Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1128

 

     

 

 

 

 

 

2022            9           14                                          2022/ШЦТ/1128

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

хэлмэрч П.Сайнбаяр,

шүүгдэгч, хохирогч П.Л, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч, хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Лт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01690 1266 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,1974 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

 

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжинд П.Лыг эхнэртэйгээ хардан чулуугаар толгой хэсэг рүү нь цохиж, биед нь тархи доргилт, зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт, гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжинд Б.Бтэй ямар ч шалтгаангүйгээр марган нүүр, хамар хэсэг рүү алхаар цохиж, хамрын нуруунд няцарсан шарх, оочид зулгаралт, дээд, доод уруулын салстад язралт, хүзүүнд цус хуралт үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 969 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч П.Л, Б.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Б.Энхболд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн байр суурьтай оролцсон бол, шүүгдэгч Б.Б өөрийгөө хамгаалах хүрээнд П.Лт гэмтэл учруулсан гэж мэтгэлцэж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч П.Л нь архи ууж, согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжинд хохирогч Б.Батсэлэнгийн хамар хэсэг рүү нь алхаар нэг удаа цохиж, хамрын нуруунд няцарсан шарх, оочид зулгаралт, дээд, доод уруулын салстад язралт, хүзүүнд цус хуралт үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжинд эхнэрээ хохирогч П.Лтай хардан маргалдан чулуугаар П.Лын толгой хэсэг рүү нь цохиж, биед нь тархи доргилт, зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт, гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Б.Батсэлэнгийн хохирогчоор өгсөн "...2022 оны 5 дугаар сарын 12-ны орой ажил дээр байсан чинь манай эхнэр Лутбаяр над руу залгаад “гэрийн түлхүүр байхгүй байна, би энэ хашаан дотор хөлдөж үхлээ” гэхээр нь би ажлаасаа гараад гэрийн түлхүүр өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16-18 тоот гэртээ ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Тэгээд би машинтайгаа гудамж уруудаад явж байсан чинь манай эхнэр нэг машинтай өөдөөс гараад ирсэн. Тэгээд би “хөлдөж үхлээ гэсэн хүн юу хийж байгаа юм” гэсэн чинь машинаас нь архи үнэртсэн. Машины эзэн бас архи уучихсан, хоёулаа согтуу байдалтай байсан. Тэгээд эхнэрээ очоод машиных нь арын суудлаас буулгах гээд татсан чинь эхнэр буухгүй байсан. Тэгсэн нөгөө жолооч машины урд талын хайрцгийг онгойлгоод алх, отвертка хоёр бариад буугаад ирсэн. Тэгсэн манай эхнэр отвертктай гараас нь татаж чангааж байгаад отверткийг нь булааж авсан чинь нөгөө гартаа барьсан алхаараа миний эрүү болон хамар хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад тухайн залуугийн зүүн талын чихний ар тал руу чулуутай гараараа цохисон. Тэгсэн тухайн залуу алх барьчхаад над руу дайраад байхаар нь би зугтаагаад, тухайн залуу явах гээд байхаар нь машиных нь түлхүүрийг аваад зугтаасан чинь барьж байсан алхаараа миний машины салхины шилийг цохиж хагалсан..." гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

П.Лын хохирогчоор өгсөн "...2022 оны 5 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 18-38 тоотод гэртээ байж байсан чинь зүс таних Лутбаяр гэх эмэгтэй над руу залгаад “согтуу байна, чи ирээд намайг гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 12-32 УВА улсын дугаартай Королла маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо 124 дүгээр сургууль дээр очсон чинь Лутбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирсэн. Тэгээд би машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал замд Лутбаярын нөхөртэй таарсан. Тэгсэн нөхөр нь машинаас бууж ирээд миний машины түлхүүрийг булааж аваад намайг шууд хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би машины урд талын хайрцаг дотор байсан отвертк, алх хоёрыг барьж буугаад алхаараа эхлээд Б.Батсэлэнгийн нүүрэн тус газар цохисон. Тэгсэн нөгөө залуу газраас чулуу аваад миний толгой хэсэг рүү цохисон..." гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Д.Лын “...Намайг машинд суучих гэхээр нь би Лхагвабаярын машинд суугаад гэрийн гудамжинд очоод байж байтал манай нөхөр Батсэлэнгэ машинтайгаа хүрч ирээд намайг машинаас буу гэсэн чинь Лхагвабаяр машин дотроос отвертка, алх 2 бариад буух гэхээр нь би Лхагвабаярын гараас отверткийг булааж авсан. Лхагвабаяр алхтайгаа машинаас гараад манай нөхөр Батсэлэнгэ дээр очоод шууд үгийн зөрүүгүй Батсэлэнгийн нүүр лүү алхаараа 1 удаа цохиод буцаж эргэж хараад манай нөхрийн машины урд талын шилийг алхаараа цохиж хагалахаар нь манай нөхөр Батсэлэнгэ газраас шавар шиг чулуугаар Лхагвабаярын толгой хэсэг рүү 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх29-30/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7049 дугаар шинжилгээний дүгнэлтэд Б.Батсэлэнгийн биед хамрын нуруунд няцарсан шарх, оочид зулгаралт, дээд доод уруулын салстад язралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 32-33/,

Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7213 дугаар шинжилгээний дүгнэлтэд П.Лын биед тархи доргилт зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 38-39/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх 5-8/ шүүгдэгч Б.Б, П.Л нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Шүүгдэгч Б.Б, П.Л нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгч Б.Батсэлэнгийн хувьд өөрийгөө хамгаалах зорилгоор П.Лын биед халдсан гэх боловч шүүхийн хэлэлцүүлгээр П.Лын довтолгоо зогссоны дараа, газраас чулуу авч П.Лын араас очиж цохисон нөхцөл байдал тогтоогдож байна. Аргагүй хамгаалалт нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор халдагч этгээдийн идэвхтэй довтолгооны эсрэг хариу үйлдэл гаргахыг ойлгодог. Гэтэл шүүгдэгч Б.Б тухайн нөхцөл байдалд эхнэр Д.Лыг П.Лтай хардан маргалдаж, хоорондоо харилцан зодолдсон буюу түрүүлж П.Лыг өшиглөсөн, улмаар алхаар зохиулсны дараа /довтолгоо дууссаны дараа/ хариу үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм.

6. Харин прокуророос шүүгдэгч Б.Батсэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан ялласан нь үндэслэлгүй байна. Учир нь П.Л нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй болохоос ухаан санаа эрүүл, бие бялдрын хөгжлөөр Б.Бэс илүү нөхцөл байдалтай байна. П.Лын хөдөлмөрийн чадвар алдалтыг эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувь гэж дүгнэсэн хэдий боловч энэ нь түүнийг бие мах бодийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй гэж үзэх үндэслэл болохгүй буюу Б.Бд холбогдох зүйлчлэлийг хүндрүүлсэн нь үндэслэлгүй юм.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

7. Шүүгдэгч П.Л, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Шүүгдэгч Б.Б нь маргааны үеэр машины цонх хагарсан 270.000 төгрөг /хх47/ нэхэмжилсэн бол шүүгдэгч П.Л нь толгойн томограф зураг авхуулсан 130.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулжээ.

9. Шүүгдэгч нар нь хэн хэнээсээ эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бөгөөд дээрх хохирлыг харилцан тооцож Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лаас 140.000 төгрөг /хх40/ гаргуулан Б.Бд олгуулах нь зөв байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Бд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

11. Шүүгдэгч П.Лын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй боловч ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн бол, шүүгдэгч Б.Б торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч П.Л, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

13. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

14. Иймд шүүгдэгч П.Л, Б.Б нарын эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг алхыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л, Б.Б нарт тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг алхыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лаас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгуулсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР