Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1455

 

 

 

 

 

 

 

 

      2022           11         28                                          2022/ШЦТ/1455   

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03097 1783 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт \

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ХМК 58 дугаар байрны гадна талын сагсны талбай дээр М.Бэтэй маргалдаж, улмаар сагсны бөмбөг нүүр рүү нь шидэж, гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1336 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.М.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ХМК 58 дугаар байрны гадна талын сагсны талбай дээр хохирогч М.Бэтэй маргалдаж, улмаар сагсны бөмбөг нүүр рүү нь шидэж, гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохин эрүүл мэндэд нь “амны зүүн хэсэгт шарх, баруун тохой, дал, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч М.Бийн “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн ойролцоох 58 дугаар байрны сагсны талбай дээр сургуулийн 2 дугаар ангийн хүүхэдтэй гар бөмбөг тоглож байтал цаана сагсан бөмбөг тоглож байсан үл таних хүүхэд шалтгаангүйгээр тоглож байсан сагсны бөмбөгөөрөө толгой руу нэг удаа цохиод би ухаан алдсан. Би Д.Мтой маргалдаж муудалцаагүй. Сагс тоглож байхад нь хажууд нь гар бөмбөгийн бөмбөг унахаар нь аваад өг гэхэд авч өгөхгүй дугарахгүй байхаар нь бөмбөг аваад өгчихгүй гэж хэлэхэд уурлаад намайг бөмбөгөөр цохисон. ...Надад одоо гомдол санал байхгүй, Д.М надад хохиролд 1.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх15-17/,

- гэрч А.Үүрийнцолмонгийн “...Би Д.Мын зодсон гэх хүү М.Бэ болон түүний ээжтэй уулзаж, уучлалт гуйгаад Мөнгөнгүүр эмнэлэгт М.Бийг өөрийн зардлаар 7 хоног хэвтүүлж эмчлүүлсэн. Мөн эмчилгээний зардал, хохиролд 1.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх19/,

            - 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, шүүгдэгч Д.Мын: “...сагсны талбай дээр сагс тоглож байхад сүүлд нэрийг нь мэдэж танилцсан М.Бэ гар бөмбөг тоглож байгаад бөмбөг нь сагсны талбайн хажуу хэсэг рүү унасан ба намайг бөмбөг аваад өг гэхээр нь би юм дуугараагүй сагс тоглож байхад М.Бэ “ээ бөмбөг аваад өгчихгүй” гээд гээд байхаар нь би дөхөж очоод М.Бийг сууж байхад толгой руу нь сагсны бөмбөгөөр нэг удаа цохисон ба миний урдаас босоод ирэхээр нь би гараараа ам хэсэг рүү нь 1 удаа цохисон. М.Бэ гэх хүүхэд газар унасан, өөр маргаан болоогүй. Дараа нь би М.Бээс уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн, манай ээж А.Үүрийнцолмон Мөнгөнгүүр эмнэлэгт М.Бийг хэвтүүлээд хохирлын мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх49/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх8-10/ зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12091 дугаар шинжилгээний дүгнэлтэд “М.Бий биед амны зүүн хэсэгт шарх, баруун тохой, дал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх24-25/, Уг дүгнэлттэй холбоотой шинжээч Э.Эрхэмбаяр мэдүүлэхдээ “...амны зүүн хэсэгт шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун тохой, дал, нуруунд гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ./хх27/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг сагсны бөмбөг болон гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Д.М нь хохирол төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.М нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

12. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ. Шүүгдэгчийн хувьд хэдий 18 нас хүрсэн боловч 12 дугаар ангийн сурагч, гэм буруугаа ойлгож байх тул түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх прокурорын санал үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв. 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар шүүгдэгч Д.Мыг 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг диск бичлэгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР