзий-Оршихоос 337,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сайхан дулаан сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 251,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзий-Оршихоос улсын тэмдэгтийн хураамжинд 10,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчСайхан дулаан Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА