Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2019/00088/И |
Дугаар | 147 |
Огноо | 2019-02-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э-т холбогдох
200 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.Б,
хариуцагч Д.Э,
иргэдийн төлөөлөгч Л.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-нд зам тээврийн осолд орж, тархиндаа 6.3 см хэмжээтэй эргэн тойрондоо хавангаар хүрээлэгдсэн тархины цус харвалт, няцралттай, нурууны 3, 4 дүгээр үеийн нугаламдаа гэмтэл авсны улмаас Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 22 хоног сахиуртай, тэргэнцэртэй хэвтэн эмчлүүлж байсан. Хэдийгээр тархины цус хуралт багассан ч гэсэн тархинд уйланхайтай нөжирсөн зүйл тогтсон гэсэн оношлогоо гарсан. Тийм учраас 2017 оноос хойш одоог хүртэл жилд 1 удаа тархины томографикийн зураг авахуулж, зурагны оношлогооны дагуу эмчилгээ хийлгэж байгаа. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд Д.Э нь миний эмчилгээний зардалд 3 240 000 төгрөг төлж, мөн ажилгүй байх хугацааны 4 сарын цалингийн зээлийг төлсөн. Эмчилгээний үр дүнд миний биеийн эрүүл мэндийн байдал сайжирч ажилдаа орсон. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр толгойн томографикийн зураг, тархины цахилгаан бичлэг хийлгэж ирээд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоо хариуцагчаас нэхэмжилж байгаа 200 800 төгрөгийн хувьд томографийн зургийн үнэ 120 000 төгрөг, тархины цахилгаан бичлэгийн үнэ 30 000 төгрөг, хот руу шинжилгээ хийлгэхээр ирж, буцсан зардал 50 800 төгрөг болсон. Тийм учраас 2019 онд гарсан эмчилгээний төлбөр болон түүнтэй холбогдож гарсан зардалд нийт 200 800 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ар гэрийн нөхцөл байдлын улмаас Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Д.Б-д өмнө нь 3 290 000 төгрөг, дараа нь 414 000 төгрөг, хамгийн сүүлд 260 000 төгрөг, нийт 3 964 000 төгрөг өгсөн. Одоо надад Д.Б-д өгөх мөнгөний бололцоо байхгүй байх тул түүний нэхэмжилсэн 200 800 төгрөгийг төлөхгүй. Өмнө өгсөн мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Э-т холбогдуулан томографийн зургийн үнэ 120 000 төгрөг, тархины цахилгаан бичлэгийн үнэ 30 000 төгрөг, хот руу шинжилгээ хийлгэхээр очиж, ирсэн зардал 50 800 төгрөг, нийт шинжилгээ хийлгэхэд гарсан зардалд 200 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролд өмнө нь 3 964 000 төгрөг төлсөн, мөн одоо төлбөрийн чадвар байхгүй учир нэхэмжлэлийн шаардлага 200 800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар багт байрлах Шуудан харилцаа, холбооны газрын хажуу талын гэрлэн дохионы замын уулзвар дээр 14-48 УНР улсын дугаартай Тоёото королла маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, улмаар мотоцикльтой явж байсан Д.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолд Д.Э нь Д.Б-д 3 240 000 төгрөг төлснийг дурдаад хохиролд 414 350 төгрөг гаргуулж,
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 739 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалаар Д.Э-ээс эрүүл мэндийн хохиролд 261 300 төгрөг гаргуулан гаргуулан Д.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Одоо нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжилж буй томографийн зургийн үнэ 120 000 төгрөг, тархины цахилгаан бичлэгийн үнэ 30 000 төгрөг, хот руу шинжилгээ хийлгэхээр очиж, ирсэн зардал 50 800 төгрөг, нийт 200 800 төгрөгийн шинжилгээ хийлгэх зардал нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд гарсан буюу өмнө дурдсан шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, зардалтай давхцаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан Д.Э нь Д.Б-д учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээсэн, тухайлбал гэм хор учруулсан буруутай этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүргийг хүлээдэг тул үүнд хамаарах хохирлыг нотлогдсон хэмжээгээр Д.Э-т хариуцуулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б-д учирсан эрүүл мэндийн хохиролд өмнө нь төлбөр төлсөн, одоо төлбөрийн чадваргүй тул дахин нэхэмжилсэн зардлыг өгөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод 200 800 төгрөгийн зардал гарган шинжилгээ хийлгэсэн болох нь дараах баримтуудаар нотлогдсон:
- “Альфа-Долгион” мэдрэлийн хувийн эмнэлэг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 30 000 төгрөгийн тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримт /ХХ-н 9, 12-14-р тал/, ДУБ ХХК, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 120 000 төгрөгийн толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/-н томографийн зураг авахуулсан баримт /ХХ-н 8, 17-18-р тал/,
- Булган тээх ХХК, Д.Б-ын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 400 төгрөгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу зорчсон, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 400 төгрөгийн Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу зорчсон баримтууд /ХХ-19-р тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд хуульд зааснаар сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан дүгнэлтдээ “нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэсэн болно.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч Д.Э-ээс 200 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.
Д.Б-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаатай холбогдуулан хариуцагч Д.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 6 674 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 200 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Э-ээс тэмдэгтийн хураамжид 6 674 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЖАРГАЛАН