Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1126

 

РР

 

 

 

 

 

 

 

      2022           9         14                                          2022/ШЦТ/

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

шүүгдэгч, хохирогч Б.Б,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Д.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 0000 00986 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Анхбаярын нүүр уруул хэсэг рүү гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д. Эрдэнэцэцэг нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бийг “миний дүүг цохилоо” гэж гараараа толгой, нүүр, нүд рүү нь цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 781А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б, Д.Э.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, шүүгдэгч Д.Э нь Б.Бийг гэмтээгээгүй гэж мэтгэлцэж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Анхбаярын нүүр уруул хэсэг рүү шалтгаангүйгээр гараараа цохиж, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан,    

шүүгдэгч Д.Э нь “миний дүүг цохилоо” гэж Б.Бийг гараараа толгой, нүүр, нүд рүү нь цохиж, биед нь халдаж, баруун доод зовхинд язарсан шарх, баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Б.Аын ”...2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо “Гэгээ” караоке дотор ээжийн төрсөн дүү Эрдэнэцэцэг, түүний найз Гантулга, манай эхнэр Уранцэцэг нарын хамт өрөө аваад дуулсан. Тэгээд дотор ороод би нэг пиво уусан ба 00-ын өрөө ороод гарч ирээд нийтийн зааланд сууж байгаад буцаад өрөө лүү орох гэсэн чинь тухайн зааланд сууж байсан танихгүй эрэгтэй над руу ирээд хэн бэ гээд миний уруул руу 1 удаа цохисон. Миний уруулаас цус гараад сэтэрсэн, шүд хөдөлсөн. Би өрөө рүү ороод эхнэр, эгч Эрдэнэцэцэг хоёрт хэлсэн чинь гарч ирээд тэр танихгүй эрэгтэйтэй маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх9/,

            - Б.Бийн хохирогчоор мэдүүлсэн “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороонд найз Ганболдыг гэрт нь хүргэж өгөөд ганцаараа явж байхдаа “Гэгээ” караоке орсон. Би найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. “Караоке” дотор ганцаараа архи уусан. Тэгээд танихгүй залуутай маргалдсан ба тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Тэгээд тэр залуутай маргалдаад байж байсан чинь тэр залуутай хамт явж байсан гэх эрэгтэй эмэгтэй хүмүүс намайг тойроод бүчээд авсан. Хэн нэг нь намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн караоке ажиллуулж байсан эмэгтэй надад хэлэхдээ намайг тухайн залуугийн хамт байсан хүмүүс намайг цохисон, тэгэхээр нь салгасан гэж хэлсэн. Миний баруун нүдний доод хэсэгт язарсан, хавдсан байсан. Одоо эдгэрсэн бага зэрэг сорви тогтсон байгаа. Толгой болон томографийн зураг авхуулсан нийт 260.000 төгрөг болсон. Эмчилгээ хийлгээгүй. Тэгээд нэг мэдсэн чинь намайг хажуугаас 2-3 эмэгтэй нийлээд цохиод байсан намайг тойрч зогсож байгаад толгой тархи руу цохиод байсан болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх13/,

            - гэрч Л.Мын “...тэгээд намайг нэг харсан чинь тухайн 1 дугаартай заалны ширээн дээр байсан залуутай маргалдаад нэг цохиод авсан чинь 02 дугаартай өрөөнөөс эгч нь гэх эмэгтэй гарч ирээд манай дүүг зодлоо гээд толгой руу нь гараараа олон удаа цохисон. Өөрийгөө би бэр эгч нь байна гээд орилоод байсан. Тэгээд тухайн зодоонд өөр хүн оролцоогүй. Эмэгтэйд зодуулсан залуугийн хөмсөг нь шалбарч хавдсан байсан. Харин эхний залуугийн уруул нь сэтэрчихсэн байсан санагдаж байна. ...Уруул руугаа цохиулсан залуу өөрөө гарч ирээд цагдаа дуудсан. Ширээн дээр сууж байсан залуу нь бас өөрийгөө жолоодох чадвартай байсан. Тухайн эмэгтэйн согтолт бас гайгүй байсан байх цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх19/,

            - гэрч Г.Уийн “...нөхөр Анхбаяр, хадам эгч Эрдэнэцэцэг түүний найз залуу Гантулга нарын хамт “Гэгээ” караокед орсон. Бид нар өрөө захиалаад хүний 2, 2 пиво аваад дуулаад байж байсан чинь нөхөр Анхбаяр бие засах гээд явсан. Тэгээд удалгүй орж ирэхэд уруулаас нь цус гарчихсан, цохиулчихлаа гээд өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр би Эрдэнэцэцэг эгчийн хамт өрөөнөөс гарсан чинь нэг танихгүй ах манай нөхрийг цохисон байсан. Тэгээд эгч бид хоёр тэр хүн рүү яагаад манай нөхөр, дүүг цохиж байгаа юм бэ гэсэн чинь та нарт хамаагүй гээд байсан. Тэр нэлээн согтуу байсан...” гэсэн  мэдүүлэг /хх21/,

            - 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.       

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6043 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Бийн биед баруун доод зовхинд язарсан шарх, баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх29/,

Мөн 6082 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Аын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх32/,

4. Шүүгдэгч Д.Эийн хувьд Б.Бийн эрүүл мэндэд халдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч тухайн цаг хугацаанд байсан хөндлөнгийн гэрч Л.Мын “...эгч нь гэх эмэгтэй гарч ирээд манай дүүг зодлоо гээд толгой руу нь гараараа олон удаа цохисон. Өөрийгөө би бэр эгч нь байна гээд орилоод байсан. Тэгээд тухайн зодоонд өөр хүн оролцоогүй. Эмэгтэйд зодуулсан залуугийн хөмсөг нь шалбарч хавдсан байсан. Харин эхний залуугийн уруул нь сэтэрчихсэн байсан санагдаж байна...” гэж нөхцөл байдлыг тодорхой дүрслэн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Б.Аын өөрийг нь цохисон танихгүй эрэгтэйтэй Д.Эийг маргалдаад үлдсэн тухай мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Д.Эийн үйлдэл нотлогдож байна.

 

5. Тиймээс шүүгдэгч Д.Эийн гэм буруугийн санаатай үйлдлээс Б.Бийн эрүүл мэндэд 6043 дугаар дүгнэлтэд дурдсан хохирол учирсан, мөн шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдлээс хохирогч Б.Аын эрүүл мэндэд дээр 6082 дүгнэлтэд дурдсан хохирол учирсан нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.  

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Б.Б, Ө.Анхбаяр нараас хохирлын баримт хэрэгт гаргаагүй байх тул тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлох боломжгүй учир нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.   

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 800 нэгжээр, шүүгдэгч Д.Эт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан байх та тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, Б.Бийн ямар шалтгаангүйгээр Ө.Анхбаярыг цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Д.Э түүний эрүүл мэндэд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, шүүгдэгч нарын үйлдэлд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тохирсон ял оногдуулах нь зөв байна.

11. Иймд шүүгдэгчийн нарын хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг дүгнэн торгох ялыг сонгох оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалтгаангүйгээр маргаан эхлүүлж хүний эрүүл мэндэд халдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бт 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Эт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.Эт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР