| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0475/И |
| Дугаар | 604 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 604
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүх бүрэлдэхүүн А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумд оршин суух, Д.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багт оршин суух утас А.У-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч А.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, иргэдийн төлөөлөгч С.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3000000 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 25-нд Ховд аймгийн Манхан сумын нутагт иргэн Д.Б-д хөлсөөр эвдэрсэн машин ачиж байх үед иргэн А.У- зам тээврийн осол гаргаж араас ирж мөргөж иргэн Б- нас барж, иргэн Э- би хүнд гэмтэл авч эмнэлгээр явж байна. Суурь яс гэмтэж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн шүүх хуралдаан зарлагдаж 2016 оны 8 дугаар сарын 19-нд ирж уулзан хохирол гүйцэд барагдуулах боломжгүй байна гэж учир байдлаа хэлээд 3 сая төгрөгийг дараа нь төлж өгөхөөр болж харилцан тохирч гарын баримт үйлдэн нотариатаар баталгаажуулан авсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хоорондоо тохирсон төлүүлэх хохирол байхгүй гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл тохирсон ёсоор хохирлыг минь төлж өгөөгүй, холбоо тасарсан. Миний бие дахин Улаанбаатар хот руу явж эмчлүүлж байгаа. Сүүлд толгойн зургаа авахуулан эм тариа авах гэхээр мөнгөгүй болсон. Иймд энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж А.У-ос 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.У- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг байцаан шийтгэх ажиллагааны явц болон шүүх хуралдааны өмнө би өөрийн санаачилгаар хохирогч нартай харилцан тохиролцсоны үндсэнд 20250000 төгрөгийг хоёр хохирогчид хуваан өгч бүрэн барагдуулсан юм. Тухайн үед надад бэлэн ийм хэмжээний их мөнгө байгаагүй бөгөөд эд хөрөнгө барьцаалж байж банкнаас зээл гаргуулан ах дүү нараас цуглуулан байж төлж өгсөн юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхээр зохицуулсан байсан бөгөөд хохирлын талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Э-т учирсан бодит хохирол миний төлж өгсөн 12000000 төгрөгийн бараг тал хувьд ч хүрэхгүй, нотлох баримтууд хангалтгүй байсан боловч би хохирогч нартай сайн дураар эвлэрэн тэдний өөрсдийн санал болгосноор хүнлэг сэтгэл гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үл харгалзан хохирол иргэний нэхэмжлэлийг үл маргах журмаар Д.Э-т 12000000 төгрөгийг мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны өмнө төлж өгсөн билээ. Энэ талаар Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар бүхий шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “шүүгдэгч А.У- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Э-т 12000000 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх нарт 7250000 төгрөг төлсөн болохыг дурдаж хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах зүйтэй” гэж тодорхой тусгасан байна. Хохирогч нар энэхүү шийтгэх тогтоолын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан тус шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй боловч давж заалдах гомдол гаргаагүй, шүүх хуралдааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар өгсөн байдал нь тухайн үед иргэний нэхэмжлэл болон хохирлоо бүрэн барагдуулж авснаа илтгэсэн хэлбэр юм. Нэхэмжлэгч Д.Э- эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө надтай хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар сайн дураар тохиролцоогүй тохиолдолд миний бие дээрх 12000000 төгрөгийг шууд өгөлгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол, иргэний нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бололцоотой байсан юм. Гэтэл тухайн үед хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар надтай сайн дураар эвлэрч 12000000 төгрөг төлж өгснөөр Д.Э- цаашид нэхэмжлэх зүйлгүй, үүгээр энэхүү асуудлыг дуусгавар болохоор тохиролцсон иргэний нэхэмжлэлийн талаар үл маргаж нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэн шүүхээр хэргийг шийдвэрлүүлэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа ийнхүү уг хэрэгтэй холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Энэхүү нэхэмжлэлээр нэхэмжилж буй 3000000 төгрөгийн хувьд дээрх 12000000 төгрөг дотор багтах бөгөөд би өмнө нь буюу мөрдөн байцаалтын шатанд 9000000 төгрөг өгсөн байсан бөгөөд анхан шатны шүүх хурал болох өдөр шүүх хуралдааны өмнөх үлдсэн 3000000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн юм. Энэхүү хэргийн улмаас бусдад учирсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг давхар шийдэж энэ асуудал нэг мөсөн дуусгавар болсныг тодорхой тусгасан шүүхийн хүчин төгөлдөр буюу шийтгэх тогтоол гарсан байх тул энэ энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй гэж үзнэ. Иймд Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Аваарт орсон бие махбодын хохирлоо нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Аваарт орсноос болж аав, ээж зээл авч эмнэлэгт үзүүлсэн, эхнэр маань хүртэл цалингийн зээл авсан. Эмч нар Улаанбаатар хот руу очиж үзүүлж шинжилгээ өгч, томографын зураг авахуул гэсэн одоо хот руу очиж чадахгүй байгаа. Өөр арга байхгүй болохоор хохирлоо нэхэмжилж шүүхэд өгсөн. Энэ хүмүүсээс авсан мөнгө хүрэхгүй байгаа. Ажил хийж чадахгүй, гэртээ хэвтэж байгаа. Хохирлоо бүрэн төлсөн бол энэ нотариатаар баталгаажуулсан баримт юу вэ? Нотариатад хугацааг нь хүртэл зааж өгсөн байна. Эрүүгийн шүүх хуралдаанд болох гэж байхад миний өмгөөлөгч надад хэлж ойлгуулахдаа баримт бичээд өгчих хамгийн гол нь нотариатаар баталгаажуулсан болохоор дараа нь баталгаатай мөнгөө авч чадна гэж хэлж байсан болохоор эрүүгийн шүүх хуралдаанд хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэж баримт бичиж өгсөн байна. Эрүүгийн шүүх хуралдаанаас хойш надтай нэг ч удаа уулзаагүй бүр сүүлдээ шүүхэд өгсөн гэхэд утастаж дарамт үзүүлсэн. Хохирлоо бүрэн төлж өгнө гэж би энэ хүнтэй ирж уулзахад надад үл тооцон байдлаар харьцсан. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.У-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хохирогч тал хохирлын бүрэн барагдуулсан байгаа. Тухайн үед нотлох баримтын хүрээнд шүүх шийдсэн бол энэ хүртэл асуудал гарахгүй байсан байх. Бид хохирлоо бүрэн төлсөн, тухайн өдөр 3 сая төгрөг бэлэн авсан гэсэн гарын баримтаа өгсөн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
-Хариуцагч А.У- болон нэхэмжлэгч Д.Э- нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээнд “...Д.Э- нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын улмаас хүнд гэмтэл авсан. Иймд дараах нөхцөлөөр шүүгдэгч А.У- болон хохирогч Д.Э- бид дараах гэрээ байгуулж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын хохиролд 3000000 төгрөг өгч авахаар харилцан тохиролцов. Дээрх нэхэмжилсэн 3000000 төгрөгөөс гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, төлөх хугацаа нь А.У- нь Д.Э-т 2016 оноос 2018 оны хооронд төлж барагдуулан. Хэрэв хугацаандаа 3000000 төгрөг төлөхгүй бол шүүхээр маргаан шийдвэрлүүлнэ” гэж харилцан тохиролцож гарын үсэг зуран нотариатаар гэрчлүүлсэн байна.
Хариуцагч А.У- нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмалд өөрийн өмчлөлийн Тоёото Пруйс-11 маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Б-ы амь насыг хохироосон, хохирогч Д.Э-ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болох нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Энэ 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Хохирол төлбөрөө барагдуулж авсан. Бид нар харилцан тохиролцож ярилцсан. Миний чих дүлий цаашид өөрөө өөрийгөө эмчлүүлээд явъя гэж бодож байна. Хүнийг зовоох бодолгүй байна....” гэсэн ба улмаар энэ шийтгэх тогтоолтын тогтоох хэсгийн 3-д “Шүүгдэгч А.У- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Э-т 12000000 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх нарт 7250000 төгрөг төлсөн болохыг дурдаж хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай” гэсэн байна.
Хариуцагч А.У- нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Зохигчдын хооронд байгуулсан гэрээн”-ий дагуу мөн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3 сая төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-т өгснөөр “Д.Э- нь А.У-ос 3 сая төгрөг авсан нь үнэн болно” гэсэн гарын баримт бичиж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч нэхэмжлэгч Д.Э- нь “шүүхэд А.У-ын ялыг хөнгөлөхөд хэрэгтэй гэсэн тул, мөн нэгэнт гэм хорын хохирол 3 сая төгрөгийг 2016-2018 он хүртэл төлж өгнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт өгсөн болохоор А.У-ийн хэлснээр гарын баримт хийж өгсөн маань үнэн гэсэн” байна.
Хариуцагч А.У- 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.Э-т гэм хорын хохирол 3 сая төгрөгийг 2016-2018 он хүртэл төлж өгнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт өгсөн мөртлөө мөн өдөр 3 сая төгрөгийг хэрхэн яаж төлж барагдуулсан нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа байдал болон эрүүгийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э- “бид нар харилцан тохиролцож ярилцсан” гэсэн байдал зэргийг харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч А.У-ос гэм хорын хохирол 3000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.У-ос улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-ийг тус тус баримтлан хариуцагч А.У-ос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3000000 (гурван сая) төгрөгийг гаргуулан Д.Э-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.У-ос 62950 (жаран хоёр мянга есөн зуун тавин) төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК