Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2021/0069/З |
Дугаар | 110/ШШ2021/0022 |
Огноо | 2021-04-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 110/ШШ2021/0022
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Байым-Харахас овогт Идкейн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М, түүний өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Б суманд хүүхдийн нэг цэцэрлэг ажилладаг ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын Засаг дарга С.Б нь албан өрөөндөө 10:00 цагт дуудахад би очсон. Энэ үед надад сумын төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн баталсан гэж тэр өдөр гаргасан А/01 дугаартай захирамжийг үзүүлж нэг хувийг өгч, “Танай цэцэрлэгт шинээр нягтлан бодогч нэг хүний бүтэц орон тоог нэмж баталлаа. Засаг даргын Тамгын газарт цэцэрлэг болон соёлын төвийг хариуцаж ажиллаж байсан нягтлан бодогч С.Гг цалин төсөвтэй нь хамт цэцэрлэгт өнөөдрөөс эхлэн шилжүүлж байна. Чи авч сайн ажиллуул.” гэж хэлсэн. Дараа нь 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М нь намайг дуудаж, “Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг үндэслэж манайд нябогоор ажилладаг С.Гг танай хүүхдийн цэцэрлэгт шинээр бий болсон нягтлан бодогчийн бүтэц орон тоонд ажиллуулахаар өнөөдөр Б/06 дугаартай тушаалаар цалинтай нь хамт шилжүүлж байна. Өнөөдрөөр тасалбар болгон ав.” гэж үүрэгдэн өөрийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 06 дугаартай тушаалыг уншиж өгсөн ба Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогчийн цалингийн сан хасагдаж, сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмэгдэж батлагдсан гэж тайлбарласан. Би цалин төсвийг хэзээ шилжүүлж өгөх вэ? гэж асуухад, “01 дүгээр сарын 08-ны өдрөөс тасалбар болгон шилжүүлж байна.” гэсэн. Би нэгэнт сум орон нутагтаа захирагддаг болохоор дээрх хоёр даргын А/01, 06 дугаартай захирамж, тушаалуудыг үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тушаалаар С.Гг хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор томилсон юм. Гэтэл С.Ггийн цалин төсөв 2-3 сар болсон ч цэцэрлэгт шилжиж ирээгүй. С.Г чөлөө аваад явсан болохоор оронд нь хүн ажиллуулах боломжгүй, цэцэрлэгийн төсөв хүрэлцэхгүй, цалин олгож чадахгүй учраас сумын Эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогч Х.Хад түр хавсран гүйцэтгүүлсэн. Цалин төсвийн талаар асуухад “Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн төрийн сан мэднэ.” гэж эцэст нь сумын Засаг дарга С.Б болон Засаг даргын Тамгын газрын дарга З.М нар хэлсэн. Хоёр сар нягтлан бодогчийн цалинг гаргасны дараа цэцэрлэгийн төсөв хүрэлцэхгүй болохоор нь дарга нарт төсөв хүрэлцэхгүй байгаа талаар мэдэгдсэн. Би Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Х.Еоос асуухад “Б сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй.” гэж хэлсэн ба төрийн сангийн мэргэжилтэн Ж.А нь манай сумын цэцэрлэгийн орон тоо бүтцийг хүснэгтээр гаргаж өгсөн бөгөөд тэр хүснэгтэд “нябо-0” гэж тэмдэглэгдсэн байсан. Дараа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “...цэцэрлэгийн төсөв хүрэлцэхгүй байна. Цэцэрлэгт нягтлан бодогч авч ажиллуул гэж авсан байгаа гэж мэдэгдэхэд, аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар 3 удаа намайг зөвлөгөөнд оруулж, “...яагаад орон тоог нь батлаагүй байхад нягтлан бодогч авч байгаа вэ, та ажилд авсан болохоор төсвөө өөрөө хариуцна. Б сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй.” гэхээр нь С.Гг цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, сумын Тамгын газрын даргын мэдэлд буцаагаад шилжүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-01/17 дугаартай албан бичиг болон 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-01/352 дугаартай албан бичгийг өгсөн. Тухайн 2-01/352 дугаар албан бичигт “Танай сумын Санхүүгийн албанд ажиллаж байсан С.Г нь ажил төрлийн дахин зохицуулалтын байдлаар боловсролын анхан шатны нэгжид ажиллах болсонтой холбогдуулан С.Гг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /хуучин нэрээр Цэцэгт багийн бага сургууль/-ийн нягтлан бодогчоор томилж цэцэрлэгийн нягтлан бодогчийг хавсруулан ажиллуулах зохицуулалтыг даруй хийж, ажилтай болгохыг үүгээр мэдэгдье. С.Г нь жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авч ажилд орж байгаа байдлыг хуулийн дагуу харгалзан үзэх нь чухал байна” гэсэн байна. Тухайн үед би С.Гд “Чи цалингаа 3 дугаар сургуулиас авч, манай цэцэрлэгийн ажлыг хавсран гүйцэтгээрэй.” гэж хэлсэн. Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль хөдөө байдаг болохоор би орон байр, ширээ сандлаар хангаж өгье гэж хэлэхэд, С.Г зөвшөөрсөн тул цэцэрлэгийн нягтланг хавсран гүйцэтгэх тушаал гаргаад өгсөн. Дараа нь Засаг дарга С.Б болон Тамгын газрын дарга З.М намайг дуудаад, “Та С.Гг заавал цэцэрлэгээс цалинжуулах ёстой. Хэрэв цалинжуулахгүй бол таныг шүүхэд өгнө.” гэсэн, би “Манай цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, төсөв ч байхгүй. Илүү орон тоо байна.” гэж хэлж байсан. Уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд бүтэн жил маргаж эцэст нь С.Г ялж, сумын Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор орохоор шийдвэрлэгдсэн байгаа. Гэтэл цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, цалингийн төсөв байхгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлж, хохироохоор боллоо. Энэ бүх байдалд буруутай нь Б сумын Засаг даргын А/01 дугаар захирамжийн манай хүүхдийн цэцэрлэгт “нягтлан бодогч-1” гэж нэмсэн хэсэг болон захирамжийг үндэслэн 2019 онд гаргасан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 06 дугаартай тушаал юм. Дээрх захирамж болон тушаал нь хуулийг ноцтой зөрчиж гаргасан эрхийн акт байгааг иргэний хэргийн шат шатны тайлбарласан боловч уг шийдвэрүүд нь хууль бус эрхийн акт байсан зэргийг захиргааны хэргийн шүүхээр тогтоолгоогүй байна гэж тайлбарласан.
Ингэснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад би гомдол гаргасан юм. Үндэслэл нь “Б сумын Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогч-1” гэж нягтлан бодогчийн нэг хүний орон тоо бий болгож сумын Засаг даргаас А/01 дугаартай захирамж гаргасан. Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй бол А/01 дугаартай захирамжийн Хүүхдийн цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй тооцож өгөхийг хүсэхэд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаартай захирамжаар сумын Засаг даргын 2019 оны А/01 дугаартай захирамжийг хүчингүй болгосон юм. Манай байгууллагын төсөв хүрэлцэхгүй байгаа учраас С.Гд цалинг олгоогүй. Иргэний хэргийн шүүхээс С.Ггийн ажилгүй байсан хугацааны цалинд 15 000 000 төгрөг гаргасан байгаа. Уг төлбөрийг манай хүүхдийн цэцэрлэгийн төсвөөс барагдуулах боломж байхгүй. Тиймээс Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын хариу болох Ерөнхий шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/4346 дугаартай албан бичгийг
2020 оны 11 дүгээр сарын 19-нд хүлээж нэхэмжлэлээ гаргаж байгаа болно гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:
Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Гг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолын дагуу 2015 онд Тамгын газрын Санхүүгийн албаны Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилон ажиллуулж байсан юм.
2019 оноос Санхүүгийн албанд ажиллаж байсан нягтлан бодогч нарыг чөлөөлж, өмнө нь ажиллаж байсан байгууллагуудад буцаагаад ажиллуулсан. Чөлөөлсөн үндэслэл нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Сангийн сайдын албан тоотоор 2019 оны төсөв хүргүүлэх тухай гэсэн утгатай албан бичиг ирсэн. Уг албан тоотын 6 дахь заалтад “Сумын санхүүгийн албанаас нягтлан бодогч нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлнэ.
Өмчийн ашиглалт хамгаалалт бүртгэлийг сайжруулах зорилгоор сумын санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагуудад шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийнэ. Нягтлан бодогч сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрөн ажилласнаар сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудад нягтлангийн хараа хяналт алдагдах асуудал гарч байна.” гэж чиглэл өгсний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-01/17 тоот албан бичгээр бүх сумдын Засаг дарга нарт “...нягтлан бодогчид сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрөн ажилласнаар сумын сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад нягтлангийн хараа хяналт алдагдах асуудлууд гарсан. Өмчийн ашиглалт хамгаалалт, бүртгэлийг сайжруулах, нягтлан бодогч нарын ажлын ачааллыг багасгах зорилгоор сумын санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийж, 2019 оны төсөвт сургуулиудад нэг нягтлан бодогчийн цалинг төлөвлөсөн болно. Нягтлан бодогч бүр нэг сургууль, нэг цэцэрлэгийг хариуцан ажиллах тул мөрдөж ажиллахыг мэдэгдье.” гэсэн албан тоот ирүүлснийг үндэслээд маргаан бүхий тушаалыг гаргасан. Гэхдээ уг тушаалыг гаргахдаа заавал энэ байгууллагад ажил гэж хэлээгүй. Зөвхөн ажлаас чөлөөлөх тушаал гаргаад, өөр өөрсдийн байгууллагад ажилласан. Мөн тухайн үеийн Засаг даргын орлогч А.Кын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...2019 оны орон нутгийн төсвийг батлах үед нь бүх сумдын Санхүүгийн албаны нягтлан бодогч нарын цалингийн төсвийг холбогдох төсөвт байгууллагуудын төсөвт нэмж баталсан. Орон нутгийн төсвийг батлах үед төсвийн танилцуулгыг Хурлын хуралдаанд би танилцуулж байсан. Энэ асуудалтай холбоотойгоор төсвийн асуудлыг хариуцан ажиллах Засаг даргын орлогч байсны хувьд сумын Засаг дарга нарт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-01/17 дугаартай албан бичгийг явуулж, 2019 оны төсөвт сургуулиудад нэг нягтлан бодогчийн цалинг төлөвлөснийг ингэснээр Санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагуудад шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх, нягтлан бодогч бүр нэг сургууль, нэг цэцэрлэгийг хариуцан ажиллахыг тус тус мэдэгдэж, албан бичиг явуулсан байгаа. Боловсролын салбарыг хариуцсан Санхүүгийн албаны нягтлан бодогч нарын хувьд тухайн сумын сургуульд нь орон тоо, төсөв нь шилжсэн бөгөөд сургуулийн нягтлан бодогч нар нь цэцэрлэгийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болсон” гэсэн тодорхой тайлбар өгсөн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст боловсролын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.Аийн гэрчийн мэдүүлэгт “...2018 оны байдлаар сургуулиудад бие даасан нягтлан бодогчийн орон тоо байгаагүй. Санхүүгийн албаны нягтлан бодогч нь дээрх байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн ажиллагааг явуулдаг байсан.
Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоол гарснаар Санхүүгийн албанд харьяалагдан ажиллаж байсан бүх нягтлан бодогч нь салбарын байгууллагуудад ажиллах болсноор Б сумын хувьд сумын 1, 2, 3 дугаар сургуулиуд нь тус тус 1 нягтлан бодогчтой байхаар 2019 оноос хойш төсвийн хуваарилалт төлөвлөгдсөн байгаа. Харин хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо хуваарилагдаагүй. Энэ байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажиллагааг Цагаан арал баг, Цэцэгт багийн аль нэг бага сургуулийн нягтлан бодогч нь хариуцаж ажиллах ёстой” гэсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч И.А төсөвгүй байсан ч С.Гг заавал ажиллуул гэсэн гэж буруу ойлгож байна.
Тухайн үед Засаг дарга Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж заасан эрхийнхээ дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамж гаргаад орон тоог баталсан. Засаг дарга орон тоог батлаад надад танилцуулахдаа өмнө нь цэцэрлэгийг хариуцан ажиллаж байсан нягтлан бодогчийг цэцэрлэгт, сургууль хариуцаж байсан нягтлан бодогчийг сургуульд нь гэх мэтээр шилжүүл гэсэн. Засаг дарга надад үүрэг өгсөн учраас би үүргээ биелүүлж, Засаг даргын А/01 дүгээр захирамжийн дагуу эрхийн акт гаргасан. Сумын Засаг даргаас сумын цэцэрлэгийн бүтэц орон тоонд нягтлан бодогчийн орон тоог нэмж баталж өгөөд цалинг төсвийн тодотголоор тусгаж өгөхөөр болсон боловч цэцэрлэгийн эрхлэгч үүнийг аймгийн Засаг даргад гомдол гаргасаар байгаад хүчингүй болгосон байна.
Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нягтлан бодогчийг ажиллуулах уу, үгүй юу гэдгийг өөрөө шийдвэрлэх ёстой. Төсөв байгаа эсэхийг мэдэхгүй ажилд томилчхоод дараа нь дахиж ажлаас чөлөөлснөөр ийм маргаан гарч байгаа.
Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогч С.Гг ажлаас чөлөөлөх тухай 06 дугаартай тушаал гарсан нь Б сумын хүүхдийн цэцэрлэгийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй. Би С.Гг шилжүүлэх тухай шийдвэр гаргаагүй, зөвхөн С.Ггийн орон тоо хасагдсан учраас түүнийг чөлөөлсөн.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, түүний эрхийг хөндөөгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:
С.Гг Б сумын хүүхдийн цэцэрлэгийг эрхлэгч 2019 оны 03 дугаар сард “орон тооны цомхотгол” гэсэн нэрийдлээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн.
Ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзээд эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогдож, шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн уг шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын эхээр албадан гүйцэтгүүлсэн юм. Би төрийн үйлчилгээний албан хаагч учраас Б сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гарч буй аливаа шийдвэрүүдийг мэдэх, танилцах, санал гаргах зэргээр түүнд нөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Ямар утгатай эрхийн акт гаргах нь сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын даргын бүрэн эрхийн асуудал гэж үзнэ.
Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэхийг хүсэж байна.
Захиргааны хэргийн шүүхэд эрх нь зөрчигдсөн хүн 1 сар эсвэл 3 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 07-нд сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М нь намайг өрөөндөө дуудаж, “Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг үндэслэж манайд нягтлан бодогчоор ажилладаг С.Гг танай хүүхдийн цэцэрлэгт шинээр бий болсон нягтлан бодогчийн орон тоонд ажиллуулахаар 01 дүгээр сарын 07-ны тэр өдөр гаргасан 06 дугаартай тушаалыг уншиж өгсөн. Үүнд Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогчийн цалингийн сан хасагдаж сумын хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмэгдэж батлагдсан тул хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогч С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй гэж бичсэн байна.” гэжээ.
Тэгэхээр тухайн маргаан бүхий актын талаар И.А 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэнээс хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. С.Г 2019 оны 03 дугаар сард нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөнөөр шүүхэд хандаж маргасан үед уг хэрэгт Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А хариуцагчаар татагдаж, өмгөөлөгчтэй оролцож байсан ба гэрч асуулгах, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлж чадаагүй. С.Ггийн нэхэмжлэл нь иргэний хэргийн 3 шатны шүүхээр явж шийдвэр нь гарч, С.Г хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллана гэдгийг нотолсон. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолоор нотлогдсон үйл баримтыг шүүх дахиж нотлохгүй. Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байна уу, үгүй юу гэдгийг өнөөдөр ярихгүй. Мөн Хүүхдийн цэцэрлэг нь төсөвт байгууллага учраас хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд И.А нэхэмжлэл гаргаж байгаа нь тул энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч И.Аийн өмгөөлөгчөөр оролцож байна. “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. С.Ггийн асуудал иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.” гэж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын хариуг авсны дараа 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.
Энэ маргааны хувьд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн Засаг даргын орлогч А.Кын албан бичгээр сумын Засаг дарга нарт 2019 онд сургуулиудад нягтлан бодогчийн цалинг төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Үүнд цэцэрлэг гэж бичээгүй. Мөн С.Гг Б сумын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчоор томилж, цэцэрлэгийн нягтлан бодогчийг хавсран гүйцэтгүүл гэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалыг хүчингүй болгохыг хүсэж байгаа. Засаг даргын Тамгын газрын дарга С.Гг ажлаас чөлөөлөхдөө Засаг даргын Тамгын газрын 2019 онд батлагдсан төсвөөс хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн цалингийн сан хасагдаад, хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмж батлагдсан гэсэн үндэслэлээр С.Гг хүүхдийн цэцэрлэгт шилжүүлж шийдвэрлэсэн. Ингэхдээ Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамж, Сангийн сайдын албан бичиг, мөн тухайн үеийн Засаг даргын орлогч А.Кын албан бичгийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа. Тухайн үед хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Аийг сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга хоёр дуудаад, сумыг удирдаж байгаагийн хувьд цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоог баталсан, цалин хөлсийг төсвөөс гаргаж өгнө гэж итгүүлсэн. Тэгээд И.А Засаг дарга болон Тамгын газрын даргын үгэнд итгээд С.Гг ажилд авсны дараа С.Ггийн цалин нь цэцэрлэгийн төсөвт шилжиж ирээгүй, түүнд олгох цалин байхгүй байсан учраас аймгийн Засаг дарга болон холбогдох дарга нарт хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргаас тухайн сумын Засаг даргын А/01 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Бусад бүх сумуудын цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй. Харин ганцхан Б сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо батлаад маргаантай явж байгаа. Одоо цэцэрлэгийн төсвөөс С.Гд өгөх ямар ч мөнгө төгрөг байхгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгээд С.Гг ажилд аваад, 1 сарын цалинг л өгсөн. Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг аймгийн Засаг даргаас хүчингүй болгосон учраас тухайн захирамжийг үндэслэн гаргасан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаал хүчингүй болох ёстой. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:
Маргаан бүхий 06 дугаар тушаалын хувьд зөвхөн С.Гг Тамгын газрын нягтлан бодогчоос чөлөөлсөн шийдвэр байгаа. С.Гг ажлаас чөлөөлсний дараа Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А өөрөө тушаал гаргасан. Тамгын газрын даргаас С.Гг хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор томилсон юм шиг ярьж болохгүй. Бага боловсролын тухай хуулийг баримталж нягтлан бодогч С.Гг өөрөө ажилд авчхаад, дараа нь өөрөө сумын удирдлагууд даалгасан гэж маргаан гаргаж болохгүй. Захиргааны актын шинжийг тодорхойлсон Захиргааны ерөнхий хууль гэж байгаа. Захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, тэрийг хянадаг. Энэ маргаан бүхий тушаал нь захиргааны акт биш учраас Захиргааны хэргийн шүүхийн хяналтын объект биш. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянах ёстой захиргааны актын 7 шинжийг заагаад өгсөн.
37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Тухайн эрх зүйн акт нь хөдөлмөрийн маргаантай холбоотой. Нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн гэдгийг нотлохын тулд нийтийн эрх зүйн хүрээнд байна уу, хувийн эрх зүйн хүрээнд байна уу гэдгийг харах ёстой. Тамгын газрын ажилтан С.Гтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчиж, өнөөдөр шүүх хуралдаан хийгдэж байна. Энэ нийтийн эрх зүй биш, хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан. 06 дугаар тушаал зөвхөн гадагш чиглэсэн С.Гг ажлаас чөлөөлсөн шийдвэр. Энд хүүхдийн цэцэрлэгийн субьектив эрхэд чиглэсэн зүйл байхгүй. Хүүхдийн цэцэрлэг энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж байгаа нь үндэслэлтэй.
Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг ноцтой зөрчсөн байна. 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Тушаал гараад 30 хоног эсвэл 3 сар болсон асуудал биш 2-3 жил өнгөрсөн байгаа. Нэхэмжлэгч тухайн Б/06 дугаар тушаалыг мэдээгүй биш тухайн тушаал гарах өдөрт нь мэдсэн. Шүүхэд гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн учраас нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх ямар ч боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхээс шийдвэр гарсны дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Урьд нь бүх байгууллагуудын нягтлан бодогч нарыг Тамгын газарт төвлөрүүлэн ажиллуулж байсан. Дараа нь 2018 оны сүүлээр 2019 оны төсвийг батлахдаа Сангийн сайдаас аймаг орон нутгийн төсвийг хүргүүлэхдээ сумын Санхүүгийн албанд байгаа нягтлан бодогч нарыг өмнө нь ажиллаж байсан байгууллагуудад тарааж, төсвийг аймгаас баталж өгнө гэж чиглэл хүргүүлсэн байгаа. Манай Баян-Өлгий аймгийн хувьд Сангийн сайдын хүргүүлсэн чиглэлийг зөрчсөн байна. Хүүхдийн цэцэрлэгт 1 нягтлан бодогчийн орон тоог баталж өгөөд төсвийн тусгаж өгөх үүргээ аймаг зөрчсөн.
Сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн бүтэц орон тооны үлгэрчилсэн нормативыг биелүүлж, байгууллага болгон дээр нягтлан бодогчийн орон тоог баталж өгсөн.
Хүүхдийн цэцэрлэгт заавал нягтлан бодогчийн орон тоо байх ёстой. Энэ асуудалд Тамгын газрыг хариуцагчаар татсан нь өөрөө буруу. Хариуцагч биш хүнийг хариуцагчаар татсан байна. Төсөв баталж өгөөгүй асуудалд Тамгын газрын дарга ямар ч хамааралгүй.
Тамгын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт ямар ч хамааралгүй. Тамгын газрын дарга төсөв батлахгүй. Тамгын газраас С.Гг ажлаас чөлөөлсөн шийдвэрт С.Г гомдол гаргаагүй. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч өмнө нь ажиллаж байсан хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрч С.Гг ажилд авсан. Дараа нь 2 сарын дараа хууль бусаар С.Гг ажлаас чөлөөлчихсөн. Үүнд нь С.Г маргаад иргэний хэргийн 3 шатны шүүхээс шийдвэр гарч Б сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилогдсон. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн эрхлэгч С.Гг нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэдгийг 3 шатны шүүхээс тогтоож өгсөн. И.А өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийн хүртэл явж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талаас Б сумын Засаг даргын 2019 оны А/01 дугаартай захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон учраас Тамгын газрын даргын 06 дугаар тушаал мөн адил хүчингүй болох ёстой мэтээр тайлбарлаж байна. Тамгын газарт бүтэц орон тоо байхгүй болсон учраас С.Гг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, өмнө нь ажиллаж байсан хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 онд Б сумын хүүхдийн цэцэрлэгийн төсвийг батлахдаа ажиллагчдын тоог 28 орон тоо гэж зааж өгөхдөө тэр дотор орон тоо тус бүрээр нь зааж өгөөгүй. Тухайн 28 орон тоо дотор нягтлан бодогчийг багтааж ажиллуулах боломжтой. Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, батлагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн тайлбар ямар ч үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
” гэж заасныг зөрчиж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар гуравдагч этгээд С.Гг Санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, цалингийн төсөв нь тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмэгдэж батлагдсан гэх үндэслэлээр тус цэцэрлэгийн мэдэлд шилжүүлжээ. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ “ ...2019 оны 01 дүгээр сарын 02, 07-ны өдрүүдэд Б сумын Засаг дарга С.Б, Засаг даргын Тамгын газрын дарга З.М нар тус тус дуудаж, сумын төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн баталсан А/01 дугаартай захирамж болон 06 дугаартай тушаалыг танилцуулж, хүүхдийн цэцэрлэгийн бүтцэд нягтлан бодогчийн нэг орон тоог нэмж баталсан тул Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч байсан С.Ггийн цалингийн төсвийг танай байгууллагад шилжүүлж байна, авч ажиллуул гэсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цалингийн төсвийг шилжүүлж байна гэж итгүүлсэн. Тамгын газрын даргын уг тушаалын дагуу би гуравдагч этгээд С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд томилсон боловч цалингийн төсөв нь манай байгууллагад шилжиж ирээгүй тул ажлаас нь чөлөөлсөн. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 06 дугаар тушаалын дагуу илүү орон тоонд хүн ажиллуулахаар Төсвийн тухай хууль зөрчигдөж, Хүүхдийн цэцэрлэгчийн төсөвт ачаалал үүсэж, төсөв хүрэлцээгүй. Ажилгүй байсан хугацааны цалинг С.Г манай байгууллагаас нэхэмжилснээр шүүхийн шийдвэрээр 15 000 000 төгрөг төлөхөөр болсон, ингэснээр төсвийн өр үүсэх, үндэслэлгүйгээр байгууллагаас мөнгө төлөх асуудал үүссэн. Иймд 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан гэх маргааны тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Б сумын Хүүхдийн цэцэрлэг нь хуулийн этгээдийн хувиар Төсвийн тухай хууль зөрчигдөж, тус байгууллагын цалингийн төсөв хэтрэх, үндэслэлгүйгээр төлбөр төлөх болсон гэх үндэслэлээр Санхүүгийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан гуравдагч этгээд С.Гг Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргасан байх ба төрийн байгууллага нь өөрийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Иймд хариуцагч талаас Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс гаргасан гэж үзэж, шүүх хүлээн авахаас татгалзах ёстой гэж маргасныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох тухай маргааны тухайд:
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргааны үйл баримт, энэ талаарх талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаартай тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулжээ. Санхүүгийн албыг байгуулснаар суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбоотойгоор аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг Засгийн газрын дээрх тогтоолоор бүх шатны төсвийн захирагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
Уг тогтоолоор батлагдсан “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив”-ийн Хоёрын 2.1-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, хүүхдийн цэцэрлэг 2 хүртэл, сургууль 1, эмнэлэг 1, соёлын төв 1 зэрэг төсвийн байгууллагууд болон орон нутгийн хөгжлийн сан, тусгай сангууд, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 2 нягтлан бодогчтой байхаар зохицуулагдсан байх ба 2.2-т хэрэв суманд дээр дурдсанаас олон тооны төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол ажлын ачааллыг харгалзан 3-5 төсвийн байгууллагын дунд 1 нягтлан бодогч байхаар орон тооны нормативыг тогтоожээ.
Хэрэгт авагдсан Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 2017 оны 34 дугаартай, 2018 оны Б/09 дугаартай “Ажил хариуцуулан ажиллуулах тухай”, 2018 оны Б/13 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” , 29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 2019 оны 04, 05, 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаас үзэхэд Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумдад Санхүүгийн алба байгуулагдсанаас хойш тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нар, хүүхдийн цэцэрлэг 1, сургууль 3, эрүүл мэндийн төв 1, соёлын төв 1 зэрэг төсөвт байгууллагуудыг хариуцан ажиллах нягтлан бодогчийн орон тоог 2015 онд гурав, 2017 онд дөрөв, 2018 оноос тав болгож ажиллуулсан байх ба 2019 оны 01 дүгээр сарын байдлаар Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодогчоор Т.Муратхан, К.Байболат, Ш.Айнур, С.Г, Х.Х нар ажиллаж байжээ.
Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив” -ийн Хоёрын 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулснаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, соёл, спортын байгууллага, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, тусгай сангууд, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 2 нягтлан бодогчтой байхаар болж, өмнөх зохицуулалтаас хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг төсөвт байгууллагууд хасагдсан байна.
Засгийн газрын энэхүү тогтоол гарахаас өмнө 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “2019 оны төсөв хүргүүлэх тухай” 4-01/7297 дугаартай албан бичиг хүргүүлсэн байх ба албан бичгийн хавсралтын 6 дахь хэсгээр сумын санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх болохыг мэдэгджээ.
Баян-Өлгий аймгийн 2019 оны төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 51 дугаартай тогтоолоор баталсан байх ба эрх бүхий этгээдээс сумын санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх болсонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-01/17 дугаартай албан бичгээр ...сумын Санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийж, 2019 оны төсөвт сургуулиудад нэг нягтлан бодогчийн цалинг төлөвлөснийг, нягтлан бодогч бүр нэг сургууль, нэг цэцэрлэгийг хариуцан ажиллах тул мөрдөж ажиллахыг мэдэгдье.” гэх агуулгатай албан бичгийг сумдын Засаг дарга нарт хаяглаж явуулжээ.
Б суманд Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль буюу нийт 3 сургууль, хүүхдийн цэцэрлэг 1, эрүүл мэндийн төв 1 ажилладаг байх ба дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаас сумын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нягтлан бодох бүртгэлийг хариуцан ажиллаж байсан Санхүүгийн албаны 4 нягтлан бодогчийг ажлаас нь чөлөөлж, холбогдох төсвийн байгууллагуудад шилжүүлж шийдвэрлэсэн байна. Үүнд Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Х.Хыг Эрүүл мэндийн төвийн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай тушаалаар Т.Муратханыг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн, 06 дугаартай тушаалаар гуравдагч этгээд С.Гг Хүүхдийн цэцэрлэгийн, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай тушаалаар Ш.Айнурыг Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн мэдэлд тус тус шилжүүлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Санхүүгийн албаны нягтлан бодогчоор ажиллах үед Х.Х нь сумын Эрүүл мэндийн төвийн, Т.Муратхан нь Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн, Ш.Айнур нь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн, С.Г нь Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцан ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Эрх бүхий этгээдээс дээрх байдлаар сумын Санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан Б сумын хувьд Санхүүгийн албаны эрүүл мэнд, боловсролын салбарыг хариуцан ажиллаж байсан 4 нягтлан бодогчийн цалингийн төсөв нь 2019 онд сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулиудад шилжсэн буюу дээрх байгууллагуудад тус бүр нягтлан бодогчийн 1 орон тооны цалинг 2019 оноос эхлэн төсөвт нь нэмж баталсан нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019, 2020, 2021 оны аймгийн төсвийг батлах тухай 2018 оны 51 дугаартай, 2019 оны 72 дугаартай, 2020 оны 16 дугаартай тогтоолуудын холбогдох хэсэг, тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5-03/228 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн дээрх төсвийн байгууллагуудын 2019-2021 оны төсвийн төслийн ажиллагсдын орон тоотой холбогдох хэсэг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5-03/244 дугаартай албан бичгийн хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-01/17 дугаартай албан бичиг, гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын төсвийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан А.К, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е, тус хэлтсийн боловсролын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны аймгийн төсвийг баталсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолын холбогдох хэсгээс үзэхэд 2018 оны цалингийн төсөвт Б сумын Эрүүл мэндийн төвд 253 216.5 төгрөг батлагдсан бол 2019 онд 326 294.3 төгрөг, 2020 онд 380 906.0 төгрөг, 2021 онд 385 776.4 төгрөг;
сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018 оны цалингийн төсөвт 889 378.5 төгрөг, 2019 онд 1 092 127 2 төгрөг, 2020 онд 1 275 350.9 төгрөг, 2021 онд 1 145 992.2 төгрөг;
сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд /хуучин нэрээр Цагаан арал багийн бага сургууль/ 2018 оны цалингийн төсөвт 133 516.7 төгрөг, 2019 онд 191 320.5 төгрөг, 2020 онд 2020 2020.6 төгрөг, 2021 онд 196 467.6 төгрөг;
сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд /хуучин нэрээр Цэцэгт багийн бага сургууль/ 2018 оны цалингийн төсөвт 81 449.9 төгрөг, 2019 онд 108 971.6 төгрөг, 2020 онд 128 704 төгрөг, 2021 онд 118 380.4 төгрөг тус тус батлагдсан буюу дээрх байгууллагуудын цалингийн төсөв нь 2019 оноос эхлэн өссөн дүнтэй байна.
2018 онд сумын Эрүүл мэндийн төвийн нийт ажиллагсдын тоо 29, үүнээс үйлчилгээний албан тушаал 7 байсан бол, 2019-2021 онуудад нийт ажиллагсдын тоо 30, үүнээс үйлчилгээний албан тушаалын орон тоо 8 болж нягтлан бодогчийн нэг орон тоо нэмэгдсэн нь;
сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2018 онд нийт ажиллагсдын тоо 130, үүнээс галчийн орон тоо 13 байсан нь 2019 онд 12 орон тоогоор цөөрч, нягтлан бодогчийн нэг орон тоо нэмэгдсэнээр 2019-2020 онд тус тус 119, 2021 онд нягтлан бодогчийн нэг орон тоотой нийлээд 123 ажлын байр байгаа нь;
сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2018 оны ажиллагсдын тоо 18, үүнээс үйлчилгээний албан тушаал 6 байсан бол, 2019-2021 онуудад нийт ажиллагсдын тоо 19, үүнээс үйлчилгээний албан тушаалын орон тоо 7 болж нягтлан бодогчийн нэг орон тоо нэмэгдсэн нь;
сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 2018 онд нийт ажиллагсдын тоо 11, үүнээс үйлчилгээний албан тушаал 3 байсан бол 2019-2021 онуудад нийт орон тоо нь 12, үүнээс үйлчилгээний албан тушаалын орон тоо 4 болж нягтлан бодогчийн орон тоо нэгээр нэмэгдсэн байна.
Түүнчлэн Б сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулиудад нягтлан бодогчийн нэг орон тооны цалинд 2019 онд тус тус 10575.7 төгрөг, 2020-2021 онд тус тус 12321.0 төгрөг, Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчийн нэг орон тооны цалинд 2019 онд 10359.5 төгрөг, 2020 онд 13051.2 төгрөг, 2021 онд 14247.6 төгрөг хуваарилагдсан нь зэрэг үйл баримтууд дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх байдлаар Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцах төсөвт байгууллагуудын тооноос сумдын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хасагдах болсон, уг тогтоол гарахаас өмнө Сангийн яамнаас 2018 оны 11 дүгээр сард сумдын санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх болохыг урьдчилж аймгийн Засаг дарга нарт мэдэгдсэн, үүний дагуу орон нутгийн төсөв батлах үед эрх бүхий этгээдээс Б сумын хувьд Санхүүгийн албанаас шилжин ажиллах 4 нягтлан бодогчийн цалингийн төсвийг тухайн 2019 онд тус сумын Эрүүл мэндийн төв болон Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулиудад хуваарилснаар 2019 оны 01 дүгээр сараас дээрх төсөвт байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцан ажиллаж байсан сумын Санхүүгийн албаны нягтлан бодогч Т.Муратхан, Ш.Айнур, Х.Х, гуравдагч этгээд С.Г нар нь Б сумын Эрүүл мэндийн төв болон Ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулиудад нягтлан бодогчоор ажиллахаар болсон байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, цалингийн төсөв хуваарилагдаагүй байх ба хүүхдийн цэцэрлэг нь боловсролын салбарын байгууллагын хувьд тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургуулийн нягтлан бодогч нарын аль нэг нь 2019 оноос хавсран гүйцэтгэхээр байгааг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.А нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх замаар тайлбарласан.
2019 оны 01 дүгээр сараас Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албанаас шилжин ажиллах 4 нягтлан бодогчийн орон тоо, цалингийн төсөв нь дээрх байдлаар сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 3 дугаар сургуулиудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 51 дүгээр тогтоолоор хуваарилагдсан байхад Б сумын Засаг даргаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” А/01 дугаартай захирамж гаргаж, 5 дугаар хавсралтаар нь тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог батлахдаа нягтлан бодогчийн нэг орон тоотой байхаар шийдвэрлэж, улмаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалаар гуравдагч этгээд С.Гг Санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө ...хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн цалин сан хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмж батлагдсан гэх үндэслэлээр түүнийг тус байгууллагын мэдэлд шилжүүлсэн нь хууль бус бөгөөд маргаан бүхий захиргааны актын ...нягтлан бодогчийн цалин сан хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмж батлагдсан гэх үндэслэл нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаал нь С.Гг Санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр бөгөөд түүнийг сумын хүүхдийн цэцэрлэгт шилжүүлээгүй. Уг тушаалаар С.Гг Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд гэж шилжүүлсэн тул тус байгууллагын эрхлэгч нь нягтлан бодогчоор авч ажиллуулах эсэхийг бие дааж шийдвэрлэх ёстой гэж маргасан боловч уг тушаал нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр байна гэж үзлээ.
Маргаан бүхий захиргааны актын агуулгаас үзэхэд энэ нь Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн цалингийн сан хасагдсан гэх үндэслэлээр гуравдагч этгээд С.Гг Санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн, уг албан тушаалын цалин нь хүүхдийн цэцэрлэгийн төсөвт нэмж батлагдсан гэх үндэслэлээр түүнийг Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулахаар тус байгууллагын мэдэлд шилжүүлсэн агуулгатай байна.
Ингэснээр сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс уг тушаалыг үндэслэн С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллуулсан;
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэх үндэслэлээр түүнийг хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэлд шилжүүлсэн;
С.Г нь Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны Б/06 дугаар тушаалыг эс зөвшөөрч нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаартай шийдвэрээр “...Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй гэж нягтлан бодогч С.Гг Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд шилжүүлсэн байна. Дээрх тушаалыг үндэслэн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А нь ажилтан С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ...Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалыг үндэслэн сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томилсон байна.” гэж үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд цалин хөлсний талаар зохицуулсан, 48.3.1-т ажил, албан тушаалын жагсаалт, 48.3.3-т хөдөлмөрийн норм, норматив гэх заалтууд нь ажилтныг ажлаас чөлөөлөхөд хамааралгүй тул уг заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, гурав хүртэлх нярай насны хүүхэдтэй С.Гг ажлаас нь чөлөөлсөн нь буруу гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон;
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 130/ШШ2020/01218 дугаартай шийдвэрээр ...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинд 15 401 761 төгрөгийг Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргаж, С.Гд олгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалаар С.Гг Санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх боловч, түүнийг Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь Санхүүгийн албаны нягтлан бодогч С.Г нь сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжин ажиллах үр дагаврыг бий болгож, нэхэмжлэгчээс түүнийг нягтлан бодогчоор авч ажиллуулах үндэслэл болсон гэж үзэхээр байна.
Нягтлан бодогчийн орон тоо, цалингийн төсөв батлагдаагүй сумын Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд С.Гг шилжүүлж шийдвэрлэсэн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар тушаалын холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаарх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.
Илүү орон тоогоор ажилтан авч ажиллуулах нөхцөлийг бий болгосон нь нэхэмжлэгчийн төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах.., 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-т заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхээ болон 6 дугаар зүйлийн 6.4.8-т заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх зарчмыг зохих журмын дагуу хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн, мөн тухайн байгууллагын цалингийн төсөв хүрэлцэхгүй байх, өр төлбөр үүсэх эрсдэлд хүргэх зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчигдөх нөхцөл байдал үүсгэснээс гадна ажлын байр нь хадгалагдсан сумын тухайн сургуульд ажиллах, эрх бүхий этгээдээс баталсан цалин хөлсөө зохих ёсоор авах гуравдагч этгээд С.Ггийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн зөрчсөн шийдвэр байна гэж дүгнэлээ.
Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь сумын Санхүүгийн албанаас сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг тухайн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан 2019 оны 06 дугаартай тушаалаар гуравдагч этгээд С.Гг Санхүүгийн албанаас нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тушаалын энэ хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин С.Гг сумын Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтууд болон Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, өр төлбөр үүсгэхгүй байх хуульд заасан бүрэн эрх буюу төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулах талаарх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд чиглэгдсэн шийдвэр байх тул 06 дугаар тушаалын С.Гг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр гуравдагч этгээд С.Гг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэхдээ тус сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг үндэслэсэн гэж тайлбарласан боловч сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоонд нягтлан бодогчийн нэг орон тоог нэмж баталсан уг захирамж нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А154 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болсныг дурдах нь зүйтэй.
Хэргийн бусад оролцогч нараас С.Г нь Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллах эрхтэйг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаартай шийдвэрээр тогтоогдсон гэж маргасан боловч шүүхийн уг шийдвэрээр тус сумын Санхүүгийн албаны эрүүл мэнд, боловсролын салбарыг хариуцан ажиллаж байсан С.Г нарын 4 нягтлан бодогч нь тус сумын төсвийн аль байгууллагын нягтлан бодогчоор ажиллах эрхтэйг болон маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэхийг тогтоогоогүй бөгөөд С.Гг цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн 2019 оны дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1, 48.3.3 дахь заалтууд нь ажилтныг ажлаас чөлөөлөхөд хамааралгүй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, гурав хүртэлх нярай насны хүүхэдтэй С.Гг ажлаас нь чөлөөлсөн нь буруу гэсэн үндэслэлүүдээр түүнийг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй тул шүүхийн дээрх шийдвэр нь Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх маргааны тухайд:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаартай шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэгт тус тус тусгагдсан үйл баримтаас үзэхэд Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь маргаан бүхий захиргааны актыг үндэслэн гуравдагч этгээд С.Гг Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар томилсон мөн өдөр А/01 дугаартай тушаал гаргаж, С.Гд 2 сарын хүүхэд асрах цалингүй чөлөө олгосон байх ба 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэх үндэслэлээр Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн буюу маргаан бүхий захиргааны актыг энэ үеэс хууль бус гэж үзэж, биелүүлэхээс татгалзсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаалд холбогдуулж С.Г шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн, уг иргэний хэрэг нь шүүхийн шийдвэрт талуудын гаргасан гомдлоор давах болон хяналтын шатны шүүхүүдээр хянагдаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00416 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх боловч уг хэргийн хариуцагчийн хувьд Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/4346 дугаартай албан бичгээр гомдлын хариу өгснийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын дагуу гуравдагч этгээд С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байх боловч, мөн өдрийн А/01 дугаартай тушаалаар түүнд 2 сарын хугацаагаар хүүхэд асрах цалингүй чөлөө олгосноор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байгууллагын төсвөөс С.Гд цалин олгогдоогүй буюу маргаан бүхий захиргааны акт Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн төсөв хэтрэх үр дагавар үүсгээгүй байна.
Нягтлан бодогч С.Ггийн цалингүй чөлөөтэй байх хугацаа дууссанаар нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэх үндэслэлээр С.Гг ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэлд шилжүүлж шийдвэрлэснээр маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон тул нэхэмжлэгч байгууллагын төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл үүсээгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дугаартай шийдвэрээр С.Ггийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон уг шийдвэр 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00416 дугаар тогтоолд хэргийн оролцогчийн хувьд Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/4346 дугаартай албан бичгээр гомдлыг үл хангасан хариу өгснийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар нэхэмжлэгчийн хувиар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах бодит шаардлага буюу эрх зөрчигдөх нөхцөл энэ үеэс үүссэн байх ба энэ талаарх нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаарх хариуцагч тал болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шууд шүүхэд гаргана.” гэж заасан. Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх байдлаар гуравдагч этгээд С.Гг сумын Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэхдээ Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг үндэслэсэн гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр анх Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилох үед тус байгууллагын бүтэц, орон тоонд нягтлан бодогчийн нэг орон тоог нэмж баталсан сумын Засаг даргын 2019 оны А/01 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан, иймээс нэхэмжлэгч тухайн үед маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны шийдвэр гэж үзэж, биелүүлснийг буруутгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг дэх заалтын С.Гг Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох нэг дэх заалтын С.Гг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн хэсэг болон Хоёр дахь заалтыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА