Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 88

 

                                                                    

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:, Ө.С-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Т сумын СДЭ-т  холбогдох

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Ө.С, түүний өмгөөлөгч В.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Г  нар оролцов.

                                                             

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчээр томилогдон ажилласан. Би 2018 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Тэгтэл намайг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Намайг үндэслэлгүйгээр алжаас халсан учраас би шүүхэд хандсан. Тэгээд би 2018 он 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр намайг дахин ажлаас чөлөөлсөн. 

Намайг ажлаас халах үндэслэл байхгүй. Би Тэрх багийн эмчээр ажиллах хугацаандаа ажлын ачаалал ихтэй, багийн иргэдийн дуудлага, үзлэгт байнга явдаг, дуудалгаар явахад маш их хүндрэлтэй байдаг байсан. Миний хувьд өөрт ноогдсон үүрэгт ажлаа сайн хийж байсан. Би ажлын байран дээрээ архи уусан зүйл байхгүй. Иймд намайг ажлаас огт үндэслэлгүй халсан учраас шүүхэд хандсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Надтай холбогдуулан 73 хүний гарын үсэгтэй баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн байна. Би эдгээр 73 хүний 23 хүнтэй нь  уулзсан. Тэгэхэд багийн эмчид юу дутагдалтай байгаа талаар судалгаа авч байна гэж хэлээд иргэдээс гарын үсэг зуруулж авсан байсан. Тариат суманд эмчлэх эрхийн лицензгүй 3-4 хүн байдаг. Гэтэл намайг алжаас халсан нь улс төрийн намын үзэл сурталтай холбоотой гэж үзэж байна. Хариуцагч тайлбартаа ур чадвараар тэнцэхгүй гэсэн байсан. Би 13 дахь жилдээ багийн эмчээр ажиллаж байгаа учраас өөрийгөө мэргэшсэн эмч гэж үзэж байна. 

Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг  хүртэл буюу ажилгүй байсан хугацааны хоёр сарын цалин нийт 1 207 164 төгрөгийг нөхөн  олговорт нэхэмжилж байна. Намайг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчийн ажилд томилсон Архангай аймгийн Тариат сумын СДЭ-ийн эрхлэгчийн Б/47 дугаар тушаалаас миний сард хэдэн төгрөгийн цалин авч байсан нь харагдана. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ТҮМ-3-1-р 559 997 төгрөгийн цалин авч байсан. Би ажилгүй байсан хугацааны олговроо тооцохдоо 2019 оны 01 дүгээр сараас мөрдөгдөж буй Засгийн газрын 25 дугаар тогтоолыг үндэслэсэн болно. Уг тогтоолын дагуу миний цалин 604 797 төгрөг болсон бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцсон. 

Анх ажилд орохдоо эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөлгүй байсан, тусгай зөвшөөрлийн шалгалтад 7 удаа ороод тэнцээгүй байгаа. Ажилд орсноос хойш 1 удаа ерөнхий эмч Т.Г  лиценз авах хэрэгтэй талаар дурдаж байсан. 

Иймд намайг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1 207 164 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.С-ийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчээр 2017 оны 09 дүгээрсарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар түр томилж, Ө.С Тэрх багийн эмчийн үүрэгт ажлаа хүлээн авч ажилласан.  Ө.С-ийг ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй гүйтцэтгэсэн гэсэн үндэслэлээр түүнд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш Ө.С  эмчийн ажлаа хийж байх хугацаанд Тэрх багийн ард иргэдээс түүний ажил төрөлтэй холбоотой өргөдөл, гомдол болон сумын удирдлагын эрх бүхийн ажилтан, албан тушаалтнаас мэдэгдэл ирснийг ажилтан Ө.С-д цаг тухайд нь танилцуулж байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Ө.Сарангэрэлийг ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/47 тоот тушаалаар Ө.С-ийг ажилд нь буцаан томилсон. 

Инйхүү ажилд эгүүлэн томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулах гээд эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензээ авчир гэхэд өгөөгүй учраас Б/48 тоот тушаалаар Ө.С-ийг үүрэгт ажлаас нь дахин чөлөөлсөн. 

Ө.С өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд уг сахилгын хугацаа дуусаагүй байгаа. Тэрх багийн иргэдийн 73 хүний гарын үсэгтэй өргөдөл, гомдол, ажлын байрандаа архи уудаг, нөхөртэйгээ хэрэлдэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, албаны тээврийн хэрэгслийг хувьдаа ашигладагийг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Мөн энэ талаарх баримт нь  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн өргөдөл, гомдол хүлээж авах бүртгэл дээр бүртгэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, хөдөлмөрийн дотоод журмын 8.6.1.4, 8.6.1.5 дахь хэсэгт заасан заалтууд нь ажилтан Ө.С-ийн сахилгын шийтгэлд тохирсон. Тийм учраас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 тоот тушаалыг хэвээр нь үлдээж өгнө үү. Тушаал хэвээр үлдвэл түүнтэй холбогдож байгаа цалин хөлсний нөхөн олговрыг олгох үндэслэлгүй байна. 

Эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлэгийн ажилтан ажиллах ёстой гэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгтэй холбогдоно гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.С нь Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан урьд эрхэлж байсан Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор нь 1 207 164 төгрөг болж байгааг тодруулж нэхэмжилсэн. 

Мэтгэлцээний байр суурийн хувьд нэхэмжлэгч тал нь Ө.С-ийг ажлаас нь халахдаа түүнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжийг олгоогүй, өмнө нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн маргааны зүйлийг дахин үндэслэл болгож халсан гэж, хариуцагч тал нь Ө.С-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул тухайн ажилдаа мэргэжил, ур чадвараар тэнцэхгүй, ажлын байранд тавигдсан ажил үүргээ хангалтгүй хийж гүйцэтгэсэн, иргэдээс түүний ажил төрөлтэй холбогдуулан өргөдөл, гомдол гаргасан тул хууль зүйн үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлсөн гэж тус тус маргасан.  

Нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангасан байна.

Шүүхээс зохих хууль зүйн дүгнэлтийг өгсний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Ө.С нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Тариат сумын СДЭ-т Тэрх багийн эмчээр  ажиллаж байгаад тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 дүгээр шийдвэрээр Ө.С-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байсан байна. 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгийн ерөнхий эмчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн б/47 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Тэрх багийн эмчээр эгүүлэн томилсон боловч мөн өдрийн ерөнхий эмчийн б/48 тоот тушаалаар Ө.С-ийг тухайн өдөр томилогдсон үүрэгт ажил болох Тэрх багийн эмчийн албан тушаалаас нь чөлөөлжээ. 

          

Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгийн ерөнхий эмчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн б/47 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, тус эмнэлгийн дотоод журмын 8.6.1.1, 8.6.1.4, 8.6.1.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэсэн байх бөгөөд талуудын мэтгэлцээн нь Ө.С нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон эсэх, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэхэд чиглэсэн болно. 

 

а/ Нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон эсэх. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх эрхтэй болохыг заасан хуулийн зохицуулалт юм. 

Нэхэмжлэгч Ө.С нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, мөн тусгай зөвшөөрөлгүй байхдаа Тэрх багийн эмчийн ажилд томилогдсон, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтанд орж байсан байсан боловч тэнцэж байгаагүй болох нь талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 59 тоот албан бичгээр тогтоогдсон. 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах үндсэн эрхийг баталгаажуулсан. Уг үндсэн эрхийг төрийн зүгээс тасралтгүй, хүртээмжтэй, баталгаатай байдлаар хангах үүрэгтэй. Энэ үүднээс Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. 

Өөрөөр хэлбэл төрөөс эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байгаа нь Монгол улсын иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах үндсэн эрхийг баталгаатай байдлаар хангах зорилготой юм. Нөгөө талдаа эрүүл мэндэд чиглэсэн эмнэлгийн мэргэжилтний аливаа үйл ажиллагаа нь хүний салшгүй амин эрх болох амьд явах эрхийг ямагт хөнддөг тул хуулиар тогтоосон мэргэжил, мэргэшлийн тусгай болзол, шалгуурыг эмнэлгийн мэргэжилтэнд тавьж байгаа болно. 

Иймд нэхэмжлэгчийг  мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах үндсэн эрхийг хангах ёстой ажил, албан тушаалд нэхэмжлэгчийг эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байхад нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулсан, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд... ажилд орсноос хойш 1 удаа ерөнхий эмч Т.Г лиценз авах хэрэгтэй талаар дурдаж байсан ... гэж тайлбар өгсөн зэргээр Ө.С нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, уг зөвшөөрлийг Тэрх багийн эмчээр томилогдсон үеэс эхлэн авах шаардлагатай болохоо мэдэж байсан байх тул дээрх хуулийн зохицуулалт хэрэгжсэн, ажлаас чөлөөлөх үед мэргэжлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн асуудал шинээр илэрсэн гэж үзэхгүй болно. 

Хэрэв зохих ажлын байранд тавигдах шаардлагыг ажилд орсон үеэс эхлэн ханган ажиллаж байгаа ажилтныг ажил олгогчийн зүгээс мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөх тохиолдолд энэ тухай 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой гэж үзнэ. 

б/ Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 дүгээр шийдвэрээр Ө.С-ийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд гарсан гэж буй аливаа сахилгын зөрчлийн талаарх асуудлыг шүүх хянасан гэж үзэн дахин хэлэлцэхгүй. 

Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан гэж 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  ажлаас чөлөөлөхдөө давтан гэж үзсэн зөрчлийг тодорхой заагаагүй  тул уг өдрөөс өмнөх хөдөлмөрийн харилцааны явцад гаргасан гэж сахилгын зөрчилд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш хариуцлага тооцох нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах төдийгүй шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг хөндөж буй хэрэг юм. 

Мөн Тэрх багийн нэр бүхий иргэдийн зүгээс ирүүлсэн өргөдөлд дурдсан асуудал нь нэхэмжлэгчийг өмнөх шүүхийн шийдвэрт заагдаагүй өөр сахилгын зөрчил гаргасан болохыг харуулна гэж хариуцагч тал тайлбарласан. Гэхдээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрээс өмнөх асуудлыг шүүх хэлэлцэхгүй болохыг дээр дурдсан, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан атлаа мөн өдрөө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул Тэрх багийн нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан асуудлаар Ө.С-ийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. 

  Энэ хэсэгт гаргасан хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг хүлээн авахгүй болно. 

 

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй гэх нэхэмжлэгч талын мэтгэлцээний байр суурийг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүйг дурдаж байна. 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэргийг үнэлээгүй болно. 

 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд Ө.С-ийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэл бүхий байх тул Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан тус эмнэлгийн Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор  1 207 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор хэлэлцэх маргаанд хамаарч буй тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаатай холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 1 207 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад  ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 521 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан төрийн санд оруулах  нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.С-ийн Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан тус эмнэлгийн Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 1 207 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаад нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 33 521 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ