Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0712

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШШ2024/0149 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.М, Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, П.Г, Я.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг

Хэргийн индекс: 126/2024/0164/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0149 дүгээр шийдвэр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Ч.Б \РЖ*******/ нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай "Нэр дэвшигчийг хасах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, хянаад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШШ2024/0149 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө. Иймд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу дараахь гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

3.1. Хавсран болон түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалуудыг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаатуулан үзсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн ".. 27. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албанд хамаарах бөгөөд үүний зэрэгцээ Ч.Бийн хавсран болон орлон гүйцэтгэж байгаа албан тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс /нэмэгдэл/ авч байгаагийн хувьд мөн адил эрх зүйн үр дагавар үүсгэх төрийн үйлчилгээний удирдах албан тушаалууд юм..." гэсэн нь дараахь тайлбараар няцаагдана. Үүнд:

Миний хувьд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б\104 дүгээр тушаалаар Поликлиникийн тасгийн эрхлэгчийн жирэмсэн, амаржсаны чөлөөний хугацаанд түр, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б\200 дугаар тушаалаар Поликлиникийн эрхлэгчээр хавсран тус тус томилогдсон байсан нь үнэн боловч намайг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан хэмээн үзэх боломжгүй юм. Учир нь, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт "Төрийн үйлчилгээний албаны удирдах апбан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын долоо дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт "... Төрийн албаны зөвлөл шалгалтын дүнг хуралдаанаар хэлэлцэж, тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэсэн тухай тогтоолыг Салбар залед қүргүүлнэ гэж журамласан.

3.2. Гэтэл хавтаст хэргийн материалд миний бие нотлох баримтаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийг хавсралтын хамтаар Төрийн албан тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан "Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна" гэх зохицуулалтад нийцүүлэн лавлагаа аван, баримтаар гаргаж өгсөн. Тус лавлагаагаар Ч.Б намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн эмч гэснээс өөрөөр бүртгэсэн, удирдах албан тушаалтны нөөцөд жагсаасан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд миний хувьд уг шалгалтыг огт өгч байгаагүй учир нөөцөд байх ч боломжгүй юм. Мөн миний хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг огт өргөж байгаагүй төдийгүй төрийн удирдах албан тушаалтны эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй болно. Хэдий Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-д Төрийн захиргааны албан тушаалын ангилал: Туслах түшмэл Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын нэр: Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч гэж миний одоогийн түр болон хавсран гүйцэтгэж байгаа тасгийн эрхлэгчийн ажил, албан тушаалыг хамаатуулан бичсэн байх боловч, Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон болон хавсран гүйцэтгүүлэх зорилго нь эзгүй байгаа албан хаагчийн, мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилготой байдаг бөгөөд миний хувьд тухайн албан тушаалыг түр орлон болон хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсныг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй юм.

3.3. Гэтэл хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Монгол улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ын 6 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах гэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг гажуудуулан иргэн миний рийг удирдах хэрэгт оролцох, сонгогдох" баталгаатай эдэлбэл зохих үндсэн эрх, эрх чөлөөнд минь халдсан хууль бус захиргааны актыг хаацайлан, хамгаалсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Тодруулбал, анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан "хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх" үүргээ хангалтгүй биелүүлж, хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн ийнхүү шийдвэр гаргасан нь тус шийдвэрийг хүчингүй болох үндэслэлийг бүрдүүлжээ.

3.4. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд улс төрийн намын үйл ажиллагаанд оролцохгүй байх үүрэгтэй гэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "...42.Ч.Б төрийн үйлчилгээний албан хаагч болохын хувьд төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэгтэй" гэж дурдсан байх бөгөөд" Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж хуульчилсныг тус шийдвэр нь зөрчсөн гэж үзнэ. Учир нь, маргааны зохигч бид "...Ч. Б нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учир сонгуульд оролцох эрхгүй..." гэж маргаснаас биш "...Ч.Б нь төрийн үйлчилгээний байгууллагад мэдрэлийн их эмч хийдэг учир сонгуульд оролцох эрхгүй..." гэж огтоос маргаагүй билээ. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан "улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх" гэх зарчмын зохицуулалт нь төрийн бүх албан хаагчид хамаарахаар байгаа боловч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад "улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх" гэх хориглосон зохицуулалт нь зөвхөн "төрийн жинхэнэ үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;" гэж тодорхой зааснаас үзвэл төрийн үйлчилгээний албан хаагч болох мэдрэлийн их эмч Ч.Б миний нэр дэвших эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй байтал анхан шатны шүүх тус хуулийг ийнхүү зориуд мушгин тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт байх "...55. Нэхэмжлэгч Ч.Бт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвших боломж хуулиар хязгаарлагдсан байх тул түүнд хамгаалагдах субьектив эрх байхгүй гэж үзнэ..." гэх дүгнэлт нь үгүйсгэгдэн, няцаагдаж байна.

3.5. Захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмуудыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт "...43.... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлйин 28.4, 28.4.2-т нийцүүлэн шийдвэр гаргасан байна..." гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, миний бие өөрийн зөрчигдөж буй асуудлын талаар Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3\944 дугаартай албан бичгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт: “... Нэр дэвшигчийн бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сонгуулийн хороо дээр дурдсан 31 дүгээр зүйлийн 31.5-д заасан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд... хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүйгээс мөн хуулийн 32.2, 33 дугаар зүйлд заасан нөхөн болон дахин нэр дэвшүүлэх боломжийг алдагдуулсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зарчмыг зөрчиж байгааг анхаарна уу..." гэж дурдсан байтал шүүхээс хуульд нийцсэн шийдвэр гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй юм. Тийм ч учраас шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлйин 24.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах" зэрэг үүргээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо хангалттай биелүүлээгүйгээс хууль бус захиргааны акт гарах үндэс суурийг тавьсан байна..." гэх агуулгаар тайлбарлахад хариуцагч нь "...бид мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллга биш учир хэн нэгнээс гэрчийн мэдүүлэг аваад, шинжээч томилоод явах ямар ч боломжгүй..." гэх утгатай зүйл ярьсан нь тус Сонгуулийн хороо нь мэргэжил, арга зүйн хувьд дутмаг, хууль журмаа сайтар уншиж судлаагүй, дээд шатны сонгуулийн хорооны шийдвэрт захирагддагүй зэргээс шалтгаалан иргэн надад хохиролтой байдлыг бий болгосон байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан "хуульд үндэслэх;"  "4.2.5 дэх хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6 дахь хэсэгт заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны акт хүчингүй болж, нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой байсан болно.

3.6. Хариуцагч нь шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааны журам зөрчиж эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт "...49. Энэ тохиолдолд хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо Захиргааний ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрх зүйн зайлшгүй процесс болох сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзнэ..." гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа шүүгч шийдвэрийн агуулгыг амаар тайлбарлахдаа "...хэдий сонсох ажиллагааг хийгээгүй байгааг зөвтгөх үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн төрийн үйлчилгээний албан хаагч байгаа нөхцөл байдалтай харьцуулан жингийн туухай дээр тавихад энэ нь ялимгүй зөрчил юм..." мэтээр ярьж байсан нь шүүх хуралдааны бичлэгт үлдсэн байх учиртай. Гэтэл сонсох ажиллагаа бол захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа заавал хийгдэх ажиллагаа бөгөөд ийнхүү сонсох ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хүчингүй болгох үндэслэл болох ёстой. Сонсох ажиллагаа хийх шаардлага нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах процессын хэм хэмжээ юм. Хууль бус захиргааны акт гэдэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт тодорхой заасан. Хуульд эрх зүйн ноцтой, эсхүл ялимгүй зөрчил гэж ялгаж зааглаагүй учир үүнд ноцтой болон ялимгүй зөрчил аль аль нь хамаарна гэж ойлгогдож байна. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ нь материаллаг болон процессын хэм хэмжээнээс бүрддэгийг үндэслэвэл эрх зүйн зөрчил гэдэгт материаллаг болон процессын хэм хэмжээний зөрчил аль аль нь хамаарах учиртай. Иймд сонсох ажиллагаа хийгээгүй гэх факт нь эрх зүйн зөрчил болж, улмаар тухайн актыг хууль бусад тооцуулах үндэс бүрдэхээр байна. Сонсох ажиллагаа захиргааны үйл ажиллагаанд хэр чухал болохыг захиргааны үйл ажиллагааны 8 тусгай зарчмын нэг болгон тусгаснаас харж болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим гэж заасан бөгөөд оролцоог зөвхөн сонсох ажиллагааны дүнд хангах боломжтой. Мэтгэлцэх зарчим шүүх ажиллагааны үндсэн зарчим байдгийн нэг адил сонсох ажиллагааны дүнд оролцоог хангах нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад баримтлах суурь бөгөөд тусгайлсан зарчим байх тул тухайн зарчмыг зөрчсөн зөрчил нь ялимгүй, эсхүл үр дагаваргүй зөрчил байх боломжгүй юм. Иймд нэгэнт сонсох ажиллагаа хийгээгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай "Нэр дэвшигчийг хасах тухай" тогтоол нь хүчингүй байх шаардлагыг бүрэн хангажээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2 дахь заалтыг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126\ШШ2024\0149 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор сумын Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын 6 дугаарт нэхэмжлэгч Ч.Б бичигдсэн байна.

2.2. Улмаар маргаан бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.5, 28 дугаар зүйлийн 28.4, 28 дугаар зүйлийн 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Мөрөн сумын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.Б нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгчийн түр албан тушаал, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран ажилласан албан тушаалаас чөлөөлөгдөөгүй нь тухайн байгууллагын удирдлагын албан бичиг, холбогдох баримт бичгээр нотлогдож байна гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Бийн нэрийг хасжээ.

2.3. Нэхэмжлэгч Ч.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо нь ирц дутуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан, сонсох ажиллагаа явуулж миний тайлбар саналыг сонсоогүй, Поликлиникийн тасгийн эрхлэгчийг түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Би Поликлиникийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хууль журамд заасны дагуу албан ёсоор томилогдоогүй, тухайн албан тушаалтан түр чөлөөтэй байсан, орон тоо нь сул байсан үед түр орлон болон хавсран гүйцэтгэж байсан учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэсэн ойлголт байх ёсгүй ...” гэж маргаж байна.

2.4. Анхан шатны шүүх “...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т нэгдсэн эмнэлгийн тасаг, нэгжийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байхаар заасан. Иймд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байна ...”, “... Сонсох ажиллагаанд Сонгуулийн хорооны бүх гишүүн байх шаардлагагүй. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 19.2-т “Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчөөгүй байна ...”, гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Б нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд түр, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан болох нь Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 537 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

 3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж тус тус заасан.

3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэр дэвшигч нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлж болохоор заасан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ч.Б нь хэдийгээр тухайн албан тушаалд түр болон үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ч төрийн үйлчилгээний удирдах чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд дээрх хуульд заасан шаардлагын дагуу уг албан тушаалуудаасаа чөлөөлөгдсөнөөр нэр дэвших боломжтой болно.

3.3. Нэхэмжлэгчээс “...Миний хувьд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Поликлиникийн тасгийн эрхлэгчийн жирэмсэн, амаржсаны чөлөөний хугацаанд түр, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Поликлиникийн эрхлэгчээр хавсран тус тус томилогдсон байсан нь үнэн боловч намайг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан хэмээн үзэх боломжгүй ...” гэж маргах боловч Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т “нэгдсэн эмнэлгийн тасаг, нэгжийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан” байхаар заасан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгчийн албан тушаал болон Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаалууд нь дээр дурдсанчлан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан чөлөөлөгдөх албан тушаалд хамаарах тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.4. Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт, байгууллагын бүтэц баталсан шийдвэр, томилогдсон, чөлөөлөгдсөн шийдвэр болон бусад холбогдох баримтуудад үндэслэн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэр дэвшсэн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчөөгүй байна.

3.5. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “... сонсох ажиллагаа бол захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа заавал хийгдэх ажиллагаа бөгөөд ийнхүү сонсох ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хүчингүй болгох үндэслэл болох ёстой ...” гэжээ.

3.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэр дэвшигч Ч.Бийг Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс хасах тухай тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутад гаргасан байх бөгөөд Ч.Бт тогтоолын төслийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 15 минутад танилцуулж, тайлбар гаргах эсэхийг тодруулсан байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй нь буруу боловч энэ нь маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

3.7. Харин анхан шатны шүүх “..Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104, Б/200 дугаар тушаалууд нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт..” гэхчлэн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШШ2024/0149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ