Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 405

 

МАГАДЛАЛ

 

2018.02.05                                                     Дугаар 405                                  Улаанбаатар хот

 

 

 

 

З.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б х я холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд 30-аад жил тасралтгүй ажиллаж, жирийн байлдагчаас генерал болтлоо хөдөлмөрлөсөн. Цэргийн стратегийн командын инженер, стратегич, командын мэргэжилтэн билээ. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ажиллаж байсан. Батлан хамгаалах яамны сайд Б.Б тушаал 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гарч, миний ээлжийн амралтыг олгосон. Гэтэл амралттай байхад мөн батлан хамгаалахын сайдын тушаал гарч, ямар нэг үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн. Одоо болтол ямар нэг ажил өгөөгүй болно. Иймд хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох арга хэмжээг авхуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд Батлах хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг тусгасан байдаг бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-т батлан хамгаалах яамны ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг тусгайлан заасны дагуу батлан хамгаалахын сайд нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хошууч генерал З.Б албан үүргээс нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэл нь Батлан хамгаалахын сайдын баталсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын байр /албан тушаал/-н тодорхойлолт-д уг албан тушаал нь цэргийн хуульч офицер байхаар шалгуур үзүүлэлтийг өөрчилсөн, 2015 оноос хойшхи хугацаанд дээд офицерийн цолтой албан тушаалд ажиллаагүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журамтай зөрчилдөж байгаа асуудал юм. Харин нэхэмжлэгчийг өөр албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн ажиллуулах болон эрүүл мэнд нийгмийн даатгалыг төлүүлэхтэй холбогдсон асуудлыг Төрийн албаны болон Цэргийн албаны тухай хуулиудад заасан холбогдох зохицуулалтаар яамны Төрийн захиргааны удирдлагын газар шийдвэрлэнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, З.Б Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11 917 249 төгрөгийг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж, нэхэмжлэгч З.Б олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Батлан хамгаалах яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 205 616 шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Батлан хамгаалахын сайдын 2017 оны Б/52 дугаар тушаалаар хошууч генерал З.Б ажлаас нь буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй юм. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын сайдын 2017 оны Б/52 дугаар тушаалаар хошууч генерал З.Б зөвхөн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлээд байсан. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", "төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн", "өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан", 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг "удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн", "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон", "Монгол Улсын харьяатаас гарсан" гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халах эрх зүйн үндэслэл бүрддэг. Харин Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр халах үндэслэлийг "цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн", "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон", "мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон", "Монгол Улсын иргэний харьяатаас гарсан" гэсэн үндэслэлээр офицер, ахлагчийн албанаас халахаар заасан. Мөн уг хуулийн 22 дугаар зүйлд цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг "анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан", "өөр ажилд томилогдсон", "цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан", "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", "алба хаах насны дээд хязгаарт хүрсэн", "өөрийн хүсэлтээр" гэсэн үндэслэлүүдээр тус тус цэргийн алба хаагчийг халах, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулж байна. Иймд Батлан хамгаалахын сайдын 2017 оны Б/52 дугаар тушаалаар хошууч генерал З.Б албан тушаалаас нь халаагүй, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байтал Хөдөлмөрийн тухай хуулийн өөр эрх зүйн харилцааг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Батлан хамгаалах яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч З.Б Батлан хамгаалах яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар томилж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалтыг үндэслэн мөн яамны сайдын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

 

З.Б ажилд томилж, чөлөөлөхдөө Засгийн газрын тухай болон Батлан хамгаалах тухай хуульд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг заасан холбогдох зохицуулалтуудыг үндэслэн Батлан хамгаалахын сайд тушаал гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Захиргааны ерөний хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоор иргэний хэрэг үүсэх учиртай.

 

            Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагатай холбоотой шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь яамны сайдын тушаалаар томилогдож чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагч байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан харъяалал зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

            Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар З.Бнэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх үед уг нөхцөл байдал тогтоогдсон тул 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Батлан хамгаалах яаманд холбогдох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                         

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ