Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

С.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр С.Бт холбогдох эрүүгийн 1914003330216 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

С.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-22-11 тоотод тоотод 2019 оны 04 сарын 14-ний өдөр Г.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Бт хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хохирогчийн толгойн рентген зураг болон хохирлын баримт бүхий бичгийн нотлох баримтыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зураг болон бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэлдээ: С.Б нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүрээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргаж дээрх саналыг С.Бт танилцуулан харилцан зөвшилцөж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс прокурорын саналыг харгалзан үзэхгүй прокурорын саналаас өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байх тул Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн нахан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-22-11 тоот дахь Г.Бын гэрт, Г.Быг эрүү, нүүр орчим гараараа цохих, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Дээрхи үйл баримт нь эрүүгийн 1914003330216 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б, гэрч Ш.Эрдэнэчимэг, Д.Энхтуяа,Т.Ганчимэг, Б.Арвинбуян нарын мэдүүлэг, “...Г.Бын биед доод эрүүний шонтон ясны хугарал,тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод эрүүнд цус хуралд, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах...” талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 252 тоот дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлийг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл бүхий, зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Харин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч С.Б, хохирогч Г.Б нарын саналыг Прокурор хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах саналаа С.Бт танилцуулан харилцан зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан С.Б, Г.Б нарын санал, хүсэлтүүд, Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх С.Бт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үзэл баримтлалтай нийцээгүй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус, тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Быг хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй “гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж ,

4 дэх заалтад “, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэснийг “С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ