| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03656/И |
| Дугаар | 490 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Т.Х-д холбогдох
/ /
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.710.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь Т.Х-тай 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18-036 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, булан, хэв гэх мэт нийт 460 ширхэг барилгын туслах материалыг Их тэнгэр аманд Их тэнгэр хаус барихад ашиглах зорилгоор түрээслүүлсэн. Т.Х нь барилгын туслах материалыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түрээслэн авч, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 78 хоног ашигласан боловч түрээсийн төлбөр болох 6.637.800 төгрөг, бараа материалыг засварласан төлбөр 819.000 төгрөг, актын төлбөр 170.000 төгрөг, нийт 7.626.800 төгргөөс 3.153.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.473.800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4.473.800 төгрөг, алданги 2.236.900 төгрөг, нийт 6.710.700 төгрөгийг хариуцагч Т.Х-аас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Т.Х-т холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.710.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Т.Х, “Х” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18-036 дугаар “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний дагуу түрээслэгч Т.Хнь барилгын туслах материал түрээслэсний төлбөрт нийт 7.626.800 төгрөг төлөхөөс 3.153.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.473.800 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хүлээн авсан бараа материалын акт, Зарлагын падаан, Орлогын падаан гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч Т.Х-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.473.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК -д олгох нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасантай нийцэж байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т “түрээслэгч түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Х-с 2.236.900 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК -д олгох нь зүйтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Х-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.710.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс хариуцагч Т.Х-т нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Х-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.710.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 122.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 122.325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД